A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 197 дугаар
        тогтоолын 3 дугаар хавсралт

 

АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧИХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Ахмад настны тухай хуулийн 8.1.5, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32.8-д заасны дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчихтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журмын үйлчлэлд Ахмад настны тухай хуулийн 3.1, 3.3-т заасан ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хүн хамаарна.

Хоёр. Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих
      цахим төлбөрийн карт олгох, сунгах

2.1. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиход зориулсан нийтийн тээврийн цахим төлбөрийн карт (цаашид “цахим карт” гэх)-ыг аймаг, нийслэл, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллага олгоно.

2.2. Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих цахим карт авахыг хүссэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн энэхүү журмын “Тав”-д заасан баримт бичгийг бүрдүүлж харьяа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад  өөрийн биеэр хүсэлт гаргана.

2.3. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага цахим карт авах хүсэлт гаргасан иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

2.4. Ахмад настанд олгох цахим картын хүчинтэй хугацаа 2 жил байна. Ахмад настан 2 жил тутамд цахим картын хугацааг сунгуулна.

2.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох цахим картын  хүчинтэй хугацааг  Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоосон тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаагаар тооцож олгоно. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг сунгасан тохиолдолд цахим картыг мөн хугацаагаар сунгана.

2.6. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагүйгээр тогтоосон хөгжлийн бэрхшээлтэй хүнд цахим картыг        2 жилийн хугацаагаар олгоно.

2.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цахим картыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хүчинтэй хугацаагаар тооцож олгоно.

2.8. Байнга оршин суух засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид 180 хоног болон түүнээс доош хугацаагаар оршин суух ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд цахим картыг аймаг, нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага энэхүү журмын 5.1.-5.3-т заасан баримт бичгийг үндэслэн олгоно.

2.9. Байнга оршин суух засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид 180 хоног болон түүнээс дээш хугацаагаар оршин суух тохиолдолд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд цахим картыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага энэхүү журмын 5.1.-5.3-т заасан баримт бичгийг үндэслэн олгоно.

2.10. Цахим карт авсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нас барсан тохиолдолд түүний өрхийн гишүүн энэ тухай аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад мэдэгдэнэ. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага иргэний бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүртгэл, нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн сангаас оршуулгын тэтгэмж олгосон иргэний мэдээлэлд үндэслэн цахим картыг хүчингүй болгоно.

2.11. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгосон цахим картыг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд олгосон байгууллагад мэдэгдэж, баримт бичгээ дахин бүрдүүлж шинээр цахим карт авна.

Гурав. Цахим карт нийлүүлэх

3.1. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох цахим картыг бэлтгэн нийлүүлэх ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэнэ.

3.2. Аймаг, нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд цахим карт олгох ажлыг энэхүү журмын 3.1-д заасны дагуу сонгон шалгаруулсан байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран хэрэгжүүлнэ.

3.3. Цахим карт нийлүүлэх эрх авсан байгууллага  дараах үүрэг хүлээнэ:

3.3.1. аймаг, нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын захиалгын дагуу цахим картыг идэвхжүүлэн нийлүүлэх;

3.3.2. цахим карт унших, идэвхижүүлэх техник, тоног төхөөрөмжөөр хангах;

3.3.3. гэмтэлтэй цахим карт олгогдсон тохиолдолд үнэ төлбөргүй сольж өгөх.

3.4. Цахим карт бэлтгэн нийлүүлэх эрх авсан байгууллага ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон тоо, мэдээллийг аймаг, нийслэлийн тээврийн газарт сар бүр хүргүүлнэ.

Дөрөв.  Тээврийн хэрэгслээр зорчих зардлыг тооцох,
           нөхөн олговрыг санхүүжүүлэх

4.1. Аймаг, нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас ирүүлсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо, мэдээллийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчуулахад шаардагдах хөрөнгийн  тооцоог гарган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулахад шаардагдах хөрөнгийг аймаг, нийслэлийн төсөвт тусгана. 

4.4. Аймаг, нийслэлийн тээврийн газар тухайн сард цахим картаар үнэ төлбөргүй зорчсон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний зорчсон тоо, гүйцэтгэлийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага тус бүрээр гаргаж, баталгаажуулсан тайланг дараа сарын 5-ны дотор багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

4.5. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар төсөвт тусгагдсан хөрөнгийг гүйцэтгэлийг нь үндэслэн орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.

4.6. Аймгийн Засаг даргын Тамгын газар энэхүү журмын 2.8-д заасан тухайн аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчсон нөхөн олговрыг Нийслэлийн тээврийн газрын дансанд улирал бүр шилжүүлнэ.
 

Тав. Бүрдүүлэх баримт бичиг

5.1. Ахмад настан цахим карт авах хүсэлт гаргахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

5.1.1. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

5.1.2. цахим картын үнэ төлсөн баримт.

5.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүн цахим карт авах хүсэлт гаргахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

5.2.1. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

5.2.2 Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;

5.2.3. цахим картын үнэ төлсөн баримт.

5.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд цахим карт авах хүсэлт гаргахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

5.3.1. төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;

5.3.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;

5.3.3. цахим картын үнэ төлсөн баримт.
 
5.4. Энэ журмын 2.8-д заасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд цахим карт авахдаа дээрх баримт бичгийг бүрдүүлэхээс гадна түр шилжин суурьшсан бүртгэл хийлгэсэн байна.

Зургаа. Бусад

6.1. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд цахим карт олгох үйл ажиллагаанд аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хяналт тавина.

6.2. Цахим картыг хуурамчаар үйлдсэн, бусдад дамжуулсан, хууль бусаар авсан иргэний цахим картыг хураан авна.

6.3. Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, хуурамч мэдээлэл өгөх зэргээр үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон албан тушаалтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.4. Энэхүү журмын 5.2.2, 5.3.2-т заасан комиссын шийдвэрийг хуурамчаар үйлдсэн бол учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж Зөрчлийн тухай  болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.5. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага цахим  карт авсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаархи мэдээллийг нийгмийн халамжийн мэдээллийн нэгдсэн санд оруулж мэдээ, тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргаж нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

6.6. Цахим карт авах иргэний бүрдүүлсэн баримт бичгийг аймаг, нийслэл, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллагын архивт хадгална.

 

 

    
-----oOo-----