- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ СЭТГЭЛ ЗҮЙН НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 249 дүгээр
тогтоолын 3 дугаар хавсралт
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ СЭТГЭЛ ЗҮЙН НӨХӨН
СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛАХ ЖУРАМ
1.Цагдаагийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулийн 86.11 дэх хэсэгт заасан сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ хийхэд энэхүү журмыг баримтална.
2.Цагдаагийн алба хаагчид үзүүлэх сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ нь оношлох, эмчлэх, хяналтад авах, сэтгэл засал хийх, сэтгэц-нийгмийн нөхөн сэргээх эмчилгээ, сургалтаас бүрдэнэ.
3.Цагдаагийн алба хаагчид үзүүлэх сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээг дараах чиглэлээр хийнэ:
3.1. сэтгэл зүйн анхан шатны тусламж;
3.2. сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ;
3.3.цалин хөлсийг бууруулахгүйгээр эрхэлж байгаа ажлын байрыг түр хугацаагаар өөрчлөх, эсхүл хөнгөн ажилд шилжүүлэх.
4.50 болон түүнээс дээш алба хаагчтай цагдаагийн байгууллагад орон тооны сэтгэл зүйч ажиллуулж болно.
5.Эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэлтэй онцгой нөхцөлд ажилласан алба хаагчийг сэтгэл зүйч дор дурдсан хугацааны дотор сэтгэл зүйн хувьд оношилж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргана:
5.1.хоёр болон түүнээс олон хүний, эсхүл онц харгис, хэрцгийгээр аргаар хүний амь нас хохироосон, эсхүл цагдаагийн алба хаагчийн эрүүл мэнд, амь насыг хохироосон гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд оролцсоноос хойш 3 хоногийн дотор;
5.2.дайны болон онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт ажилласнаас хойш 3 хоногийн дотор;
5.3.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноос хойш 14 хоногийн дотор;
5.4.гамшиг, түүний үр дагаврыг арилгах ажиллагаанд оролцсоноос хойш 5 хоногийн дотор.
6.Шаардлагатай тохиолдолд цагдаагийн алба хаагчийг мэргэшсэн эрүүл мэндийн байгууллагын оношилгоонд хамруулж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эсэх талаар дүгнэлт гаргуулж болно.
7.Энэхүү журмын 3.1-д заасан сэтгэл зүйн анхан шатны тусламжийг цагдаагийн байгууллагын сэтгэл зүйч үзүүлж болно. Шаардлагатай тохиолдолд цагдаагийн алба хаагчийг эрүүл мэндийн байгууллагын сэтгэл зүйн анхан шатны тусламж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулна.
8.Энэхүү журмын 3.2-т заасан сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.
9.Цагдаагийн алба хаагчийн ажлын байрыг энэхүү журмын 3.3-т заасны дагуу өөрчлөхдөө тухайн алба хаагчийн саналыг харгалзсаны үндсэн дээр шийдвэрлэнэ.
10.Цагдаагийн алба хаагчийг сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахтай холбоотой зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A