- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАД НАСТАНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, ДЭМЖЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ ОЛГОХ ЖУРАМ (Засгийн газрын 2024 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2025-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Засгийн газрын 2017 оны 197 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
АХМАД НАСТАНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, ДЭМЖЛЭГ,
ХӨНГӨЛӨЛТ ОЛГОХ ЖУРАМ
(Засгийн газрын 2024 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
бөгөөд үүнийг 2025-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ахмад настны тухай хуулийн 7.1, 8.1.1-8.1.4, 10.1.2, 10.1.3, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.1-5.4.3-т заасан үйлчилгээ үзүүлэх болон дэмжлэг, хөнгөлөлт олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Энэхүү журмын үйлчлэлд Ахмад настны тухай хуулийн 3.1, 3.3, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 4.1-д заасан иргэн хамрагдана.
1.3. Алдар цолтон ахмад настан зөвхөн нэг төрлийн алдар цолны дагуу хөнгөлөлтөд хамрагдана.
1.4. Энэхүү журмын 1.3 дахь заалт ахмад дайчинд хамаарахгүй.
1.5. Нийгмийн халамжийн сангаас ахмад настанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт, тусламжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон арилжааны банк хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу тус банк (цаашид “гэрээт” гэх)-аар дамжуулан олгоно.
Хоёр. Ахмад настанд протез, ортопедийн болон тусгай
хэрэгслийн үнийн дэмжлэг үзүүлэх
2.1. Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг нөхөн олгоход Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтална.
2.2. Ахмад настан шүдний протез, ортопедийн болон тусгай хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаар хийлгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэхүү журмын 2.1-д заасны дагуу үнийг нөхөн олгоно. /Энэ заалтыг 2018-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2.3. Ахмад настан эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаар протез хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нөхөн олгоно.
2.4. Гадаад улсад хийлгэсэн болон энэхүү журмын 2.3-т зааснаас бусад байгууллагаар хийлгэсэн протез, ортопедийн хэрэгслийн үнийг нийгмийн халамжийн сангаас нөхөн олгоно.
2.5. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага чанарын шаардлага хангасан протез хийх, ортопедийн болон тусгай хэрэгслээр хангах үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл (хаяг, байршил, утасны дугаар)-ийг гаргаж аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.
2.6. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан энэхүү журмын 2.5-д заасан байгууллагын талаарх мэдээллийг ахмад настан, түүний гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчид амаар, бичгээр, цахим хэлбэрээр хүргэнэ.
2.7. Протез хийх, ортопедийн болон тусгай хэрэгслээр хангах үйлчилгээ үзүүлэх байгууллага үйл ажиллагааныхаа талаарх мэдээлэл, бүтээгдэхүүнийг ашиглах заавар, зөвлөлгөөг иргэдэд үнэ төлбөргүй өгөх үүрэгтэй.
2.8. Ахмад настан протез, ортопедийн хэрэгслийг хос эрхтэнд хийлгэсэн тохиолдолд аймаг, дүүргийн эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн эрхтэн тус бүрийн протез, ортопедийн хэрэгслийн үнийг түүнд нөхөн олгоно.
2.9. Ахмад настан протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг нөхөн авахдаа энэхүү журмын 6.1-д заасан баримт бичгийг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд хүсэлт гаргана.
2.10. Дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтан энэхүү журмын 2.9-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг гэрээт банкаар дамжуулан олгоно.
Гурав. Ахмад настанд амралт, сувилалд амрах
эрхийн бичгийн хөнгөлөлт олгох
3.1. Ахмад настан нь жилд нэг удаа ахмадын зориулалттай амралт, сувилалд Засгийн газраас тогтоосон хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулна.
3.2. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Ахмад настны тухай хуулийн 8.2-т заасан стандартын шаардлага хангасан амралт сувиллын газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ахмадын зориулалттай амралт, сувиллын газрыг сонгон шалгаруулна.
3.3. Сонгон шалгаруулалтад тэнцсэн амралт, сувиллын газартай нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэрээ байгуулна. Гэрээ байгуулсан амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амрах эрхийн бичгийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
3.4. Ахмад настан өөрийн сонгосон амралт сувилалд амрах хүсэлтээ энэхүү журмын 6.2-т заасан баримт бичгийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.
3.5. Ахмад настан амралт, сувиллын газрын эрхийн бичгийн үнийн өөрийн хариуцах хэсгийг бэлэн мөнгөөр төлөх, эсхүл тухайн байгууллагын дансанд шилжүүлж, сум, хорооны нийгмийн ажилтнаас эрхийн бичгийг авна. /Энэ заалтыг 2018-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
3.6. Гэрээт амралт, сувиллын газар нь амарч, сувилуулсан ахмад настны нэрийн жагсаалт, амарсан хугацааны талаарх мэдээллийг нэхэмжлэлийн хамт сар бүрийн эцэст аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
3.7. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага амралт, сувиллын газраас ирүүлсэн жагсаалтыг ахмад настны бүрдүүлж өгсөн баримт бичигтэй тулган нягталж тухайн байгууллагын дансанд нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийг шилжүүлнэ.
3.8. Гэрээт амралт, сувиллын газар ахмад настанд үзүүлсэн үйлчилгээ, эмчилгээ, сувилгааны чанар, сэтгэл ханамжийн үнэлгээг ахмад настан тус бүрээр хийлгүүлж жилийн эцсийн тайланд хавсаргасан байна.
3.9. Ахмад настны тухай хуулийн 10.1.2, 10.1.3, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.1, 5.4.2-т заасан хөнгөлөлт авах эрх бүхий ахмад настанд эрхийн бичгийн үнийг энгийн өрөөний тарифаар, тээврийн хэрэгслийн зардлыг авто замын болон агаарын тээврийн тарифт үнээр тооцож олгоно.
3.10. Ахмад настны тухай хуулийн 10.1.3-т заасан дэмжлэгийн хэмжээг Монгол Улсын авто замын сүлжээний атласт заасан замын уртаар нийслэлээс аймаг, аймгаас тухайн иргэний оршин суугаа сумын төв хүртэлх зайг хамааруулан тооцож олгоно.
3.11. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ахмадын зориулалттай амралт сувилал, магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувиллын талаарх мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
Дөрөв. Бусад дэмжлэг, тусламж үзүүлэх
4.1. Ахмад настны тухай хуулийн 8.1.3, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.3-т заасан орон сууцны хөлс төлөхөд болон түлш худалдан авах хөнгөлөлтөд хамрагдах ахмад настан энэхүү журмын 6.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд хүсэлт гаргана.
4.2. Тэжээн тэтгэх хүүхэдгүй эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан энэхүү журмын 4.1-д заасан хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан амьдралын нөхцөл байдлыг нь судалж саналаа ажлын 10 хоногт багтаан сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг сум, хорооны нийгмийн ажилтан ажлын 5 хоногт багтаан холбогдох баримт бичгийн хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлнэ.
4.3. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага дэмжлэг, тусламжид хамрагдах хүсэлт гаргасан ахмад настны баримт бичгийг ажлын 5 хоногт багтаан хянаж тусламжид хамрагдах ахмад настанд хувийн хэрэг нээж аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага уг хувийн хэргийг сумын нийгмийн ажилтанд хүргүүлнэ. Дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтан нь тусламжид хамрагдах ахмад настны нэрийн жагсаалтыг гэрээт банкинд хүргүүлнэ.
4.4. Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчинд орон сууцны хөлс төлөх, эсхүл түлш худалдан авахад нь тусламж үзүүлэхдээ Засгийн газраас тогтоосон хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн олгоно.
4.5. Аймаг, нийслэл, сумын Засаг дарга энэхүү журамд заасан дэмжлэг, тусламжийн зардлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын Төрийн сан дахь дансанд сар бүр тогтоосон хугацаанд санхүүжүүлэх үүрэгтэй.
4.6. Ахмад настан дэмжлэг, тусламжийн мөнгийг өөрийн биеэр авч чадахгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авч болно. Энэ тохиолдолд итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу нотариатчаар гэрчлүүлнэ.
4.7. Ахмад настан дэмжлэг, тусламжийн мөнгийг өөрийн дансанд шилжүүлэх хүсэлтэй бол үйлчилгээ үзүүлж байгаа банкинд хандана.
4.8. Дэмжлэг, тусламжийн мөнгийг тухайн онд авч чадаагүй тохиолдолд дараагийн санхүүгийн жилд нөхөн олгоно. Ахмад настан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 жилээс дээш хугацаагаар дэмжлэг, тусламжийн мөнгийг аваагүй тохиолдолд нөхөн олгохгүй.
4.9. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага оршин суугаа засаг захиргааны нэгжээсээ бүрмөсөн шилжиж байгаа ахмад настны хувийн хэргийг хуулбарлан авч үлдэх бөгөөд эх хувийг тухайн ахмад настанд өөрт нь өгнө. Ахмад настан нь шилжин очсон засаг захиргааны нэгжийн нийгмийн ажилтан, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хувийн хэргээ хүлээлгэн өгч дэмжлэг, тусламжид үргэлжлүүлэн хамрагдана.
4.10. Ахмад настан оршин сууж байсан засаг захиргааны нэгжээсээ бүрмөсөн шилжсэнээс хойш 180 хоногийн дотор шилжин суурьшсан нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжид бүртгүүлээгүй бол бүртгэлгүй байсан хугацааны дэмжлэг, тусламжийг нөхөж олгохгүй.
4.11. Дэмжлэг, тусламжид хамрагдаж байгаа ахмад настан нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн гишүүн нь энэ тухай сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж ахмад настны хувийн хэрэгт тэмдэглэл хийлгүүлнэ.
Тав. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ
5.1. Ахмад настны тухай хуулийн 7.1.2-7.1.5-д заасан үйлчилгээг мөн хуулийн 7.3-т заасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага үзүүлнэ. /Энэ заалтыг 2018-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
5.2. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 5.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжилнэ. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь тэдгээрээс сонгон шалгаруулж ахмад настанд үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулна.
5.3. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын мэдээллийг нэгтгэн нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.
5.4. Сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний болон ахмадын байгууллага нь Ахмад настны тухай хуулийн 7.1-д заасан үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл (хаяг, байршил, утасны дугаар)-ийг нийтэд хүргэх, тухайн ахмад настанд шаардлагатай үйлчилгээг тодорхойлох, сонголт хийхэд туслах, зөвлөгөө өгөх үүрэг хүлээнэ.
5.5. Ахмад настны тухай хуулийн 7.1-д заасан үйлчилгээнд хамрагдахыг хүссэн ахмад настан энэхүү журмын 6.7-д заасан баримт бичгийг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд хүсэлт гаргана.
5.6. Сум, хорооны нийгмийн ажилтан ахмад настны хүсэлтийг хүлээн авч тухайн орон нутгийн ахмадын хороо, зөвлөлийн саналыг харгалзан үзэж ажлын 5 хоногт багтаан үйлчилгээнд хамруулах эсэх талаар шийдвэр гаргана.
5.7. Сум, хорооны нийгмийн ажилтан үйлчилгээнд хамрагдах эрх үүссэн ахмад настанд уг үйлчилгээг үзүүлэх байгууллагын талаар танилцуулж, үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авна.
5.8. Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх байгууллага нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.7, 18.8-д заасан шалгуур, аргачлалыг баримтлан үйлчилгээ үзүүлнэ.
5.9. Ахмад настны тухай хуулийн 7.1.7-д заасан үйлчилгээг Нийгмийн халамжийн тухай хуулийн 19.7-д, Ахмад настны тухай хуулийн 7.1.8-д заасан үйлчилгээг ахмад настанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.3-т заасан журмын дагуу үзүүлнэ.
5.10. Ахмад настны тухай хуулийн 7.1.9-д заасан үйлчилгээг ахмад настанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.4-т заасны дагуу үзүүлнэ.
5.11. Ахмад настны тухай хуулийн 7.2.6, 10.1.1, 10.1.4-т заасан үйлчилгээ, дэмжлэгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу үзүүлнэ.
5.12. Ахмад настанд үзүүлж байгаа үйлчилгээнд сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хяналт тавина.
Зургаа. Дэмжлэг, хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдахад
бүрдүүлэх баримт бичиг
6.1. Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан дэмжлэг авах хүсэлт гаргахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
6.1.1. өргөдөл (маягтын дагуу);
6.1.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
6.1.3. протез хийлгэх шаардлагатай тухай аймаг, дүүргийн эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэр, ортопедийн болон тусгай хэрэгсэл шаардлагатай болохыг тодорхойлсон аймаг, нийслэлд эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн бичиг, сум, тосгонд эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолт;
6.1.4. протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.
6.2. Ахмад настны тухай хуулийн 8.1.2-т заасан хөнгөлөлтөд хамрагдах ахмад настан энэхүү журмын 6.1.1, 6.1.2-т заасан баримт бичгээс гадна эрхийн бичгийн өөрийн хариуцах үнийг төлсөн баримтыг хавсаргана.
6.3. Ахмад настны тухай хуулийн 8.1.3, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.3-т заасан тусламж авах хүсэлт гаргахад энэхүү журмын 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
6.3.1. ахмад настны хувьд тэжээн тэтгэх хүүхэдгүй хүн эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүйг нотолсон Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр;
6.3.2. нийслэлд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн тодорхойлолт, аймаг, суманд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд аймгийн Цусны салбар төвийн тодорхойлолт;
6.3.3. Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 7.1.3-т заасан баримт бичиг.
6.4. Ахмад настны тухай хуулийн 10.1.2, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.2-т заасан дэмжлэг, хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргахад энэ журмын 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
6.4.1. замын зардал төлсөн баримт;
6.4.2. эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримт;
6.4.3. хүндэт донор, алдар цолтон ахмад настнаас бусад ахмад настанд эмчилгээ сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт;
6.4.4. нийслэлд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн тодорхойлолт, аймаг, суманд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд аймгийн Цусны салбар төвийн тодорхойлолт;
6.4.5. алдар цолтон ахмад настны хувьд Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 7.1.3-т заасан баримт бичиг.
6.5. Ахмад настны тухай хуулийн 8.1.4-т заасан тусламжийг авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
6.5.1. өргөдөл (маягтын дагуу);
6.5.2. нас барсны гэрчилгээ;
6.5.3. оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (суманд нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт;
6.5.4. ганц бие ахмад настан нас барсан тохиолдолд оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын шийдвэр;
6.5.5. итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт.
6.6. Ахмад настны тухай хуулийн 10.1.3, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.1-д заасан дэмжлэг, хөнгөлөлт авах хүсэлт гаргахад энэхүү журмын 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
6.6.1. аймгийн эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэр буюу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2013 оны 450 дугаар тушаалаар баталсан 13А болон 13Б маягт;
6.6.2. замын зардал төлсөн баримт;
6.6.3. алдар цолтон ахмад настны хувьд Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 7.1.3-т заасан баримт бичиг.6.7. Ахмад настны тухай хуулийн 7.1.1-7.1.5-д заасан үйлчилгээнд хамрагдах ахмад настан энэхүү журмын 6.1.1, 6.1.2-т заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
Долоо. Бусад
7.1. Дэмжлэг, тусламж, хөнгөлөлт олгох үйл ажиллагаа, ахмад настанд үзүүлэх үйлчилгээний чанарт сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллага, ахмадын байгууллага тус тус хяналт тавина.
7.2. Энэхүү журмын 6.1.3, 6.3.2, 6.4.3-т заасан эмч, эмнэлгийн болон бусад байгууллагын тодорхойлолт, баримт бичгийг албан тушаалтан хуурамчаар үйлдсэн бол учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.3. Энэхүү журамд заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн иргэн, дэмжлэг, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдах ахмад настныг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгогдсон тусламж, хөнгөлөлтийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
7.4. Сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дэмжлэг, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдсан ахмад настны талаарх мэдээллийг нийгмийн халамжийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, холбогдох мэдээ, тайлан, судалгааг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргана.
-----oOo-----
Текст томруулах
A
A
A