A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолын хавсралт

 

ГЭР ХОРООЛЛЫН ӨРХӨД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн болон аймгийн төв, зарим сум, суурин газрын гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр.Хөнгөлөлтөд хамрах хүрээ

2.1.Агаарын тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлнэ.

2.2.Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлнэ. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.3.Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.

2.4.Цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацааг 21.00 цагаас 06.00 цагийн хооронд тооцно.

Гурав.Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага, хэрэглэгчийн эрх, үүрэг

3.1.Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөж, шинэчлэхтэй холбогдсон судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авна.

3.2.Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлсэн мэдээ гаргаж, холбогдох газарт тайлагнана.

3.3.Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.

3.4.Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.

3.5.Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.

Дөрөв.Хяналт тавих, хариуцлага

4.1.Мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага хэрэглэгчийн цахилгаан тоноглолын аюулгүй байдалд хяналт тавина.

4.2.Цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудалтай холбоотой маргааныг Эрчим хүчний зохицуулах хороо хүлээн авч, зохих журмын дагуу дүгнэлт гаргана.

4.3.Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандаж болно.

4.4.Энэхүү журмыг зөрчсөн хэрэглэгч, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

 

---оОо---