- Нүүр
- Сайдын тушаал
- “Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлогыг зарцуулах үлгэрчилсэн журам”
Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны
264 / А/293 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
“Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлогыг зарцуулах үлгэрчилсэн журам”
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмыг төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллага /цаашид эрүүл мэндийн байгууллага гэх/-аас үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтад ороогүй тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу нэмэлтээр үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, эсвэл эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ авах зардлын төлбөр нь тухайн улирлын болон жилийн дээд хязгаараас хэтэрсэн иргэнд нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээг үзүүлснээс бий болсон орлогыг зарцуулахад загвар болгон ашиглана.
- Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллага нь үйлчлүүлэгчид үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний өртөг, зардлыг тооцсоны үндсэн дээр тухайн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээг энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан жишиг хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтооно.
1.2.Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ нь тухайн тусламж, үйлчилгээг үзүүлж буй эрүүл мэндийн ажилтны цалин хөлс нийгмийн даатгалын шимтгэл, эм, зарим эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн элэгдэл, урвалж бодисын өртгөөс бүрдэнэ.
Хоёр. Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээнээс олсон орлогын бүртгэл, зарцуулалт
2.1.Эрүүл мэндийн байгууллага нь нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлого, зарцуулалтыг бодитой төлөвлөж, жил бүрийн төсөвтөө тусгана.
2.2.Тухайн жилийн төсөвт тусгагдаагүй, шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас бий болсон үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг Сангийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тушаалаар баталсан “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих” журмаар зохицуулна.
2.3.Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээнээс олсон орлого нь тухайн эрүүл мэндийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогод бүртгэгдэнэ.
2.4.Эрүүл мэндийн байгууллага нь нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийг хураах үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлэн зохион байгуулна.
2.5.Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээнээс олсон орлогыг эрүүл мэндийн байгууллагын цахим бүртгэлийн болон санхүүгийн программд бүртгэн, төрийн сан дахь төсвийн харилцах дансанд төвлөрүүлнэ.
2.6.Эрүүл мэндийн байгууллага нь иргэнд төлбөр төлсөн баримтыг заавал олгох бөгөөд уг баримтад эрүүл мэндийн байгууллагын нэр, үйлчлүүлэгчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, төлбөл зохих нийт болон үйлчилгээ нэг бүрийн төлбөрийн хэмжээ, үүнээс эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, хувь хүний төлсөн төлбөрийн хэмжээ, огноог тэмдэглэсэн байна.
2.7.Эрүүл мэндийн байгууллага нь нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлогыг тухайн үйлчилгээг үзүүлэхтэй холбоотойг гарч байгаа шууд зардал болон байгууллагын ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна. Үйлчилгээ үзүүлэхэд гарах шууд зардалд дараахь зардлууд хамаарна:
2.7.1.эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис, ариутгал халдваргүйжүүлэлтийн зардал;
2.7.2.үйлчилгээ үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтны цалин;
2.7.3.багаж, тоног төхөөрөмж худалдан авах болон тэдгээрийн засвар үйлчилгээний зардал.
2.8.Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлогыг эхний ээлжид энэ журмын 2.7.1, 2.7.2-т заасан зардлыг санхүүжүүлж, үлдэх хэсгийг эмнэлгийн багаж тоног төхөөрөмж худалдан авах болон эмнэлгийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна.
2.9.Эрүүл мэндийн байгууллагын удирдлага нь энэхүү тушаалын 2.7 дахь заалтад заасан үйл ажиллагааны зардлыг зарцуулах нарийвчилсан журмыг батлан мөрдүүлж болно.
Гурав. Хориглох зүйл
3.1.Эмч, эмнэлгийн ажилтанд дараахь зүйлсийг хориглоно:
3.1.1.энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтад заасан төлбөрийн жишиг хэмжээнээс хэтэрсэн төлбөр нэхэмжлэх;
3.1.2.эрүүл мэндийн байгууллагын ажлын үндсэн цагт багтаан үзүүлэх боломжтой тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлэхээр үйлчлүүлэгчийг ятгах;
3.1.3.үйлчлүүлэгчээс үйлчилгээний төлбөр хураан авах.
Дөрөв. Хяналт
4.1.Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээ нь байгууллагын үндсэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх, байгууллагын үйл ажиллагааг доголдуулахгүй байх чиглэлээр төлбөрт үйлчилгээг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүргийг төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нар хүлээнэ.
4.2.Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлого, зарлагын гүйцэтгэл болон төлбөрт үйлчилгээний хэрэгжилтийн байдалд эрүүл мэндийн байгууллагын дотоод аудитын нэгж улирал бүр, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дотоод аудитын нэгж жилд нэг удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана.
4.3.Нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний талаарх иргэдийн өргөдөл, санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн байдал, төлбөрт үйлчилгээний орлогын зарцуулалтын талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг байгууллагын дарга, захирал нар хангаж ажиллана.
Тав. Хариуцлага
5.1.Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан, эмч, эрүүл мэндийн ажилтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A