A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 259 дүгээр тогтоолын хавсралт

 

 

ТАНДАЛТ, СУДАЛГАА ХИЙХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго хүний эрүүл мэндэд нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөллийг ажиглах, судлах, мэдээ, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэх, хариу арга хэмжээг төлөвлөх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2.Тандалт, судалгаа хийх зардлыг улсын төсөвт тусгаж, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлнэ.

 

Хоёр.Тандалт, судалгааны удирдлага, зохион байгуулалт

2.1.Эрүүл ахуйн асуудал хариуцсан бүх шатны байгууллага нь орчны бохирдлыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр тандалт, судалгаа хийж мэргэжлийн дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг хүлээнэ.

2.2.Үндэсний хэмжээнд тандалт, судалгаа хийх, дүгнэлт гаргах, мэдээ, мэдээллийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, хариу арга хэмжээг төлөвлөх ажлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалт, судалгааны асуудал хариуцсан нэгж (цаашид “тандалтын нэгж” гэх) гүйцэтгэнэ.

2.3.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь тандалт, судалгааны цахим мэдээллийн сантай байна.

2.4.Тандалт, судалгаа хийхтэй холбогдуулан дараах мэдээ, мэдээллийг дор дурдсан байгууллага тандалтын нэгжид цахимаар ирүүлнэ:

2.4.1.цаг уурын, агаарын чанарын, ундны усны зориулалтаар хэрэглэдэг гадаргын усны чанарын үзүүлэлтийн мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газар;

2.4.2.ундны усны чанарын болон хөрсний бохирдлын үзүүлэлтийн мэдээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар;

2.4.3.хүн амын гэдэсний халдварт өвчин, пренатал эмгэг, хавдар, арьс, халимын өвчин, амьсгал, цус, цусны эргэлтийн тогтолцооны өвчин, нас баралтын мэдээг Эрүүл мэндийн хөгжлийн төв.

2.5.Тандалтын нэгж нь энэхүү журмын 2.6-д заасан дүгнэлт, зөвлөмж гаргахдаа Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн ам зүйн үзүүлэлт, статистик мэдээг ашиглана.

2.6.Тандалтын нэгж нь энэхүү журмын 2.4, 2.5, 2.8-д заасан байгууллагаас ирүүлсэн хүрээлэн байгаа орчны бохирдлын эрүүл ахуйн үзүүлэлт, хүн амын өвчлөл, хордлого, нас баралтын мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж шалтгаан-хамаарлыг тогтоон мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргаж эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Эрүүл ахуйн тухай хуулийн 16.4-т заасан эрүүл ахуй, тархвар судлалын орон тооны бус мэргэжлийн зөвлөл, холбогдох бусад байгууллагад хүргүүлнэ.

2.7.Эрүүл ахуйн асуудал хариуцсан бүх шатны байгууллага нь хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоож, эрсдэлийг бууруулах талаар авсан арга хэмжээний тухай мэдээ, мэдээлэл, хариуцсан нутаг дэвсгэр, салбарын хэмжээнд хийсэн тандалт, судалгааны дүнг хугацаа харгалзахгүй тандалтын нэгжид хүргүүлнэ.

2.8.Шинэ болон сэргэн тархаж байгаа, түүнчлэн хөрш орнуудад гарч байгаа халдварт өвчин, хоол, хими, цацрагийн хордлогын үеийн мэдээ, мэдээллийг эрүүл ахуйн асуудал хариуцсан бүх шатны байгууллага холбогдох байгууллагад яаралтай мэдээлнэ.

2.9.Тандалтын нэгж нь монгол орны газар зүйн байршил, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, хүрээлэн байгаа орчны бохирдлоос хамааран хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тандан судалж олон нийтэд мэдээлж байна.

2.10.Тандалтын нэгжид мэдээ, мэдээлэл ирүүлж байгаа байгууллага түүний үнэн зөвийг өөрөө хариуцна.

2.11.Тандалт, судалгааны талаарх мэдээллийг тоон өгөгдөл, дүрслэл, газарзүйн байршлын зураглал хэлбэрээр гаргаж олон нийтэд нээлттэй цахим хуудсанд байршуулна. Цахим хаягаар мэдээ, мэдээлэл авч, мэдээллийн сан үүсгэх, баяжуулах, мэдээ, мэдээллийн шуурхай, үнэн зөв, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг тандалтын нэгж хариуцна.

 

Гурав.Бусад зүйл

3.1.Энэхүү журмын 2.6-д заасан мэргэжлийн дүгнэлт, зөвлөмжийг улирал, жилээр эмхэтгэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл ахуй, тархвар судлалын орон тооны бус мэргэжлийн зөвлөл болон мэдээ, мэдээлэл ирүүлсэн байгууллагад хүргүүлнэ.

3.2.Цахим мэдээллийн санг ашиглах явцад мэдээлэл алдагдах, устгах зэрэг нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

---oOo---