- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ТАВ ДАХЬ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоолын хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН
ҮНДЭСНИЙ ТАВ ДАХЬ ХӨТӨЛБӨР
Нэг.Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 1997 оноос 4 үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлж ирсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлснээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээлэл, сурталчилгааны тогтсон арга хэлбэрийг төлөвшүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний болон салбар хороо, аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх болон үндэсний удирдлагын тогтолцоог сайжруулах, үйлдвэрлэлийн ослын статистикийн тогтолцоог шинэчлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэсэн байна.
Улсын Их Хурлаас 2015 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулиар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад яамд, бүх шатны Засаг дарга нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан болон зөвлөлийг ажиллуулах, ерөнхий захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг тусгайлсан гэрээгээр зохицуулах зэрэг асуудлыг зохицуулсан байна.
Түүнчлэн манай улс 2015 онд “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан уул уурхайн салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх ажил бүрэн хийгдсэн байна.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний дөрөв дэх хөтөлбөр (2012-2016) хэрэгжих хугацаанд нийт 1854 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 1948 хүн осолд өртөж, 273 хүн амь насаа алдсан байна. Улсын хэмжээнд 2016 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 332 тохиолдол бүртгэгдсэнээс бүлэг осол, хурц хордлого 11 буюу нийт ослын 3.3 хувийг эзэлж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2012 онд хөдөлмөр эрхэлж байгаа 10 000 хүнд үйлдвэрлэлийн ослын 3.9 тохиолдол оногдож байсан бол 2016 онд 2.9 болж, нэг пунктээр буурсан байна.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөртэй хамтран хийсэн Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлын (2005-2015 он) үнэлгээнээс үзэхэд үндэсний хөтөлбөр тогтвортой хэрэгжиж, хууль эрх зүйн орчин бүрэлдэн бий болсон боловч аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомжийг мөрдөж хэрэгжүүлэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй, бодлого, зохицуулалт, даатгал, санхүүжилт, хяналтын асуудал хариуцдаг байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, нэгдмэл тогтолцоо бүрдээгүй гэж дүгнэгдсэн байна.
Дээрх үнэлгээ, статистик мэдээллээс үзэхэд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны соёл, дадал заншлыг ажилтан бүрт эзэмшүүлэхэд анхаарч, ажил олгогчдын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл цаашид хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг сайжруулах замаар эрүүл, аюулгүй ажлын байрны орчныг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог үндэсний болон орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөгжүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн санхүүжилтийг оновчтой болгох, ажил олгогч, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай байна.
Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.19-т үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгоно” гэсэн зорилтыг дэвшүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх үндэслэл болж байна.
Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт, зарчим
2.1.Хөтөлбөрийн зорилго
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсч байгаа хүчин зүйл, шалтгааныг тогтоон ослын тохиолдлыг бууруулах, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2.Хөтөлбөрийн зорилт
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлнэ:
2.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг боловсронгуй болгож, уялдаа холбоог сайжруулна;
2.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний болон орон нутаг, салбарын түвшинд, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байранд шинэлэг, үр нөлөөтэй арга, хэлбэрээр тогтмол зохион байгуулж, хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж хэвшүүлнэ;
2.2.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажил олгогчийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, ажилтан аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар, дадлыг төлөвшүүлнэ;
2.2.4.ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг өргөжүүлж, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулна;
2.2.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн судалгаа, шинжилгээний ажлыг үр дүнтэй зохион байгуулж, статистик мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоно;
2.2.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцоог бэхжүүлж, хяналтын үр нөлөөтэй арга, хэлбэрийг төлөвшүүлнэ.
2.3.Хөтөлбөрийн зарчим
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
· Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн баримт бичиг нэгдмэл байх;
· урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх;
· судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
· нийгмийн түншлэлийг эрхэмлэх;
· ил тод байх;
· эрсдэлтэй бүлэгт түлхүү анхаарах;
· салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах.
Гурав.Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг боловсронгуй болгож, уялдаа холбоог сайжруулах 1 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.1.1.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ажлын байр, үйлдвэрлэлийн орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, үйлдвэрлэлийн осол гаргаагүй ажил олгогчийг урамшуулах болон хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтныг эмчлэх, сувилах, сэргээн засах үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
3.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, норм, дүрэм, журмыг олон улсын жишиг, үндэсний онцлогт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангахад салбар дундын оролцоог нэмэгдүүлэх;
3.1.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэх асуудлыг судлан шийдвэрлэх;
3.1.4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналт, орон нутгийн холбогдох байгууллага болон түншлэгч байгууллагуудын оролцоотойгоор хийх;
3.1.5.бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг боловсронгуй болгож, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авах.
3.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний болон орон нутаг, салбарын түвшинд, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байранд шинэлэг, үр нөлөөтэй арга, хэлбэрээр тогтмол зохион байгуулж, хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж хэвшүүлэх 2 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.1.хүүхэд, өсвөр насныханд эрүүл аюулгүй ажиллаж, амьдрах арга барил, зан үйлийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөр олгох үйл ажиллагааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт явуулдаг байгууллага, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах;
3.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийг ажил олгогчийн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, ажлын байрны онцлогт тохируулан холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж, цахим хэлбэрээр сургалт зохион байгуулах;
3.2.3.иргэдэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгоход чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах;
3.2.4.ажлын байрны нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийдэг лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, үнэлгээ хийх нөхцөлийг сайжруулах;
3.2.5.ажлын байран дахь асбесттай холбоотой өвчний оношилгоо, бүртгэл, тандалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах;
3.2.6.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга, технологийг нэвтрүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах.
3.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажил олгогчийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, ажилтан аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар, дадлыг төлөвшүүлэх 3 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.3.1.аж ахуйн нэгж, байгууллага бүрт “Ослыг тэглэх, осол, мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэх;
3.3.2.ажлын байр, үйлдвэрлэлийн орчинд гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, дохио, санамж, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ тавьж, хаалт хамгаалалтыг бүрэн хийж хэвшүүлэн, аюул, эрсдэлгүй ажлын байр, үйлдвэрлэлийн орчныг бүрдүүлэх;
3.3.3.аж ахуйн нэгж, байгууллага бүр ажилтнуудыг шаардлага хангасан ахуйн байраар хангах, алжаал (стресс, сэтгэлийн хямрал) тайлах, чийрэгжүүлэх, дасгал хөдөлгөөн хийх өрөө, танхимтай болох хөдөлгөөн өрнүүлэх;
3.3.4.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын гишүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах;
3.3.5.ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хүлээсэн үүргээ хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
3.3.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээг ажилтан бүрт ойлгомжтой, энгийн, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг арга барил, туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх.
3.4.Ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг өргөжүүлж, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах 4 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.4.1.мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эмчлэх, сувилах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ажилтнуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх;
3.4.2.мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, эмчилгээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, үзлэг, оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах;
3.4.3.хөдөлмөрийн эрүүл ахуйч, мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажиллаж байгаа эмч, сувилагч, мэргэжилтнийг урт, богино хугацааны сургалтад хамруулан мэргэшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, тэдний тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
3.4.4.хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан ажилтанд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх Сэргээн засах төвийг орон нутгийн түвшинд ажиллуулах боломжийг судалж, сувиллын хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулан, үйл ажиллагааг тогтмолжуулах;
3.4.5.нийгмийн даатгал, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсч байгаа хүчин зүйл, шалтгааныг тогтоож, урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтныг сэргээн засах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх.
3.5.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн судалгаа, шинжилгээний ажлыг үр дүнтэй зохион байгуулж, статистик мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох 5 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.5.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, статистик мэдээллийн системийг боловсронгуй болгох;
3.5.2.ажлын байрны нөхцөлийн үнэлгээнд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны хэмжилт, судалгааны мэдээллийн нэгдсэн сан бий болгох;
3.5.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн ажилтны судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэх;
3.5.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллага, багш, сургалтад хамрагдсан ажилтны талаар цахим мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллийг тогтмол шинэчилж хэвшсэн байх;
3.5.5.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин зонхилон гарч байгаа шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх судалгааг тодорхой салбарыг сонгон хийх, бүртгэл мэдээллийг боловсронгуй болгох;
3.5.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн судалгаа, шинжилгээний ажлыг салбарын судалгааны институтыг түшиглэн хийх.
3.6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцоог бэхжүүлж, хяналтын үр нөлөөтэй арга, хэлбэрийг төлөвшүүлэх 6 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажилллагааг хэрэгжүүлнэ:
3.6.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлж, арга зүйн удирдлагаар хангах;
3.6.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалтын чиглэл, арга, хэлбэрийг шинэчилж, хяналт шалгалтын хүрээнд зөвлөн туслах үйл ажиллагааг өргөжүүлэх;
3.6.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцоонд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын оролцоог дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
3.6.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний орон нутгийн байгууллага, салбарын хэмжээний санхүүжилтийг аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын болон салбар хариуцсан Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган хэрэгжүүлэх;
3.6.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон нутгийн болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг чадавхижуулах;
3.6.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны стандартыг аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлэх, арга зүйн зөвлөмж болгон хэрэглэх санаачилгыг дэмжих.
Дөрөв.Хөтөлбөрийн үр нөлөө, бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлт
4.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
4.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын уялдаа холбоо сайжирч, салбарын түвшинд дагаж мөрдөх дүрэм, журам шинэчлэгдэн хууль тогтоомжийн хэрэгжилт дээшилсэн байна.
4.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээ үр дүнтэй хэрэгжиж, сургалтын арга, хэлбэр шинэчлэгдэн иргэдэд эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллаж, амьдрах зан үйл төлөвшиж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга, технологийг нэвтрүүлсэн байна.
4.1.3.ажил олгогчийн үүрэг, хариуцлага дээшилж, ажилтнуудын аюулгүй ажиллагааны соёл, зөв хандлага төлөвшин ажлын байр, үйлдвэрлэлийн орчны нөхцөл сайжирч, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчны тоо буурсан байна.
4.1.4.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны арга хэлбэр шинэчлэгдэж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, оношлох, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох үйл ажиллагаа сайжирч, сэргээн засах, сувилах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын тоо нэмэгдэж, зардлыг шийдвэрлэсэн байна.
4.1.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээллийн нэгдсэн болон төрөлжсөн сан бий болж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан, нөхцөл байдлын судалгаа, шинжилгээний ажил өргөжсөн байна.
4.1.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын үндэсний тогтолцоо боловсронгуй болж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа төлөвшиж, хяналтын байгууллагын бүтэц, хяналт шалгалтын арга, хэлбэр шинэчлэгдсэн байна.
4.2.Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
№ |
Шалгуур үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь он 2016 |
Зорилтод түвшин, он |
Мэдээллийн эх сурвалж |
Хэрэгжүүлэх байгууллага |
|||||||
2017 |
2018 |
2019 |
2020 |
|
|
||||||||
Нэг.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар: |
|||||||||||||
1. |
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тоо* |
(10.000 ажиллаг-сдад ногдох) |
3.3 |
3.3 |
3.2 |
3.1 |
3.0 |
МХЕГ |
ХНХЯ МХЕГ ХАБЭМТ |
||||
2. |
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нас барсан хүн* |
(10.000 ажиллагсдад ногдох) |
0.5 |
0.5 |
0.4 |
0.4 |
0.3 |
МХЕГ |
ХНХЯ МХЕГ ХАБЭМТ |
||||
3. |
Эрсдэл ихтэй зарим салбарын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бууруулах. |
||||||||||||
|
-барилгын салбар* |
(салбар-ын 10.000 ажиллагсдад) |
8.0 |
7.8 |
7.5 |
7.0 |
6.9 |
МХЕГ |
БХБЯ БХТ МХЕГ |
||||
|
уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар* |
(салбарын 10.000 ажиллагсдад) |
15.0 |
14.9 |
14.8 |
14.7 |
14.6 |
МХЕГ |
УУХҮЯ МХЕГ |
||||
4. |
Улсын байцаагчид: |
||||||||||||
|
Хөдөлмөр-ийн хяналтын улсын (ахлах) байцаагч |
тоо |
66 |
70 |
72 |
75 |
78 |
МХЕГ |
МХЕГ |
||||
|
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын (ахлах) байцаагч |
тоо |
33 |
35 |
35 |
40 |
42 |
МХЕГ |
МХЕГ |
||||
5. |
Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж байгууллага: |
||||||||||||
|
хөдөлмөрийн хяналт |
тоо |
528 |
738 |
812 |
893 |
982 |
МХЕГ |
МХЕГ |
||||
|
эрүүл ахуйн хяналт |
тоо |
250 |
265 |
312 |
328 |
345 |
МХЕГ |
МХЕГ |
||||
Хоёр.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар |
|||||||||||||
1. |
Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөл-мөрийн чадвараа алдсан иргэд (ХАБЭМТ-ийн хяналтад байдаг) |
(10.000 ажиллагсдад ногдох) |
31 |
31 |
30 |
29 |
29 |
ХАБЭМТ |
ХАБЭМТ ЭХМК |
||||
2. |
Хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх сувилал |
тоо |
16 |
16 |
17 |
19 |
21 |
ХАБЭМТ |
ХАБЭМТ, Нөхөн сэргээх сувиллууд |
||||
3. |
Хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх сувиллаар үйлчлүүлэх хүн |
хүний тоо |
1313 |
1370 |
1405 |
1503 |
1608 |
ХАБЭМТ |
ХАБЭМТ, Нөхөн сэргээх сувиллууд |
||||
4. |
Стандарт хэмжил зүйн газраас итгэмжлэл авсан Хөдөлмөр-ийн нөх-цөлийн лаборатори |
тоо |
1 |
2 |
4 |
5 |
6 |
ХАБЭМТ |
СХЗГ, Лабора-ториуд |
||||
Гурав.Бусад шалгуур үзүүлэлт: |
|||||||||||||
1. |
ХАБЭА-н шинэчлэн боловсруул-сан стандарт |
тоо |
5 |
5 |
5 |
6 |
6 |
ХНХЯ |
ХНХЯ СХЗГ |
||||
2. |
ХАБЭА-н удирдлагын систем (стандарт) нэвтрүүлсэн аж ахуйн нэгж байгууллага: |
||||||||||||
|
Олон улсын байгууллагаас батламж шинээр авсан ААНБ |
тоо |
8 |
5 |
5 |
6 |
8 |
МАОЭНХ МҮХАҮ Танхимын ХАБЭА-н зөвлөл |
МАОЭНХ МҮХАТ |
||||
|
-СХЗГ-аас итгэмжлэл авсан байгууллагаас батламж шинээр авсан ААНБ |
тоо |
12 |
5 |
5 |
6 |
6 |
СХЗГ |
СХЗГ |
||||
Тав.Хөтөлбөрийн хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт
5.1.Хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлнэ.
5.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
5.2.1.улсын болон орон нутгийн төсөв;
5.2.2.олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
5.2.3.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зарцуулах хөрөнгө;
5.2.4.бусад эх үүсвэр.
Зургаа.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
6.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулах, салбар дундын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүргийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороотой хамтран хэрэгжүүлнэ.
6.2.Төрийн захиргааны төв байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь салбарын, нутаг дэвсгэрийн болон байгууллагын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн жилийн төлөвлөгөө, төсөвтөө тусгах замаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жилийн бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор гаргаж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.3.Аж ахуйн нэгж, байгууллага бүр энэхүү хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг жил бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлнэ.
Долоо.Хөтөлбөрийн хүрээн дэх олон улсын хамтын ажиллагаа, түншлэл
7.1.Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байрны эрүүл ахуйн орчныг сайжруулах техникийн дэмжлэг, туслалцаа авч, хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
7.2.Улс орнуудын Засгийн газар, түүний олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн болон техникийн туслалцаа, тусламж, дэмжлэг авах чиглэлээр хамтран ажиллана.
7.3.Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Ослыг тэглэх” (Vision zero) хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.
Найм.Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
8.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажилтны болон ажил олгогчийн төлөөллийн байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон бус байгууллагын төлөөлөлтэй хамтран гүйцэтгэнэ.
8.2.Аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг тухайн шатны Засаг дарга хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлтэй хамтран гүйцэтгэж тайлангаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
8.3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж Засгийн газарт танилцуулна.
8.4.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа үр дүнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулна.
8.5.Явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
8.6.Үр дүнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж нь холбогдох бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл болно
8.7.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаарх мэдээ, тайланг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан ил тод, нээлттэй мэдээлнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A