A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУУРЬ БҮТЭЦ АШИГЛУУЛАХ ЖУРАМ /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны

140 дүгээр тушаалын хавсралт

 

СУУРЬ БҮТЭЦ АШИГЛУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Зорилго

1.1.1.Энэ журмаар суурь бүтэц ашиглах, ашиглуулах үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.

1.1.2.Энэхүү журмыг суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчийн өмчлөлийн хэлбэр, суурь бүтэц эзэмшигчийн харьяаллын тээвэрлэгч эсэхээс үл хамааран суурь бүтэц ашиглуулахтай холбоотой бүх харилцаанд дагаж мөрдөнө.

1.1.3.Суурь бүтэц эзэмшигч болон тээвэрлэгч нар нь Монгол Улс нэгдэн орсон Олон улсын гэрээ, Иргэний хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актууд болон энэ журмыг баримтлан суурь бүтэц ашиглуулах тухай гэрээ байгуулж тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

1.1.4.Тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд суурь бүтцийн хүчин чадал хангалтгүй тохиолдолд тээвэрлэгчийн ирүүлсэн захиалгыг зөвшилцөх, татгалзах, хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг “Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам”-аар зохицуулна.

 

Хоёр.Суурь бүтэц ашиглуулахад тавигдах шаардлага

2.1.Суурь бүтэц ашиглуулан үзүүлэх үйлчилгээний үнэлгээ нь шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөгдсөн тариф, хөлс, хураамжид үндэслэсэн байна.

 

Гурав. Суурь бүтэц ашиглуулах тухай гэрээ

3.1.Суурь бүтэц ашиглуулахүйлчилгээ нь суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нарын хооронд Монгол Улсын Иргэний хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон энэхүү журамд заасан шаардлагыг хангасан, харилцан тохиролцож бичгээр үйлдсэн гэрээ /цаашид “гэрээ” гэх/-ний үндсэн дээр хэрэгжинэ.

3.2.Суурь бүтэц ашиглуулах гэрээг Төмөр замын тээврийн тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн загварын дагуу бичгээр байгуулах бөгөөд төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3.Суурь бүтэц эзэмшигч нь эрх бүхий тээвэрлэгчтэй суурь бүтэц ашиглуулах гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй. Гэрээний нөхцөлийг тохиролцож чадаагүй тохиолдолд бусад тээвэрлэгч, түүний дотор өөрийн харьяаллын тээвэрлэгчид олгож буй нөхцөлийг жишиг болгон баримтлана.

3.4.Гэрээ байгуулах санал, гэрээний нөхцөлийн талаарх саналаа тээвэрлэгч Төмөр замаар ачаа тээвэрлэх дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2 сараас доошгүй хугацааны өмнө суурь бүтэц эзэмшигчид хүргүүлнэ.

3.5.Гэрээнд дараах нөхцөлийг тохиролцон тусгана.

3.5.1.Зорчигчийн галт тэрэг аялуулах хуваарь /хагас жилд нэг удаа өөрчлөлт оруулахаар/;

3.5.2.Ачааны хэмжээ, ачаа тээвэрлэх хугацаа;

3.5.3.Ачаа тээвэрлэлтийн сар, улирал, жилийн төлөвлөгөөний хуваарь /эсхүл сар бүр аялуулах ачааны галт тэрэгний тоо, жин/;

3.5.4.Тариф хэрэглэх нөхцөл, энэхүү журмын 4.4-т заасан нэмэгдэл үйлчилгээний хөлс;

3.5.5.Тээвэрлэлтийн технологи, тээвэрлэлтийг хэрэгжүүлэх захиалгыг зөвшилцөх журам, хугацаа.

3.5.6.Гэрээг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага.

3.6.Гэрээний талаар маргаан гарсан тохиолдолд эвийн журмаар зохицуулах боломжгүй бол харьяалах шатны шүүхэд хандаж хянан шийдвэрлүүлнэ.

 

Дөрөв.Суурь бүтэц эзэмшигчийн эрх, үүрэг

4.1.Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн техник технологийн боломжийн талаарх мэдээллийг суурь бүтэц ашиглах гэрээ байгуулах гэж буй этгээдэд өгөх үүрэгтэй.

4.2.Суурь бүтэц эзэмшигч нь галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч төмөр замын байгууллагын нэгдсэн технологийн горимд нийцүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах, бусад суурь бүтэц эзэмшигчтэй зөвшилцөн тээвэрлэлтийг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

4.3.Суурь бүтэц эзэмшигч нь галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах, суурь бүтцийг ашиглуулах үүргийн дагуу доорх ажлыг хийж гүйцэтгэнэ:

4.3.1.Суурь бүтэц, нийтийн хэрэглээний салбар зам, талбайг ашиглуулах;

4.3.2.Өөрийн нийтийн хэрэглээний зам дээр хэрэглэгчдэд төмөр замын үйлчилгээг ойртуулах үүднээс ачаа тээвэрлэлтийн хэтийн төлөвлөлттэй уялдуулан дагнасан хэрэглээний зам барих техникийн асуудлыг тээвэрлэгч болон үйлчлүүлэгч нарт салбар замын зураг төсөл боловсруулах, барих журмын дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч төмөр замын байгууллагын нэгдсэн технологийн горимд нийцүүлэн шийдвэрлэх;

4.3.3.Өөрийн нийтийн хэрэглээний замаас салаалсан бусад үйлчлүүлэгчдийн эзэмшлийн дагнасан хэрэглээний замд тээвэрлэлтийн үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний шуурхай удирдлагаар хангах; 

4.3.4.Явуулах өртөөнөөс хүлээн авах өртөө хүртэлх чиглэлийг аль болох дөт байх нөхцөлөөр тогтоох;

4.3.5.Тээвэрлэгч тээвэрлэлтийг хэвийн гүйцэтгэх бололцоогүй тохиолдолд тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүнийг нийтийн хэрэглээний замд болон нийтийн хэрэглээний замаас хүлээн авах, явуулах, дамжин өнгөрүүлэх;

4.3.6.Тээвэрлэгч бие даан өөрийн хүчээр гүйцэтгэх бололцоогүй тохиолдолд суурь бүтэц эзэмшигч нь өөрийн нийтийн хэрэглээний замууд дээр өртөөдийн байгууламж, сэлгээний тэргээр тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүн ба галт тэргийг бэлтгэж найруулах;

4.3.7.Бусад суурь бүтэц эзэмшигч болон гадаадын төмөр замын байгууллагуудтай тээврийн үйл ажиллагааны техник, технологийн асуудлуудыг зөвшилцөх;

4.3.8.Тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүн суурь бүтэц эзэмшигчийн эзэмшлийн нийтийн хэрэглээний замаар гэрээнд заасан нөхцөлийн дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэхэд хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулах;

4.3.9.Хэрэв тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүний аялалын явц дахь засварүйлчилгээг тээвэрлэгч бие даан өөрийн хүчээр гүйцэтгэх бололцоогүй тохиолдолд хийж гүйцэтгэх /салгалтгүй засвар/;

4.3.10.Хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний болон байрлалын талаарх холбогдох мэдээллийг тээвэрлэгчийн хүсэлтээр гаргаж өгөх;

4.3.11.Суурь бүтцийг цахилгаанжуулсан тохиолдолд тэээвэрлэгч нь цахилгаан зүтгүүрээр тээвэрлэлтийн ажиллагаа явуулбал суурь бүтэц эзэмшигч цахилгаан тэжээлээр хангах; 

4.4.Тээвэрлэгч хүсэлт гаргасан нөхцөлд суурь бүтэц ашиглуулах гэрээнд энэхүү журмын 4.3-тзаагаагүй үйлчилгээг үзүүлэхээр тусгаж болно. Тээвэрлэгчид үзүүлэх нэмэлт ажил үйлчилгээний жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч нийтэд зарлана.

4.5.Суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгчид суурь бүтцийг ашиглуулан үйлчилгээ үзүүлэхдээ энэ журмын 4.3-т заагаагүй үйлчилгээг үзүүлэхээр тулгах, гэрээний нөхцөлд оруулахыг шаардах эрхгүй. 

 

Тав. Тээвэрлэгчийн эрх, үүрэг

5.1.Тээвэрлэгч нь суурь бүтэц ашиглуулах гэрээ байгуулснаар дараах эрх эдэлнэ:

5.1.1.Суурь бүтэц эзэмшигчийн нийтийн хэрэглээний замыг ашиглах;

5.1.2.Суурь бүтэц эзэмшигчийн хөдөлгөөний удирдлага дор тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

5.1.3.Зорчигч, ачаа, тээш болон ачаан тээш тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад байгууламжуудыг ашиглах;

5.1.4.Суурь бүтэц эзэмшигчийн нийтийн хэрэглээний замыг ашиглаж үйлчлүүлэгч нарт ойртож тээвэрлэлтийн үйл ажиллагааг хүргэхдээ суурь бүтэц эзэмшигчийн замаас салаалсан суурь бүтэц эзэмшигчийн бус эзэмшлийн дагнасан хэрэглээний зам, салбар замуудаас үйлчлүүлэгч нарын ачааг тээвэрлэх;

5.1.5.Явуулах өртөөнөөс хүлээн авах өртөө хүртэлх чиглэлийг сонгох, зөвшилцөх.

5.2.Тээвэрлэгч нь суурь бүтэц ашиглалтын хөлсийг тогтоосон хугацаанд төлөх, суурь бүтцийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэгтэй.

5.3.Тээвэрлэгч нь тээвэрлэлтийг зохион байгуулах хөдлөх бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй байх, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас тээвэрлүүлэгч, гуравдагч этгээд, түүний дотор суурь бүтэц эзэмшигчид учирч болох хохирлыг тооцож, түүнээс сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

 

Зургаа. Тээвэрлэлтийг хэрэгжүүлэх

6.1.Суурь бүтэц ашиглуулах тухай гэрээ байгуулсан тээвэрлэгч нь орон нутгийн тээвэрлэлт хийх тухай захиалгаа тээвэрлэлт хийхээс 8-аас доошгүй хоногийн өмнө, олон улсын ачаа тээвэрлэлт хийх тухай захиалгаа тээвэрлэлт хийхээс 13-аас доошгүй хоногийн өмнө, олон улсын зорчигчийн галт тэрэгний зурмаг тохиролцож, үйлчилж эхлэхээс хуанлийн 400 хоногоос доошгүй хоногийн өмнө суурь бүтэц эзэмшигчид ирүүлнэ.

6.2.Захиалгыг тээвэрлэгч эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажуулан 2 хувь үйлдэж суурь бүтэц эзэмшигчид хүргүүлнэ.

6.3.Захиалгыг дутуу, буруу хийсэн, захиалга өгөх журмыг зөрчсөн тохиолдолд суурь бүтэц эзэмшигч түүнийг хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд захиалга хүлээн авснаас хойш 1 өдрийн дотор татгалзсан шалтгааныг бичиж албан бичгээр мэдэгдэнэ.

6.4.Суурь бүтэц эзэмшигч нь захиалга ирүүлсэн өдрөөр тусгай бүртгэл хөтөлж, бүртгэлийн дугаар олгоно. Суурь бүтэц эзэмшигч захиалга бүртгэх дотоод журмыг тогтоож нийтэд мэдээлэх үүрэгтэй.

6.5.Суурь бүтэц эзэмшигч орон нутгийн тээвэрлэлт хийх тухай захиалгыг 5 хоногийн дотор, олон улсын ачаа тээвэрлэлт хийх тухай захиалгыг 10 хоногийн дотор хянан үзэж тээвэрлэлтийг зөвшөөрөх тухай, эсхүл зөвшөөрөхөөс татгалзсан үндэслэлийг тусгасан хариуг бичгээр өгнө.

6.6.Суурь бүтэц эзэмшигч дараах тохиолдолд зөвшилцөхөөс татгалзаж буй шалтгааныг тодорхой бичиж, захиалгыг тээвэрлэгчид буцааж өгнө:

6.6.1.Холимог тээвэр гүйцэтгэх байгууллага зөвшилцөхөөс татгалзсан;

6.6.2.Гадаад улсын төмөр зам зөвшилцөхөөс татгалзсан;

6.6.3.Бусад суурь бүтэц эзэмшигч зөвшилцөхөөс татгалзсан;

6.6.4.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр ачаа тээвэрлэх замналын дагуу ачилт, тээвэрлэлтийг зогсоосон буюу хязгаарласан;

6.6.5.Тээвэрлэлт зохион байгуулах гэрээний дагуу өөр тээвэрлэгчийн захиалгыг зөвшилцөх үүрэг хүлээсэн;

6.6.6.Тээвэрлэлтийг гүйцэтгэх техник, технологийн бодит боломжгүй.

6.7.Суурь бүтэц эзэмшигч нь энэ журмын 6.6.2-6.6.4, 6.6.6-д заасан үндэслэлээр захиалгад өөрчлөлт оруулах саналыг тээвэрлэгчид хүргүүлж болно.

6.8.Гэрээнд өөрөөр заагаагүй бол тодорхой тээвэрлэлт бүрийн дараа гүйцэтгэлийн хэмжээг баталгаажуулна.

6.9.Суурь бүтэц эзэмшигч нь вагоны жин, аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж аюулгүй байдлын шаардлага хангуулах, шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд тээвэрлэлтийг үргэлжлүүлэхээс татгалзах эрхтэй.

6.10.Суурь бүтэц эзэмшигчийн үндэслэл бүхий шаардлагыг тээвэрлэгч биелүүлэх үүрэгтэй.

6.11.Суурь бүтэц эзэмшигчийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар маргаан гарвал суурь бүтэц ашиглах гэрээнд заасан журмаар шийдвэрлэнэ.

 

Долоо. Хариуцлага

7.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

----оОо--