- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ ИРГЭНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ТООЦОХ ЖУРАМ
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн А/179 дугаар тушаалын хавсралт
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ
ИРГЭНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА,
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ТООЦОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Цагдаагийн байгууллагад ажиллах иргэний хүсэлтийг үндэслэн шалгуур хангасан байдлаар нь эрэмбэлэн шалгаруулах, түүнийг судлах, тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтооход энэхүү дэг горимыг баримтална.
Хоёр. Цагдаагийн байгууллагад анх ажиллах
иргэнд тавигдах шаардлага
2.1.Цагдаагийн албан тушаалд анх томилох иргэнд Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 66.2, 66.5 дахь хэсэгт заасан шалгуур болон энэхүү журамд заасан тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлтүүд тавигдана.
2.2.Энэ журмын 2.1-д заасан тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлтийн аль нэгийг хангахгүй бол цагдаагийн байгууллагад тэнцэхгүй гэж үзнэ.
2.3.Цагдаагийн байгууллагад дараахь тохиолдолд иргэнийг ажилд томилохоос татгалзах үндэслэл болно. Үүнд:
2.3.1.цагдаагийн болон төрийн бусад байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд тус тус заасны дагуу албанаас халагдсан бол;
2.3.2.Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5-д заасан сахилгын шийтгэлээр халагдсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй бол.
2.4.Төрийн албаны тухай хуулийн 24.1.3-т зааснаар цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн иргэнд энэхүү журмын 2.3-т заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй.
2.5.Цагдаагийн байгууллагад өмнө нь ажиллаж байгаад чөлөөлөгдсөн иргэний ажлын туршлага, тусгай мэдлэг, ур чадварыг харгалзан цагдаагийн бага, дунд, ахлах цолны албан тушаалд Цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр буцаан томилж болно.
2.6.Энэ шаардлага, шалгуур үзүүлэлтийн 2.5-д заасны дагуу Цагдаагийн албанд томилогдох иргэн нь биеийн эрүүл мэндийн шаардлагыг хангасан, эсхүл хуульд заасан хориглолт, хязгаарлалт тавигдаагүй, алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байвал зохино.
2.7.Цагдаагийн албан тушаалд анх томилогдох иргэнд тавигдах нийтлэг шаардлага, сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт:
2.7.1.цагдаагийн албанд ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
2.7.2.тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суух хаягийн бүртгэл хийгдсэн иргэний үнэмлэхтэй;
2.7.3.гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй;
2.7.4.ажиллаж, сурч байсан хамт олон, оршин суугаа газрын иргэдийн дунд нэр хүндтэй байх;
2.7.5.бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
2.7.6.улс төрийн нам, эвсэл, холбооны гишүүн бус байх.
Гурав. Цагдаагийн албан тушаалд тавигдах тусгайлсан шаардлага,
шалгуур үзүүлэлт
3.1.Эрүүл мэнд, сэтгэл зүйн шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.1.1.мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж, албанд тэнцэх эсэх тухай дүгнэлт гарсан байх;
Тайлбар: Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор баталсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг баримтална./ЦЕГ-ын даргын 2018 оны А/41 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан./
3.1.2.сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, сэтгэл санааны байдал тогтвортой, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь нас, сэтгэцийн стандарт хэм хэмжээнд тохирсон, оюун ухааны хөгжлийн түвшин, сэтгэн бодох чадвар /IQ/ нь дунд ба түүнээс дээш үзүүлэлттэй байх.
3.2.Бие бялдар, гоо зүйн шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.2.2.бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй, бие бялдрын зөв хөгжилтэй байх;
3.2.3.биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;
3.2.4.биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх;
3.2.5.цагдаагийн байгууллагад ажиллах иргэн нь цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийн CS9129057.32.01:2007 шалгуур үзүүлэлтийн D үнэлгээг хангасан байх. Үүнд:
Эрэгтэй: 18-25 нас
а/гийр өргөлт /1 минутад/ - 24 удаа
б/3000 метрт гүйх - 13 минут
в/100 метрт гүйх /босоо гараанаас/ - 15,0 секунд
г/гар дээр суниах - 54 удаа
д/дүүжин савлуурт - 12 удаа
Эрэгтэй: 26-30 нас
а/гийр өргөлт /1 минутад/ - 22 удаа
б/3000 метрт гүйх - 14 минут
в/100 метрт гүйх /босоо гараанаас/ - 15,5 секунд
г/гар дээр суниах - 50 удаа
д/дүүжин савлуурт - 10 удаа
Эмэгтэй: 18-21 нас
а/30 см өндөртэй сандал дээгүүр харайх /30 секунд/ - 20 удаа
б/1000 метрт гүйх - 4,50 минут
в/100 метрт гүйх /босоо гараанаас/ - 17,5 секунд
г/гар дээр суниах - 30 удаа
д/гэдэс таталт - 48 удаа
Эмэгтэй: 22-25 нас
а/30 см өндөртэй сандал дээгүүр харайх /30 секунд/ - 20 удаа
б/1000 метрт гүйх - 5,10 минут
в/100 метрт гүйх /босоо гараанаас/ - 18,0 секунд
г/гар дээр суниах - 28 удаа
д/гэдэс таталт - 46 удаа
Эмэгтэй: 26-30 нас
а/30 см өндөртэй сандал дээгүүр харайх /30 секунд/ - 18 удаа
б/1000 метрт гүйх - 5,30 минут
в/100 метрт гүйх /босоо гараанаас/ - 18,5 секунд
г/гар дээр суниах - 26 удаа
д/гэдэс таталт - 44 удаа
3.2.6.цагдаагийн байгууллагад ажиллах иргэний биеийн жингийн индекс 18,6-24,9 буюу хэвийн жинтэй, бүсэлхий болон ташааны тойргийн харьцаа эрэгтэй 0,9, эмэгтэй 0,8 буюу хэвийн стандарт хангасан байх.
Энэ стандартыг тогтоохдоо Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан цагдаагийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам буюу “Алба хаагчийг мэргэшлийн зэргийн сургалтад хамруулах, шалгалт авах журам”-д заасныг баримтална;
3.2.7.бөхийн төрлүүд, хүндийн өргөлт гэх мэт биеийн жингийн илүүдэл, таргалалт шаардсан спортоор хичээллэдэг тамирчдад биеийн жингийн индекс болон бүсэлхий, ташаан тойргийн зохист харьцааны стандарт хамаарахгүй.
3.3.Боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.3.1.цагдаагийн бага цолны албан тушаалд бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой;
3.3.2.цагдаагийн дунд ба түүнээс дээш цолны албан тушаалд бакалавр, түүнээс дээш боловсролтой, тухайн ажлын байрны шаардлага хангасан мэргэжил эзэмшсэн;
3.3.3.цагдаагийн албанд эмчээр томилогдох бол эмчлэх эрхийн гэрчилгээтэй байх;
3.3.4.цагдаагийн албанд болон мэргэжлийн чиглэлээр ажилласан жилийн туршлага, ур чадвар;
3.3.5.олон нийтийн цагдаагаар 1 буюу түүнээс дээш жил үр дүнтэй ажилласан бол давуу тал болно.
3.4.Ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.4.1.цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих хүсэл эрмэлзэл, чадвартай байх;
3.4.2.шударга зарчимч байх;
3.4.3.ёс суртахууны доголдолгүй;
3.4.4.зан төлөвийн муу зуршилгүй;
3.4.5.харилцааны соёлтой;
3.4.5.цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан байгууллага, иргэдээс шан харамж, мөнгөн тэтгэмж авч авлига, хахуульд өртөхгүй байх, эрс татгалзах чадвартай байх;
3.4.6.албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах чадвартай байх.
3.5.Томилогдох иргэний насны хязгаар:
3.5.1.цагдаагийн албаны бага, дунд болон түүнээс дээш цолны ажлын байр /албан тушаал/-д 30 хүртэл насны иргэнийг томилон ажиллуулна;
3.5.2.мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил шаардах цагдаагийн ажлын байр /албан тушаал/-д 35 хүртэл насны иргэнийг томилон ажиллуулж болно.
3.6.Цагдаагийн албаны захиалгаар гадаад, дотоодын академи, их, дээд сургуульд суралцах иргэний насны хязгаартай холбоотой асуудлыг тухайн жилийн элсэлтийн журамд тусгайлан зааж болно.
Дөрөв. Цагдаагийн байгууллагад анх ажиллах
иргэнийг судлах
4.1.Цагдаагийн албанд шинээр ажилд орох иргэн оршин суугаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба, нэгжид хандан хүсэлтээ гаргаснаар түүнд судалгаа явуулж эхэлнэ. Судлагдаж буй иргэнийг зохион байгуулалттай гэмт бүлэг, бүлэглэлд хамааралтай эсэхийг эрүүгийн цагдаагийн албаар шалгуулна.
4.2.Хүний нөөцийн асуудал хариуцсан алба хаагч цагдаагийн албаны ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа иргэнийг нөөцийн бүртгэлд бүртгэн энэ талаар хариу өгч, тухайн ажлын байр /албан тушаал/-д мэргэшлийн шалгалт зарлагдсан үед хүсэлт гаргагчид мэдэгдэж, оролцох боломжоор хангана.
4.3.Тухайн цагдаагийн байгууллага иргэний хүсэлтийг үндэслэн эрүүл мэндийн дүгнэлт гаргах хуудсанд иргэний овог, нэр, судлагдаж байгаа албаны нэрийг бичиж, иргэний фото зургийг нь нааж, тэмдэг даран баталгаажуулж өгнө.
4.4.Эрүүл мэндийн дүгнэлт гаргах үзлэгийг нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нар хийнэ. Эрүүл мэндийн үзлэгийг нэгдсэн журмаар хийх тохиолдолд мэргэжлийн шалгалт авах ажлын хэсгийн гишүүн /ижил хүйсний/-ийг байлцуулж болох бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон байвал зохино.
4.5.Цагдаагийн албанд шинээр ажилд орох иргэнийг эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн гэсэн дүгнэлт гарсан өдрөөс хойш нэг сарын хугацаанд цагдаагийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан алба хаагч, сэтгэл зүйч нар судална.
4.6.Хүсэлт гаргасан иргэн эрүүл мэндээр тэнцсэн тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан үеэс эхлэн тухайн иргэнээс хувийн мэдээллээ чөлөөтэй өгөх баталгааг бичгээр авч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
4.6.1.цагдаагийн албанд ажиллахыг хүссэн хувийн өргөдөл;
4.6.2.гурван үеийн түүх /өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ/;
4.6.3.иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4.6.4.боловсролын үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4.6.5.сурагчийн хувийн хэрэг;
4.6.6.эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт бүхий хуудас;
4.6.7.оршин сууж буй баг, хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, төлөөлөгчийн тодорхойлолт;
4.6.8.ял шийтгэлийн сангаас авсан лавлагаа болон гэмт хэргийн учир шалгагдаж байсан эсэх талаар цагдаагийн байгууллагаас авсан тодорхойлолт;
4.6.9.урьд нь ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт;
4.6.10.төрийн алба хаагчийн анкет /маягт 1, 2/;
4.6.11.сүүлийн 3 сарын хугацаанд авхуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 8 хувь/;
4.6.12.эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
4.6.13.нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;
4.6.14.цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад Цагдаагийн албаны тухай хуулийн 84.1.5-д зааснаар албанаас халагдсан бол ёс зүйн сургалтад хамрагдсан тухай тодорхойлолт.
4.7.Судалгаа явуулж байгаа алба хаагч энэ журмын 4.6-д заасан бичиг баримтыг хүлээн авахдаа эх хувьтай тулган үзэж, бүрдүүлсэн бичиг баримтуудыг судлах бөгөөд иргэн бүрт хувийн хэрэг нээнэ. Шаардлагатай бол холбогдох байгууллагаас нэмэлт лавлагаа, бичиг баримтыг авч болно.
4.8.Гэр бүл, ахуй амьдралын байдлын судалгааг хийхдээ дараахь зүйлийг харгалзан үзнэ:
4.8.1.гэр бүлийн гишүүдийн амьдралын хэв маяг, ажил, сургууль эрхлэлт, амьжиргааны түвшин;
4.8.2.ойрын төрөл садангийн хүмүүс болон найз нөхдийн зүгээс үзүүлэх нөлөөлөл;
4.8.3.гаж зуршил, донтой буюу сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэдэг, хэрэглэж байсан эсэх.
4.9.Нутгийн өөрөө удирдах байгууллага, сурч, ажиллаж байсан байгууллага, хөрш, зэргэлдээ амьдарч буй иргэдийн үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн дараахь судалгааг хийнэ:
4.9.1.иргэний үүргийн биелэлт болон оршин суугчдын дундах нэр хүндийн байдлын талаар сум, хороо, багийн Засаг даргын тодорхойлолт;
4.9.2.гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх тухай хэсгийн байцаагч, төлөөлөгчийн тодорхойлолт;
4.9.3.сурлага, хөдөлмөр, сахилга хариуцлага, зан чанар, хүмүүжлийн талаар сургууль, байгууллагын дарга, багш, нийгмийн ажилтан, хамт ажиллаж, сурч байсан иргэдээс асууж тодруулсан мэдээлэл;
4.9.4.хөрш зэргэлдээ оршин суух иргэдтэй уулзаж тухайн иргэний болон гэр бүлийн амьдралын хэв маяг, дадал зуршил.
4.10.Ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах:
4.10.1.тухайн иргэнийг судалж байгаа алба хаагч урьд ял шийтгэгдсэн эсэхийг ял шийтгэлийн сангаас лавлагаа авна;
4.10.2.цагдаагийн байгууллагад гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа эсэхийг холбогдох албадаас мэдээлэл авна;
4.10.3.урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг тухайн судлагдаж байгаа иргэнээр шалгуулахыг хориглоно.
4.11.Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан иргэний сэтгэл зүйн байдлыг шалгахдаа сэтгэцийн эрүүл мэнд, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь насны онцлогт тохирч байгаа эсэхийг шалгах бөгөөд тухайн иргэний оюун ухааны хөгжлийн түвшинг мэргэжлийн сэтгэл зүйчээр тогтоолгоно.
4.12.Сэтгэл зүйн шалгаруулалтыг дараахь аргаар явуулна:
4.12.1.ярилцлага хийх /тухайн иргэний зан байдал, түүний төлөвшил, хандлага, хүсэл, сонирхлыг тодруулах зорилгоор урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөө, асуултын дагуу харилцан ярилцах болон тусгай багаж буюу полиграф ашиглах/;
4.12.2.ярилцлагад тэнцсэн иргэний анхаарал, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар зэрэг танин мэдэхүйн үйл явц, бие хүний сэтгэл зүйн онцлог шинж, сэтгэл хөдлөл, мэдрэмж, оюун ухааны хөгжлийн түвшинг тодорхойлох зорилгоор сэтгэл зүйн сорил авч, дүгнэлт гаргах.
4.13.Цагдаагийн албаны тухай хуулийн 66.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх чиг үүргийн онцлогоос хамааран тодорхой албан тушаалд тавигдах тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу иргэнийг судалж болно.
4.14.Судалгаа нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.3-т зааснаар чөлөөлөгдсөн, Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5-д заасан сахилгын шийтгэлээр халагдсан иргэн буцаж ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд тус тус нэгэн адил хамаарна.
Тав. Хориглох зүйл
5.1.Хүний нөөцтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, шударга бус тодорхойлолт, баталгаа гаргах, бусад хууль бус үйлдэл хийхийг хориглоно.
5.2.Судлагдаж байгаа иргэнээр цагдаагийн албаны ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
5.3.Судалгааг зохих журмын дагуу хийгээгүй, бүрэн бус материал ирүүлсэн, хуурамчаар бүрдүүлсэн, шаардлага хангаагүй иргэнийг судалж ирүүлсэн бол материалыг буцааж, хариуцлагагүй хандсан алба хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Зургаа. Бусад зүйл
6.1.Цагдаагийн албаны зарим албан тушаалд энэхүү журамд заасан шаардлагаас гадна тусгай мэргэжил шаардагдах ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг тухайн алба, нэгжийн даргын санал, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын дүгнэлтийг харгалзан цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.
6.2.Энэхүү журмын дагуу судлагдан цагдаагийн байгууллагад ажиллах иргэний шалгуур хангасан иргэнийг Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу шалгалт авч онооны дэс дарааллаар эрэмбэлнэ.
6.3.Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн тогтоолоор нөөцийн жагсаалтад бүртгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A