- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 197 дугаар
тогтоолын 5 дугаар хавсралт
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ТУСЛАМЖ,
ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.1-26.1.6-д заасан тусламж, хөнгөлөлт олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Иргэний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.2-т заасан комисс тогтооно. Ахмад настны хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисс тогтооно.
1.3. Энэхүү журмын 1.2-т заасан комисс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийн жагсаалтыг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газарт сар бүр хүргүүлнэ. Уг жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, онош, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ болон хугацаа, холбоо барих утас, шаардлагатай үйлчилгээний төрөл зэрэг мэдээллийг хавсаргасан байна.
1.4. Аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь энэхүү журмын 1.3-т заасан мэдээлэлд үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 38.1-д заасан үнэмлэхийг олгоно. Үнэмлэхийн хүчинтэй байх хугацааг энэ журмын 1.2-т заасан комиссоос тогтоосон тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаагаар тооцно.
1.5. Сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тусламж, хөнгөлөлтөд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаархи мэдээллийг нийгмийн халамжийн мэдээллийн нэгдсэн санд оруулж холбогдох мэдээ, тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргана.
Хоёр. Тусламж, хөнгөлөлт олгох
2.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.1-26.1.6-д заасан тусламж, хөнгөлөлт авах хүсэлтийг энэхүү журмын “Гурав” дахь хэсэгт заасан баримт бичгийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.
2.2. Сум, хорооны нийгмийн ажилтан нь баримт бичгийн бүрдлийг хянан үзэж, хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
2.3. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүний баримт бичгийг ажлын 5 хоногт багтаан хянан үзэж, тусламж, хөнгөлөлт олгох иргэнд хувийн хэрэг нээж, нэрийн жагсаалтыг баталгаажуулж сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ. Дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтан хөнгөлөлт, тусламж авах иргэний нэрийн жагсаалтыг нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулсан банкинд хүргүүлнэ.
2.4. Сум, хорооны нийгмийн ажилтан энэхүү журмын 2.3-т заасан нэрийн жагсаалтыг үндэслэн тусламж, хөнгөлөлт авсан иргэний тэмдэглэлийг тухайн иргэний хувийн хэрэгт бичиж тэмдэглэнэ. Тусламж, хөнгөлөлт авахтай холбогдуулан иргэний бүрдүүлсэн баримт бичгийг дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтан хадгална.
2.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тусламж, хөнгөлөлтийн аль алинд нь хамрагдах тохиолдолд энэхүү журмын “Гурав” дахь хэсэгт заасан баримт бичгийг дахин бүрдүүлэхгүй байж болно. Энэ тохиолдолд тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнд нэг хувийн хэрэг нээнэ.
2.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүн тусламж, хөнгөлөлтийн мөнгийг өөрийн биеэр банкнаас авч чадахгүй нөхцөлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авахуулж болно. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу нотариатчаар гэрчлүүлсэн байна.
2.7. Тусламж, хөнгөлөлтийн мөнгийг өөрийн дансанд шилжүүлэх хүсэлтэй бол энэ талаар үйлчилгээ үзүүлж байгаа банкинд хандана.
2.8. Тусламж, хөнгөлөлтийг тухайн онд авч чадаагүй тохиолдолд дараагийн санхүүгийн жилд нөхөн олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй хүн тусламж, хөнгөлөлтийн мөнгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 жилээс дээш хугацаагаар аваагүй тохиолдолд нөхөн олгохгүй.
2.9. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь оршин суугаа засаг захиргааны нэгжээсээ бүрмөсөн шилжиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд эх хувийг тухайн хүнд өөрт нь өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүн шилжиж очсон засаг захиргааны нэгжийн нийгмийн ажилтан, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хувийн хэргээ хүлээлгэн өгч тусламж, хөнгөлөлтөө үргэлжлүүлэн авна.
2.10. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байнга оршин сууж байсан засаг захиргааны нэгжээсээ бүрмөсөн шилжсэнээс хойш 180 хоногийн дотор шилжин суурьшсан нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжид бүртгүүлээгүй бол бүртгэлгүй байсан хугацааны тусламж, хөнгөлөлтийг нөхөн олгохгүй.
2.11. Тусламж, хөнгөлөлт авч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн нас барсан тохиолдолд түүний өрхийн гишүүн энэ тухай сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж хөгжлийн бэрхшээлтэй хүний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ.
2.12. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.1-д заасан байнгын асаргаа шаардлагатай, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлоход Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 2.13-2.16-д заасныг баримтална.
2.13. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлт олгоход Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтална.
2.14. Хөгжлийн бэрхшээлтэй хүн эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан байгууллагатай гэрээ бүхий байгууллагаар протез хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нөхөн олгоно.
2.15. Гадаад улсад болон энэхүү журмын 2.14-т зааснаас бусад байгууллагаар хийлгэсэн протез, ортопедийн үнийг нийгмийн халамжийн сангаас олгоно.
2.16. Хөгжлийн бэрхшээлтэй хүн протез, ортопедийн болон тусгай хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авч болох бөгөөд энэ тохиолдолд энэхүү журмын 2.13-т заасан хэмжээгээр хөнгөлөлтөд хамрагдана. /Энэ заалтыг 2018-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2.17. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага чанарын шаардлага хангасан протез, ортопед, тусгай хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл (хаяг, байршил, утасны дугаар)-ийг гаргаж аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.
2.18. Аймаг, нийслэл дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан нь энэхүү журмын 2.17-д заасан байгууллагын талаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдгээрийн асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдэд амаар, бичгээр, цахим хэлбэрээр хүргэнэ.
2.19. Протез, ортопедийн болон тусгай хэрэгслээр хангах байгууллага нь үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээлэл, бүтээгдэхүүнийг ашиглах заавар, зөвөлгөөг иргэдэд үнэ төлбөргүй өгөх үүрэгтэй.
2.20. Хөгжлийн бэрхшээлтэй хүн протез, ортопедийн хэрэгслийг хос эрхтэнд хийлгэсэн тохиолдолд аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн эрхтэн тус бүрийн протез, ортопедийн хэрэгслийн үнийг нөхөн олгоно.
2.21. Суманд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлтийг сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолтыг үндэслэн олгоно.
2.22. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү журмын 3.1-3.3-т заасан баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн мөнгийг гэрээ байгуулсан банкаар дамжуулан олгоно.
2.23. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.5-д заасны дагуу хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч тус бүрт ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа авто замын болон агаарын тээврийн тарифт үнээр тооцож олгоно.
2.24. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэг, сургуульд хүргэн өгч, авч байгаа түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид Засгийн газраас тогтоосон хэмжээгээр мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно. Энэ заалтад орон нутгаас ирж дотуур байранд амьдарч байгаагаас бусад хөгжлийн бэрхшээлтэй суралцагч мөн адил хамаарна.
2.25. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай сургалтын байгууллага нь суралцагчдаа өөрийн тээврийн хэрэгслээр зөөдөг тохиолдолд шаардагдах зардлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад жил бүр тусгаж олгоно.
2.26. Аймаг, нийслэл, сумын Засаг дарга нь нийгмийн халамжийн сангаас олгох тусламж, хөнгөлөлтийн зардлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын Төрийн сан дахь дансанд сар бүр хугацаанд нь шилжүүлнэ.
Гурав. Тусламж, хөнгөлөлт авахад бүрдүүлэх баримт бичиг
3.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.1-д заасан тусламж авах хүсэлт гаргахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
3.1.1.өргөдөл (маягтын дагуу);
3.1.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.1.3. 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
3.1.4. хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт;
3.1.5. аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;
3.1.6. хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
3.1.7. иргэнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай болохыг тогтоосон сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын тодорхойлолт.
3.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.2-26.1.4-т заасан хөнгөлөлтийг авах хүсэлт гаргахад энэхүү журмын 3.1.1-3.1.4-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
3.2.1. аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын протез хийлгэх шаардлагатай тухай шийдвэр, аймаг, нийслэлд эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн ортопедийн болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай тодорхойлолт, сум, тосгонд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолт;
3.2.2. протез, ортопед, тусгай хэрэгслийн үнийг төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл;
3.2.3. нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчаас бусад иргэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (сумын нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт.
3.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.5-д заасан тусламжид хамрагдах хүсэлт гаргахад энэхүү журмын 3.1.1-3.1.3-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
3.3.1. цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх болон авах асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.3.2. хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
3.3.3. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцаж байгаа сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт;
3.3.4. орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймаг болон сумын төв, нийслэлд суралцахаар ирсэн тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагчийн тээврийн зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.
3.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.6-д заасан хөнгөлөлт авах хүсэлт гаргахад энэхүү журмын 3.1.1, 3.1.2, 3.1.4-т заасан баримт бичгээс гадна тухайн хүний бүрэн хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбарыг хавсаргана.
Дөрөв. Бусад
4.1. Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох үйл ажиллагаанд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хяналт тавина.
4.2. Энэхүү журмын 1.2-т заасан комиссын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн бол учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.3. Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, хуурамч мэдээлэл өгөх зэргээр үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон албан тушаалтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж хохирлыг нөхөн төлүүлнэ.
-----oOo-----
Текст томруулах
A
A
A