A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ВАЛЮТЫГ ТОГТООХ, ӨӨРЧЛӨХ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ХӨРВҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

       Сангийн сайдын 2017 оны 07 сарын 18-ны өдрийн

  249 тоот тушаалын хавсралт

 

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ВАЛЮТЫГ ТОГТООХ, ӨӨРЧЛӨХ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ХӨРВҮҮЛЭХ ЖУРАМ

 

       Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.     Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх валют /цаашид “бүртгэлийн валют” гэх/-ыг тогтоох, санхүүгийн тайланг бэлтгэх, хөрвүүлэн тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.     Аж ахуйн нэгж, байгууллагын Монгол улсын Засгийн газартай байгуулсан гэрээнд энэхүү журамтай холбогдох асуудлаар тусгайлсан заалт байхгүй бол санхүүгийн тайлагналдаа энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.3.   Энэхүү   журмаар   зөвхөн   нягтлан   бодох   бүртгэлийн   стандартуудын   нийцэл, санхүүгийн тайлагналтай холбоотой асуудлыг зохицуулна.

1.4.     Энэхүү журмаар аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах, тайлагнах, төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахгүй бөгөөд Монгол Улсын татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ татварын хуулийг мөрдлөг болгоно.

 

             Хоёр. Бүртгэлийн валют

2.1.     Аж ахуйн нэгж, байгууллага  нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах заалтын дагуу нягтлан бодох бүртгэлээ хөтлөнө.

2.2.     Аж  ахуйн  нэгж,  байгууллага нягтлан бодох бүртгэлээ гадаад валютаар хөтлөх зөвшөөрөл хүссэн албан бичгийг, дараах шалгуур үзүүлэлтүүдийг нэгээс доошгүй санхүүгийн жилд хангасан талаарх Аудитын тухай хуулийн   9.1.4-т заасан үйлчилгээний дүгнэлтийн хамт Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Үүнд:

2.2.1. Борлуулалтын үнэ тогтооход нөлөөлдөг, нийт борлуулалтын 75 ба түүнээс дээш хувь нь тухайн валютаар хийгддэг эсэх;

2.2.2.  Борлуулалтын өртөг, үйл ажиллагааны зардлын худалдан авалтын үнийг тогтооход нөлөөлдөг, эдгээр үзүүлэлтүүдийн нийт дүнгийн 75 ба түүнээс дээш хувийг тухайн валютаар гүйцэтгэдэг эсэх;

2.2.3.  Нийт санхүүжилтийн 90 хувийг бүрдүүлсэн валют мөн эсэх;

2.2.4.  Бүртгэлийн валютыг сонгоход хэрэглэсэн бусад  хүчин  зүйлс,  нөхцөл байдлын талаар тодруулах;

2.3.     Үндсэн үйл ажиллагаа, борлуулалт хийж эхлээгүй, бэлтгэл шатандаа байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хувьд энэ журмын 2.2-т заасан шалгуурыг үнэлэхдээ ирээдүйн төсөв, төсөөлөлд үндэслэн тооцоолж болно.

2.4.     Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон аудиторууд энэхүү журмын 2.2-т заасан шалгуур үзүүлэлтүүдийг үнэлэхдээ энэ журманд оруулсан дэс дарааллаар ач холбогдол өгч шийдвэрлэнэ.

2.5.     Энэ журмын  2.2-т  заасан  аудитын  дүгнэлтэнд  дараахь зүйлсийн талаар  нэмж тодруулна. Үүнд:

2.5.1. Санхүүгийн програм хангамжийн нэр, ажиллах горим, нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн валютаас өөр валютаар давхар хөтлөх боломжтой эсэх;

2.5.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь гадаадын аж ахуйн нэгжийн нэгтгэсэн санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүнд багтдаг охин компани бол толгой компанийн нэр, нэгтгэсэн санхүүгийн   тайлангийн   бүртгэлийн   болон толилуулгын валютын талаарх мэдээлэл;

2.6.  Аж  ахуйн  нэгж,  байгууллагаас  ирүүлсэн  хүсэлтийг  хүлээн  авсан  өдрөөс  хойш ажлын 15 хоногт багтаан шийдвэрлэнэ.

2.7. Гадаад  валютаар  бүртгэлийн  валютаа тогтоосон  аж  ахуйн  нэгж,  байгууллага Стандартаар зөвшөөрөгдсөн аргачлал, зарчмуудыг баримтлан нягтлан бодох бүртгэлээ төгрөгөөр давхар хөтөлж болно.

 

                            Гурав. Бүртгэлийн валютыг өөрчлөх

3.1. Бүртгэлийн валютыг тодорхойлоход үндэслэл болгон хэрэглэсэн нөхцөл байдал өөрчлөгдсөн ба сонгон хэрэглэж байсан бүртгэлийн валют мэдээллийн үнэн зөв байдлыг илэрхийлэхээ больсон үед бүртгэлийн валютыг өөрчилнө.

3.2.     Бүртгэлийн валютыг зөвхөн санхүүгийн жилийн эхэнд өөрчилж болно.

3.3.     Бүртгэлийн валютаа төгрөгөөс гадаад валют руу эсвэл нэг гадаад валютаас                 

           нөгөө гадаад валют руу өөрчлөн тогтоож буй аж ахуйн нэгж, байгууллагууд

          энэ журмын 2.2-2.6-д заасны дагуу хүсэлт гаргаж, зөвшөөрөл авна.

3.4.     Гадаад валютаар нягтлан бодох бүртгэлээ хөтлөх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага  бүртгэлийн  валютаа  төгрөг  рүү  өөрчлөн  тогтоож  байгаа  бол  энэ талаар Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

3.5.     Бүртгэлийн валютын өөрчлөлтийн үр нөлөөг ирээдүйд мөрдөх горимыг ашиглан бүртгэнэ. Бүртгэлийн валютыг өөрчлөн тогтоосон өдрөөр санхүүгийн тайлангийн бүх үзүүлэлтүүдийг тухайн өдрийн валютын ханшаар хөрвүүлнэ. Мөнгөн бус зүйлсийн  хөрвүүлэн  гаргасан дүнг  нягтлан  бодох  бүртгэлийн зорилгоор  түүхэн өртөг гэж тооцно.

3.6.     Энэхүү журам батлагдахаас өмнө бүртгэлийн валютаа гадаад валютаар тогтоож, санхүүгийн тайлангаа хөрвүүлэн илгээж байсан бол  энэ журмын 2 дугаар хэсэгт  заасны дагуу зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд бүртгэлийн валютаа гадаад валютаар тогтоохыг зөвшөөрсөн шийдвэрийн дагуу энэ журмын 3.5-д заасан хөрвүүлэлтийг гүйцэтгэхгүйгээр өмнө нь И-баланс програмд хөрвүүлэн илгээсэн тайлангийн үлдэгдлийг үргэлжлүүлэн хэрэглэнэ.

 

              Дөрөв. Санхүүгийн тайланг бэлтгэх

4.1.     Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу тушаах санхүүгийн тайлангийн толилуулгын валют зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг байна.

4.2.     Энэхүү журмын дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлийн буюу гадаад валютаар бэлтгэсэн санхүүгийн тайлангийн хөрөнгө, өр төлбөрийг хаалтын ханшаар, орлогын дэлгэрэнгүй тайлангийн (бусад дэлгэрэнгүй орлогоос бусад) үзүүлэлтүүдийг ажил гүйлгээ гарсан өдрийн ханшаар, бусад зүйлсийг түүхэн ханшаар тус тус хөрвүүлэн тайлагнана.

4.3.     Бүртгэлийн  валют   өөрчилсөн  жилийн   зэрэгцүүлэгдэх  санхүүгийн  тайлангийн үзүүлэлтүүдийг өмнө нь И-баланс програмд тушаасан санхүүгийн тайлангийн дүнгээр тайлагнана.

 

------оОо----