A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 249 дүгээр

тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД НӨХӨХ ОЛГОВОР,

МӨНГӨН ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ

 

1.Цагдаагийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулийн 86.1, 86.3 дахь хэсэгт заасан тэтгэмж, нөхөх олговор, мөнгөн тусламж олгоход энэхүү журмыг мөрдөнө.

2.Цагдаагийн алба хаагч (цаашид “алба хаагч” гэх) албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд түүний гэр бүлд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. Тэтгэмжийн хэмжээг тухайн алба хаагчийн хамгийн сүүлд тогтоосон албан тушаалын сарын үндсэн цалинг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно.

3.Энэхүү журмын 2 дахь хэсэгт заасан цагдаагийн алба хаагчийн гэр бүл (цаашид “тэтгэмж авагч” гэх) дараах баримт бичгийг бүрдүүлж, тухайн алба хаагчийн ажиллаж байсан цагдаагийн байгууллагад хүсэлт гаргана:

3.1.тэтгэмж авах тухай хүсэлт;

3.2.тэтгэмж авагч мөн болохыг нотлох баримт (иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд төрөл садны лавлагаа);

3.3.тэтгэмж авагчийн банкин дахь дансны дугаар;

3.4.шаардлагатай бусад баримт бичиг.

4.Тэтгэмж авагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл өндөр настан зэрэг) энэ журмын 3 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн өгөх боломжгүй тохиолдолд тухайн алба хаагчийн ажиллаж байсан цагдаагийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан алба хаагч бүрдүүлнэ.

5.Энэхүү журмын 3, 4 дэх хэсэгт заасны дагуу бүрдүүлсэн баримт бичгийг тухайн алба хаагчийн ажиллаж байсан цагдаагийн байгууллагын дарга хамгийн сүүлд тогтоосон албан тушаалын үндсэн цалингийн талаарх тодорхойлолтын хамт цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлж шийдвэрлүүлнэ.

6.Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон алба хаагчид олгох нөхөх олговор, тусламжийн хэмжээг дараах байдлаар тогтооно:

6.1.хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, хөдөлмөрийн чадвараа 50-69 хувиар алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувь алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тус тус тооцож 1 удаа;

6.2.хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг тооцохдоо нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жишиг үнийн дүнгээр 1 удаа;

6.3.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авч байгаа алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулийн 86.3 дахь хэсэгт заасны дагуу тооцсон цалингийн зөрүүг тухайн тэтгэмжийг авч байгаа хугацаанд сар бүр.

7.Алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, эрүүл мэнд нь хохирсон тохиолдол бүрийг цагдаагийн байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу бүртгэн ослын акт тогтоож, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр баталгаажуулна.

8.Алба хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг алба хаагчийн харьяа орон нутгийн эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

9.Цагдаагийн байгууллагын дарга тухайн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх явцад хөгжлийн бэрхшээлтэй болсон талаарх шалгалтын материал, санал, дүгнэлт, шийдвэр, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын акт зэргийг цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлж, алба хаагчид нөхөх олговор, тусламж олгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ.

10.Цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлд үзүүлэх тэтгэмж, нөхөх олговор, тусламж, цалингийн зөрүүг цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр олгох бөгөөд шаардагдах хөрөнгийг урьдчилан тооцож, жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

11.Цагдаагийн алба хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, санхүүгийн болон хүний нөөцийн ажилтан энэхүү журамд заасны дагуу алба хаагчийн цалин хөлс, тэтгэмж, нөхөх олговор, тусламжийг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ.

12.Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, цалин хөлс, тэтгэмж, нөхөх олговор, тусламжийн хэмжээг буруу тогтоож, олгосон албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

-----оОо----