- Нүүр
- Сайдын тушаал
- “БИЧИЛ УУРХАЙН АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ”-ИЙН ТУХАЙ ЖУРАМ
Бичил уурхайн аюулгүй байдлын
дүрмийн 1 дүгээр хавсралт
“БИЧИЛ УУРХАЙН АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ”-ИЙН ТУХАЙ ЖУРАМ
1.Бичил уурхайн ажилтан нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-д заасан хоршоо, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээдэд гишүүнээр бүртгүүлсэн, тухайн аймаг, сумд оршин суугч, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэнд Бичил уурхайн ажилтны үнэмлэхийг олгоно.
2.Бичил уурхайн ажилтны үнэмлэхийг авснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрхтэй болно. Нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн аль хэлбэрт гишүүнээр орсныг үнэмлэх дээр тэмдэглэнэ.
3.Бичил уурхайн ажилтны үнэмлэхний хугацаа нь олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай байна. Үнэмлэхийг 2 удаа сунгаж болно. Бичил уурхайн ажилтны үнэмлэхийн сунгалтыг хийлгээгүй бол түүнийг хүчингүйд тооцож дахин нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүнээр элсэж, шинээр авч бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрхтэй болно.
4.Бичил уурхайн ажилтнуудын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, гишүүнээр элссэн нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн үүсгэн байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг сум (дүүрэг)-ын Засаг даргын Тамгын газарт хадгална.
5.Бичил уурхайн ажилтнаар өөр нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлд гишүүнээр шилжин ажиллахад шинээр үнэмлэх олгох ба үнэмлэхээ авсны дараа ажил хийх эрхтэй болно.
6.Бичил уурхайн ажилтан бичил уурхайн аюулгүй байдлыг дүрмийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд бичил уурхайн ажилтны үнэмлэхийг хураан авч бичил уурхай эрхлэх эрхийг хасна. “Бичил уурхайн ажилтны үнэмлэх”-ийг сум (дүүрэг)-ын мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хяналтын байцаагч хураан авч сум (дүүрэг)-ын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгнө.
--- oOo ---
Текст томруулах
A
A
A