A

A

A

Бүлэг: 1979

Ерөнхий сайдын 2016 оны 37 дугаар
        захирамжийн 2 дугаар хавсралт


ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН
АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Эрүүл мэндийн үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл”)-ийн үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2. Үндэсний зөвлөл үйл ажиллагаандаа Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

Хоёр. Үндэсний зөвлөлийн удирдлага,
       зохион байгуулалт

            2.1. Үндэсний зөвлөл Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллах бөгөөд үйл ажиллагааныхаа үр дүнг түүнд тайлагнана.

            2.2. Үндэсний зөвлөл нарийн бичгийн даргатай байх бөгөөд ажлын албаны чиг үүргийг Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хэрэгжүүлнэ. 

            2.3. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна. Үндэсний зөвлөлөөр хэлэлцэх асуудалтай уялдуулан эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, профессорыг хуралдаанд оролцуулж болно.

           2.4. Үндэсний зөвлөл нь аймаг, нийслэлийн түвшинд эрүүл мэндийн салбар зөвлөлтэй байна. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн салбар зөвлөлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга ахална.

           2.5. Аймаг, нийслэлийн  эрүүл мэндийн салбар зөвлөлийн ажлын албаны үүргийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар гүйцэтгэнэ.

           2.6. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний зөвлөлийн дарга батална.

           2.7. Үндэсний зөвлөл болон эрүүл мэндийн салбар зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Гурав. Үндэсний зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагааны
зохион байгуулалт

3.1. Үндэсний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.1.1. төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг бусад салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилттэй уялдуулан зохицуулж салбар дундын оролцоог хангах;

3.1.2. төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгасан арга хэмжээний санхүүжилтийг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн төсөлд жил бүр тусган, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

3.1.3. хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалахтай холбогдсон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад шаардлагатай хөрөнгө, санхүүгийн нөөцийг дайчлах талаар санал гаргах;

3.1.4. төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, үйл ажиллагааг өргөжүүлж харилцан мэдээлэл солилцох;

3.1.5. аймаг, нийслэлийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан бодлогын удирдамжаар хангах, дэмжлэг үзүүлэх;

3.1.6. өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх.

           3.2. Үндэсний зөвлөлийн  үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааны дэгийг Үндэсний зөвлөл батална.

3.3. Үндэсний зөвлөл жилд 2 удаа хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөлийн дарга ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж болно.

3.4. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

3.5. Үндэсний зөвлөл хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд тогтоолд Үндэсний зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

3.6. Үндэсний зөвлөл чиг үүргийнхээ хүрээнд зөвлөмж гаргаж болно. 

3.7. Үндэсний зөвлөлийн дарга хууль тогтоомжид зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.7.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлож даргалах;

3.7.2. Үндэсний зөвлөлийн гишүүдэд үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавих;

3.7.3. Үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох төрийн захиргааны төв болон захиргааны байгууллагад удирдамж, чиглэл өгч биелэлтийг хангуулах.

         3.8. Үндэсний зөвлөлийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

       3.8.1. Үндэсний зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах; 

       3.8.2. Үндэсний зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллагаас гаргуулан авч зөвлөлийн дарга, гишүүдэд танилцуулах;

       3.8.3. Үндэсний зөвлөлийн архив, бичиг хэргийг хөтлөн явуулах;

       3.8.4. Эрүүл мэндийн салбар зөвлөлийн тайланг нэгтгэн Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх.

       3.8.5. Үндэсний зөвлөлийн даргаас хариуцуулсан бусад.

 

---о0о---