- Нүүр
- Сайдын тушаал
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ДЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗААВАР
Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/331 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ДЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗААВАР
А-1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Санхүүгийн зохицуулах хорооноос (цаашид Хороо гэх) үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдүүд нь (цаашид мэргэжлийн байгууллага гэх) энэхүү нягтлан бодох бүртгэлийн (цаашид НББ гэх) зааврыг үндэслэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэнэ.
1.2.Энэхүү заавар нь Санхүүгийн тайлагналын Олон Улсын Стандарт (цаашид СТОУС гэх), Монгол улсад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн үндсэн зарчмууд дээр үндэслэсэн бөгөөд энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн Хороо шийдвэрлэнэ.
1.3.Энэхүү зааварт тулгуурлан үнэт цаасны зах зээл дээр ажиллаж буй мэргэжлийн байгууллагууд дотооддоо СТОУС болон Монгол улсад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн үндсэн зарчмуудад бүрэн нийцсэн нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам, дансны дэлгэрэнгүй жагсаалтыг боловсруулж мөрдөх шаардлагатай.
1.4.Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлж, ажил гүйлгээг давхар бичилтийн хэлбэрээр бүртгэнэ.
1.5.Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтийн нэгж нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлэгдсэн байна.
1.6.Байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан бусад мэдээ баримтыг үнэн зөв гаргаж энэ талаар холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
1.7.Банкны тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасан үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсан арилжааны банкууд нь зөвхөн тус үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн тайлагналыг энэхүү журмын дагуу сегментчилэн бэлтгэж Хороонд ирүүлнэ.
1.8.Үнэт цаасны зах дээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор холбогдох тодруулгын хамт бичгээр болон цахим хэлбэрээр Хороонд ирүүлнэ.
А-2. ДАНСНЫ НЭГДСЭН ЖАГСААЛТ
Дансны нэгдсэн жагсаалт нь мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгасан, нягтлан бодох бүртгэлээр дамжуулан хүлээн авах мэдээллийн хэрэгцээг бүрэн хангахуйц бүртгэлийн үйл ажиллагааг СТОУС-ын жишгийн дагуу ангилсан дансны нэр болон дугаараас бүрдсэн системчилсэн жагсаалт байна.
Дансны дугаар хэдэн оронтой байх нь тухайн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, онцлог, удирдлагын мэдээллийн хэрэгцээнээс хамаарна.
Дансдыг кодчилах аргачлал нь улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх зорилгод нийцсэн байна.
Дансны жагсаалт нь санхүүгийн тайлан болон орлогын дэлгэрэнгүй тайлангийн дансдуудаас бүрдэнэ.
Балансын дансдад хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийн дансдууд хамаарах бөгөөд эдгээр данс тайлангийн үеийн эцэст үлдэгдэлтэй байна.
Орлого, зардлын дансдууд нь тайлангийн үеийн эцэст орлого, зарлагын нэгдсэн дансанд хаагдана.
Дансны дугаар нь үйл ажиллагааны онцлог, бүртгэлийн ажиллагааг компьютерээр болон гар аргаар боловсруулж байгаагаас хамааран дөрөв, зургаа, найман оронтой байж болно.
Энэхүү зааварт нийцүүлэн үндсэн дансыг туслах дансанд хэрхэн ангилахыг байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгээр тодорхойлж, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг удирдлагаар батлуулж мөрдөнө.
Б-ХӨРӨНГӨ
1. Тодорхойлолт
Өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны үр дүнд үүсч бий болсон, тухайн байгууллагын эзэмшилд байгаа, ирээдүйд эдийн засгийн үр ашиг, үйлчилгээний чадавхиа өгөх нөөцийг хөрөнгө гэнэ.
Хөрөнгө нь гурван үндсэн чанарыг агуулна. Үүнд:
1.Хөрөнгө нь дангаараа буюу бусад хөрөнгөтэй хослон, шууд ба шууд бус замаар цэвэр мөнгөн гүйлгээ буюу үйлчилгээг нэмэгдүүлэх чадавхи бүхий ирээдүйн үр ашгийг агуулж байна;
2.Тухайн компани хөрөнгөөс олох үр ашигт хяналт тавьж чадахуйц байна;
3.Тухайн компани олсон үр ашгаа хянах буюу захирах эрх мэдлийг нэмэгдүүлэх ажил гүйлгээ хийгдэнэ.
Нягтлан бодох бүртгэлд хөрөнгийг эргэлтийн ба эргэлтийн бус гэж ангилна.
Б-1.ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ
Эргэлтийн хөрөнгөнд дараах төрлийн хөрөнгийг хамруулна:
1.Ашиглалтанд нь ямар нэг хязгаар тавигдаагүй мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгө;
2.Байгууллагын үйл ажиллагааны нэг циклийн хэвийн нөхцөлд хэрэгжихээр хүлээгдэж байгаа, эсвэл худалдан борлуулах ба ашиглахаар эзэмшиж байгаа;
3.Худалдах зориулалттай юмуу богино хугацаатай эзэмшиж байгаа бөгөөд тайлангийн өдрөөс хойш арван хоёр сарын дотор хэрэгжихээр хүлээгдэж байгаа.
Эргэлтийн хөрөнгийг дараах байдлаар ангилна. Үүнд :
1.Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө
2.Дансны авлага
3.Татвар, НДШ-ийн авлага
4.Бусад авлага
5.Санхүүгийн хөрөнгө
6.Бараа материал
7.Урьдчилсан төлсөн зардал/тооцоо
8.Бусад эргэлтийн хөрөнгө
9.Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (борлуулах бүлэг хөрөнгө)
Б-1.1 МӨНГӨ БА ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ХӨРӨНГӨ
1.Хамрагдах зүйлс
Касс болон харилцах дансанд байгаа мөнгө, хугацаагүй хадгаламж, 3 сар хүртэлх хугацаагаар хязгаарласан тусгай зориулалт бүхий мөнгөн сан, үнэ цэнийг нь өөрчлөхөд өчүүхэн бага эрсдэлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг, хөрвөх чадвар сайтай, богино хугацаатай хөрөнгө оруулалт хамаарна. Эдгээр хөрөнгийг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ. Ямар нэг хязгаарлалт тавигдсан бөгөөд үйл ажиллагааны нэг циклэд хязгаарлалтыг нь хүчингүй болгохгүй эсвэл тайлант үед хэрэглэгдэхгүй мөнгөн хөрөнгийг эргэлтийн хөрөнгөнд оруулахгүй.
2.Үнэлгээ
Мөнгөн хөрөнгийг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ. Гадаад валютыг нэр төрөл тус бүрээр нэрийн данс нээж Монголбанкнаас зарласан тухайн үеийн ханшаар тооцон төгрөгт хөрвүүлэн төгрөг, валютаар давхар бүртгэнэ. Гадаад валютын үлдэгдлийг Монголбанкнаас зарласан ханшаар тухай бүр тэгшитгэн тооцоо хийж, гарсан зөрүүгээр тайлант хугацааны цэвэр орлого, зарлагад оруулна.
Мөнгөтэй адилтгах хөрөнгийг ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр үнэлж, бүртгэнэ.
3. Санхүүгийн тайланд тусгах нь
Мөнгөн хөрөнгийг балансын “Эргэлтийн хөрөнгө” гэсэн бүлгийн эхний зүйл ангид тусгана.
4. Хяналт ба бүртгэл
Кассын аюулгүй бүрэн бүтэн байдлыг хангахаар харуул хамгаалалтыг зохион байгуулсан байх бөгөөд кассын үлдэгдэлд гэнэтийн болон тогтмол шалгалт хийнэ. Касст байгаа хөрөнгийн баримт материал, түүнтэй холбогдох файлын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, гүйлгээний баримтын бүрдлийг хангасан байна.
Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, гүйлгээний баримтыг үндсэн баримттай нь тулган шалгана.
Дэлгэрэнгүй бүртгэлийн үлдэгдлийг тэнцлийн үлдэгдэлтэй тулган тохируулна.
МӨНГӨ БА ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ЗҮЙЛСИЙН БҮРТГЭЛ
1.Мөнгө ба түүнтэй адилтгах зүйлийн орлого, зарлагын гүйлгээ
Мөнгө ба түүнтэй адилтгах зүйлийн орлогын гүйлгээ хийхэд:
Дебет: Мөнгө ба түүнтэй адилтгах зүйл/ касс, харилцах, хадгаламж ...гм/
Кредит: Холбогдох данс
Мөнгө ба түүнтэй адилтгах зүйлийн зарлагын гүйлгээ хийхэд:
Дебет: Холбогдох данс
Кредит: Мөнгө ба түүнтэй адилтгах зүйл/касс,харилцах,хадгаламж ...гм/
2.Кассын илүүдэл, дутагдал
Кассаас мөнгө илүүдвэл илүү гарсан дүнгээр:
Дебет : Касс дахь бэлэн мөнгө
Кредит: Илүүдэл
Мөнгө илүүдсэн шалтгаан, холбогдох эзэн нь тогтоогдохгүй бол компанийн орлого болгож:
Дебет : Илүүдэл
Кредит: Бусад орлого
Холбогдох эзэн холбогдогч нь тогтоогдож илүүдэл мөнгийг буцааж олговол:
Дебет : Илүүдэл
Кредит : Холбогдох данс, жишээ нь: Касс дахь бэлэн мөнгө
Кассаас мөнгө дутвал дутагдсан дүнгээр:
Дебет: Дутагдал
Кредит: Касс дахь бэлэн мөнгө
Дутсан шалтгаан нь тогтоогдож холбогдох эзнээр төлүүлбэл:
Дебет : Холбогдох данс, жишээ нь: Касс дахь бэлэн мөнгө
Кредит: Дутагдал
Хэрэв мөнгө дутаасан эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, нас барсан, төлбөрийн чадваргүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд дутагдлыг компанийн алдагдлаар хаахаар ТУЗ шийдвэрлэсэн бол дутсан мөнгөний дүнгээр:
Дебет: Бусад зардал
Кредит: Дутагдал
3.Жижиг мөнгөн сан
Жижиг мөнгөн сан нь тухайн байгууллагын бага хэмжээний урсгал зардлын төлбөрийн гүйлгээг хийхэд зориулан нярав болон нягтлан бодогчоос өөр ажилтанд хариуцуулан байршуулсан бага хэмжээний мөнгө юм. Жижиг мөнгөн сангийн зориулалт болон доод хэмжээг тогтоох, байгуулах, зарцуулах, хянах ажиллагааг тухайн байгууллагын дотоод журмаар зохицуулна. Жижиг мөнгөн санг бэлэн мөнгөний дансдад нэрийн дансаар бүртгэнэ. Анх байгуулсан сангийн хэмжээг өөрчлөх үед дараах журналын бичилт хийнэ:
Дебет: Жижиг мөнгөн сан
Кредит: Касс болон харилцах
Жижиг мөнгөн сангаас зарлагын гүйлгээ гарах үед ямар нэгэн бичилт хийгдэхгүй. Жижиг мөнгөн санг нөхөн дүүргэхийн өмнө уг сангийн хяналтыг хариуцсан ажилтан сангийн зарцуулалтын тайланг анхан шатны баримттай тулгаж, зарцуулалт батлагдсан төсөв, журмын дагуу байгаа эсэхийг шалган баталгаажуулж, жижиг мөнгөн санд дүүргэлт хийх зөвшөөрөл олгоно. Үүний дагуу жижиг мөнгөн сан хариуцсан ажилтан зарлагын баримтаа кассын няравт хүлээлгэн өгч, зарцуулсан хэмжээний мөнгийг кассаас авна.
Жижиг мөнгөн санг дүүргэж, кассаас зарлага гаргахад:
Дебет: Холбогдох зардал
Кредит: Касс дахь бэлэн мөнгө
Б-1.2 ДАНСНЫ Авлага
1.Тодорхойлолт
Авлага гэж нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний үнэ, хүлээн аваагүй байгаа бусдаас авахаар хүлээн зөвшөөрөгдсөн тооцоо юм.
Дансны авлагад үндсэн үйл ажиллагааны явцад борлуулсан бараа, бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээний төлөө худалдан авагч болон холбоотой талаас авах авлагын дүн орно. Тухайлбал: Ногдол ашгийн авлага, бондын хүүгийн авлага зэрэг
2. Үнэлгээ
Дансны авлагыг цэвэр боломжит үнэ цэнээр буюу мөнгөөр хүлээн авахаар тооцоолж буй цэвэр дүнгээр санхүүгийн байдлын тайланд харуулна. Өөрөөр хэлбэл, түүний нэрлэсэн үнээс найдваргүй авлагад байгуулсан эрсдэлийн санг хасч тооцсон төлөгдөх боломжтой цэвэр дүнгээр илэрхийлнэ.
3. Санхүүгийн тайланд тусгах нь
Дансны авлага, бусад авлагыг балансын эргэлтийн хөрөнгийн хэсэгт тусгана.
4. Хяналт ба бүртгэл
Салбар хоорондын тооцоог төвийн, салбарын гэсэн хоёр түвшинд явуулах ба салбар хоорондын тооцооны нийлэлтэд мэргэжлийн байгууллагын төвөөс нэгдсэн хяналт тавина.
Салбар хоорондын тооцоог тогтмол нийлэх ба Дотоод хяналтын алба нь салбар хоорондын тооцооны нийлэлтэд хяналт тавьж байна. Бусад хөрөнгийн дансдын тэнцлийн үлдэгдлийг тогтмол нийлж тохируулна.
Бусад хөрөнгийн дансдын гүйлгээнд ерөнхий нягтлан бодогч, мэргэжлийн байгууллагын дотоод хяналтын алба тогтмол хяналт тавина.
АВЛАГЫН БҮРТГЭЛ
-
Авлага
Иргэн, хуулийн этгээд тус бүрээр нэрийн данс нээж хөтөлнө. Авлагын дансны үлдэгдэл нь түр хугацааны шинж чанартай бөгөөд эцсийн тооцоо хийгдсэн тухай бүр хаагдаж байх ёстой.
Бондын хүүг тайлант үеийн эцэст, ногдол ашгийг хуваарилсан үед, үйлчилгээ үзүүлсний орлогыг тухай бүрд нь орлогод тооцон авлагаар бүртгэх бөгөөд доорх бичилт хийнэ:
Дебет: Авлага
Кредит: Холбогдох орлогын данс
Авлага төлөгдөхөд :
Дебет: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Холбогдох авлагын данс
1. Салбар хоорондын тооцооны бүртгэл
Салбар хоорондын тооцоо нь бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байж болно. Салбар хоорондын тооцоогоор үүссэн өглөг, авлагыг салбар нэгж бүр дээр нэрийн данс нээж бүртгэнэ.
Салбар хоорондын тооцооны данс актив, пассив хоёр үлдэгдэлтэй байвал цэвэршүүлэн аль нэгээр нь санхүүгийн тайланд үзүүлнэ.
Мэргэжлийн байгууллага өөрийн салбар нэгжид мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээ хийхэд холбогдох бичилтүүдийг хийнэ. Жишээ нь: Мэргэжлийн байгууллага салбартаа мөнгө шилжүүлбэл:
Мэргэжлийн байгууллагын төв нь:
Дебет: Салбар хоорондын тооцооны авлага
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Салбар нэгж нь:
Дебет: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Салбар хоорондын тооцооны өглөг
Б-1.3 ТАТВАР, НДШ-ИЙН Авлага
1.Тодорхойлолт
Татвар, НДШ-ийн авлага гэж тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн татвар, НДШ-ийн төлбөртэй холбоотой үүссэн тооцоо юм. Татварын төрөл тус бүрээр данс нээж бүртгэнэ.
2. Үнэлгээ
Энэ төрлийн авлага нь хүлээн авахаар урьдчилан тооцсон цэвэр боломжит хэмжээгээр үнэлэгдэнэ.
3. Санхүүгийн тайланд тусгах нь
Татвар, НДШ-ийн авлагыг балансын эргэлтийн хөрөнгийн хэсэгт тусгана.
4. Хяналт ба бүртгэл
Хэрэв салбартай бол салбар хоорондын тооцоог төвийн, салбарын гэсэн хоёр түвшинд явуулах ба салбар хоорондын тооцооны нийлэлтэд мэргэжлийн байгууллагын төвөөс нэгдсэн хяналт тавина.
Энэ дансдын гүйлгээнд ерөнхий нягтлан бодогч, мэргэжлийн байгууллагын дотоод хяналтын алба тогтмол хяналт тавина.
ТАТВАР, НДШ-ИЙН АВЛАГЫН БҮРТГЭЛ
Татвар, НДШ-ийн тооцоог хийсэн үндсэн баримтыг үндэслэж, тооцон авлагаар бүртгэх бөгөөд доорх бичилт хийнэ:
Дебет: Татвар, НДШ-ийн авлага
Кредит: Холбогдох данс
Авлага төлөгдөхөд :
Дебет: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Татвар, НДШ-ийн авлага
Б-1.4 БУСАД Авлага
1.Тодорхойлолт
Бусад авлагад үндсэн бус үйл ажиллагаанаас үүссэн авлага болон дээрхи авлагын ангилалуудад багтаагүй авлагууд хамаарна.
Тухайлбал: Мэргэжлийн байгууллагын хувьд энэ авлагад зээлээр борлуулсан эд хогшил, ажиллагсад болон бусад байгууллага, хүмүүсээс авах тооцооны авлага гэх мэт
2. Үнэлгээ
Авлага нь хүлээн авахаар урьдчилан тооцсон цэвэр боломжит хэмжээгээр үнэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, түүний нэрлэсэн үнээс найдваргүй авлагад байгуулсан эрсдэлийн санг хасч тооцсон төлөгдөх боломжтой цэвэр дүнгээр илэрхийлнэ.
3. Санхүүгийн тайланд тусгах нь
Бусад авлагыг балансын эргэлтийн хөрөнгийн хэсэгт тусгана.
БУСАД АВЛАГЫН БҮРТГЭЛ
Авлага үүсэх үед:
Дебет: Бусад авлага
Кредит: Холбогдох данс
Авлага төлөгдөх үед:
Дебет: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Бусад авлага
Б-1.5 САНХҮҮГИЙН ХӨРӨНГӨ
Санхүүгийн хөрөнгө гэж тайлант үед хийх төлбөрийн хэмжээнээс давсан буюу түр зуур чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг ашиг олох зорилгоор зарцуулж буй үйл ажиллагааг хэлнэ. Санхүүгийн хөрөнгийг НББОУС-д хөрөнгө оруулалт гэсэн нэр томъёогоор тусгасан байна.
Хөрөнгө оруулалт нь НББОУС 32-д тодорхойлсон санхүүгийн хэрэглүүрийн нэг төрөл тул санхүүгийн хэрэглүүрийн тодорхойлолтонд хамаарна.
Үнэт цаасаарх хөрөнгө оруулалт нь өрийн /бонд/ үнэт цаасаарх хөрөнгө оруулалт, өмчийн /хувьцаа/ үнэт цаасаарх хөрөнгө оруулалт гэсэн хэлбэртэй байна.
Б-1.5.1 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
1.Тодорхойлолт
Хөрөнгө оруулалтыг “Арилжааны”, “Хугацааны эцэс хүртэл эзэмших”, “Зээл ба авлага” “Борлуулахад бэлэн” гэж дөрөв ангилна.
Богино хугацаанд ашиг олох зорилгоор худалдан аваад, эргүүлэн худалдах зориулалттай үнэт цаасыг “арилжааны үнэт цаас” гэж ангилна.[2]
Тодорхой тогтмол төлбөртэй, тогтсон хугацаанд дуусгавар болох бөгөөд уг үнэт цаасыг хугацааг нь дуустал эзэмшихээр шийдвэрлэсэн бол “Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаас” гэж ангилна. Хувьцаа, түүнтэй адилтгах өмчийн хэрэглүүр болон дуусгавар хугацаа нь тодорхойгүй үнэт цаас энэ ангилалд багтахгүй.
Дериватив (санхүүгийн үүсмэл хэрэгсэл) гэж үнэлгээ нь суурь хүчин зүйлийн үнээс хамаарч өөрчлөгддөг, ирээдүйд хэрэгжих нөхцөлтэй дараах шинжийг агуулсан гэрээ, хэлцлийг хэлнэ.
а) Хүүгийн түвшин, санхүүгийн хэрэгслийн үнэ, барааны үнэ, гадаад валютын ханш, үнийн индекс, зээлийн зэрэглэл, эсвэл зээлийн индекс гэх мэт бусад үзүүлэлтийн өөрчлөлтөөс шалтгаалан үнэ цэн нь өөрчлөгддөг;
б) Бусад төрлийн ижил төстэй гэрээтэй харьцуулахад анхны хөрөнгө оруулалт бага буюу эсвэл огт шаардагддаггүй.
в) Ирээдүйд арилжаа хийгдэнэ.
Хейдж гэдэг нь хөрөнгө, өр төлбөрийн бодит үнэ цэн, мөнгөн гүйлгээг ирээдүйд гарах өөрчлөлтөөс хамгаалж, дериватив, түүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэл гаргах замаар эрсдэлийг бууруулах арга юм. Бодит үнэ цэнийн хейдж, мөнгөн гүйлгээний хейдж, гадаадын цэвэр хөрөнгө оруулалтын хейдж гэсэн гурван төрлийн хейдж байдаг.
2.Ангилал
“Арилжааны буюу ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх (цаашид “арилжааны үнэт цаас” гэнэ) ангилалд 1) арилжааны (trading) ба 2) ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх сонголтыг ашиглан бүртгэсэн (under the fair value option) үнэт цаасыг хамруулан бүртгэнэ.
Ашиг олох зорилгоор худалдан аваад, богино хугацаанд эргүүлэн худалдах зориулалттай үнэт цаасыг “арилжааны үнэт цаас (trading)” гэж ангилна. Өөрөөр хэлбэл арилжааны үнэт цаас гэж үнийн өөрчлөлтөөс ашиг хүртэх замаар эзэмшиж буй өрийн ба өмчлөлийн үнэт цаас буюу богино хугацаатай багцад багтсан үнэт цаасыг хэлнэ. Үнэт цаасыг худалдан авснаас нь хойш 6 хүртэлх сарын хугацаанд буюу харьцангуй богино хугацаагаар эзэмшээд, эргүүлэн худалдах зориулалттай байгаа бол үнэт цаасыг арилжааны гэж ангилна.
Арилжааны үнэт цаасны ангилалд“ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх үнэт цаас (under the fair value option)”-ыг бүртгэх бөгөөд энэ төрлийн үнэт цаасны ангилал нь өөрчлөгдөхгүй. Дараах тохиолдолд компанийн удирдлага үнэт цаасыг энэ ангилалд бүртгэнэ: а) үнэт цаасыг холбогдох хөрөнгө, өр төлбөрийн бүртгэлийн нийцлийг (accounting matching) хангах үүднээс энэ ангилалд бүртгэсэн үед; эсвэл б) санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийг нийцүүлэн удирдаж, бодит үнэ цэнээр үнэлсэн.
Тодорхой, тогтмол төлбөрийн хуваарьтай, тогтсон хугацаанд дуусгавар болох үнэт цаасыг хугацааг нь дуустал эзэмшихээр шийдвэрлэсэн бол “Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаас” гэж ангилна. Хэрэв үнэт цаас эзэмшигч үнэт цаасыг дуусгавар хугацаанаас нь өмнө эргүүлэн төлөх буюу худалдан авахыг үнэт цаас гаргагчаас шаардах эрхтэй тохиолдолд уг хөрөнгийг хугацааны эцэс хүртэл эзэмших шинж алдагдаж байна гэж үзэх тул энэ ангилалд бүртгэхгүй. Хувьцаа, түүнтэй адилтгах өмчийн хэрэгсэл болон дуусгавар хугацаа нь тодорхойгүй үнэт цаасыг энэ ангилалд бүртгэхгүй.
Үнэт цаас эзэмшигч “Хугацааны эцэс хүртэл эзэмших” гэж ангилсан үнэт цаасыг хугацааг нь дуустал эзэмшилгүйгээр харин зориулалтыг нь өөрчилж, бусдад худалдан борлуулах буюу шилжүүлсэн бол “уг ангиллыг цаашид ашиглах эрхгүй” болно. Өөрөөр хэлбэл ийм арилжаа хийгдсэн тайлант үеэс хойш хоёроос доошгүй жил ямарваа үнэт цаасыг “Хугацааны эцэс хүртэл эзэмших” ангиллаар ангилах эрхгүй болно.
Зээл ба авлага гэж ангилсан үнэт цаас гэдэг нь идэвхтэй зах зээлийн жишиг үнэгүй бөгөөд тодорхой мөнгөн дүн бүхий, дериватив бус санхүүгийн хөрөнгийг хэлэх ба үүнд дараах хөрөнгийг хамруулахгүй:
а) Арилжаалах зориулалттай эзэмшиж буй гэж ангилсан шууд эсвэл ойрын хугацаанд худалдан борлуулах зорилготой хөрөнгө, анх удаа хүлээн зөвшөөрөхдөө ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэхээр ангилсан хөрөнгө;
б) Анх удаа хүлээн зөвшөөрөхдөө борлуулахад бэлэн гэж ангилсан хөрөнгө;
в) Эзэмшигч нь хөрөнгийн чанар муудсанаас бусад тохиолдолд өөрийн анх оруулсан хөрөнгөө бүгдийг нь эргүүлэн олж авч чадахгүй болсон (үүнийг борлуулах зориулалттай хөрөнгөнд ангилна).
Хувьцаа, түүнтэй адилтгах өмчийн хэрэгсэл болон дуусгавар хугацаа нь тодорхойгүй үнэт цаас энэ ангилалд багтахгүй.
Дээрх гурван ангилалд багтаагүй үнэт цаасыг “борлуулахад бэлэн үнэт цаас”-аар ангилна. Энэ ангилалд тодорхойгүй хугацаагаар компанийн эзэмшиж буй үнэт цаасыг бүртгэх бөгөөд хөрвөх чадвартай хөрөнгө, хүү, валютын ханш, өөрийн хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдөхөд эргүүлэн худалдаж болох үнэт цаас багтана. Энэ ангилалд өрийн үнэт цаас ба өмчлөлийн үнэт цаасыг хамруулна.
Үнэт цаасаарх хөрөнгө оруулалтын 1 жил хүртэлх хугацаатайг эргэлтийн хөрөнгөд тооцож, 1-ээс дээш жилийн хугацаатай хөрөнгө оруулалтыг урт хугацаат хөрөнгө оруулалтаар тайлагнана.
Үнэт цаасны эрсдэлийн зардал буюу үнэ цэнийн бууралтын зардал гэж хөрөнгийн нөхөгдөх дүнгээс давсан дансны үнийг хэлнэ.
Нөхөгдөх дүн (нөхөн төлөх өртөг) гэдэг нь хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн ба ашиглалтын үнэ цэнийн аль ихийг хэлнэ.[3]
Ашиглалтын үнэ цэнэ гэдэг нь хөрөнгөөс үүсэхээр хүлээгдэж буй ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэ юм.[4]
Дансны үнэ гэдэг нь санхүүгийн байдлын тайланд хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн дүнг хэлнэ.
3.Хүлээн зөвшөөрөлт
Үнэт цаасыг эзэмших эрх үүссэн үед уг хөрөнгө оруулалтыг санхүүгийн байдлын тайландаа хүлээн зөвшөөрч, толилуулна.
Бодитой нотолгоо бүрдүүлсний үндсэн дээр үнэт цаасыг холбогдох ангиллаар ангилж бүртгэнэ. Тухайлбал, арилжааны үнэт цаасны хувьд үнэт цаасыг богино хугацаанд эзэмшиж, ашиг олох нотолгоо, дуусгавар хугацаа хүртэл эзэмших үнэт цаасны хувьд хугацааг нь дуустал эзэмших нотолгоо гэх мэт.
Хөрөнгө оруулалтын үнэт цаасны хугацаа дуусч, үнэт цаас гаргагч төлбөрөө бүрэн төлсөн эсвэл үнэт цаасанд хамаарах бүх эрсдэл, өгөөж бусдад шилжсэн үед хөрөнгө оруулалтыг данснаас хасна.
4. Хэмжилт ба үнэлгээ
Хөрөнгө оруулалтын үнэт цаасны үнэлгээ түүний ангиллаас шалтгаалах тул эхлээд үнэт цаасны ангиллыг тодорхойлсны дараа үнэлнэ.
Үнэт цаасны бодит үнэ цэнэ гэж тухайн өдрийн идэвхитэй зах зээлийн жишиг үнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, дотоодын болон олон улсын зах зээл дээр идэвхитэй арилжаалж буй үнэт цаасны үнэ нь бодит үнэ цэнэ юм. Хэрэв үнэт цаасны зах зээл идэвхитэй биш бол үнэлгээний аргыг ашиглан бодит үнэ цэнийг тогтооно. Тухайлбал, дискаунтчилсан мөнгөн гүйлгээний шинжилгээ, опшины үнийн загвар гэх мэт тухайн төрлийн үнэт цаасанд түгээмэл ашиглагддаг аргачлалыг сонгон бодит үнэ цэнийг тогтооно. Идэвхигүй зах зээл бүхий үнэт цаасны бодит үнэ цэнийг найдвартай үнэлэх боломжгүй бол өртгөөр нь хэмжинэ. Мэргэжлийн оролцогч үнэт цаасны бодит үнэ цэнийг тооцоолох аргачлалаа өөрийн дотоод журмаар тогтоож, мөрдөнө.
Арилжааны үнэт цаас
Арилжааны үнэт цаасыг анх хүлээн зөвшөөрөхдөө бодит үнэ цэнээр хэмжинэ. Энэ нь тухайн үнэт цаасыг худалдан авахад төлсөн мөнгөн дүн юм.[6]
Энэ ангиллын үнэт цаасыг сар бүрийн эцэст бодит үнэ цэнээр нь дахин үнэлэх ба бодит үнэ цэнэд гарсан өсөлт, бууралтыг орлого, зардлаар бүртгэнэ.
Мэргэжлийн оролцогчийн удирдлагаас гаргасан холбогдох шийдвэрийн дагуу арилжааны үнэт цаасны зориулалтыг “Хугацааны эцэс хүртэл эзэмших”, “борлуулахад бэлэн” гэх мэтээр өөрчилж болно. Ингэхдээ арилжааны үнэт цаасыг тухайн өдрийн бодит үнэ цэнээр бүртгэж, ангиллыг өөрчилнө.
Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаас
Хугацааны эцэс хүртэл эзэмшихээр ангилсан үнэт цаасыг анх хүлээн зөвшөөрөхдөө бодит үнэ цэн дээр холбогдох шууд зардлыг нэмсэн дүнгээр бүртгэнэ. Энэ нь уг үнэт цаасыг худалдан авахад төлсөн цэвэр дүнгээр илэрхийлэгддэг.
Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаасыг санхүүгийн тайланд хорогдуулсан өртгөөр үнэлж, толилуулна.
Үнэт цаасны хорогдуулсан өртгийг тооцохдоо анх хүлээн зөвшөөрсөн үнээс үндсэн төлбөрийн төлөлтийг хасч, үр ашигт хүүгийн аргаар тооцоолсон урамшууллын хорогдуулалтыг хасах эсвэл хямдруулалтын хорогдуулалтыг нэмнэ.
Үр ашигт хүүгийн аргаар үнэт цаасны урамшуулал, хямдруулалтын хорогдуулалтыг тооцоолохдоо анхны үнээс үр ашигт хүүг тооцон хүүгийн төлбөрийг хасна.
Урамшуулал, хямдруулалтын хорогдуулалтанд материаллаг зөрүү гарахгүй нөхцөлд хорогдуулсан өртгийг үнэлэхдээ шулуун шугамын аргыг ашиглаж болно.
Тайлант хугацаанд хорогдуулсан дүнг хүүгийн орлогоор бүртгэнэ.
Хугацааны эцэс хүртэл эзэмшихээр ангилсан үнэт цаасны ангиллыг өөрчлөхийг хориглох бөгөөд зайлшгүй шаардлагаар өөрчилсөн тохиолдолд доод тал нь 2 жил тухайн ангиллыг ашиглахгүй байх шийтгэл хүлээнэ.
Мэргэжлийн байгууллага үнэт цаасны эрсдэлийн санг тооцох СТОУС-д нийцсэн аргачлалыг дотооддоо боловсруулж, мөрдөнө.
Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаасны ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэн нь дансны үнээс бага гарсан нөхцөлд үнэ цэн буурсан гэж үзэх ба энэ тохиолдолд үнэт цаасны эрсдэлийн зардлыг ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэн ба дансны үнийн зөрүүгээр тооцож, бүртгэнэ.
Борлуулахад бэлэн үнэт цаас
Борлуулахад бэлэн үнэт цаасыг анх хүлээн зөвшөөрөхдөө бодит үнэ цэн дээр холбогдох шууд зардлыг нэмсэн дүнгээр бүртгэнэ. Энэ нь үнэт цаасыг худалдан авахад төлсөн цэвэр дүнгээр илэрхийлэгддэг.
Санхүүгийн тайланд борлуулахад бэлэн гэж ангилсан үнэт цаасыг бодит үнэ цэнээр нь үнэлж, толилуулах ба бодит үнэ цэнэд гарсан өсөлт, бууралтыг үнэт цаасны дахин үнэлгээний санд хуримтлуулна. Үнэт цаасыг бусдад худалдах буюу шилжүүлэн данснаас хасах үед дахин үнэлгээний санг тайлант үеийн орлого, зардал болгон бүртгэнэ.
СТОУС-д зааснаар үнэт цаасны нөхөн төлөх өртөг нь дансны үнээс бага гарсан нөхцөлд үнэ цэн буурсан гэж үзэх ба энэ тохиолдолд үнэт цаасны эрсдэлийн зардлыг хөрөнгө оруулалтын нөхөн төлөх өртөг ба дансны үнийн зөрүүгээр тооцож, бүртгэнэ.
Борлуулахад бэлэн үнэт цаасны үнэ цэнийн бууралтыг дахин үнэлгээний сан дансанд бүртгэнэ.
Мэргэжлийн оролцогчийн удирдлагаас гаргасан холбогдох шийдвэрийн дагуу борлуулахад бэлэн үнэт цаасны зориулалтыг “дуусгавар өдөр хүртэл эзэмших”, “арилжааны” гэх мэтээр өөрчилж болно. Ингэхдээ борлуулахад бэлэн үнэт цаасыг тухайн өдрийн бодит үнэ цэнээр бүртгэж, ангиллыг өөрчилнө.
Зээл ба авлага гэж ангилсан үнэт цаас
Мэргэжлийн оролцогч үнэт цаасыг (худалдан борлуулах бус) эргүүлэн төлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үнэт цаасыг хөрөнгийн бирж дээр арилжаалдаггүй буюу жишиг үнэ байхгүй тохиолдолд үнэт цаасыг зээл ба авлага гэж бүртгэнэ. Жишиг үнэгүй үнэт цаас нь хугацааны эцэс хүртэл эзэмших санхүүгийн хөрөнгийн тодорхойлолтыг хангахгүй тул Мэргэжлийн оролцогч жишиг үнэгүй үнэт цаасыг хугацааны эцэс хүртэл эзэмших хөрөнгө оруулалтын үнэт цаасаар ангилахгүй, харин “Зээл, авлага гэж ангилсан үнэт цаас” дансанд бүртгэнэ.
Зээл ба авлагаар ангилсан үнэт цаасны үнэлгээ, бүртгэл нь хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаастай (жишиг үнэтэй үнэт цаас) адил хорогдулсан өртгийн аргаар бүртгэнэ. НББОУС 39-ийн дагуу энэ ангиллын үнэт цаасыг анхны удаад бодит үнэ цэн дээр тухайн үнэт цаасыг худалдан авахтай шууд холбоотой арилжааны шимтгэлийг нэмсэн дүнгээр буюу үнэт цаасыг олж авахын тулд төлсөн зардлыг хасч цэвэр дүнгээр хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. Ийм үнэт цаасыг тайлагналын өдөр хорогдуулсан өртгөөр үнэлнэ. Зөвхөн өрийн үнэт цаасыг энэ ангилалд бүртгэх бөгөөд өмчийн үнэт цаасыг арилжааны эсвэл борлуулахад бэлэн гэж ангилж, бүртгэх тул хугацааны эцэс хүртэл эзэмших эсвэл зээл ба авлага гэж ангилахгүй.
5. Бүртгэл
1) Арилжааны үнэт цаас
Арилжааны үнэт цаасыг худалдан авахдаа бодит үнэ цэнээр нь:
Дебит: Арилжааны үнэт цаасны данс
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Үнэт цаасны хүүг тооцоолж, хуримтлуулсан бол авлагаар бүртгэнэ:
Дебит: Үнэт цаасны хүүгийн авлага
Кредит: Үнэт цаасны хүүгийн орлого
Үнэт цаасны хүү төлөгдсөн бол авлагыг бууруулна:
Дебит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Үнэт цаасны хүүгийн авлага
Арилжааны үнэт цаасыг дахин үнэлэх үед:
Хэрэв үнэт цаасны ханш өссөн бол зөрүүгээр нь
Дебит: Арилжааны үнэт цаасны данс /Үнэт цаасны хасагдуулгын данс/
Кредит: Үнэт цаасны үнэлгээний орлого
Хэрэв үнэт цаасны ханш буурсан бол зөрүүгээр нь
Дебит: Үнэт цаасны үнэлгээний зардал
Кредит: Үнэт цаасны данс
Үнэт цаасны үнэлгээний орлого, зардлыг цэвэршүүлэн хаана:
Дебит: Үнэт цаасны үнэлгээний орлого
Кредит: Үнэт цаасны үнэлгээний зардал
Арилжааны үнэт цаасыг ашигтай худалдаж борлуулсан бол:
Дебит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Үнэт цаасны арилжааны орлого
Кредит: Арилжааны үнэт цаасны данс
Хэрэв алдагдалтай борлуулсан бол:
Дебит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Дебит: Үнэт цаасны арилжааны зардал
Кредит: Арилжааны үнэт цаасны данс
Санхүүгийн тайланд үнэт цаасны арилжааны орлого, зардлыг цэвэршүүлэн нэгтгэсэн дүнгээр толилуулна.
Жишээ (Арилжааны үнэт цаас):
Мэргэжлийн байгууллага 100,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, сарын 4,5%-ийн хүүтэй Засгийн газрын өрийн бичгийг 104,100 төгрөгөөр худалдан авсан. Үр ашигт хүүг (Internal Rate of Return) 4%-иар тооцоолсон.
Тус үнэт цаасыг 6 сарын дотор арилжаалж ашиг хүртэх зорилготой байгаа тул арилжааны үнэт цаасаар ангилсан.
Журналын бичилт (төгрөгөөр):
1. Үнэт цаасыг худалдан авахад:
Дебит: Арилжааны үнэт цаас - Засгийн газрын үнэт цаас 104,100
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс 104,100
2. Сарын эцэст үнэт цаасны хүү төлөгдсөн бол:
Дебит: Мөнгөн хөрөнгийн данс 4,500
Кредит: Хүүгийн орлого 4,500
3. Тайлант сарын сүүлийн өдөр үнэт цаасыг бодит үнэ цэнээр нь дахин үнэлсэн ба тухайн өдөр Засгийн газрын өрийн бичгийг арилжаалж байсан үнэ 105,000 төгрөг байв. Тэгвэл үнэт цаасны дансны үлдэгдэл 104,100 төгрөг ба тухайн өдрийн бодит үнэ цэн 105,000.00 төгрөгийн зөрүүгээр
Дебит: Засгийн газрын үнэт цаас 900
Кредит: Үнэт цаасны үнэлгээний орлого 900
4. Тухайн үнэт цаасыг 106,000 төгрөгөөр худалдсан бол
Дебит: Мөнгөн хөрөнгийн данс 106,000
Кредит: Үнэт цаасны арилжааны орлого 1,000
Кредит: Арилжааны үнэт цаас - Засгийн газрын үнэт цаас 105,000
2) Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаас
Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаасыг худалдан авахдаа бодит үнэ цэнээр бүртгэх ба үнэт цаасны нэрлэсэн үнэ ба бодит үнийн зөрүүгээр урамшуулал, хямдруулалтыг бүртгэнэ.
Урамшуулалтай бол:
Дебит: Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаас
Дебит: Үнэт цаасны урамшуулал
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Хямдруулалттай бол:
Дебит: Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаас
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Үнэт цаасны хямдруулалт
Үнэт цаасны хүүг хуримтлуулан бүртгэж, орлогоор хүлээн зөвшөөрнө:
Дебит: Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
Кредит: Хүүгийн холбогдох орлого
Хэрэв үнэт цаасыг анх урамшуулалтай авсан бол урамшууллыг үр ашигт хүүгийн аргаар хорогдуулсан дүнгээр үнэт цаасны хүүгийн орлогыг бууруулна:
Дебит: Хүүгийн холбогдох орлого
Кредит: Үнэт цаасны урамшуулал
Хэрэв үнэт цаасыг анх хямдруулалттай авсан бол хямдруулалтыг үр ашигт хүүгийн аргаар хорогдуулсан дүнгээр үнэт цаасны хүүгийн орлогыг нэмэгдүүлнэ:
Дебит: Үнэт цаасны хямдруулалт
Кредит: Хүүгийн холбогдох орлого
Үнэт цаасны хүү төлөгдсөн бол авлагыг бууруулна:
Дебит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
Үнэт цаасны хугацаа дуусч үндсэн төлбөр төлөгдөхөд:
Дебит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаас
Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаасны үнэ цэнийн бууралтыг тооцож, эрсдэлийн сан байгуулбал:
Дебит: Үнэт цаасны эрсдэлийн сангийн зардал
Кредит: Үнэт цаасны эрсдэлийн сан
Хэрэв үнэт цаасны үнэ цэнийн бууралтыг буцаасан бол:
Дебит: Үнэт цаасны эрсдэлийн сан
Кредит: Үнэт цаасны эрсдэлийн сангийн зардал
Бусад зээл ба авлагаар ангилсан үнэт цаасны бүртгэл нь хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаастай адил боловч ашиглагдах дансд нь ялгаатай байна.
Жишээ (Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаас):
Мэргэжлийн байгууллага 100,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, сарын 4,5%-ийн хүүтэй Засгийн газрын өрийн бичгийг 104,100 төгрөгөөр худалдан авсан. Уг үнэт цаасыг хугацааны эцэс хүртэл эзэмших зорилготой байгаа тул хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаасаар ангилан бүртгэсэн. Үр ашигт хүүг (Internal Rate of Return) 4%-иар тооцоолсон.
Журналын бичилт (мянган төгрөгөөр):
1. Үнэт цаасыг худалдан авахад:
Дебит: Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаас -
Засгийн газрын үнэт цаас 100,000
Дебит: Засгийн газрын үнэт цаасны урамшуулал 4,100
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс 104,100
2. Үнэт цаасыг 4,100.00 мянган төгрөгийн урамшуулалтай байгаа бөгөөд сарын эцэст урамшууллыг үр ашигт хүүгийн аргаар тооцож, хорогдуулна. Тухайлбал эхний сарын хувьд:
Дебит: Мөнгөн хөрөнгийн данс 4,500
Кредит: Засгийн газрын үнэт цаасны урамшуулал 336
Кредит: Хүүгийн орлого 4,164
Үнэт цаасны урамшууллыг хорогдуулах хүснэгт (мянган төгрөгөөр)
|
Хүү тооцох хугацаа |
Хөрөнгө оруулалтын дансны дүн |
Хүүгийн орлого |
Нэрлэсэн хүүгийн төлбөр |
Нэмэгдлийн хорогдуулалт |
Хорогдуулаагүй нэмэгдэл |
|
|
(a) |
(b)=(a)*4% |
(c)=100,000*4,5% |
(d)=(c)-(b) |
(e)=(a)-200,000 |
0 |
2012.01.01 |
104,100 |
|
|
|
4,100 |
1 |
2012.01.31 |
103,764 |
4,164 |
4,500 |
336 |
3,764 |
2 |
2012.02.28 |
103,415 |
4,151 |
4,500 |
349 |
3,415 |
3 |
2012.03.31 |
103,052 |
4,137 |
4,500 |
363 |
3,052 |
4 |
2012.04.30 |
102,674 |
4,122 |
4,500 |
378 |
2,674 |
5 |
2012.05.31 |
102,281 |
4,107 |
4,500 |
393 |
2,281 |
6 |
2012.06.30 |
101,872 |
4,091 |
4,500 |
409 |
1,872 |
7 |
2012.07.31 |
101,447 |
4,075 |
4,500 |
425 |
1,447 |
8 |
2012.08.31 |
101,005 |
4,058 |
4,500 |
442 |
1,005 |
9 |
2012.09.30 |
100,545 |
4,040 |
4,500 |
460 |
545 |
10 |
2012.10.30 |
100,000 |
3,955 |
4,500 |
545 |
0 |
|
Нийт |
|
|
45,000 |
|
|
3. Үнэт цаасны хугацаа дуусч, үндсэн төлбөр төлөгдсөн бол:
Дебит: Мөнгөн хөрөнгийн данс 100,000
Кредит: Засгийн газрын үнэт цаас 100,000
3) Борлуулахад бэлэн үнэт цаас
Борлуулахад бэлэн үнэт цаасыг худалдан авахдаа бодит үнэ цэнээр нь:
Дебит: Борлуулахад бэлэн үнэт цаас
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Үнэт цаасны хүүг тооцоолж, хуримтлуулсан бол авлагаар бүртгэнэ:
Дебит: Үнэт цаасны хүүгийн авлага
Кредит: Үнэт цаасны хүүгийн орлого
Үнэт цаасны хүүг хүлээн авсан бол авлагыг бууруулна:
Дебит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
Сарын эцэст борлуулахад бэлэн үнэт цаасыг дахин үнэлэх үед:
Хэрэв үнэт цаасны ханш өссөн бол:
Дебит: Борлуулахад бэлэн үнэт цаас
Кредит: Үнэт цаасны дахин үнэлгээний сан
Хэрэв үнэт цаасны ханш буурсан бол:
Дебит: Үнэт цаасны дахин үнэлгээний сан
Кредит: Борлуулахад бэлэн үнэт цаас
Хэрэв үнэт цаасны ханшийн бууралт нь дахин үнэлгээний сангийн үлдэгдлээс хэтэрсэн бол дахин үнэлгээний санг хаагаад хэтэрсэн зөрүүг эрсдэлийн сангийн зардалд бүртгэнэ:
Дебит: Үнэт цаасны эрсдэлийн сангийн зардал
Кредит: Борлуулахад бэлэн үнэт цаас
Борлуулахад бэлэн үнэт цаасыг ашигтай худалдаж борлуулсан бол:
Дебит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Үнэт цаасны арилжааны орлого
Кредит: Борлуулахад бэлэн үнэт цаас
Хэрэв алдагдалтай борлуулсан бол:
Дебит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Дебит: Үнэт цаасны арилжааны зардал
Кредит: Борлуулахад бэлэн үнэт цаас
Санхүүгийн тайланд үнэт цаасны арилжааны орлого, зардлыг цэвэршүүлэн нэгтгэсэн дүнгээр толилуулна.
Үнэт цаасыг худалдах үед үнэт цаасны дахин үнэлгээний санд хуримтлагдсан үлдэгдлийг арилжааны орлого, зардалд хааж, бүртгэнэ:
Хэрэв үнэт цаасны дахин үнэлгээний сан эерэг буюу кредит үлдэгдэлтэй бол:
Дебит: Үнэт цаасны дахин үнэлгээний сан
Кредит: Үнэт цаасны арилжааны орлого
Хэрэв үнэт цаасны дахин үнэлгээний сан сөрөг буюу дебит үлдэгдэлтэй бол:
Дебит: Үнэт цаасны арилжааны зардал
Кредит: Үнэт цаасны дахин үнэлгээний сан
Борлуулахад бэлэн үнэт цаасны үнэ цэнийн бууралтыг дахин үнэлгээний сан дансанд бүртгэнэ:
Дебит: Үнэт цаасны дахин үнэлгээний сан
Кредит: Борлуулахад бэлэн үнэт цаас
Хэрэв үнэт цаасны үнэ цэнийг бууруулах дүн нь дахин үнэлгээний сангийн үлдэгдлээс хэтэрсэн бол зөрүүг эрсдэлийн сангийн зардалд бүртгэнэ:
Дебит: Үнэт цаасны эрсдэлийн зардал
Кредит: Борлуулахад бэлэн үнэт цаас
Хэрэв дараагийн тайлант үед үнэт цаасны эрсдэлийн зардлыг буцаасан бол:
Дебит: Борлуулахад бэлэн үнэт цаас
Кредит: Үнэт цаасны эрсдэлийн зардал эсвэл Бусад орлого
Кредит: Үнэт цаасны дахин үнэлгээний сан
Борлуулахад бэлэн үнэт цаасны ангиллыг өөрчилсөн бол:
Дебит: Үнэт цаасны холбогдох данс
Кредит: Борлуулахад бэлэн үнэт цаас
Жишээ (Борлуулахад бэлэн үнэт цаас):
Мэргэжлийн байгууллага 100,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, сарын 4,5%-ийн хүүтэй Засгийн газрын өрийн бичгийг 104,100 төгрөгөөр худалдан авсан. Үр ашигт хүүг (Internal Rate of Return) 4%-иар тооцоолсон.
Тус банк уг үнэт цаасыг борлуулахад бэлэн үнэт цаас гэж ангилсан.
Журналын бичилт (мянган төгрөгөөр):
1. Үнэт цаасыг худалдан авахад:
Дебит: Борлуулахад бэлэн үнэт цаас- Засгийн газрын үнэт цаас 104,100
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс 104,100
2. Үнэт цаасны хүү төлөгдсөн бол:
Дебит: Мөнгөн хөрөнгийн данс 4,500
Кредит: Хүүгийн орлого 4,500
3. Тайлант сарын сүүлийн өдөр үнэт цаасыг бодит үнэ цэнээр нь дахин үнэлсэн ба тухайн өдөр Засгийн газрын өрийн бичгийг арилжаалж байсан үнэ 105,000 төгрөг байв. Тэгвэл үнэт цаасны дансны үлдэгдэл 104,100 ба тухайн өдрийн бодит үнэ цэнэ105,000-ийн зөрүүг дахин үнэлгээний санд бүртгэнэ.
Дебит: Борлуулахад бэлэн үнэт цаас- Засгийн газрын үнэт цаас 900
Кредит: Үнэт цаасны дахин үнэлгээний сан 900
4. Дараа сарын 20-нд үнэт цаасыг 106,000 мянган төгрөгрөөр худалдсан бол:
Дебит: Мөнгөн хөрөнгийн данс 106,000
Кредит: Үнэт цаасны арилжааны орлого 1,000
Кредит: Борлуулахад бэлэн үнэт цаас-
Засгийн газрын үнэт цаас 105,000
Дахин үнэлгээний санг хаана.
Дебит: Үнэт цаасны дахин үнэлгээний сан 900
Кредит: Үнэт цаасны арилжааны орлого 900
6. Тодруулга
Мэргэжлийн байгууллага үнэт цаасны ангиллыг тодорхойлсон үндэслэлээ баримтжуулж, баталгаажуулах бөгөөд ангилал тус бүрээр санхүүгийн тайлангийн тодруулга бэлтгэнэ.
Үнэт цаасыг барьцаа хөрөнгө болгосон бол тодруулна.
Үнэт цаасны бодит үнэ цэнийг тооцсон аргачлалыг тодруулна.
Үнэт цаасны арилжаатай холбоотой хүлээж болзошгүй эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний талаар тодруулна.
7. Хяналт
-
Ажилтнуудын ажил үүргийг зааглан тусгаарлана.
-
Гүйлгээний баримтын бүрдлийг хангана.
-
Үнэт цаасны ангиллыг тодорхойлсон үндэслэлийг баримтжуулна.
-
Үнэт цаасны нэр, төрлөөр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
-
Дэлгэрэнгүй бүртгэлийг хяналтын дансны гүйлгээ, үлдэгдэлтэй тохируулна.
-
Үнэт цаасны бүртгэлийг үндсэн баримттай нь тулган шалгана.
Б-1.6 БАРАА, Материал
1.Тодорхойлолт
Бараа материал гэж мэргэжлийн байгууллагын хувьд үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлсийн хэлбэрээр байгаа хөрөнгө юм.
2.Үнэлгээ
Бараа материалыг өртгөөр нь бүртгэнэ. Бараа материалын өртөг нь худалдан авахад гарсан зардал, одоогийн байдалд оруулахтай холбогдон гарсан шууд ба шууд бус зардлыг багтаасан байна. Мэргэжлийн байгууллагын хувьд материал нь ихэнхдээ хангамжийн зүйл ба худалдан борлуулах зориулалтгүй тул үнэлгээний хасагдуулгыг авч үзэхгүй.
3. Санхүүгийн тайланд тусгах нь
Бараа материалыг дансны цэвэр дүнгээр толилуулж, санхүүгийн тайлангийн эргэлтийн хөрөнгийн хэсэгт тусгана.
Мэргэжлийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах материал үнэ бүхий зүйл, бүх төрлийн маягтуудыг Материалын дансанд бүртгэнэ.
Материал үнэ бүхий зүйл, маягтыг мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг явуулах хэмжээгээр бэлтгэн, нярав /эд хариуцагч/ агуулахын бүртгэлийг давхар хөтлөх ба зааврын дагуу тооллогын ажлын хэсэг нь ээлжит тооллогыг бүтэн жилээр, ээлжит бус тооллогыг нярав болон эд хариуцагч ажлаас өөрчлөгдөх болон бусад шалтгаанаар тухай бүр явуулна.
Материал үнэ бүхий зүйл, маягтуудыг мэргэжлийн байгууллага худалдан авахдаа холбогдох зарлагын баримтыг үндэслэн үнэ бүхий зүйл хариуцсан няравын /эд хариуцагч/ материалын орлогын баримтыг үндэслэн:
Дебет: Материал
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Материал үнэ бүхий зүйл, маягтуудыг зарлага болгохдоо эрх бүхий хүмүүсийн зөвшөөрсөн баримтыг үндэслэн бичсэн зарлагын баримтаар:
Дебет: Холбогдох зарлагын данс /бичиг хэрэг, ариун цэврийн гэх мэт/
Кредит: Материалын данс гэсэн бичилт хийж нярав эд хариуцагч нь орлого зарлагын баримтыг үндэслэн тухай бүр материалын бүртгэлийг хөтөлнө.
Б-1.7 УРЬДЧИЛЖ ТӨЛСӨН ЗАРДАЛ/ТООЦОО
1.Тодорхойлолт
Урьдчилан төлсөн зардал/тооцоо гэж тухайн тайлант хугацаанд хамааруулан зардал гэж зөвшөөрч бүртгэхээс өмнө төлбөрийг нь урьдчилж төлсөн зардлыг (даатгал, түрээс г.м) балансын хөрөнгийн зүйл ангид хамааруулж, урьдчилж төлсөн зардал гэж үзүүлнэ. Ийм төрлийн зардлыг жинхэнэ хэрэгжилтэд суурилан дараагийн тайлант үеүдэд зардалд шингээнэ.
Мөн энэ ангилалд Төлбөрийн баталгааны сан, Барьцаа хөрөнгийн сан, Эрсдэлийн сангуудад байршуулсан хөрөнгө буюу эрсдэлээс хамгаалахад зориулж тусгаарласан хөрөнгийг оруулж бүртгэнэ.
2. Үнэлгээ
Урьдчилан төлсөн зардлыг мэргэжлийн байгууллагаас төлсөн үнэ буюу нэрлэсэн үнээр илэрхийлнэ.
3. Санхүүгийн тайланд тусгах нь
Урьдчилан төлсөн зардлыг балансын эргэлтийн хөрөнгийн хэсэгт тусгана.
Дараа тайлангийн тооцоо
Урьдчилж төлсөн тооцоо дансаар захиргааны ба аж ахуйн ажил үүрэг гүйцэтгэх буюу гадаад дотоодод албан томилолт, курс сургууль, семинарт явах зэрэгт зориулан удирдлагын шийдвэрийн дагуу урьдчилгаа мөнгө олгосон тохиолдолд:
Дебет: Дараа тайлангийн тооцооны данс
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Урьдчилгаанд олгосон мөнгөний зарцуулалтын тооцооны баримтыг үндэслэн дараа тайлангийн тооцооны дансыг хаахдаа:
Дебет: Холбогдох зардлын данс
Кредит: Дараа тайлангийн тооцооны данс
Дараа тайлангийн тооцоо дансны хувьд тооцоо үүссэн ажилтан бүрээр нэрийн данс нээн, дэлгэрэнгүй бүртгэл хөтлөж, тухайн ажилтны хувьд үүссэн тооцоо, баримтыг тулгаж, үлдэгдлийг сар бүрээр тохирууна.
Урьдчилгаанд олгосон мөнгөнөөс илүү, дутуу зарцуулсан бол зөрүүг нэмж олгох буюу буцааж тушаалгана.
Урьдчилж төлсөн тооцоо
Төлбөрийн баталгааны сан, Барьцаа хөрөнгийн сан, Эрсдэлийн санг бүртгэхэд:
Дебет: Сангийн холбогдох данс
Кредит: Мөнгөн хөрөнгө
Буцаан бууруулахад:
Дебет: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Сангуудын холбогдох данс
Урьдчилж төлсөн зардал
Хууль тогтоомжийн дагуу төлөх татвар, шимтгэл болон байгууллага, хүмүүстэй хийсэн гэрээгээр үйл ажиллагааны зардлыг урьдчилан төлбөл Урьдчилж төлсөн зардал дансаар хуримтлуулан бүртгэж байгаад тайлант үед ногдох хэмжээгээр холбогдох зардлын дансдад хуваарилж бүртгэнэ.
Дебет: Урьдчилж төлсөн зардал
Кредит: Мөнгөн хөрөнгийн дансд
Урьдчилж төлсөн зардлыг холбогдох тайлант үед хуваарилах буюу зардал бодит болсон үед:
Дебет: Холбогдох зардлын дансд
Кредит: Урьдчилж төлсөн зардал
Б-2 ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ
Эргэлтийн бус хөрөнгийг дараах байдлаар ангилна.
1.Үндсэн хөрөнгө
2.Биет бус хөрөнгө
3.Урт хугацаат хөрөнгө оруулалт
4.Хойшлогдсон татварын хөрөнгө
5.Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө
6.Бусад эргэлтийн бус хөрөнгө
Б-2.1 Үндсэн хӨрӨнгӨ
1. Тодорхойлолт
Нэгээс дээш тайлант хугацаанд үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, бусдад түрээслүүлэх эсхүл захиргааны зориулалтаар ашиглаж байгаа биет хөрөнгө үндсэн хөрөнгөнд хамаарна.
Үндсэн хөрөнгийг дотор нь нийтлэг шинж чанар, зориулалтаар нь газрын сайжруулалт, барилга байгууламж, машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, компьютер бусад хэрэгсэл, бусад үндсэн хөрөнгө гэж ангилна. Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон борлуулах зориулалттай хөрөнгийг үндсэн хөрөнгөөс салгаж бүртгэнэ.
Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж хөрөнгийн үнийг өсгөх, түрээсийн орлого олох зорилгоор эзэмшиж (өмчлөгчийн эсвэл санхүүгийн түрээсээр түрээслэгчийн) буй хөрөнгийг хэлэх бөгөөд үүнд дор дурдсанаас бусад үл хөдлөх хөрөнгө багтана:
(а) бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх буюу үзүүлэх эсвэл удирдлагын зориулалтаар ашиглаж байгаа; эсвэл
(б) бизнесийн хэвийн нөхцөлд худалдан борлуулах гэж байгаа
Борлуулах зориулалттай хөрөнгө. Мэргэжлийн оролцогч нь эргэлтийн бус хөрөнгийн дансны үнийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш борлуулах замаар нөхөж авах бол уг хөрөнгийг борлуулах зориулалттай хөрөнгө гэж ангилна. Ийм хөрөнгийг одоогийн нөхцөл байдлыг нь өөрчлөлгүйгээр ердийн нөхцлөөр худалдан борлуулах боломжтой байх ба хөрөнгийг борлуулах магадлал өндөр байх ёстой.
2. Үнэлгээ
Үндсэн хөрөнгийг анхны өртөгөөр нь бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөгт худалдан авсан үнэ, түүнийг бэлтгэхтэй холбогдон гарсан аливаа зардлыг (тээврийн зардал, гаалийн татвар, хураамж, угсарч суурилуулах, ачиж буулгах зардал гэх мэт) оруулна. Хандиваар авсан хөрөнгийг зах зээлийн үнээр бүртгэнэ.
Газрын сайжруулалт: Ашиглагдах хугацаа нь хязгаарлагдмал тухайлбал, машин тавих талбай, салбар зам, хашаа зэрэг тохижуулалтыг газрын сайжруулалт дансанд бүртгэж тооцоолсон хугацаанд элэгдэл байгуулна. Эдгээрийн өртөг нь түүнийг ашиглагдах хүртэл гарсан зардлуудын нийлбэрээс бүрдэнэ.
Үндсэн хөрөнгө нь анхны өртөгөөс хуримтлагдсан элэгдэл болон үнэ цэнийн бууралтыг хасч тооцсон үлдэгдэл өртөгөөр тайлагнана. Хөрөнгийн элэгдүүлэх дүнг тооцохдоо хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст үлдэх үнэ цэнийг хасаж тодорхойлно. Барилга нь ашиглалтын хязгаарлагдмал хугацаатай байдаг тул элэгдэл байгуулна. Барилга барьсан газрын үнэ цэнэд гарсан өсөлт нь барилгын ашиглахаар тооцсон хугацааны тооцоололд нөлөөлөхгүй.
Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг дансны үнэ ба нөхөгдөх дүнгийн зөрүүгээр тодорхойлно. Нөхөгдөх дүн гэдэг нь хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн ба ашиглалтын үнэ цэнийн аль ихийг хэлнэ. Ашиглалтын үнэ цэн гэж тухайн хөрөнгөөс хүлээгдэж буй ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэн юм.
Үндсэн хөрөнгөнд дахин үнэлгээ хийж, энэ талаар санхүүгийн тайланд тайлбар хийнэ.
Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үндсэн хөрөнгийн нэгэн адил бүртгэнэ. Харин борлуулах зориулалттай хөрөнгөд элэгдэл тооцохгүй, үнэ цэнийн бууралтыг тооцно.
3. Санхүүгийн тайланд тусгах нь
Үндсэн хөрөнгийг санхүүгийн тайланд хуримтлагдсан элэгдэл, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан дансны цэвэр дүнгээр нь толилуулна.
Үндсэн хөрөнгийг бэлтгэх, худалдан авах
Үндсэн хөрөнгийг худалдан авсан тохиолдолд бэлтгэн нийлүүлэгч байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн худалдан авсан өртгийн дүнгээр:
Дебет: Үндсэн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Үндсэн хөрөнгийн үнэ, холбогдох зардлыг урьдчилж төлсөн боловч үндсэн хөрөнгийг биетээр хүлээж аваагүй бол:
Дебет: Урьдчилж төлсөн тооцоо
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Үндсэн хөрөнгийг хүлээж авахад:
Дебет: Үндсэн хөрөнгө
Кредит: Урьдчилж төлсөн тооцоо
Үндсэн хөрөнгөнд сар тутам элэгдэл тооцохдоо:
Дебет: Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал
Кредит: Хуримтлагдсан элэгдлийн холбогдох данс
Үндсэн хөрөнгийг бусдад худалдах
Үндсэн хөрөнгийг бусдад худалдах тохиолдолд байгуулсан элэгдлийн хэмжээгээр:
Дебет: Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл
Кредит: Үндсэн хөрөнгийн холбогдох данс
гэж үндсэн хөрөнгийн анхны үнийг элэгдлийн дүнгээр хорогдуулж үлдэгдэл өртгийг гаргана.
Борлуулах үнэ нь тухайн үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгөөс их бол:
Дебет: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс /борлуулсан үнээр/
Кредит: Үндсэн хөрөнгийн холбогдох данс /үлдэгдэл өртгөөр/
Кредит: Үндсэн хөрөнгийн борлуулсны орлого /давсан дүнгээр/
Борлуулах үнэ нь тухайн үндсэн хөрөнгийн үлдэгдэл үнээс бага бол борлуулсан дүнгээр:
Дебет: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс /борлуулсан үнээр/
Дебет: Хөрөнгө данснаас хассаны гарз /дутсан дүнгээр/
Кредит: Үндсэн хөрөнгийн холбогдох данс /үлдэгдэл өртгөөр/
Үндсэн хөрөнгийг ашиглалтаас хасах
Элэгдэл хорогдлоороо өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгийг санхүүгийн тайлангаас актлан хасахдаа:
Дебет: Хуримтлагдсан элэгдэл
Кредит: Үндсэн хөрөнгө
Хэрэв элэгдэл хорогдлоороо өртгөө бүрэн нөхөөгүй үндсэн хөрөнгийг актлан хасахад:
Байгуулсан элэгдэл хорогдлын хэмжээгээр:
Дебет: Хуримтлагдсан элэгдэл
Кредит: Үндсэн хөрөнгө
Үндсэн хөрөнгийн үлдэгдэл үнээр нь:
Дебет: Хөрөнгө данснаас хассаны гарз
Кредит: Үндсэн хөрөнгө
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ
Дараах тохиолдолд үндсэн хөрөнгийг дахин үнэлнэ. Үүнд:
1/ Тухайн хөрөнгө хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн боловч цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой байх,
2/ Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг нь цэвэр боломжит үнэ цэнээс материаллаг зөрүүтэй болсон байх,
3/ Дээрх 2-оос бусад тохиолдлоор дахин үнэлэх шаардлагатай болсон.
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг мэргэжлийн үнэлгээчид хийнэ.
Дахин үнэлгээний зөрүүг санхүүгийн тайланд дараах байдлаар харуулна. Үүнд:
Дахин үнэлгээний улмаас үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг /хуримтлагдсан элэгдлийг хассан/ нэмэгдсэн тохиолдолд нэмэгдсэн хэмжээгээр Өөрийн хөрөнгө хэсэгт Дахин үнэлгээний нэмэгдэл нэртэйгээр харуулна.
1/ Дахин үнэлсэн үнэ нь тухайн хөрөнгийн үлдэгдэл өртгийг илэрхийлж байгаа бол:
1.1 Хөрөнгийн ангилал тус бүрийн ашиглагдах хугацаанаас ашиглагдсан хугацааг хасч, цаашид ашилагдах хугацааг шинэчлэн тогтоож, дахин үнэлсэн үнээс элэгдлийг тооцно. Энэ тохиолдолд өмнө нь байгуулсан хуримтлагдсан элэгдлийг тэглэнэ.
Дахин үнэлэх хүртэл байгуулсан хуримтлагдсан элэгдлийн дүнгээр:
Дебет: Хуримтлагдсан элэгдэл
Кредит: Үндсэн хөрөнгө
Ажлын хэсгийн шийдвэрийн дагуу шинэ үнэлгээний дүнгээр:
Дебет: Үндсэн хөрөнгө
Кредит: Дахин үнэлгээний нэмэгдэл
1.2 Дахин үнэлэхийн өмнөх үлдэгдэл өртөг ба дахин үнэлсний дараах үлдэгдэл өртгийн харьцаагаар хөрөнгийн ангилал тус бүрийн анхны өртөг ба хуримтлагдсан элэгдлийг зэрэг нэмэгдүүлж ашиглагдах хугацааг хэвээр мөрдөнө.
Дебет: Үндсэн хөрөнгө
Кредит: Хуримтлагдсан элэгдэл
Кредит: Дахин үнэлгээний нэмэгдэл
2/ Хөрөнгийн дахин үнэлсэн үнэ нь шинэчлэн тодорхойлсон анхны өртгийг илэрхийлж байгаа бол анхны өртгийн өсөлтийн харьцаагаар хуримтлагдсан элэгдэл ба үлдэгдэл өртгийг зэрэг нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд хийгдэх дансны гүйлгээ нь 1.2-той адил байна.
4. Хяналт ба бүртгэл
Гүйлгээний баримтанд байгууллагын холбогдох ажилтан, албан тушаалтнууд нэг, хоёрдугаар гарын үсэг зурж баталгаажуулна.
Үндсэн хөрөнгөнд дугаар өгч картын бүртгэл хөтөлнө. Санхүүгийн тайлангаас хассан үндсэн хөрөнгийн дугаарыг дахин олгохгүй. Үндсэн хөрөнгийг жилд нэгээс доошгүй удаа тоолж, санхүүгийн тайлангийн үлдэгдэл дүнтэй, зах зээлийн үнэлгээг тулган шалгана.
Б-2.2 биет бус хӨрӨнгӨ
-
Тодорхойлолт
Биет бус хөрөнгө гэдэг нь ажил үйлчилгээний нийлүүлэлтэд ашиглагдах, бусдад түрээслэх буюу удирдлагын зориулалтаар ашиглахаар эзэмшиж буй биет шинж чанаргүй, тодорхойлж болохуйц харьцангуй удаан хугацаанд ашиглаж болох мөнгөн бус хөрөнгийг хэлнэ.
Биет бус хөрөнгийг зохиогчийн эрх, компьютерийн программ хангамж, мэдээллийн сан, Программ хангамж, патент, барааны тэмдэг, тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрх, бусад биет бус хөрөнгө гэж ангилна. Дараах шалгуурыг хангаж байвал биет бус хөрөнгө гэж үзнэ.
1.Бие даасан тусгайлан танигдахуйц хөрөнгө байх;
2.Түүнд байгууллага хяналт тавьж чаддаг байх;
3.Хөрөнгө нь ирээдүйн эдийн засгийн үр өгөөжтэй байх.
Тусгайлан танигдахуйц байх
Байгууллага хөрөнгийг тусад нь худалдан авч, түрээслэж, солилцож эсвэл түүний эдийн засгийн үр өгөөжийг бусад хөрөнгөөс тусад нь тооцож чадаж байвал түүнийг тусгайлан танигдахуйц байна гэж үзнэ.Хэрэв тухайн хөрөнгө нь бусад хөрөнгийн хамтаар ирээдүйн эдийн засгийн үр өгөөж өгдөг тохиолдолд байгууллага тухайн хөрөнгөнөөс хүртэх өгөөжийг тусад нь тооцох боломжтой л бол тусгайлан танигдахуйц байна гэж үзэж тусад нь хөрөнгө гэж үзэж бүртгэх ба боломжгүй бол бусад хөрөнгийн хамт бүртгэнэ.
Хяналттай байх
Байгууллага тухайн хөрөнгөнөөс үүсэх үр өгөөжийг зөвхөн өөрөө хүртэх хууль ёсны эрхтэй бол хяналт тавьж чадахуйц байна гэж үзнэ.
Ирээдүйн эдийн засгийн үр өгөөжтэй байх
Биет бус хөрөнгөнөөс ирээдүйн эдийн засгийн үр өгөөж хүртэнэ гэдэг нь тэр хөрөнгийг ашигласнаар байгууллагын орлого нэмэгдэх эсвэл зардал хорогдох боломжтой болохыг хэлнэ.
-
Хамрагдах зүйлс
Биет бус хөрөнгийг:
-Худалдан авч болно
-Бизнесийн нэгдлийн үед үүснэ
-Байгууллага өөрсдөө дотооддоо бий болгож болно.
Худалдан авч болох биет бус хөрөнгөнд
Патент, гудвилл, франчайз, зохиогчийн эрх, лиценз, худалдааны тэмдэг, программ хангамж зэрэг хамаарна.
Бизнесийн нэгдлийн үед үүсдэг биет бус хөрөнгөнд гүүдвил орно. Гүүдвил гэдэг нь тухайн байгууллагыг худалдан авахдаа цэвэр хөрөнгийн зах зээлийн үнээс нь илүү төлсөн байгууллагыг үнэлэх үнэлэмж юм. Худалдан авч болох биет бус хөрөнгүүд нь баталгаажуулсан ямар нэгэн гэрээ гэрчилгээтэй байдаг бол гүүдвилд ямар нэгэн баримт байдаггүй.
Байгууллага өөрсдөө дотооддоо биет бус хөрөнгийг бий болгох явцыг судалгаа хийх үе, хөгжүүлэлтийн үе гэж ангилна.
Судалгаа гэдэг нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологи буюу арга зүй боловсруулах эсвэл одоогийн бүтээгдэхүүн буюу технологид томоохон сайжруулалт хийх зорилготой эрэл хайгуулын ажил юм. Энэ үед гарсан бүх зардлыг тайлангийн үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө.
Шинэ бүтээгдэхүүн ба үйл ажиллагааны туршилт, зохион бүтээх ажил, хэрэглээний өмнөх туршилт нь хөгжүүлэлтийн үед хамаарна. Энэ үед гарсан зардлыг дараах шаардлагыг хангаж байвал биет бус хөрөнгө гэж үзнэ.
1.Иж бүрдэл болсон, ашиглах эсвэл борлуулах боломжтой
2.Байгууллага биет бус хөрөнгийн иж бүрдэл болгон ашиглах эсвэл борлуулах сонирхолтой,
3. Байгууллага биет бус хөрөнгийг ашиглах эсвэл борлуулах чадвартай
4. Хөгжүүлэлтийн үед биет бус хөрөнгөтэй холбоотой гарсан зардлыг үнэн зөв хэмжих боломжтой
5. Хөгжүүлэлтийн үеийг цааш нь дуусгах биет бус хөрөнгийг ашиглах болон борлуулах техник санхүүгийн бусад нөөцүүд байвал
-
Үнэлгээ
Хөгжүүлэлтийн үед бий болсон хөрөнгийн анхны өртөг нь хуримтлагдсан зардлаар хэмжигдэнэ. Энэ хөрөнгийг бий болгоход өмнө нь гарсан зардлыг сэргээж хөрөнгийн өртөгт оруулж болохгүй.
Хорогдуулалт: Биет бус хөрөнгийг анхны өртгөөс хуримтлагдсан хорогдол, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан дүнгээр бүртгэнэ. Биет бус хөрөнгийг түүний хүлээгдэж буй үр өгөөжит хугацаанд нь орлогын дэлгэрэнгүй тайланд үр ашгийн бууралтыг харуулах байдлаар системтэйгээр хорогдуулна.
Биет бус хөрөнгийн хорогдол тооцох өртөг нь хөрөнгийн анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүн байна. Практикт биет бус хөрөнгийн үлдэх өртгийг ихэнхдээ тэгтэй тэнцүү гэж үздэг.
4. Санхүүгийн тайланд тусгах нь
Биет бус хөрөнгийг балансын Хөрөнгө талын эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт тусгана.
5. Хяналт ба бүртгэл
Хөрөнгө бүрээр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, хяналтын дансны гүйлгээ, үлдэгдэлтэй тохируулна.
Хөрөнгийг жилд нэгээс доошгүй удаа тоолж тэнцлийн үлдэгдэл ба анхны өртөгтэй тулган шалгана. Биет бус хөрөнгийн талаар санхүүгийн тайланд тодруулна.
Б-2.2.БИЕТ БУС ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ
Биет бус хөрөнгийг бэлтгэх, худалдан авахад:
Дебет: Биет бус хөрөнгө
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Биет бус хөрөнгийн тайлангийн үед ногдох хорогдуулалтын зардлын дүнгээр ХЭ-биет бус хөрөнгө дансыг нээнэ.
Дебет: Элэгдэл хорогдлын зардал
Кредит: Хуримтлагдсан элэгдэл-Биет бус хөрөнгө
Хөрөнгө бүрийн хорогдуулалтын хугацааг мэргэжлийн байгууллага бүртгэлийн бодлогоороо тогтооно.
Хорогдлоороо анхны өртгөө бүрэн нөхөөгүй үед биет бус хөрөнгийг данснаас хасвал үлдэгдэл өртгийн дүнгээр хөрөнгө данснаас хассаны алдагдал хүлээнэ.
Дебет: Хөрөнгө данснаас хассаны гарз
Кредит: Биет бус хөрөнгө
Бүртгэгдсэн биет бус хөрөнгөтэй холбогдон гарсан зардал нь тухайн биет бус хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж байвал тэдгээр зардлыг хөрөнгийн өртөгт капиталжуулна. Бусад тохиолдолд эдгээр зардлыг тайлант үеийн зардлаар бүртгэнэ.
Биет бус хөрөнгийн дахин үнэлсэн дүн нь дараагийн тайлант үеийн хуримтлагдсан хорогдол ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн байна.
Дахин үнэлгээний үр дүнд биет бус хөрөнгийн дансны үнэ нэмэгдэх, буурах тохиолдолд дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү (бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн дүн)-г орлогын дэлгэрэнгүй тайлангийн бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт, дахин үнэлгээний олз, гарз(ашиг алдагдлаар хүлээн зөвшөөрсөн дүн)-ыг орлогын дэлгэрэнгүй тайлангийн бусад ашиг (алдагдал)-ын хэсэгт тус тус харуулна. Биет бус хөрөнгийн дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүүг эздийн өмчийн хэсэгт Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл дансанд хуримтлуулан бүртгэнэ.
Б-2.3 УРТ ХУГАЦААТХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА БУСАД ХӨРӨНГӨ
Б-2.3.1 ХАРААТ, ХАМТЫН ХЯНАЛТТАЙ, ОХИН КОМПАНИУДАД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
1.Тодорхойлолт
Охин компани болон хараат компанийг Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ойлгох ба СТОУС-д зааснаар дараах байдлаар тодорхойлно.
Охин компани гэж толгой компанийн (мэргэжлийн байгууллага) хяналтанд буй аж ахуйн нэгжийг хэлнэ.
Өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр өгөөж хүртэхийн тулд охин компанийн үйл ажиллагааг удирдах эрх мэдлийг хяналт гэнэ.
Хөрөнгө оруулагчийн (мэргэжлийн оролцогч) зүгээс мэдэгдэхүйц нөлөө тогтоосон аж ахуйн нэгжийг хараат компани гэнэ.
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны бодлогын шийдвэр гаргахад оролцох эрхтэй боловч хяналт тогтоогоогүй бол мэдэгдэхүйц нөлөө гэнэ.
Хоёр, түүнээс дээш оролцогч тал хамтын хэлцэл байгуулсны дагуу тэдгээрийн хяналтанд байгаа аж ахуйн нэгжийг хамтын хяналттай аж ахуйн нэгж гэнэ.
Өмчийн арга гэдэг нь хөрөнгө оруулалтыг эхэлж өртгөөр нь хүлээн зөвшөөрч, дараагийн тайлант үед хараат ба хамтын хяналттай компанийн өөрийн хөрөнгөнд гарсан өөрчлөлтийг мэргэжлийн оролцогчийн хүртэх хувиар тохируулан бүртгэх аргыг хэлнэ.
Өртгийн арга нь хөрөнгө оруулалтыг өртгөөр хүлээн зөвшөөрч, бүртгэх арга ба хөрөнгө оруулалтын өртөг үнэ цэнийн бууралтаас бусад тохиолдолд өөрчлөгдөхгүй.
Хяналтын эрхгүй хувь оролцоо гэж охин компанийн хувьцаанаас толгой компанийн эзэмшээгүй хэсгийг ойлгоно.
2. Хүлээн зөвшөөрөлт
Аж ахуйн нэгжийн саналын эрхтэй хувьцааны 20-50 хувийг мэргэжлийн оролцогч шууд болон шууд бусаар (охин компаниараа дамжуулан) эзэмшсэн бол мэдэгдэхүйц нөлөөтэй байгаагаа нотолсны үндсэн дээр, мэдэгдэхүйц нөлөө үүссэн өдөр хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.
Хамтын хяналттай компанид оруулсан хөрөнгө оруулалтыг хамтын хяналтыг нотолсны үндсэн дээр, хамтын хяналт тогтоосон өдөр хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.
Аж ахуйн нэгжийн саналын эрхтэй хувьцааны 50, түүнээс дээш хувийг эзэмшсэн бол хяналтаа нотолсны үндсэн дээр, хяналт тогтоосон өдөр охин компанид оруулсан хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.
Охин, хамтын хяналттай, хараат компаниас мэргэжлийн оролцогч ногдол ашиг авах эрх үүссэн үед ногдол ашгийг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.
3. Хэмжилт ба үнэлгээ
Хараат, хамтын хяналттай, охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалтыг холбогдох стандартад зааснаар өртгийн ба өмчийн арга, бодит үнэ цэнийн аль тохирохыг нь сонгож бүртгэнэ.
Мэргэжлийн байгууллага нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэдэггүй тохиолдолд хараат компанид болон хамтын хяналттай аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтыг өмчийн аргаар бүртгэнэ.
Мэргэжлийн байгууллага өмчийн аргын дагуу хараат ба хамтын хяналттай компанид оруулсан хөрөнгө оруулалтыг тэдгээр компанийн тайлант үеийн цэвэр ашиг, дахин үнэлгээний нэмэгдэл, бусад дэлгэрэнгүй орлогоор нэмэгдүүлж, тайлант үеийн цэвэр алдагдал, хуваарилсан ногдол ашиг, буцаасан хөрөнгө оруулалтын дүнгээр бууруулж бүртгэнэ.
Мэргэжлийн байгууллага хараат ба хамтын хяналттай компани дахь мэдэгдэхүйц нөлөөг алдсан тохиолдолд өмчийн аргыг хэрэглэхгүй.
Мэргэжлийн байгууллага нэгдсэн санхүүгийн тайлан бэлтгэдэг бол хараат, хамтын хяналттай, охин компанид оруулсан хөрөнгө оруулалтыг өртгөөр нь эсвэл бодит үнэ цэнээр нь бүртгэнэ.
Мэргэжлийн байгууллага нь нэгдлийн санхүүгийн нэгдсэн тайланг охин компанид хяналтаа тогтоосон өдрөөс эхлэн хяналтаа алдах хүртэл бэлтгэнэ.
Санхүүгийн нэгдсэн тайланг бэлтгэхдээ охин компанийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зардал, мөнгөн гүйлгээг зүйл зүйлээр нь нэгтгэх ба охин компанид оруулсан хөрөнгө оруулалтыг дансны үнээр нь хаана. Нэгтгэлийн үед охин ба толгой компани, охин компаниудын хооронд үүссэн орлого, зардал, хөрөнгө, өр төлбөрийг хооронд нь хаана.
Нэгдсэн санхүүгийн тайланд хяналтын эрхгүй хувь оролцоог өөрийн хөрөнгийн бусад хэсэгт толилуулна.
СТОУС-д зааснаар үнэт цаасны нөхөн төлөх өртөг нь дансны үнээс бага гарсан нөхцөлд үнэ цэнэ буурсан гэж үзэх ба энэ тохиолдолд үнэт цаасны эрсдэлийн сангийн зардлыг хөрөнгө оруулалтын нөхөн төлөх өртөг ба дансны үнийн зөрүүгээр тооцож, бүртгэнэ. Мэргэжлийн байгууллага нь үнэт цаасны үнэ цэнийн бууралтыг СТОУС-ын дагуу тооцох аргачлалыг дотооддоо боловсруулж, мөрдөнө.
4. Бүртгэл
1) Өмчийн аргаар бүртгэсэн хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулалтыг анх өртгөөр нь бүртгэнэ:
Дебит: Хөрөнгө оруулалтын холбогдох данс
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Тайлант хугацааны эцэст санхүүжигч компани ашигтай ажилласан бол уг цэвэр ашгаас мэргэжлийн байгууллагад ногдох хувь хэмжээгээр буюу эзэмшлийн хувиар тооцоолж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ:
Дебит: Хөрөнгө оруулалтын холбогдох данс
Кредит: Хөрөнгө оруулалтын орлого
Тайлант хугацааны эцэст санхүүжигч компани алдагдалтай ажилласан бол уг цэвэр алдагдлаас банкинд ногдох хувь хэмжээгээр буюу эзэмшлийн хувиар тооцоолж хөрөнгө оруулалтаа бууруулна:
Дебит: Хөрөнгө оруулалтын зардал
Кредит: Хөрөнгө оруулалтын холбогдох данс
Хувьцаа гаргагч тал ногдол ашиг олгохоор зарласан бол авлагад бүртгэнэ:
Дебит: Ногдол ашгийн авлага
Кредит: Хөрөнгө оруулалтын холбогдох данс
Уг хөрөнгө оруулалтаас ногдол ашиг хүлээн авсан бол үүсгэсэн авлагаа бууруулж бүртгэнэ:
Дебит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Ногдол ашгийн авлага
Санхүүжигч компанийн эздийн өмчид гарсан бусад өөрчлөлт болон бусад дэлгэрэнгүй орлогыг хувь тэнцүүлэн хөрөнгө оруулалтаа тохируулна. Тухайлбал, санхүүжигч компани үндсэн хөрөнгөө дахин үнэлж, үнэ цэнийг нь нэмэгдүүлсэн бол дахин үнэлгээний нэмэгдлээс мэргэжлийн оролцогчид ногдох хувь хэмжээгээр буюу эзэмшлийн хувиар тооцоолж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ.
Дебит: Хөрөнгө оруулалтын холбогдох данс
Кредит: Хөрөнгө оруулалтын орлого
Хөрөнгө оруулалтыг худалдан борлуулсан бол хөрөнгө оруулалтыг дансны үнээр нь бууруулж, хүлээн авсан төлбөр ба дансны үнийн зөрүүг тайлант хугацааны орлого, зардлаар бүртгэнэ:
Дебит: Хөрөнгө оруулалтын холбогдох данс
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Өмчийн аргаар бүртгэсэн хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурсан бол үнэ цэнийн бууралтын зардалд бүртгэнэ:
Дебит: Хөрөнгө оруулалтын үнэ цэнийн бууралтын зардал
Кредит: Хөрөнгө оруулалтын үнэлгээний хасагдуулга
Хэрэв дараагийн тайлант үед хөрөнгө оруулалтын үнэ цэнийн бууралтыг буцаасан бол:
Дебит: Хөрөнгө оруулалтын үнэлгээний хасагдуулга
Кредит: Хөрөнгө оруулалтын үнэ цэнийн бууралтын буцаалт
Өмчийн аргаар бүртгэсэн хөрөнгө оруулалтыг урт хугацаат хөрөнгөөр толилуулна.
Жишээ (Хөрөнгө оруулалт - Өмчийн арга):Мэргэжлийн оролцогч Blue Widgets Corporation компанийн хувьцааны 30%-ийг 100 сая төгрөгөөр худалдан авсан. Тайлант жилд Blue Widgets Corporation компани нийт 10 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнаж, саналын эрхтэй бүх хувьцаа эзэмшигчиддээ 4 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилсан.
Журналын бичилтүүд:
1. Хөрөнгө оруулалтыг анх удаа хүлээн зөвшөөрч бүртгэсэн бол:
Дебит: Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалт 100 сая
Кредит: Мөнгөн хөрөнгө 100 сая
2. Хараат компанийн тайлагнасан цэвэр ашгаас хувь тэнцүүлэн тохируулга хийсэн бол (10 сая*30%):
Дебит: Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалт 3 сая
Кредит: Хөрөнгө оруулалтын орлого 3 сая
3. Хараат компанийн зарласан ноогдол ашгийг хөрөнгө оруулалтаа бууруулж бүртгэнэ (4 сая*30%):
Дебит: Мөнгөн хөрөнгө 1,2 сая
Кредит: Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалт 1,2 сая
2) Өртгийн аргаар бүртгэсэн хөрөнгө оруулалт
Өмчийн хэрэглүүрт оруулсан хөрөнгө оруулалтыг өртгийн аргаар бүртгэх бол худалдан авсан өртгөөр нь хөрөнгө оруулалт буюу үнэт цаасыг бүртгэнэ:
Дебит: Хөрөнгө оруулалтын холбогдох данс
Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Хувьцаа гаргагч тал буюу санхүүжигч компани ногдол ашиг олгохоор зарласан бол авлага бүртгэнэ:
Дебит: Ногдол ашгийн авлага
Кредит: Бусад орлого - Ногдол ашгийн орлого
Уг хөрөнгө оруулалтаас ногдол ашиг хүлээн авсан бол орлогоор бүртгэнэ:
Дебит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит: Ногдол ашгийн авлага
Өртгийн аргаар бүртгэсэн хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурсан бол үнэ цэнийн бууралтаар алдагдал бүртгэнэ:
Дебит: Хөрөнгө оруулалтын үнэ цэнийн бууралтын алдагдал
Кредит: Хөрөнгө оруулалтын үнэлгээний хасагдуулга
Хэрэв дараагийн тайлант үед хөрөнгө оруулалтын үнэ цэнийн бууралтыг буцаасан бол:
Дебит: Хөрөнгө оруулалтын үнэлгээний хасагдуулга
Кредит: Хөрөнгө оруулалтын үнэ цэнийн бууралтын буцаалт
Жишээ (Хөрөнгө оруулалт - Өртгийн арга):
Мэргэжлийн оролцогч Blue Widgets Corporation компанийн хувьцааны 30%-ийг 100 сая төгрөгөөр худалдан авсан. Тайлант жилд Blue Widgets Corporation компани нийт 10 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнаж, саналын эрхтэй бүх хувьцаа эзэмшигчиддээ 4 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилсан.
Журналын бичилтүүд:
1. Хөрөнгө оруулалтыг анх удаа хүлээн зөвшөөрч бүртгэсэн бол
Дебит: Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалт 100 сая
Кредит: Мөнгөн хөрөнгө 100 сая
2. Хараат компанийн зарласан ноогдол ашгийг орлогоор бүртгэсэн (4 сая*30%)
Дебит: Мөнгөн хөрөнгө 1,2 сая
Кредит: Бусад орлого - Ногдол ашгийн орлого 1,2 сая
5. Тодруулга
Хараат компани, хамтын хяналттай аж ахуйн нэгж, охин компанийн саналын эрхтэй энгийн хувьцаанаас мэргэжлийн оролцогчийн эзэмшилд буй хувь оролцоо, түүнд гарсан өөрчлөлтийг тодруулна. Мөн нэгтгэсэн санхүүгийн тайланд хяналтын эрхгүй хувь оролцоо, түүнд гарсан хөдөлгөөнийг мөн тодруулна.
Хараат компани, хамтын хяналттай аж ахуйн нэгжид хамаарах банкны мэдэгдэхүйц нөлөө, охин компанид тогтоосон хяналтыг баримтжуулж, тодруулна.
Хараат компани, хамтын хяналттай аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтыг бүртгэсэн өмчийн арга, уг аргатай холбогдуулан хийсэн үнэлгээ, тооцооллын нэмэлт тодруулгыг хийнэ.
Хараат компани, хамтын хяналттай аж ахуйн нэгж, охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын үнэ цэнийн бууралтын хасагдуулгад оруулсан өөрчлөлтийг хөрөнгө оруулалтын ангилал тус бүрээр тодруулна.
Хөрөнгө оруулалтыг бусадтай хийх тооцоонд барьцаа болгосон бол энэ талаар тодруулна.
6. Хяналт
-
Ажилтнуудын ажил үүргийг зааглан тусгаарлана.
-
Гүйлгээний баримтын бүрдлийг хангана.
-
Мэдэгдэхүйц нөлөө, хяналттай холбоотой баримжуулалтыг иж бүрэн бүрдүүлнэ.
-
Үнэт цаасны нэр, төрлөөр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
-
Дэлгэрэнгүй бүртгэлийг хяналтын дансны гүйлгээ, үлдэгдэлтэй тохируулна.
-
Үнэт цаасны бүртгэлийг үндсэн баримттай нь тулган шалгана.
В - ӨР ТӨЛБӨР
1.Тодорхойлолт
Өр төлбөр гэж компанийн үйл ажиллагаагаар бий болсон бусдын өмнө хүлээсэн эдийн засгийн үүрэг, хариуцлага юм.
Өр төлбөрийг үүссэн хугацаагаар нь богино хугацаат, урт хугацаат өр төлбөр гэж ангилна.
2. Үнэлгээ
Санхүүгийн бусад эх үүсвэрийн өглөгийг компани эргүүлж төлөх дүнгээр санхүүгийн тайланд бүртгэнэ. Холбогдох хөрөнгө, зардал буюу алдагдлыг хүлээн зөвшөөрсөн үед өр төлбөрийг бүртгэдэг.
3. Санхүүгийн тайланд тусгах нь
Өр төлбөрийн хугацаанаас нь хамаарч богино ба урт хугацаат гэсэн хэлбэртэйгээр дансанд тусгана.
В-1. БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР
1. Тодорхойлолт
Богино хугацаат өр төлбөр гэдэг нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд төлбөр нь төлөгдөхөөр хүлээгдэж байгаа эсхүл тайлангийн өдрөөс хойш 12 сарын дотор төлбөр нь төлөгдөх өр төлбөрийг хэлнэ.
2. Хамрагдах зүйл
Богино хугацаат өр төлбөрийг балансад дараах байдлаар ангилж бүртгэнэ.
Үүнд :
а. Дансны өглөг: Үндсэн үйл ажиллагааны явцад бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан бараа, хангамжийн зүйлс, үйлчилгээний үнийн төлөгдөөгүй үлдэгдэл, хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг, ногдол ашгийн өглөг гэх мэт өглөгийг энэ хэсэгт тусгана.
б. Цалингийн өглөг: Ажилчин албан хаагчдад өгөх цалин, бусад хэлбэрийн хөдөлмөрийн хөлсний өглөгийг энэ хэсэгт харуулна.
в. Татвар, хураамжийн өглөг: Татварын болон бусад улсын байгууллагад төлөх татвар, хураамжтай холбоотой өглөгийг энэ хэсэгт харуулна.
г. НДШ-ийн өглөг:Улсын байгууллагад төлөх НДШ-тэй холбоотой өглөгийг энэ хэсэгт харуулна.
д. Богино хугацаат зээл: Богино хугацаагаар буюу нэг жилээс доош хугацаанд төлөхөөр авсан зээлийг богино хугацаат өр гэж үзэж энэ хэсэгт тусгана.
1 жил ба түүнээс бага хугацаанд төлөгдөхөөр гаргасан вексель, бондыг энэхүү ангилалд оруулна.(хөнгөлөлт, урамшуулалын тооцоо, бичилтийг урт хугацаат хөрөнгө оруулалтын хэсгийн бонд, векселийн хэсгээс харна уу)
е. Хүүгийн өглөг: Богино болон урт хугацаат зээл, өрийн үнэт цаастай холбоотой үүссэн төлөгдөөгүй байгаа хүүний төлбөрийн дүн зэргийг энэ хэсэгт тусгана.
ё. Ногдол ашгийн өглөг: Аж ахуйн нэгжийн урирдах эрх бүхий байгууллагын шийдвэрээр хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчид төлөхөөр зарласан ногдол ашгийг энэ дансанд бүртгэнэ.
ж. Урьдчилж орсон орлого: Ажил үйлчилгээ үзүүлэхээс өмнө тэдгээрийн үнийг захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд хүлээн авсан мөнгөний хэмжээгээр богино хугацаат өр үүсгэж энэ хэсэгт тусгана. Уг өрийг бараа, үйлчилгээ үзүүлсэн үедээ хааж, бараа үйлчилгээний орлогыг бүртгэнэ.
з. Нөөц өр төлбөр: Өнгөрсөн үйл явдлын дүнд үүссэн үүрэг хариуцлагыг төлөх магадлалтай, төлбөрийн дүнг тооцоолох боломжтой болсон үед нь нөөц хүлээн зөвшөөрнө. Тодорхой зорилготойгоор байгуулсан нөөц байна.
л. Бусад богино хугацаат өр төлбөр: Бизнесийн үйл ажиллагаанаас өөр чиглэлээр үүссэн өр, бизнесийн үйл ажиллагааны явцад үүссэн төрөл бүрийн суутгалууд, зардалд шингээж тооцсон төлөгдөөгүй өр, урт хугацаат өр төлбөрийн тайлант хугацаанд хамаарах хэсэг, худалдан авагчид болон ажиллагчдаас авсан буцаан төлөх мөнгөн барьцаа, холбоотой талаас авсан богино хугацаат зээл болон дээр тусгайлан толилуулснаас бусад богино хугацаат өр төлбөрийг бүртгэнэ.
м. Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (борлуулах бүлэг хөрөнгө-нд хамаарах өр төлбөр):
Тодорхой шийдвэрийг үндэслэн тайлангийн жилд хорогдолоор тооцох, богино хугацаат өглөгтэй холбогдсон үнэлгээний хасагдуулгыг “Богино хугацаат өглөгийн хасагдуулга” гэсэн хэсэгт хасах тэмдэгтэйгээр үзүүлнэ.
3. Үнэлгээ
Богино хугацаат өр төлбөрийг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ. Бусдад төлөх өглөгийн хүүг сар бүр хуримтлуулан тооцож тухайн тайлант хугацааны зардлаар бүртгэнэ
4. Санхүүгийн тайланд тусгах нь
Балансын өр төлбөрийн эхний хэсэгт богино хугацаат өр төлбөрийг дээрхи байрлалаар тусгана.
Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг, татварын өглөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, цалингийн өглөг, бусад өглөгийн дансдыг тооцоо үүссэн тухай бүр зохих дансдад бичилт хийж байна.
Дебет: Хөрөнгө, зардлын болон бусал холбогдох данс
Кредит: Богино хугацаат өглөг
Дээрхи өглөг төлөгдөх үед:
Дебет: Богино хугацаат өглөг
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Тайлант үеийн эцэст нягтлан бодох бүртгэлийг аккруэл суурийн дагуу зардал хуримтлуулж бүртгэхэд:
Дебет: Холбогдох зардлын данс
Кредит: Бусад өглөг
Хуримтлуулсан өглөгийг мөнгөөр төлөхөд:
Дебет: Бусад өглөг
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Ногдол ашгийг хуваарилахад өнгөрсөн жилийн цэвэр ашгаас хуваарилах бөгөөд нягтлан бодох бүртгэлийн дараах бичилтийг хийнэ. Үүнд:
Дебет: Өнгөрсөн жилийн цэвэр ашиг
Кредит: Ногдол ашгийн өглөг
Ногдол ашгийг олгоход дараах бичилтийг хийнэ:
Дебет: Ногдол ашгийн өглөг
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Банк, санхүүгийн байгууллагаас зээл авсан тохиолдолд:
Дебет: Мөнгөн хөрөнгийн данс
Кредит: Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн данс
Зээлийг буцаан төлөх тохиолдолд:
Дебет: Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн данс
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Зээлийн хүүг хуримтлуулан тооцоход:
Дебет: Зээлийн хүүгийн зардал
Кредит: Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөг
Зээлийн хүүгийн төлбөрийг төлөх нөхцөлд:
Дебет: Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөг
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Богино хугацаат бонд, векселийн бүртгэл нь урт хугацаат өр төлбөрт хамаарах бонд, векселийн бүртгэлтэй ижил аргачлалаар бүртгэгдэнэ.
Нөөц сангуудыг байгуулах үед:
Дебет: Холбогдох нөөц сангийн зардал
Кредит: Нөөц сангийн данс
Нөөц сангуудыг зарцуулах үед:
Дебет: Нөөц сангийн данс
Кредит: Холбогдох данс
5. Хяналт ба бүртгэл
Богино хугацаат өр төлбөрийн дансдаар байгууллага иргэдийн нэрээр туслах журнал хөтөлж, гүйлгээг үндсэн баримттай нь тулган шалгаж, дансны үлдэгдлийг нийлж тохируулна.
В-2. УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР
1. Тодорхойлолт
Урт хугацаат өр төлбөр гэдэг нь бизнесийн үйл ажиллагааны хэвийн цикл эсвэл нэг жилийн аль уртад төлөгдөхгүй буюу 1 жилийн дотор одоо байгаа эргэлтийн хөрөнгөөр барагдахгүй үүрэг хариуцлага юм.
2.Хамрагдах зүйл
Нэг жилээс дээш хугацаанд төлөгдөх вексель, зээл, бонд зэрэг өглөгийг энэ хэсэгт тусгана.
В-2.1 УРТ ХУГАЦААТ ЗЭЭЛ
Урт хугацаат өр төлбөр үүсэх үед:
Дебет: Мөнгөн хөрөнгө эсвэл бусад холбогдох данс
Кредит: Урт хугацаат өглөг
Урт хугацаат өр төлбөрийг төлөх үед:
Дебет: Урт хугацаат өглөг
Кредит: Мөнгөн хөрөнгө
В-2.2 УРТ ХУГАЦААТ БОНД
1.Тодорхойлолт
Бонд гэж шаардлагатай эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр гаргасан өрийн бичгийг хэлнэ.
2.Санхүүгийн тайланд тусгах нь
Бондын өглөгийг балансад Урт хугацаат өр төлбөр хэсэгт өнөөгийн үнэ цэнээр буюу дансны үнээр харуулна.
-
Бондын өглөг хххх
-
Бондын өглөгийн урамшуулал хххх
-
Бондын өглөг хххх
-
Бондын өглөгийн хөнгөлөлт (хххх)
Бондын өглөгтэй холбоотой хүүгийн зардал, бондыг эргэлтээс гаргасны олз, гарзыг Орлогын тайланд тайлагнана.
Мэргэжлийн байгууллага нь бонд гаргаж эх үүсвэр татахад:
А.Бондын зах зээлийн үнэ = Нэрлэсэн үнэ
Дебет: Мөнгөн хөрөнгө
Кредит: Бондоорх өглөг
Б.Зах зээлийн үнэ > Нэрлэсэн үнэ
Дебет: Мөнгөн хөрөнгө
Кредит: Бондоорх өглөг
Кредит: Бондоорх өглөгийн урамшуулал
В.Зах зээлийн үнэ < Нэрлэсэн үнэ
Дебет: Мөнгөн хөрөнгө
Дебет: Бондоорх өглөгийн хөнгөлөлт
Кредит: Бондоорх өглөг
Бондоорх өглөгийн хөнгөлөлт, урамшууллыг тайлант хугацаанд хорогдуулан бүртгэхдээ
1.Шулуун шугамын арга
2.Үр ашигт хүүний арга гэсэн тооцооллын 2 арга хэрэглэнэ
-
Бондоорх өглөгийн хөнгөлөлт болон урамшууллын хорогдуулгын дүнг шулуун шугамын аргаар тооцохдоо хөнгөлөлт болон урамшууллаар бүртгэгдсэн дүнг бондын эргэлтэнд байх хугацаанд нь хувааж тооцно.
-
Үр ашигт хүүний аргаар хөнгөлөлт болон урамшууллын хорогдуулгын дүнг тооцохдоо дараах томьёог ашиглана.
Хорогдуулгын Хугацааны эхэн дэх Үр ашигт Бондын Тогтоосон
дүн = бондын дансны үнэ х хүү - нэрлэсэн үнэ х хүү
200000.00 төг.ийн нэрлэсэн үнэтэй, 5 жилийн хугацаатай, 10% хүүтэй бондыг 14% өгөөж олохоор 172520 төгрөгөөр хөнгөлөлттэй гаргагдсан бондын хөнгөлөлтийг үр ашигт хүүний аргаар хорогдуулах хорогдуулгын хүснэгт хийж үзье.
Огноо |
Мөнгөн хөрөнгө |
Хүүний зардал |
Бондын хөнгөлөлт |
Бондын дансны үнэ |
|
Кредит |
Дебет |
Кредит |
|
2011.1.2 |
|
|
|
172520 |
2011.12.31 |
20000* |
24159# |
4159@ |
176679^ |
2012.12.31 |
20000 |
24740 |
4740 |
181419 |
2013.12.31 |
20000 |
25403 |
5403 |
186822 |
2014.12.31 |
20000 |
26159 |
6159 |
192981 |
2015.12.31 |
20000 |
27019 |
7019 |
200000 |
|
100000 |
127480 |
27480 |
|
*20000=200000x0,1 @4159=24159-20000
#24159=172520x0,14 ^176679=172520+4159
2011 оны 12-р сарын 31-нд буюу анхны хүүний төлбөр болон хөнгөлөлтийн хорогдуулгыг бүртгэх журналын бичилт нь:
Дебет: Бондын хүүний зардал 24159
Кредит: Бондоорх өглөгийн хөнгөлөлт 4159
Кредит: Мөнгөн хөрөнгө 20000
2012 оны 12-р сарын 31-нд хүүний төлбөр болон хөнгөлөлтийн хорогдуулгыг бүртгэх журналын бичилт нь:
Дебет: Бондын хүүний зардал 24740
Кредит: Бондоорх өглөгийн хөнгөлөлт 4740
Кредит Мөнгөн хөрөнгө 20000
Төлөх хүүгийн дүнгээр:
Дебет: Өрийн бичгийн хүүгийн зардал
Кредит: Хуримтлуулж тооцсон өрийн бичгийн хүүгийн өглөг
Төлсөн хүүгийн дүнгээр:
Дебет: Хуримтлуулж тооцсон өрийн бичгийн хүүгийн өглөг
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Бонд гаргалттай холбоотой сурталчлах, хэвлүүлэх, хуулийн болон бүртгэлийн үйлчилгээ, шимтгэлийн, урамшууллын гэх зэрэг зардлууд гардаг. Эдгээр зардлыг “Бонд гаргалтын хорогдуулаагүй зардал” гэсэн хойшлуулсан зардлын дансанд бүртгэж бондын эргэлтэнд байх хугацаанд хөнгөлөлтийг хорогдуулахад ашигласан аргаар хорогдуулж бүртгэнэ.
-
Гаргасан бондоо буцааж худалдаж авах, эсвэл хувьцаанд хөрвүүлэх замаар эргэлтээс гаргаж болно.
-
Бондын хугацаа дуусахаас өмнө бондоо буцаан худалдан авч эргэлтээс гаргавал хорогдуулж дуусаагүй бондын өглөгийн урамшуулал, болон хөнгөлөлт, эсвэл бонд гаргалтын зардлаас хамаарч Бондыг эргэлтээс гаргасны олз, эсвэл гарзыг тооцож бүртгэнэ.
Бондыг төлбөрийн хугацаанд нь буцааж худалдаж авах буюу эргэлтээс гаргахад дараах дансны бичилт хийнэ.
Дебет: Бондоорх өглөг
Кредит: Мөнгөн хөрөнгө
3. Хяналт
Мэргэжлийн байгууллага “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, “Нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх тухай журам”-ын дагуу Хорооноос зөвшөөрөл авч бонд гаргаж, бүртгэн хяналт тавина.
В-2.3 НӨӨЦ ӨР ТӨЛБӨР
Аж ахуйн нэгжийн баталгаат засварын өр, нөхөн сэргээлт болон бусад өр төлбөртэй холбоотойгоор байгуулсан урт хугацааны дүн хамаарна.
В-2.4 ХОЙШЛОГДСОН ТАТВАРЫН ӨР
Татвар ногдох түр зөрүүтэй холбоотойгоор ирээдүйн тайлант үед төлөх орлогын албан татварын өрийн дүнг хэлнэ.
В-2.5 БУСАД УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР
Урт хугацаат бонд, өрийн бичиг болон бусад урт хугацаат өр төлбөрийн дүнг хэлнэ.
Г- ЭЗДИЙН ӨМЧ
1. Тодорхойлолт
Эздийн өмч буюу капитал нь оруулсан капитал болон олсон капиталын нийлбэр юм. Эздийн өмч нь тухайн мэргэжлийн байгууллагын нийт хөрөнгийн дүнгээс өр төлбөрийг хассан дүнтэй тэнцүү байна.
Оруулсан капитал /Хувь нийлүүлсэн хөрөнгө/ нь аливаа хугацаанд капитал өмчийн хувьцаанд төлсөн буюу өөр ямар нэг байдлаар бизнест ашиглахын тулд хувьцаа эзэмшигчдийн мэргэжлийн байгууллагад оруулсан хөрөнгийн нийт дүнг хэлнэ. Оруулсан капиталд эргэлтэнд байгаа өмчийн хувьцааны нэрлэсэн үнэ, нэмж төлөгдсөн капитал багтана.
Олсон капитал нь тухайн мэргэжлийн байгууллага ашигтай үйл ажиллагаа явуулсны үр дүнд нэмэгдсэн капитал. Энэ нь тухайн мэргэжлийн байгууллагын хуваарилагдаагүй нийт орлого юм. Үүнд хуримтлагдсан ашиг/алдагдал, хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл, гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц, эздийн өмчийн бусад дансд багтана.
Хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн, санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгахад түүний эд хөрөнгөөс тодорхой хэсгийг өмчлөх эрхийг гэрчилж буй үнэт цаас юм.
Хувьцаат капитал нь худалдагдсан хувьцааны нэрлэсэн үнийн дүн юм.
Нэмж төлөгдсөн капитал нь хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлөгдсөн хэмжээг хэлнэ. Хувьцааг нэрлэсэн үнээс доогуур үнээр борлуулбал хүлээсэн алдагдлыг “Нэмж төлөгдсөн капитал” дансанд сөрөг тэмдэгтэйгээр харуулна.
Хуримтлагдсан ашиг/алдагдал нь үйл ажиллагаа эхэлсэн үеэс хойшхи хугацаанд хугацаанд хуримтлагдан үлдсэн ашиг, алдагдлын нийлбэр юм. Энэ нь тухайн тайлангийн хугацаанд олсон цэвэр ашгийн хэмжээгээр нэмэгдэж, алдагдлын хэмжээгээр буурна.
2. Хамрагдах зүйлс
- Хувьцаа /ердийн болон давуу эрхтэй хувьцаа/,
- Халаасны хувьцаа,
- Нэмж төлөгдсөн капитал,
-
Хөрөнгийн үнэлгээний нэмэгдэл,
-
Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц,
-
Эздийн өмчийн бусад хэсэг/дүрэм журамд заасан сангууд./,
-
Хуримтлагдсан ашиг, алдагдал,
-
Бусад
3. Үнэлгээ
Эздийн өмчийг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ.
4. Санхүүгийн тайланд тусгах нь
Эздийн өмчийг санхүүгийн тайланд дараах байдлаар харуулна.
-
Энгийн хувьцаа
-
Нэмж төлөгдсөн капитал
-
Халаасны хувьцаа /хасч тооцно/
5. Хяналт ба бүртгэл
Хорооноос тогтоосон өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн нийт цэвэршүүлсэн активын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллана. Эздийн өмчийн дансны үлдэгдлийг тогтмол нийлж тохируулна.
Хувьцаа эзэмшигч тус бүрээр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, хяналтын дансны гүйлгээ үлдэгдэлтэй тохируулна. Нөөцийн сангийн зарцуулалтыг мэргэжлийн байгууллагын бүх гишүүдийн хурлаар батална.
Мэргэжлийн байгууллага нь Хорооноос тогтоосон дүрмийн сангийн доод хэмжэээг хангасан байна.
Г-1. ХУВЬЦААТ КАПИТАЛЫН БҮРТГЭЛ
Нээлттэй компанийн хэлбэрээр зохион байгуулагдсан мэргэжлийн байгууллагын хувьд үнэт цаас гаргаж нийтэд санал болгох, худалдах ажиллагаа нь Монгол улсын "Үнэт цаасны тухай" хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэх ба нягтлан бодох бүртгэлийг НББОУС болон Монгол улсад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн зарчмын дагуу гүйцэтгэнэ.
Хувьцааг нэрлэсэн үнээс илүү эсвэл бага үнээр худалдаж болно.
Хувьцаа гаргасан үед “Энгийн болон давуу эрхтэй хувьцаа” дансыг нэрлэсэн үнээр нь Кт-лэж, хувьцааны борлуулалтын үнэ ба нэрлэсэн үнийн зөрүүг “Нэмж төлөгдсөн капитал” дансанд тусгана.
Хувьцааг гаргахтай холбогдож хуульчийн төлбөр, андеррайтерын хөлс, үнэт цаасыг бүртгүүлэхтэй холбогдож гарсан зардал, зар сурталчилгаа зэрэг зардал гардаг. Эдгээр зардлыг дараах байдлаар бичилт хийнэ:
Дебет: Нэмж төлөгдсөн капитал
Кредит: Мөнгөн хөрөнгө
Өрийг хувьцаагаар солиход:
Дебет: Өр төлбөр
Кредит: Энгийн болон давуу эрхтэй хувьцаа
Г-2. ХАЛААСНЫ ХУВЬЦАА
Компанийн өөрийн гаргасан үнэт цаасыг эзэмшигчидтэй нь тохиролцсоны үндсэн дээр, “Компанийн тухай” хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн худалдан авсныг халаасны хувьцаа гэж тооцно. Халаасны хувьцаа нь тухайн компанийн гүйлгээнээс гаргасан хувьцаа учраас саналын болон ногдол ашгийн эрхгүй.
Компанийн дүрэмд халаасны хувьцааг худалдан авах, худалдах асуудлыг шийдвэрлэх эрхийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлд олгохоор заасан бол холбогдох шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл, дүрэмд заагаагүй бол хувь нийлүүлэгчдийн хурлаар гаргана.
Халаасны хувьцаа худалдан авах, худалдах асуудлыг хэлэлцсэн хурлын шийдвэрт худалдан авах, худалдах хувьцааны тоо, хэмжээ, төлбөр хийх хугацаа, зориулалт, худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой заасан байна.
Халаасны хувьцаа болгон эргүүлэн худалдан авах энгийн хувьцааны тоо, хэмжээ нь уг хувьцаат компанийн тухайн жилд гүйлгээнд байсан нийт хувьцааны дундаж хэмжээний 25 хувиас хэтэрч болохгүй.
Халаасны хувьцаа худалдан авахаар гаргасан хувь нийлүүлэгчдийн эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, хувьцаагаа худалдан авахад зуучлах үнэт цаасны компаниудад шийдвэр гарснаас хойш ажлын 7 хоногт багтаан хүргүүлнэ.
Халаасны хувьцаа худалдан авахад зуучлах Брокер, дилерийн компани нь Хөрөнгийн биржийн төвлөрсөн хадгаламжид хувьцаат компанийн данс нээлгэх захиалгыг хүргүүлэх, халаасны хувьцаа худалдан авах, худалдах захиалгыг хүлээн авч биелүүлэхдээ хувь нийлүүлэгчдийн эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэнэ.
Хувьцаат компанийн төвлөрсөн хадгаламж дахь дансыг тухайн хувьцаат компанийн нэр дээр нээх бөгөөд уг дансад гүйлгээ хийх захиалга өгөх итгэмжлэгдсэн этгээдийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирлын тушаалаар томилно. Нотариатаар батлуулсан итгэмжлэгдсэн этгээдийн гарын үсгийн баталгаа зуучлагч Брокер, дилерийн компанид хадгалагдана. Хэрэв хэд хэдэн Брокер, дилерийн компаниар зуучлуулж байгаа бол компани бүрт баталгаа хадгалагдана.
Итгэмжлэгдсэн этгээдийн итгэмжлэлийн хугацаа дууссан, ажлаас гарсан болон бусад шалтгаанаар итгэмжлэгдсэн этгээд өөрчлөгдсөн тохиолдолд Хувьцаат компани нь зуучлагч Брокер, дилерийн компаниуд болон Хөрөнгийн биржид мэдээлэх бөгөөд хугацаанд нь мэдээлээгүйгээс итгэмжлэлгүй этгээдийн хийсэн хэлцлээс учирсан хохирлыг Брокер, дилерийн компани, Хөрөнгийн бирж хариуцахгүй.
ХАЛААСНЫ ХУВЬЦААНЫ БҮРТГЭЛ
Халаасны хувьцааг бүртгэлд 2 аргаар тусгана.
-
Өртгийн арга
-
Нэрлэсэн үнийн арга
Өртгийн арга
Халаасны хувьцаа дансыг худалдан авсан өртгөөр нь Дт-лэж, дахин гаргах үед түүнтэй адил өртгөөр Кт-лэнэ. Энэ аргынүед халаасны хувьцаа дансыг балансад эздийн өмчийн доор хасагдах байдлаар тусгадаг.
Нэрлэсэн үнийн арга
Халаасны хувьцаа дансыг нэрлэсэн үнээр нь Дт-лэх бөгөөд хувьцааны анхны гаргалтын дүнг одоогийн худалдан авсан өртөгтэй нь харьцуулж үзнэ. Анхны гаргалтын дүнгээс бага үнээр худалдан авсан тохиолдолд зөрүүг нь халаасны хувьцаанаас “Нэмж төлөгдсөн капитал” дансны Кт-д, харин илүү үнээр худалдан авсан тохиолдолд хэрвээ халаасны хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал данс Кт үлдэгдэлтэй бол уг дансыг бууруулж үлдэх дутагдлындүнгээр хуримтлагдсан ашиг дансыг бууруулна. Энэ аргын үед халаасны хувьцаа дансыг балансад энгийн хувьцааны доор хасагдах байдлаар тусгадаг.
Жишээ нь: “А” компани 2000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй энгийн хувьцааг нэгжийгнь анх 2500 төгрөгөөр гүйлгээнд гаргасан байсан.
|
Өртгийн арга |
Нэрлэсэн үнийн арга |
1 |
100 ширхэг хувьцааг 22 төгрөгөөр буцаан худалдан авсан.
|
|
|
Дт Халаасны хувьцаа 2,200 Кт Мөнгө 2,200 |
Дт Халаасны хувьцаа 2,000 Дт НТК /100*5Ґ/ 500 Кт Мөнгө 2,200 Кт ХХНТК 300 |
2 |
180 ширхэг хувьцааг 36 төгрөгөөр буцаан худалдан авсан. |
|
|
Дт Халаасны хувьцаа 5,400 Кт Мөнгө 5,400 |
Дт Халаасны хувьцаа 3,600 Дт НТК /180*5Ґ/ 900 Дт ХХНТК 300 Дт Хуримтлагдсан ашиг 600 Кт Мөнгө 5,400 |
3 |
Халаасласан хувьцаанаас 100 ширхэгийг 22 төгрөгөөр, 100 ширхэгийн 30 төгрөгөөр борлуулсан. /ЭАЭЗ аргаар/
|
|
|
Дт Мөнгө 6,200 Кт Халаасны хувьцаа 5,200 /100*22+100*30/ Кт ХХНТК 1,000 |
Дт Мөнгө 6,200 Кт Халаасны хувьцаа 4,000 Кт ХХНТК 2,200 |
4 |
50 ширхэг халаасны хувьцааг 23 төгрөгөөр борлуулсан |
|
|
Дт Мөнгө 1,150 Дт ХХНТК 350 Кт Халаасны хувьцаа 1,500 |
Дт Мөнгө 1,150 Кт Халаасны хувьцаа 1,000 Кт ХХНТК 150 |
|
Халаасны хувьцааг эргэлтээс гаргах тохиолдолд энгийн болон халаасны хувьцаа дансыг нэгэн зэрэг бууруулна |
|
5 |
Үлдэгдэл 30 ширхэг халаасны хувьцааг эргэлтээс гаргасан. |
|
|
Дт Энгийн хувьцаа 600 Дт НТК /30*5Ґ/ 150 Дт ХХНТК 150 Кт Халаасны хувьцаа 900 |
Дт Энгийн хувьцаа 600 Кт Халаасны хувьцаа 600 |
Г-3. ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ НЭМЭГДЛИЙН БҮРТГЭЛ
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний үр дүнд дахин үнэлгээний нэмэгдлийг бүртгэхээр болсон тохиолдолд:
Дебет: Холбогдох хөрөнгийн данс
Кредит: Дахин үнэлгээний нэмэгдэл данс
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний үр дүнд дахин үнэлгээний хасагдуулгыг бүртгэхээр болсон тохиолдолд:
Дебет: Холбогдох хөрөнгийн данс
Кредит: Хуримтлагдсан ашиг данс
Тайлант хугацааны эцэст үнэт цаасны дансны үлдэгдлийг үнэлэн тухайн дансны үнэ цэнийн өсөлт бууралтыг харгалзан дараах байдлаар бүртгэнэ.
Үнэт цаасны үнэ цэнийн өсөлтийг:
Дебет: Холбогдох үнэт цаасны данс
Кредит: Үнэт цаасны үнэлгээний хэрэгжээгүй олз гарз
Үнэт цаасны үнэ цэнийн бууралтыг:
Дебет: Үнэт цаасны үнэлгээний хэрэгжээгүй олз гарз
Кредит: Холбогдох үнэт цаасны данс
Г-4. ГАДААД ВАЛЮТЫН ХӨРВҮҮЛЭЛТИЙН НӨӨЦ
Гадаад валютаар илэрхийлэгдсэн санхүүгийн тайланг толилуулгын валют буюу төгрөгт хөрвүүлэх үед үүсэн зөрүүг “Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц” дансанд бүртгэнэ.
Хэрэв хөрвүүлэлтийн үр дүнд хөрөнгө, зардал нэмэгдэж эсхүл өр төлбөр, орлого буурсан бол:
Дебет: Холбогдох данс
Кредит: Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц
Хэрэв хөрвүүлэлтийн үр дүнд хөрөнгө, зардал буурч эсхүл өр төлбөр, орлого нэмэгдсэн бол:
Дебет: Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц
Кредит: Холбогдох данс
Г-5. ЭЗДИЙН ӨМЧИЙН БУСАД ХЭСГИЙН БҮРТГЭЛ
Жилийн цэвэр ашгаас байгууллагын нөөцийн сан, нийгмийн хөгжлийн сан, болон бусад тусгай зориулалтын сангуудад хөрөнгө хуваарилахаар шийдвэрлэсэн бол хуваарилах хөрөнгийн дүнгээр:
Дебет: Өнгөрсөн жилийн цэвэр ашиг
Кредит: Сангийн холбогдох данс
Сангаас зарцуулсан бол:
Дебет: Сангийн холбогдох данс
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Г-6. ХУРИМТЛАГДСАН АШГИЙН БҮРТГЭЛ
Тайлант жилийн эцэст мэргэжлийн байгууллага, түүний салбарууд хаалтын гүйлгээ хийж, тухайн жилийн цэвэр ашиг, алдагдлыг тодорхойлно.
Тайлант үеийн болон өмнөх үеийн хуримтлагдсан ашгийг тусад нь нэрийн дансаар бүртгэнэ.
Г-7. АШГИЙН ХУВААРИЛАЛТЫН БҮРТГЭЛ
Компанийн дүрэм, журмын дагуу хувь нийлүүлэгчдийн хурал болон удирдлагын бусад субьектээс тайлант жилийн цэвэр ашгийг хуваарилах шийдвэр гаргана.
Ногдол ашиг хувиарлахад дараах байдлаар бүртгэнэ:
Дебет: Өнгөрсөн жилийн цэвэр ашиг
Кредит: Ногдол ашгийн өглөг
Ногдол ашгийг мөнгөөр олгоход:
Дебет: Ногдол ашгийн өглөг
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Ногдол ашгийг хувьцаагаар олгосон үед:
Дебет: Ногдол ашгийн өглөг
Кредит: Хувьцаа/ хувьцаагаарх ногдол ашиг/
Д- Орлого ба ЗАРДАЛ
Д-1. ОРЛОГО БА ОЛЗ
1. Тодорхойлолт
Орлого ба олз гэдэг нь компаний үйл ажиллагааны явцад тайлант хугацаанд бий болсон хөрөнгийн дотогш урсгал, өр төлбөр барагдуулалт болон өмчийн өсөлт хэлбэрээр эдийн засгийн өгөөж нэмэгдэхийг хэлнэ.
Орлого нь өөртөө үйл ажиллагааны орлого болон бусад орлогыг хамааруулна. Мэргэжлийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад үүсэх өгөөж нь үндсэн үйл ажиллагааны орлого болно.
Бусад орлого ба олз гэдэг ньмэргэжлийн байгууллагын байнгын бус гэнэтийн ажил үйлчилгээнээс түүнчлэн хувь нийлүүлэгчдийн орлого, хөрөнгө оруулалтаас бусад тухайн тайлант хугацаанд мэргэжлийн байгууллагад нөлөөлөх бүх ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд өмчид гарсан цэвэр өсөлт юм.
2. Орлого хүлээн зөвшөөрөх, хэмжих
Орлогын бүртгэлийн гол асуудал бол орлогыг хүлээн зөвшөөрөх цаг үеийг тодорхойлох асуудал юм. Эдийн засгийн ирээдүйн өгөөжийг тухайн байгууллага хүртэх бүрэн магадлалтай, тэрчлэн уг өгөөжийг үнэн бодитойгоор тодорхойлох боломжтой байгаа нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө.
Орлогыг хүлээн авсан эсвэл хүлээн авахаар хүлээгдэж буй нөхөлтийн зах зээлийн үнээр хэмжигдэнэ.
3. Орлогын ангилал
Орлого ба олзыг агуулгаас нь хамааруулж дараах байдлаар ангилна:
А. Үндсэн үйл ажиллагааны орлого
Б. Бусад орлого, олз
Д-1.1 Орлого ба олзын бҮртгэл
А. Үндсэн үйл ажиллагааны орлого
Үндсэн үйл ажиллагааны орлого нь брокер, дилер, андеррайтерын орлого, үнэт цаасны үнэлгээний тэгшитгэлийн орлого зэргээс бүрдэнэ.
Үйлчилгээ үзүүлснээс орох орлогыг уг үйл явдал хэрэгжсэн эсхүл үйлчилгээг үйлүүлсэн үед нь орлогоор хүлээн зөвшөөрнө:
Дебет: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс эсвэл авлага
Кредит: Үйл ажиллагааны орлого
Б. Бусад орлого, олз
Бусад орлогод үндсэн хөрөнгө, бусад хөрөнгө борлуулсны орлого, гадаад валютын ханшийн тэгшитгэлийн, төрөл бүрийн алданги болон гэнэтийн ажил гүйлгээнээс орох орлого орно.
Бусад орлогыг бүртгэхэд:
Дебет: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл авлага
Кредит: Холбогдох бусад орлого
Д-2. ЗАРДАЛ БА ГАРЗ
1. Тодорхойлолт
Зардал ба гарз гэдэг нь үндсэн үйл ажиллагааг байнга явуулахын тулд бусад үйл ажиллагааг гүйцэтгэснээр хөрөнгө буурч өр төлбөр үүсэх явдал юм.
Зардал нь өөртөө үйл ажиллагааны зардал болон бусад зардал, гарзыг хамааруулна. Мэргэжлийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад үүсэх үр ашгийн бууралт нь үйл ажиллагааны зардал болно.
Бусад зардал ба гарз нь мэргэжлийн байгууллагын байнгын бус буюу гэнэтийн ажил гүйлгээнээс түүнчлэн эздийн зардал буюу өгсөн хуваарилалтаас бусад тухайн тайлант хугацаанд мэргэжлийн байгууллагад нөлөөлөх бүх ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд өмчид гарсан бууралт юм.
2. Зардлыг хүлээн зөвшөөрөх
Эдийн засгийн үр ашгийн бууралт нь хөрөнгийн үнэлгээг бууруулах буюу өр төлбөрийг нэмэгдүүлж байгаа бөгөөд хэмжиж болохуйц байвал зардлыг хүлээн зөвшөөрнө.
3. Зардлын ангилал
Зардлыг доорх байдлаар ангилж орлогын тайланд тусгана.
А. Үндсэн үйл ажиллагааны зардал
Б. Бусад зардал ба гарз
В. Татварын зардал
Зардал ба гарзын бҮртгэл
Компанийн үндсэн үйл ажиллагааны зардалд үндсэн үйл ажиллагаатай холбогдон гарч байгаа үйлчилгээ, маркетинг, удирдлагын зардал орно.
Үндсэн үйл ажиллагааны зардлыг зардлын төрлөөр ангилж бүртгэнэ.
Тайлант хугацаанд хамрагдах зардлыг шууд мөнгөөр төлвөл:
Дебет: Холбогдох зардлын данс
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Зээлээр ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх буюу мөнгөөр төлөгдөөгүй боловч нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар тайлант хугацаанд ногдох зардлыг хуримтлуулж бүртгэхэд:
Дебет: Холбогдох зардлын данс
Кредит: Холбогдох өглөгийн данс
Зээлээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний үнэ буюу хуримтлуулж бүртгэсэн зардлыг мөнгөөр төлөх үед:
Дебет: Холбогдох өглөгийн данс
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Гадаад валютын ханш өөрчлөгдөх тухай бүрд гадаад валютаар илэрхийлэгдсэн өр төлбөрийн дансдын хуучин, шинэ үнэлгээний зөрүүгээр:
Дебет: Ханшийн тэгшитгэлийн зардал
Кредит: Гадаад валютаар илэрхийлэгдэх бүх өр төлбөр
Мэргэжлийн байгууллага нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үндсэн болон түр ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж түүнд тодорхойлсон цалинг тухай бүр тооцож олгох ба ингэхдээ татвар, шимтгэлийн тооцоог хийж холбогдох татвар санхүүгийн байгууллагуудад төлж, тайлагнах ёстой.
Цалин, олговрыг тооцооны хүснэгт, бусад баримтыг үндэслэн олгохоор тооцсон дүнгээр:
Дебет: Цалингийн зардал
Кредит: Цалингийн өглөг
Цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ), НДШ-ийн дүнгээр:
Дебет: Цалингийн өглөг
Кредит: ХХОАТ, НДШ-ийн өглөг
Эдгээр болон бусад суутгалуудыг хийсний дараа гарт олгох дүнгээр:
Дебет: Цалингийн өглөг
Кредит: Касс дахь бэлэн мөнгө
Үндсэн болон түр гэрээт ажиллагсад, хувь хүнд олгосон ажлын хөлс, худалдаж авсан бараа, үйлчилгээний үнээс суутгасан хүн амын орлогын татварыг харьяа татварын байгууллагад шилжүүлж:
Дебет: ХХОАТ-ын өглөг
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Мэргэжлийн байгууллага Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үндсэн болон түр гэрээт ажиллагсдад олгосон цалин, хөнгөлөлтөөс тооцсон ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүртгэхэд:
Дебет: ЭМД, НДШ-ийн зардал
Кредит: ЭМД, НДШ-ийн өглөг
Олгосон цалин, хөнгөлөлтөөс суутгасан болон тэдгээрээс тооцож байгууллагын зардлаар бүртгэсэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг харьяа нийгмийн даатгалын байгууллагад төлөхөд:
Дебет: ЭМД, НДШ-ийн өглөг
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Зохицуулалтын үйлчилгээний шимтгэл, МХБ, ҮЦТТХТ-ийн шимтгэлийн арилжаа хийх үед суутган тооцдог тул дараах байдлаар бүртгэнэ:
Дебет: Мөнгөн хөрөнгө/ 98-р данс/
Дебет: Шимтгэлийн зардал
Кредит: Үнэт цаасны арилжааны орлого
МХБ, ҮЦТТХТ-ийн хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлөхөд:
Дебет: Хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний зардал
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Мөн үндсэн бус үйл ажиллагааны зардлыг зардлын төрлөөр ангилж бүртгэнэ. Тухайлбал:
Эрх зүйн болон бусад зөрчлийн улмаас торгууль төлбөл:
Дебет: Торгуулийн зардал
Кредит: Мөнгөн хөрөнгийн зардал
Үндсэн хөрөнгө данснаас хасахад алдагдал гарвал:
Дебет: Холбогдох зардлын данс
Кредит: Үндсэн хөрөнгө
Мэргэжлийн байгууллага нь тайлант үеийн татвар ногдох орлогын хэмжээг Монгол улсын татварын хуулийн дагуу тооцож, тухайн дүнгээс тайлангийн үед ногдох орлогын албан татварын зардлыг тодорхойлно.
Энэ бүртгэл нь татварын зардлыг холбогдох хугацаатай нь уялдуулна:
Дебет: Орлогын татварын зардал
Кредит: Орлогын албан татварын өглөг
Орлогын татварыг урьдчилж төлөхөд тайлангийн үеийн дундуур хөрөнгө хэмээн бүртгэнэ:
Дебет: Урьдчилж төлсөн зардал
Кредит: Мөнгөн хөрөнгийн данс
Тайлант үеийн эцсээр байгууллагын орлогын албан татварын тооцоо хийж татварын зардлыг бүртгэхэд:
Дебет: Орлогын татварын зардал
Кредит: Орлогын албан татварын өглөг
Тайлант үеийн эцэст урьдчилж төлсөн татвар, татварын өглөг дансдыг хооронд нь хааж, тайлант үеийн эцсээр орлогын татварын илүү төлөлт ба өглөгийг тодорхойлно:
Дебет: Орлогын албан татварын өглөг
Кредит: Урьдчилж төлсөн зардал
Е - жилийн хаалтын гҮйлгээ
Тайлант жилийн эцэст мэргэжлийн байгууллагууд, түүний салбарууд орлого зардлын дансдыг орлого зарлагын нэгдсэн дансанд хааж, тухайн улирал, жилийн цэвэр ашиг, алдагдлыг тодорхойлно.
Орлогын дансдыг хаахад:
Дебет: Орлогын бүх дансд
Кредит: Орлого зарлагын нэгдсэн данс
Зардлын дансдыг хаахад:
Дебет: Орлого зарлагын нэгдсэн данс
Кредит: Зардлын бүх дансд
Ашиг, алдагдлын дансны хаалтын бичилтүүд нь санхүүгийн тайлангууд /санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан/-ын хоорондын уялдааг хангаж, хөрөнгө түүний эх үүсвэрийг тохируулахад ашиглана.
Тухайн жилийн ашиг, алдагдлын дансны цэвэр үлдэгдлээр тайлант үеийн цэвэр ашиг, алдагдал тодорхойлогдох ба тухайн дансны үлдэгдлийг хуримтлагдсан ашиг дансанд хаана.
Тайлант хугацаанд ашигтай ажилласан бол цэвэр ашгийн дүнгээр:
Дебет: Тухайн жилийн ашиг
Кредит: Хуримтлагдсан ашиг
Алдагдалтай ажилласан бол алдагдлын дүнгээр:
Дебет: Хуримтлагдсан ашиг
Кредит: Тухайн жилийн алдагдал.
Текст томруулах
A
A
A