A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 176 дугаар
 тогтоолын хавсралт

 


ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМ

/ЗГ-ын 2018 оны 46-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа Монгол Улсын иргэнд оюутны хөгжлийн зээл олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчийн сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

1.3. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1. “оюутны хөгжлийн зээл” гэж (цаашид “зээл” гэх) Дээд боловсролын тухай хуулийн 15.1-д заасан оюутан, магистр болон докторын шатлалд суралцагч (цаашид “оюутан, суралцагч” гэх)-ийн сургалтын төлбөрт зориулан Боловсролын зээлийн сангаас олгож байгаа зээлийг;

1.3.2. “зээлийн хэмжээ” гэж дээд боловсролын сургалтын тухайн байгууллагын нэг кредит (багц) цагийн үнэлгээг оюутан, суралцагчийн тухайн  жилд сонгосон хичээлийн нийт кредитээр үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний сургалтын төлбөрийг;

1.3.3. “хүү бууруулах зээл” гэж оюутан, суралцагчийн сургалтын төлбөрийн зориулалтаар өмнө нь банкнаас авсан цалин, тэтгэвэр, малчны зээлийн үлдэгдлийг оюутны хөгжлийн зээлд шилжүүлснийг;

1.3.4. “богино хугацаатай зээл” гэж оюутан, суралцагчид сургалтын төлбөрийн зориулалттай, 1 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгох зээлийг;

1.3.5. “урт хугацаатай зээл” гэж оюутанд сургалтын төлбөрийн зориулалттай, энэхүү журмын 4.7.3-т заасан хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгох зээлийг;

1.3.6. “суралцах хугацаа” гэж бакалавр, магистр, докторын шатлалын сургалтын үндсэн хугацааг;

1.3.7. “оролцогч банк” гэж (цаашид “банк” гэх) оюутны хөгжлийн зээлийг олгохоор Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан арилжааны банкийг;

1.3.8. “оролцогч сургууль” гэж (цаашид “сургууль” гэх) Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан, магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагыг;

1.3.9. “үндсэн зээлдэгч” гэж энэхүү журамд заасан нөхцөлийг хангаж оюутны зээл авахаар банктай гэрээ байгуулсан оюутан, суралцагчийг;

1.3.10. “хамтран зээлдэгч” гэж үндсэн зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн эрх зүйн чадамжтай этгээдийг.

Хоёр. Зээлийн санхүүжилт

2.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь зээлийн санхүүжилтийг Боловсролын зээлийн сангийн төсөвт тусгана.

2.2. Боловсролын зээлийн сан  зээлийг энэхүү журмын 1.3.7-д заасан банкаар дамжуулж олгоно.

2.3. Зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг банк хариуцна.

2.4. Зээлийн эргэн төлөлтөөс Боловсролын зээлийн сангийн эргэлтийн хөрөнгийн хуримтлалыг бүрдүүлнэ.

2.5. Боловсролын зээлийн санд төвлөрсөн зээлийн эргэн төлөлтийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэхгүй.

Гурав. Талуудын эрх, үүрэг

3.1. Төрийн захиргааны төв байгууллага дараах эрх, үүрэгтэй байна:

3.1.1. боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зээлийн төсвийн төслийг хянан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

3.1.2. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Боловсролын зээлийн сангийн төсвийг хянаж батлуулах, санхүүжүүлэх.

3.2. Боловсролын зээлийн сан дараах эрх, үүрэгтэй байна:

3.2.1. оролцогч сургуулиудаас ирүүлсэн төгсөгчдийн тандан судалгааг үндэслэн зээлийн төсвийн төсөл боловсруулах;

3.2.2. оролцогч банк болон сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах;

3.2.3. жилийн хоёр хувийн хүүтэй зээлийг банкинд олгох;

3.2.4. зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих, сангийн хуримтлалын хөрөнгийг бүрдүүлэх;

3.2.5. зээлийн санхүүжилттэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах;

3.2.6. зээлийн санхүүжилтийн тайланг хууль тогтоомжид заасан хугацаанд нэгтгэн гаргаж, боловсролын болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тайлагнах;

3.2.7. зээлийн талаарх банкны тайланг хүлээн авч хянан нэгтгэх;

3.2.8. бусад.

3.3. Банк дараах эрх, үүрэгтэй байна:

3.3.1. Боловсролын зээлийн сан, сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулах;

3.3.2. зээлийн хүүг жилийн 5 хувиар тооцох;

3.3.3. зээлийн эрсдэлийг бүрэн хариуцах;

3.3.4. зээлийн 5 хувиар тухайн сургуулийн зээлийн эрсдэлийн сан бүрдүүлж, зээлийн гэрээний гүйцэтгэлийг дүгнэх;

3.3.5. зээлийг сургуулийн дансанд тухай бүр шилжүүлэх;

3.3.6. зээлийн санхүүжилтийн тайланг сар, улирал, жил тутам гаргаж Боловсролын зээлийн санд хүргүүлэх;

3.3.7. зээл авахад үйлчилгээний шимтгэл, хураамж авахгүй байх;

3.3.8. зээл хүсэгчид оршин суух нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр зээлийн үйлчилгээг үзүүлэх.

3.4. Сургууль дараах эрх, үүрэгтэй байна:

3.4.1. Боловсролын зээлийн сан, банктай хамтран ажиллах гэрээ байгуулах;

3.4.2. харилцах болон зээлийн эрсдэлийн дансыг банкинд байршуулах;

3.4.3. банкинд байршуулсан сургалтын төлбөрийг өөр банкинд шилжүүлэхгүй байх;

3.4.4. зээлийн 5 хувийг банкин дахь сургуулийн зээлийн эрсдэлийн дансанд байршуулах;

3.4.5. Боловсролын зээлийн сангийн нэгдсэн мэдээллийн санд зээлдэгчтэй холбогдох мэдээллийг тухай бүр оруулж байх;

3.4.6. төгсөгчдийн талаарх тандан судалгааг жил бүр гаргаж, Боловсролын зээлийн санд хүргүүлэх;

3.4.7. зээлийн талаар оюутан, суралцагч, эцэг эх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах.

3.5. Банк, зээлдэгчийн хооронд байгуулах зээлийн гэрээнд зээлдэгчийн эрх, үүргийг тодорхой тусгана.


Дөрөв. Зээлийн нөхцөл, шаардлага

4.1. Энэхүү журмын хүрээнд дараах 3 төрлийн зээлийг олгоно:

4.1.1. хүү бууруулах зээл;

4.1.2. богино хугацаатай зээл;

4.1.3. урт хугацаатай зээл.

4.2. Энэхүү журмын 4.1-д заасан зээлийн хүү жилийн 5 хувь байна.

4.3. Зээлийг дараах хугацаагаар олгоно:

4.3.1. хүү бууруулах зээлийн хугацаа нь цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаанаас хэтрэхгүй байх;

4.3.2. богино хугацаатай зээлийн хугацаа 12 сар хүртэл байх;

4.3.3. урт хугацаатай зээлийн хугацаа энэ журмын 4.7.3-т заасан хугацаанаас хэтрэхгүй байх.

4.4. Малчин өрхийн гэр бүлийн оюутан, суралцагчид олгох зээлийн нөхцөл нь малчны зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй ижил байна.

4.5. Зээлдэгч дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:

4.5.1. магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элссэн, эсхүл суралцдаг байх;

4.5.2. боловсролын зээлийн сангийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх;

4.5.3. оюутан 18 нас хүрээгүй тохиолдолд түүнийг хамтран зээлдэгч нь төлөөлөх.

4.6. Хүү бууруулах болон богино хугацаатай зээлд хамрагдах оюутан, сурагч нь энэхүү журмын 4.5-т заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

4.6.1. дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтад элсэн суралцах оюутан нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон элсэлтийн босго онооноос багагүй оноог авсан байх;

4.6.2. суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;

4.6.3. магистр, докторын шатлалд суралцагчийн хувьд зохих журмын дагуу элссэн байх.

4.7. Урт хугацаатай зээлд хамрагдах оюутан энэ журмын 4.5-т заасан ерөнхий шаардлагыг хангахаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

4.7.1. сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд зээлээ эргэн төлөх;

4.7.2. зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилсан байх;

4.7.3. зээлийн хүүгийн төлбөрийг зээл авснаас хойш сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах;

4.7.4. зээлийн давтамж суралцах хугацаанд 1 жилд 2 хүртэлх удаа байх;

4.7.5. дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын сургалтад элсэн суралцах оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны сурлагын голч дүн     2.3, бусад оюутны  сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.

4.8. Зээлдэгч банкинд хандахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

4.8.1. банкны зээлийн маягтыг бөглөж хүсэлт гаргах;

4.8.2. иргэний үнэмлэхийн эх хувь;

4.8.3. сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл (эх хувиар);

4.8.4. хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхийн эх хувь;

4.8.5. хүү бууруулах зээлийн хувьд банкнаас сургалтын төлбөрийн зориулалтаар зээл авч сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар, эсхүл банкны зээлээр сургалтын төлбөр төлсөн болохыг нотлох сургуулийн албан бичиг.

4.9. Зээлдэгч нь энэхүү журмын 4.5, 4.6-д заасан шаардлагыг хангасан эсэх болон бусад шаардлагатай мэдээллийг банк Боловсролын сангийн нэгдсэн мэдээллийн сангаас авна.

Тав. Мэдээлэл, тайлан

5.1. Боловсролын зээлийн сан нь зээлийн мэдээллийг Боловсролын сангийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэнэ.

5.2. Банк нь зээлийн мэдээллийг гэрээнд заасан хугацаанд Боловсролын зээлийн санд хүргүүлнэ.

Зургаа. Хяналт, хариуцлага

6.1. Банкинд олгосон зээлийн эх үүсвэрийн зориулалт, эргэн төлөлтөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын зээлийн сан хяналт тавина.

6.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын хэрэгжилт болон оролцогч талуудын хооронд байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавина.

6.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай тохиолдолд зээлийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, ашиглалтад хяналт, шалгалт хийнэ.

6.4. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

--о0о--