- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗАМЫН ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 249 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗАМЫН
ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас хөгжлийн бэрхшээлтэй болсон цагдаагийн алба хаагч, энэ үндэслэлээр албан үүргээсээ чөлөөлөгдсөн иргэнд эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын сувиллын болон сэргээн засах эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэхээр очих болон буцах замын зардлыг олгоход энэхүү журмыг баримтална.
2.Энэхүү журмын 1 дэх хэсэгт заасан замын зардлыг автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, төмөр замын тээврийн тухайн үед мөрдөж байгаа үнэлгээгээр тооцож жилд нэг удаа олгоно. Цагдаагийн алба хаагч болон албан үүргээсээ чөлөөлөгдсөн иргэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэргээр зорчин дотоодын сувиллын болон сэргээн засах эрүүл мэндийн байгууллагад очих, буцах боломжгүйн улмаас онгоцоор зорчсон тохиолдолд тухайн үед мөрдөгдөж байгаа онгоцны тийзийн үнийн жишгийг үндэслэн тооцож олгоно.
3.Цагдаагийн алба хаагч, иргэн нь дотоодын сувиллын болон сэргээн засах эрүүл мэндийн байгууллагад очих болон буцах замын зардал авах хүсэлтээ тухайн цагдаагийн байгууллагын санхүүгийн нэгж болон албан тушаалтанд бичгээр гаргана.
4.Энэхүү журмын 3 дахь хэсэгт заасан хүсэлтэд дараах баримтыг хавсаргана:
4.1.эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт;
4.2.магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт;
4.3.замын зардал төлсөн баримт (хот хоорондын нийтийн тээвэр, галт тэрэгний тасалбар, онгоцны тийз).
5.Цагдаагийн алба хаагч, иргэний хүсэлтийг цагдаагийн байгууллагын санхүүгийн нэгж болон албан тушаалтан хүлээн авч, энэхүү журмын 4 дэх хэсэгт заасан баримтыг үндэслэн замын зардал олгоно.
6.Энэхүү журмын 4 дэх хэсэгт заасан баримтын бүрдэл дутуу бол замын зардлыг олгохгүй.
7.Цагдаагийн байгууллага замын зардал олгоход шаардагдах хөрөнгийг урьдчилан тооцож, жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
8.Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, замын зардлыг хууль бусаар олгосон этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
-----o0o-----
Текст томруулах
A
A
A