- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ ТООЦОХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны
196 дугаар тогтоолын хавсралт
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ
ЗАРДАЛ ТООЦОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулахад шаардагдах зардлыг тооцох, түүнийг зөрчил шалган шийдвэрлэх байгууллагын төсөвт тусгах, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлын төрлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд тогтооно.
1.3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг төр хариуцах бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд зардлыг зөрчил үйлдсэн этгээдээр нөхөн төлүүлнэ.
1.4.Зөрчлийн шинж байдал, шалгах хугацаа, нотлох баримт бүрдүүлэх ажлын цар хүрээ, бусад хүчин зүйлийг харгалзан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг харилцан адилгүй хэмжээтэй тогтоож болно.
1.5.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдогчоос бусад оролцогчоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахгүй.
1.6.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө хүн, хуулийн этгээдээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахгүй.
Хоёр.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хамаарах зардал
2.1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд дараах зардал хамаарна:
2.1.1.хохирогч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид төлөх зардал;
2.1.2.эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, тээвэрлэх, устгахад гарах зардал;
2.1.3.тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал;
2.1.4.хохирол, хор уршгийн болон хөрөнгө, эд зүйл, хэрэгслийн үнэлгээ тогтоох, шинжилгээ хийлгэхтэй холбоотой зардал.
2.2.Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинж, байдлаас шалтгаалан энэхүү журмын 2.1.3-т заасан зардалд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрэн сурвалжлах, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, зөрчлийг шалгах болон шийдвэрлэх ажиллагааг хойшлуулсантай холбогдон гарах зардлыг хамааруулан тодорхойлж болно.
2.3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, эсхүл насанд хүрээгүй оролцогчид зайлшгүй шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд гарсан зардлыг энэ журмын 2.1.3-т заасан зардалд хамааруулна.
Гурав.Зардлын хэмжээг тооцох
3.1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлын хэмжээг дараах байдлаар тооцно:
3.1.1.хохирогч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр;
3.1.2.мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг харилцан тохиролцсоны үндсэн дээр;
3.1.3.эд мөрийн баримтыг хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, шинжилгээ хийлгэх, устгах, холбогдогчийг эрэн сурвалжлах, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхэд гарсан зардлыг тухайн үеийн бодит зардлын хэмжээгээр;
3.1.4.зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа хойшлогдсонтой холбогдсон зардлын хэмжээг тухайн үед зарцуулсан мөнгөн дүнгээр;
3.1.5.хохирогч, эсхүл насанд хүрээгүй оролцогчид шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд гарсан зардлыг тухайн үеийн бодит зардлын хэмжээгээр.
3.2.Эрх бүхий албан тушаалтны энэ журамд заасны дагуу холбогдох баримтыг үндэслэн тооцон тогтоосон зардлын талаарх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан хянан баталгаажуулна.
Дөрөв.Зардал, түүнийг олгох
4.1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг зөрчил шалган шийдвэрлэх байгууллагын тухайн жилийн төсөвт тусган баталсан хүрээнд хууль, энэхүү журамд заасан төрөл, журмын дагуу тооцож олгоно.
4.2.Энэхүү журмын 4.1-д заасан байгууллагын тухайн жилийн төсөвт тусгагдсан зардлыг нэмэгдүүлэх үндэслэл бүхий баримтыг үндэслэн уг зардлыг холбогдох журмын дагуу тухайн жилийн төсвийн тодотголд нэмж тусгаж болно.
4.3.Энэхүү журмын 3.2-т заасны дагуу баталгаажуулсан зардлыг тухайн байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэрээр олгоно.
4.4.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд албан үүргийн хувиар, эсхүл харьяалах төрийн байгууллагаас томилогдон оролцсон шинжээч, мэргэжилтэн, хэлмэрч, орчуулагчид энэ журмын 3.1.2-т заасан ажлын хөлсийг олгохгүй.
4.5.Төрийн захиргааны төв байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлын тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэгтгэж, хууль тогтоомжийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэнэ.
Тав.Зардлыг төсөвт тусгуулах
5.1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дараагийн жилийн зардлын төсвийг харьяа төрийн захиргааны төв байгууллагын санал, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн төсөв, шаардлагатай тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголд оруулж шийдвэрлүүлнэ.
Зургаа.Зардлыг нөхөн төлүүлэх
6.1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ.
6.2.Зардлыг нөхөн төлүүлэх үүргийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээнэ.
6.3.Хэд хэдэн хүн, хуулийн этгээд зөрчил үйлдсэн нь тогтоогдвол энэ журамд заасан зардлын хэмжээг холбогдогч нэг бүрийн үйлдсэн зөрчил, хохирлын хэр хэмжээг харгалзан хуваарилж тогтоосны үндсэн дээр гаргуулна.
6.4.Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдогчийг шийтгэлээс чөлөөлсөн бол түүнээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулна.
6.5.Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл холбогдогч төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлнө.
6.6.Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдогчоор нөхөн төлүүлэх тухай тогтоол гаргаж, зөрчлийн хэрэгт хавсаргах бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу зөрчлийн хэргийг холбогдогчид танилцуулна.
6.7.Холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх, эсхүл нөхөн төлүүлэх зардлын хэмжээг тогтоосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасны дагуу прокурорт гомдол гаргаж болно.
6.8.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нөхөн төлөхөөс татгалзсан, эсхүл төлөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмын дагуу харьяалах шүүхэд хүсэлт гаргаж болно.
6.9.Энэ журмын 6.8-д заасан хүсэлтийг шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
6.10.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээр энэхүү журмын дагуу нөхөн төлүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг улсын төсөвт төвлөрүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A