- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ОЛОН ТАЛТ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН БОЛОВСРУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 193 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ОЛОН ТАЛТ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН
ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН БОЛОВСРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Тайлан бэлтгэх ажлыг зохион байгуулах
2.1. Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг (цаашид “тайлан” гэх ) Засгийн газраас баталсан хуваарийн дагуу тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, тухайн олон улсын гэрээгээр салбар хоорондын харилцааг зохицуулсан бол холбогдох төрийн байгууллагатай хамтран боловсруулна.
2.2. Олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан хариуцан боловсруулах байгууллагын хуваарьт заагаагүй тайланг тухайн гэрээгээр зохицуулж байгаа асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн байгууллагатай хамтран боловсруулна.
2.3. Олон талт олон улсын гэрээгээр хэд хэдэн салбарын асуудлыг зохицуулсан бол тухайн асуудлыг голлон хариуцах төрийн захиргааны төв байгууллага тайланг боловсруулах ажилд тэргүүлэх үүрэгтэй оролцоно.
2.4. Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах ажлыг тухайн тайланг хариуцан боловсруулах төрийн захиргааны төв байгууллагын удирдлагын шийдвэрээр холбогдох төрийн байгууллагын оролцоотой байгуулсан ажлын хэсэг зохион байгуулна. Ажлын хэсэг нь тайланг хариуцан боловсруулах төрийн захиргааны төв байгууллагын шууд удирдлагын дор ажиллана.
2.5. Тайлан боловсруулахтай холбогдон гарах аливаа зардал (бичиг хэрэг, албан ёсны орчуулга гэх мэт)-ыг тухайн төрийн захиргааны төв болон холбогдох төрийн байгууллага төсөвтөө тусган санхүүжүүлнэ. Тайлан боловсруулахад олон улсын болон хандивлагч байгууллагаас санхүүгийн дэмжлэг авч болно.
2.6. Тайлан боловсруулахтай холбогдуулан тухайн асуудлыг хариуцсан төрийн байгууллага холбогдох яам, газраас мэдээлэл, баримт материал, судалгаа гаргуулах буюу мэргэжлийн зөвлөгөө авч болно. Тайлан боловсруулахдаа төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын саналыг авч, тайланд тусгах чиглэл баримтална.
2.7. Тайлан боловсруулах хуваарь, хүлээгдэж байгаа ээлжит тайлан, тухайн олон улсын гэрээний талаарх ерөнхий мэдээлэл, лавлагааг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан бэлтгэж тухай бүр шинэчилж байна.
2.8. Төрийн захиргааны төв болон холбогдох төрийн байгууллага тайлангийн төслийг холбогдох олон улсын байгууллагаас тавьсан шаардлагад нийцүүлэн боловсруулж, шаардлагатай хэл дээр орчуулан гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
2.9. Тайлан, тайланг хэлэлцээд гаргасан олон улсын байгууллагын зөвлөмжийг орчуулах ажлыг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.
Гурав. Тайланг холбогдох олон улсын
байгууллагад хүргүүлэх
3.1. Тайлан боловсруулах ажлын явцад гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд зөвлөмж, чиглэл өгч ажиллана.
3.2. Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тайланг тогтоосон хугацаанд холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх ажлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
Дөрөв. Тайланг хэлэлцүүлэх
4.1. Тайланг холбогдох олон улсын байгууллагаар хэлэлцүүлэх (хамгаалах) асуудлыг тухайн тайланг хариуцан боловсруулсан төрийн захиргааны төв болон холбогдох төрийн байгууллага хариуцна.
4.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тайланг холбогдох олон улсын байгууллагаар хэлэлцүүлэх төлөөлөгчдийн томилолт болон орчуулагчийн зардлыг тухайн төрийн захиргааны төв болон холбогдох төрийн байгууллагын тухайн жилийн гадаад арга хэмжээний зардалд тусган санхүүжүүлнэ.
4.3. Тайланг хэлэлцээд олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилт, нэмэлт тодруулга болон тухайн асуудлаар гаргасан асуулгын хариуг уг тайланг хариуцан боловсруулсан байгууллага зохих шаардлагын дагуу боловсруулж орчуулна.
4.4. Тайланг тогтоосон хугацаанд боловсруулж хэлэлцүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан тушаалтанд зохих журмын дагуу хариуцлага тооцно.
---оОо---
Текст томруулах
A
A
A