- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАД НАСТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САНГ УДИРДАХ, АШИГЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 197 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт
АХМАД НАСТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БҮРТГЭЛ,
МЭДЭЭЛЛИЙН САНГ УДИРДАХ, АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настныг бүртгэж мэдээллийн сан бүрдүүлэх, удирдах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сан (цаашид “мэдээллийн сан” гэх) нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 17.1-д заасан Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүрдэл хэсэг байна.
1.3. Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь мэдээллийн санд мэдээлэл оруулах, шинэчлэх, ашиглах, хадгалах, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гүйцэтгэж мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.
1.4. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэдээллийн сангийн мэдээлэл нэгтгэх, программ хангамжийг боловсронгуй болгох, ажиллах горимыг зохицуулах, хадгалалт хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хариуцна.
1.5. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэдээллийн сангийн үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллана.
Хоёр. Мэдээллийн санг бүрдүүлэх
2.1. Мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:
2.2.1. хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настны бүртгэл;
2.2.2. төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тухайн салбарт ажиллах хүсэлтэй байгаа мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл;
2.2.3. үндэсний хэмжээнд ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл.
2.2. Ахмад настны тухай хуулийн 9.1.2, 9.1.3, 9.3-9.6-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд ахмадын байгууллагын бүртгэлийг ашиглаж болно.
2.3. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах мэдээллийг дор дурдсан байгууллагаас хүлээн авч мэдээллийн санг бүрдүүлнэ:
2.3.1. төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн тухайн салбарт ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл;
2.3.2. хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн үндэсний хэмжээнд ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл;
2.3.3. аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас ирүүлсэн хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настны бүртгэл.
2.4. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хэмжээнд ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, тэднийг мэргэжлийн чиглэлээр нь сургагч багшаар бэлтгэх, зөвлөх үйлчилгээнд зуучлах ажлыг арга зүйн удирдлагаар хангана.
Гурав. Мэдээллийн санг ашиглах
3.1. Мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээллийн агуулгаас хамааруулан мэдээллийн санг дор дурдсан хэрэглэгч ашиглана:
3.1.1. энэхүү журмын 2.2.1, 2.2.3-т заасан мэдээллийг иргэн, хуулийн этгээд;
3.1.2. энэхүү журмын 2.2.1-2.2.3-т заасан мэдээллийг төрийн бүх шатны байгууллага.
3.2. Ахмад настныг ажилд зуучлах үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хэтийн тооцоолол хийх, мэдээлэл солилцоход мэдээллийн санг ашиглана.
3.3. Мэдээллийн санг зориулалтын бусаар ашиглах, хуулбарлахыг хориглоно.
3.4. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээ, тоо баримтыг дор дурдсан байгууллагад үнэ төлбөргүй олгож харилцан мэдээлэл солилцоно:
3.4.1. иргэний бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
3.4.2. нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
3.4.3. эрх бүхий бусад этгээд.
Дөрөв. Мэдээллийн сангийн бүртгэл, тайлан
4.1. Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настныг мэдээллийн санд бүртгэх маягтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
4.2. Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 4.1-д заасан маягтын дагуу хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настныг бүртгэж, хөдөлмөр эрхлэхээр бүртгэгдсэн болон ажилд зуучлагдсан ахмад настны мэдээ, тайланг сар бүрийн 25-ны дотор хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.
4.3. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 4.2-т заасан мэдээ тайланг нэгтгэн дараа сарын 5-ны дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Тав. Бусад
5.1. Мэдээллийн санг бүрдүүлэх, шинэчлэх үйл ажиллагаанд төрийн бүх шатны байгууллага дэмжлэг үзүүлэн шаардлагатай мэдээллээр үнэ төлбөргүй хангаж хамтран ажиллана.
5.2. Мэдээллийн сангийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангах, программ болон техник хангамжийг шинэчлэх, засвар үйлчилгээ хийх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах зардлыг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага жил бүр төсөвтөө тусган батлуулна.
-----oOo-----
Текст томруулах
A
A
A