A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВСАНТАЙ ХОЛБООТОЙ ХУРААН АВСАН ХӨРӨНГӨ, ОРЛОГО, ЭД ЗҮЙЛ, ХЭРЭГСЛЭЭС ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ, УСТГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолын хавсралт

 

АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВСАНТАЙ ХОЛБООТОЙ ХУРААН АВСАН ХӨРӨНГӨ,

ОРЛОГО, ЭД ЗҮЙЛ, ХЭРЭГСЛЭЭС ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ, УЛСЫН ОРЛОГО

БОЛГОХ, УСТГАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх, эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө, орлогыг улсын орлого болгох, худалдан борлуулах, шилжүүлэх, устгахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 157 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

1.2.Албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийг улсын орлого болгох, устгахад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон энэхүү журмыг тус тус баримтална. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 157 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

1.3.Энэхүү журмыг дараах тохиолдолд хэрэглэнэ:

1.3.1.албадлагын арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрт оролцогч гомдол гаргаагүй;

1.3.2.албадлагын арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээсэн дээд шатны албан тушаалтны шийдвэрт оролцогч гомдол гаргаагүй;

1.3.3.албадлагын арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. (Засгийн газрын 2019 оны 157 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1.4. Шүүхийн шийдвэрээр хураан авсан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, зөрчил үйлдэж олсон хөрөнгийг худалдан борлуулах, орлого шилжүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 157 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

1.5.Албадлагын арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрт гаргасан гомдлыг шүүх хянан шийдвэрлэх хугацаанд хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийн хадгалалт, хамгаалалтыг тухайн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан эрх бүхий албан тушаалтан, түүнийг харьяалах байгууллага хариуцна.

1.6.Энэхүү журамд хэрэглэсэн “хөрөнгө, орлого” гэдгийг Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн Тайлбар хэсэгт зааснаар, “эд зүйл, хэрэгсэл” гэдгийг Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус ойлгоно.

1.7.Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэхтэй холбогдсон харилцааг Галт зэвсгийн тухай хууль болон Галт зэвсгийн тухай хуулийн 23.3-т заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан “Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх тухай журам”-аар зохицуулна.

Хоёр.Хураагдсан хөрөнгө, эд зүйл, хэрэгсэлд үнэлгээ хийх, худалдан борлуулах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах

2.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хураан авсан хөрөнгөнөөс хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийг улсын орлого болгох, устгах, бусад байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг харьяа нутаг дэвсгэрийнхээ Засаг даргын дэргэдэх Зөвлөлд хүргүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 157 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.2.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, Засгийн газрын агентлагийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураасан хөрөнгөөс хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийг улсын орлого болгох, устгах, шилжүүлэх асуудлыг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяалах Зөвлөл шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн Зөвлөлийн харьяаллыг прокурор тогтооно. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 157 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.3.Зөвлөл нь худалдан борлуулах, улсын орлого болгох, устгах шийдвэр гаргахын өмнө тухайн хөрөнгө, эд зүйл, хэрэгсэлд үнэлгээ хийлгэнэ.

2.4.Эрх бүхий албан тушаалтан энэхүү журмын 2.3-т заасан үнэлгээний талаарх саналаа Зөвлөлд хүргүүлж болно.

2.5.Энэхүү журмын 2.3-т заасан үнэлгээг зөрчил гаргасан этгээдэд Зөвлөлийн холбогдох албан тушаалтан танилцуулна. Тухайн этгээд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдол гаргасан тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг дахин нэг удаа хийлгэнэ. Энэ тохиолдолд үнэлгээний зардлыг гомдол гаргасан этгээд хариуцна. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

2.6.Хөрөнгө, эд зүйл, хэрэгслийн үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнэ, ханшийн жишгийг харгалзан Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу тогтооно. Үнэлгээ хийх явцад тухайн хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг худалдан борлуулах боломжгүй гэж үзсэн тохиолдолд дахин үнэлгээ тогтоож, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.

2.7.Зөвлөлөөс тухайн хөрөнгө, эд зүйл, хэрэгсэлд үнэлгээ тогтоох боломжгүй гэж үзсэн тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэнэ.

2.8.Хураагдсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, химийн болон цацраг идэвхт бодис, нян, өсгөвөр, эм, эмийн түүхий эд, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрх бүхий албан тушаалтан заавал шинжилгээнд хамруулсны дараа Зөвлөлд хүргүүлнэ. Зөвлөлөөс худалдан борлуулах, шилжүүлэх, эсхүл устгах шийдвэрийг энэ журмын 5.5-д заасан хугацаанд гаргана. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2.9.Хураагдсан эд зүйл, хэрэгсэл, хөрөнгийг тогтоосон үнэлгээний дагуу худалдан борлуулах асуудлыг Зөвлөлийн шийдвэрийн дагуу Худалдан борлуулах комисс хэрэгжүүлнэ.

2.10.Зөвлөл нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Тавдугаар бүлэгт заасны дагуу худалдан борлуулж, мөнгөн орлогыг дараахь журмаар шийдвэрлэнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.10.1.хураан авсан хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос төлөх хохирол, нөхөн төлбөрийг эрх бүхий албан тушаалтнаас тогтоосон хэмжээгээр тооцон тухайн байгууллагын тусгай дансанд шилжүүлж, энэ тухай эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.10.2.худалдан борлуулахтай холбоотой болон энэ журамд заасан бусад ажиллагааны явцад гарсан зардлыг тооцож Зөвлөлийн дансанд шилжүүлэх;

2.10.3.хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос энэ журмын 2.10.1, 2.10.2-т заасан зардлыг, эд зүйл, хэрэгслийг худалдан борлуулсны орлогоос энэ журмын 2.10.2-т заасан зардлыг тус тус хасаад үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэх. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.11.Согтууруулах ундааг Засгийн газрын 2005 оны 238 дугаар тогтоолоор баталсан “Согтууруулах ундааг хураах, шинжилгээ хийх, улсын орлого болгож борлуулах журам”-д заасны дагуу улсын орлого болгоно.

2.12.Зөвлөл нь худалдан борлуулах ажиллагааг хэрэгжүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хөрөнгө, эд зүйл, хэрэгслийн үнэлгээ болон худалдан борлуулах тухай шийдвэр, холбогдох бусад баримтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь эдгээр баримтыг зөрчлийн хавтаст хэрэгт хавсаргана.

2.13.Хураан авсан хөрөнгийг худалдан борлуулсан орлого нь хохирол нөхөн төлүүлэхэд хүрэлцэхгүй, эсхүл дуудлага худалдаагаар борлуулагдаагүй, эсхүл зориулалтын дагуу ашиглах боломжгүй хөрөнгө, эд зүйл, хэрэгслийн талаар Зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хохирсон хүн, хуулийн этгээд болон зөрчил үйлдсэн этгээдэд мэдэгдэж, энэ журмын 2.14-т заасны дагуу шийдвэрлэнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь энэ журмын 1.4-т заасан ажиллагааг явуулсан боловч худалдан борлогдоогүй хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг улсын орлого болгох, эсхүл төрийн байгууллагад шилжүүлэх, эсхүл устгах шийдвэр гаргасан бол тэдгээрийг үнэлгээ тогтоосон баримтын хамт Зөвлөлд хүргүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүргүүлсэн хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг Зөвлөл энэ журмын 3.2-3.4, 4.1-4.10-т заасны дагуу шийдвэрлэнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 157 дугаар тогтоолоор нэмсэн)

2.15.Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 2.10.1-д заасан тусгай дансанд орж ирсэн мөнгөнөөс хүн, хуулийн этгээдэд учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан өгч, холбогдох баримтыг хэрэгт хавсаргана. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор нэмсэн)

Гурав.Хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийг улсын орлого болгох, шилжүүлэх

3.1.Хураан авсан мөнгөн орлогыг тухайн зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 157 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

3.2.Зөвлөл нь хүн, хуулийн этгээдэд учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэхэд зарцуулах хэмжээний эд зүйл, хэрэгслийг худалдан борлуулж, үлдсэнийг төрийн байгууллагад шилжүүлж болно. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

3.3.Хураагдсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй боловч зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжтой гэж үзвэл энэ талаар Зөвлөл шийдвэр гаргаж болно.

3.4.Дараах хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг дор дурдсан байгууллагад шилжүүлнэ:

3.4.1.тусгай хэрэгсэл, хутга мэсийг хилийн болон дотоодын цэрэг, хууль сахиулах, онцгой байдлын асуудал хариуцсан болон хуулиар галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий байгууллагад;

3.4.2.одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, эсхүл музейд;

3.4.3.гүйлгээнд оруулах боломжгүй үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валют болон алт, мөнгө, үнэт эдлэлийг Монголбанкинд; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

3.4.4.түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өвийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

3.4.5.аюултай болон химийн хорт бодистой холбоотой бүтээгдэхүүнийг онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагад;

3.4.6.хуулиар худалдан борлуулахыг хориглосон ургамал, амьтан, тэдгээрийн гаралтай зүйл, эд эрхтнийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад;

3.4.7.дуудлага худалдаагаар борлуулагдаагүй, эсхүл зориулалтын дагуу ашиглах боломжгүй хураагдсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийн ашиглалт, хэрэглээний онцлогийг харгалзан эрх бүхий удирдах албан тушаалтны санал, холбогдох байгууллагын хүсэлтийг үндэслэн тухайн байгууллагад.

3.5.Энэхүү журмын 3.3, 3.4-т заасны дагуу хураагдсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг шилжүүлэх ажлыг хураан авах ажиллагааг хэрэгжүүлсэн эрх бүхий байгууллага хариуцна. Шилжүүлэн авсан байгууллага нь хөрөнгийг бүртгэж, төрийн болон орон нутгийн өмчийн асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэн зохих журмын дагуу бүртгүүлнэ. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Зөвлөлийн шийдвэр, бусад холбогдох баримтыг зөрчлийн хавтаст хэрэгт хавсаргана.

Дөрөв.Хураан авсан эд зүйл, хэрэгслийг устгах

4.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан, эсхүл шинжээч тухайн хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд Зөвлөлөөс тэдгээрийг устгах шийдвэр гаргаж, устгах ажлыг зохион байгуулахыг Устгалын комисст даалгана.

4.2.Устгалын комисс нь эрх бүхий байгууллагын төлөөлөл бүхий 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд энэхүү журамд заасны дагуу устгах ажлыг зохион байгуулна.

4.3.Зөвлөлөөс хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг устгах шийдвэр гаргасан тохиолдолд энэ талаар зөрчил үйлдсэн этгээдэд мэдэгдэнэ. Зөрчил үйлдсэн этгээд Зөвлөлд хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг устгах ажиллагаанд биечлэн, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан оролцуулж болно.

4.4.Ашиглах боломжгүй хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг хүн, амьтан, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй арга, хэрэгслээр устгах бөгөөд ингэхдээ мэргэжлийн байгууллагаас мэргэжил, арга зүйн туслалцаа авч, хамтран ажиллаж болно.

4.5.Хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг устгасан талаар тэмдэглэл үйлдэнэ. Уг тэмдэглэлд устгасан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийн нэр төрөл, хэмжих нэгж, тоо хэмжээ, мөнгөн дүн болон устгахад гарсан зардлын хэмжээ, устгах комиссын бүрэлдэхүүн (овог, нэр, регистрийн дугаар, эрхэлдэг ажил, гэрийн хаяг, утасны дугаар), хэзээ, хаана, устгах үйл явцын мэдээллийг тусгаж, байлцсан хүмүүс гарын үсэг зурна. Хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг устгасан үйл явцыг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж, тэмдэглэлд хавсаргаж болно. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

4.6.Шаардлагатай тохиолдолд хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг устгалд оруулахаар тээвэрлэх, ачиж буулгах, устгах ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмж, материалын болон холбогдох бусад зардлыг зохих журмын дагуу зөрчил үйлдсэн этгээдээс гаргуулж болно.

4.7.Зөвлөл нь устгах ажиллагааг хэрэгжүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хөрөнгө, эд зүйл, хэрэгслийн ашиглах боломжгүй тухай дүгнэлт, үнэлгээ болон устгах талаарх шийдвэр, устгах ажиллагааны тэмдэглэл, холбогдох бусад баримтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь эдгээр баримтыг зөрчлийн хавтаст хэрэгт хавсаргана.

4.8.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд хор нөлөө учруулж болзошгүй, түүнчлэн түргэн муудаж, чанар байдлаа алддаг хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг хураасан эрх бүхий албан тушаалтан тэдгээрийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд хадгална. Аюулгүй байдал нь алдагдаж болзошгүй тохиолдолд энэ журамд заасны дагуу холбогдох байгууллагад шилжүүлэх, эсхүл устгах арга хэмжээг даруй авна. Устгах ажиллагаанд тухайн зөрчлийг үйлдсэн этгээдийг өөрийг нь, боломжгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулж, энэ тухай тэмдэглэл, холбогдох баримтыг Зөвлөлд хүргүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор хассан)

4.9.Тэсэрч дэлбэрэх, аюултай хог хаягдалд хамаарах зүйлийг Засгийн газрын 2002 оны 135 дугаар тогтоолоор баталсан “Аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, аюулгүй болгох, хадгалах, устгах журам”-д заасны дагуу устгана.

4.10.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон бэлтгэх зориулалтын тоног төхөөрөмжийг Засгийн газрын 2003 оны 196 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон бэлтгэх зориулалтын тоног төхөөрөмжийг хадгалах, устгах журам”-д заасны дагуу устгана.

Тав.Зөвлөл, түүний зохион байгуулалт

5.1.Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд ажиллах Зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) хэрэгжүүлнэ.

5.2.Зөвлөл нь Үнэлгээний, Устгалын, Худалдан борлуулах асуудал хариуцсан комиссуудтай байна. Зөвлөл болон Комиссын бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр батална.

5.3.Зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын төлөөлөл болон холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдэнэ.

5.4.Зөвлөлийн дарга нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга байх бөгөөд Зөвлөл нь нийслэлд 9-11, аймаг, дүүрэгт 7-9, суманд 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна.

5.5.Зөвлөл нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хуралдаж, уг асуудлыг хэлэлцэж тогтоол гарган шийдвэрлэнэ.

5.6.Хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг Зөвлөлийн шийдвэргүйгээр борлуулах, бусдад шилжүүлэх, устгахыг хориглоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

5.7.Энэхүү журмын 5.6-д зааснаас бусад тохиолдолд Зөвлөл эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хураагдсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийн хадгалалт, хамгаалалтыг албадлагын арга хэмжээ авах шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан, түүнийг харьяалах байгууллага хариуцна. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

5.8.Зөвлөл нь улсын орлого болгосон, хохирол нөхөн төлсөн, устгасан, бусад эрх бүхий байгууллагад шилжүүлсэн, зориулалтыг нь өөрчлөн ашиглахаар шийдвэрлэсэн хөрөнгө, эд зүйл, хэрэгслийн бүртгэл, тайлан мэдээг нэгтгэн улирал тутам тухайн зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулсан болон орон нутгийн өмчийн бүртгэл хариуцсан байгууллагад, харьяалах нутаг дэвсгэрийн прокурорын байгууллагад хагас, бүтэн жилээр нэгтгэн тус тус хүргүүлнэ.

5.9.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга Зөвлөлийн гишүүдийн судалгааг жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон мэдээллийг тухай бүр нь харьяалах нутаг дэвсгэрийн прокурорын байгууллагад хүргүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 249 дүгээр тогтоолоор нэмсэн)

Зургаа.Бусад зүйл

6.1.Энэхүү журмын хэрэгжилтэд прокурорын байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавина.

6.2.Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

----- оОо -----