A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АХМАДЫН САН БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2024 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2025-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 197 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт

 

АХМАДЫН САН БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

(Засгийн газрын 2024 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

бөгөөд үүнийг 2025-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ахмад настны тухай хуулийн 14.7-д заасан Ахмадын сан (цаашид “сан” гэнэ)-г байгуулан ажиллуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлийн саналыг үндэслэн өөрийн төсөв, жил бүрийн үйл ажиллагааны орлогоосоо цалингийн нийт сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр сан байгуулна.

1.3. Төсөвт байгууллагын тухайд цалингийн сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр сан байгуулж, шаардагдах хөрөнгийг төсөвтөө жил бүр тусгана.

1.4. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хариуцан гүйцэтгэнэ.

Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт

2.1. Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

2.1.1. аж ахуйн нэгж, байгууллага, төсөвт байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны орлого болон батлагдсан төсвөөс цалингийн нийт сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээгээр  санд төвлөрүүлсэн хөрөнгө;

2.1.2. сангийн үйл ажиллагаанаас олох орлого;

2.1.3. сангийн тухайн жилийн зарцуулагдаагүй чөлөөт үлдэгдэл хөрөнгө;

2.1.4. гадаад, дотоодын байгууллага болон иргэдээс санд өгсөн мөнгөн болон мөнгөн бус хандив, тусламж;

2.1.5. сангийн хөрөнгийн үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүүгийн орлого;

2.1.6. бусад эх үүсвэр.

Гурав.  Сангийн хөрөнгийн зарцуулалт

3.1. Сангийн хөрөнгийг Ахмад настны тухай хуулийн 12.1, 14.6-д заасан дараах арга хэмжээнд зарцуулна:

3.1.1. байгууллага, салбартаа онцгой үр бүтээл гарган олон жил идэвх зүтгэлтэй ажилласан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж олгох;

3.1.2. Цагаан сар, ахмадын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэн бэлэг дурсгалын зүйл гардуулах;

3.1.3. нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг ахмад настанд түлш худалдан авахад нь зориулан жил бүр Засгийн газраас тогтоосон хэмжээгээр мөнгөн дэмжлэг үзүүлэх;

3.1.4. хувиараа хөдөлмөр эрхлэх болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ахмад настанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

3.1.5. шинээр хашаа, байшин барих, засварлах, орон сууцныхаа нөхцөлийг сайжруулахад зориулж ахмад настанд дэмжлэг үзүүлэх;

3.1.6. эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаагаар өвчтэй байгаа ахмад настанд эмчилгээний зардалд нь зориулж мөнгөн тусламж үзүүлэх;

3.1.7. ахмад настан өөрөө эсхүл түүний нөхөр (эхнэр) нь нас барсан тохиолдолд мөнгөн тусламж олгох;

3.1.8. ахмадуудын дунд идэвхтэй амралт, аялал, урлаг, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

3.1.9. амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай болон харж хандах ах дүү, төрөл садангүй, ганц бие ахмад настанд мөнгөн тусламж үзүүлэх.

3.2. Аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, төсвийн шууд ерөнхийлөн захирагч энэхүү журмын 3.1.2, 3.1.8-д заасан мөнгөн дэмжлэгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20 хувиас багагүй байхаар тогтоож, байгууллагын төсөв болон дотоод журам, ажилтнуудын нийгмийн хамгааллын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

3.3. Сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашиглах, зарцуулахыг хориглоно.

3.4. Сангаас дэмжлэг, тусламж авахыг хүссэн ахмад настан оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт болон бусад шаардлагатай холбогдох баримт бичгийг бүрдүүлэн байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлд хүсэлт гаргана.

3.5. Ахмадын хороо, зөвлөлийн албан ёсны саналыг үндэслэн тухайн байгууллагын удирдлага хүсэлтийг шийдвэрлэнэ.

3.6. Аж ахуйн нэгж, байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан, хувьчлагдсан тохиолдолд сангийн хөрөнгийг ахмадуудын бүртгэлийн хамт тухайн байгууллагын эрх, үүргийг шилжүүлэн авсан хуулийн этгээдэд шилжүүлнэ.

3.7. Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан тохиолдолд сангийн үйл ажиллагааг зогсоож, цаашид харьяалах байгууллагагүй болсон тухай ахмадуудад мэдэгдэн, тэдгээрийн бүртгэлийг харьяа сум, дүүргийн Засаг даргад шилжүүлнэ. 

3.8. Харьяалах байгууллага, аж ахуйн нэгж нь татан буугдсан ахмад настанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг нутгийн захиргаа, нийгмийн халамжийн үйлчилгээний болон ахмадын байгууллага хамтран зохион байгуулна.

Дөрөв. Сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт, тайлан

4.1. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад мэргэжлийн хяналт, аудит, санхүүгийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавина.

4.2. Ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг олгох, сангийн гүйцэтгэлийг тайлагнах асуудлыг тухайн байгууллагын санхүү болон ахмадын хороо хамтран хариуцан гүйцэтгэнэ.

4.3. Байгууллагын захиргаа нь сангийн орлого, зарлагын жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор гаргаж, байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлд тайлагнана.

4.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ахмадын байгууллага энэхүү журмын хэрэгжилтэд  хөндлөнгийн хяналт тавина.

 

------о0о------