- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2017 оны 267 дугаар тогтоолын хавсралт
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Оршил
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Засгийн газрын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд (цаашид “сайд” гэх)-ын эрхлэх ажлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратеги тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.
1.2.Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар тогтоолоор баталсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Хууль тогтоомжийн тухай хууль;
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Захиргааны ерөнхий хууль;
-Зөрчлийн тухай хууль;
-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;
-Боловсролын тухай хууль;
-Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль;
-Бага, дунд боловсролын тухай хууль;
-Дээд боловсролын тухай хууль;
-Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль;
-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль;
-Шинжлэх ухаан, технологийн тухай хууль;
-Технологи дамжуулах тухай хууль;
-Инновацийн тухай хууль;
-Соёлын тухай хууль;
-Соёлын өвийг хамгаалах тухай хууль;
-Номын сангийн тухай хууль;
-Биеийн тамир, спортын тухай хууль;
-Олон улсын гэрээний тухай хууль;
-Монгол хэлний тухай хууль;
-Үндэсний их баяр наадмын тухай хууль;
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төрийн хяналт шалгалтын тухай хууль;
-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
-холбогдох бусад хууль тогтоомж.
1.4.Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын болон өмнөх хэрэгжсэн хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн хөтөлбөр боловсруулах ажилд оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.
1.5.Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Яам нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын талаарх хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам нь өөрийн хариуцсан чиг үүргийн асуудлаар Засгийн газарт зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ. Хариуцсан чиг үүргийн дагуу иргэдэд шуурхай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.
1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тооцов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов:
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим, иргэн байна. Яамны стратегийн бодлого, зохицуулалт нь нэн түрүүнд үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж байгаа нийтлэг болон онцлог эрэлт, хэрэгцээг хангахад чиглэнэ.
Үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийн үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод тус тус тусган хэрэгжүүлнэ.
Хоёр.Яамны үйл ажиллагааны стратеги
2.1.Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарах боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үндсэн зорилт, чиг үүрэг болох иргэд сурч, боловсрох эрхээ тэгш эдлэх олон талт боломжийг бүрдүүлэх, боловсрол, соёл, урлаг, биеийн тамир, спортын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний өв соёлыг хамгаалж өвлүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр нөлөөг нэмэгдүүлж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, инноваци, спортын ололт амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
2.2.1.сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх;
2.2.2.боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх;
2.2.3.боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг шинэчлэх, өргөжүүлэх;
2.2.4.шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн бодлого, судалгааны боловсруулалтын ажлын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлж, улс орны хөгжил, нийгмийн сайн сайханд чиглүүлэх;
2.2.5.хувь хүний хөгжил, нийтийн соёлыг дэмжсэн соёл, урлагийн олон талт үйлчилгээг нийгэмд хүртээмжтэй хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний үйлчилгээний тогтолцоо, соёлын өвийн хамгаалал, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэх;
2.2.6.судалгаанд суурилсан биеийн тамир, спортын олон талт үйлчилгээг нийгэмд хүртээмжтэй хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний биеийн тамирын үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх;
2.2.7.салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагын манлайллыг хангах, яамны төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, салбарын мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх;
2.2.8.боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын болон яамны үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ үнэлгээг чанаржуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, боловсролын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлэх.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Яамны эрхэм зорилго нь хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар оюуны өндөр боловсрол, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэхэд оршино.
2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ.
2.4.1.боловсролын хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.4.2.шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар ханган хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, салбарын статистикийн мэдээллийг боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлж, дүн шинжилгээ хийх;
2.4.3.соёл, урлагийн хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.4.4.биеийн тамир, спортын хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.4.5.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын хүний нөөцийн болон мэдээллийн технологийн үйл ажиллагааг зохицуулах, статистикийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;
2.4.6.боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, гадаадын төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангах;
2.4.7.боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг төлөвлөх, төсөв боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх;
2.4.8.боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт болон яамны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ.
2.5.1.үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1.сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг хангахад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.2.ерөнхий боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөр, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох асуудлаар бодлогын хувилбар боловсруулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, байгууллагын болон хүний нөөцийг хөгжүүлэх ажлыг бодлогоор хангах, зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, бүх талын дэмжлэг, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.3. дээд боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, сургалтын агуулга, үнэлгээг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах, дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, хэрэгжилтийг хангах.
2.5.2.үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1.шинжлэх ухааны хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар ханган хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, салбарын статистикийн мэдээллийг боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;
2.5.2.2.өндөр технологи, инновацийн хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар ханган хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.
2.5.3.үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1.соёл, урлагийн хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын удирдлага, хүний нөөцийн зохион байгуулалтыг хөгжүүлэх, статистик мэдээлэл нэгтгэх, дүн шинжилгээ хийх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;
2.5.3.2.соёлын өвийн хамгаалал, ном хэвлэл, соёлын үйлдвэрлэлийн хөгжлийн чиглэлээр бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх ажлыг зохицуулах.
2.5.4.үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1.нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн чиглэлээр бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх ажлыг зохицуулах;
2.5.4.2.нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл, идэвхтэй амьдрах соёлыг нийгэмд төлөвшүүлэх, улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдах спортын тэмцээн, арга хэмжээг төлөвлөх, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх.
2.5.5. үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхыг дээшлүүлэх болон албан хаагчдын ажиллах, нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, олон улсын чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, цахим үйл ажиллагааг хангах, харьяа байгууллагын удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг зохион байгуулах, салбарын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, салбарын статистикийн мэдээллийн бүртгэлийн тогтолцоог хангах;
2.5.5.2.салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх;
2.5.6.үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1.салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, яамны гадаад харилцааны асуудлыг зохицуулах;
2.5.6.2.олон улсын төсөл, хөтөлбөрийн бодлого, төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, зохицуулалтыг хангах.
2.5.7.үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1.боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хөгжлийн төлөвлөлт хийх, төсөв боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.5.7.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтыг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх;
2.5.7.3.гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтыг хангах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх.
2.5.8.үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
2.5.8.1.салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, боловсролын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгааны хэлбэрээр хэрэгжүүлж салбарын бодлогыг үр дүнтэй болгох;
2.5.8.2.салбарын болон яамны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
2.6.Үйл ажиллагааны зорилт
Яам нь үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тус тус нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.
2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратегийн загвар
Гурав.Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:
3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжийг хүртэл хоёроос дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтоолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6.улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яам үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараах загвартай байна:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцооны ерөнхий загвар (Энэ загварт Засгийн газрын 2019 оны 161 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
3.3.Зохион байгуулалтын бүтэц
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна.
3.3.1. сургуулийн өмнөх бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэхүү нэгж нь энэ хөтөлбөрийн 2.5.1.1-д заасан үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн хэрэгцээг тодорхойлж хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөний хувилбар боловсруулах, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг боловсронгуй болгох, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролын эрүүл аюулүй орчинд суралцагч хөгжих, тэдний эрхийг хамгаалах, тэгш хамран сургах талаарх бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийн үзэл баримтлал, хуулийн төсөл болон боловсролын салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангахад чиглэгдэж, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэмтэн, судлаач, оюутан, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, ерөнхий болон насан туршийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.2.ерөнхий боловсролын бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэхүү нэгж нь энэ хөтөлбөрийн 2.5.1.2-т заасан үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд ерөнхий боловсролыг хөгжүүлэх бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд ерөнхий боловсролын хөгжлийн хэрэгцээг тодорхойлж хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөний хувилбар боловсруулах, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, сургалтын байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийг хангах, сургуулийн насны хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах, авьяасыг хөгжүүлэх, иргэдийн насан туршдаа суралцахуйг дэмжих, сургуулийн орчин дахь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаарх бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийн үзэл баримтлал, хуулийн төсөл болон боловсролын салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангахад чиглэгдэж, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, боловсролын байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, ерөнхий болон насан туршийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.3.дээд боловсролын бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэхүү нэгж нь энэ хөтөлбөрийн 2.5.1.3-т заасан үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд дээд боловсролын хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийн үзэл баримтлал, хуулийн төсөл болон боловсролын салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, салбарыг бодлогын удирдамжаар хангахад чиглэгдэж, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, ерөнхий болон бүх нийтийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.
3.3.4.шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар ханган хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, салбарын статистикийн мэдээллийг боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлж, дүн шинжилгээ хийх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд шинжлэх ухааны хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар ханган хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, салбарын статистикийн мэдээллийг боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, хэрэглэгчийг мэдээллээр хангах, өндөр технологи, инновацийн хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар ханган хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд инновацийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь шинжлэх ухаан, технологийн талаарх хууль тогтоомжийн үзэл баримтлал, хуулийн төсөл болон бодлого, хөтөлбөрийн хувилбар, төлөвлөгөө төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, батлуулах, салбарын бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо, хүний нөөцийг төлөвлөн хөгжүүлэх, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг яамдаас сонгон авч холбогдох байгууллагаар батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шинжлэх ухааны байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулах, хариуцсан ажлын талаар мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр хангах, агаарын бохирдлын эсрэг салбарын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, энэ талаар сайдыг цаг үеэ олсон зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Шинжлэх ухааны академи, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төвүүд, төрийн бус байгууллага байна.
3.3.5.соёл, урлагийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд соёл, урлагийн хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд соёл, урлагийн хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын удирдлага, хүний нөөцийн зохион байгуулалтыг хөгжүүлэх, статистик мэдээлэл нэгтгэх, дүн шинжилгээ хийх, хэрэглэгчийг мэдээллээр хангах, соёлын өвийн хамгаалал, ном хэвлэл, соёлын үйлдвэрлэлийн хөгжлийн чиглэлээр бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх ажлыг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь соёл, урлагийн талаарх хууль тогтоомжийн үзэл баримтлал, хуулийн төсөл болон бодлого, хөтөлбөрийн хувилбар, төлөвлөгөө, төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, батлуулах, салбарын бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо, хүний нөөцийг төлөвлөн хөгжүүлэх, салбарын статистик мэдээ, мэдээллийг боловсруулж сайдад мэргэжлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, соёл, урлагийн байгууллагууд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нутгийн захиргааны байгууллагууд, соёл, урлагийн төрөлжсөн байгууллагууд, холбогдох бусад газрууд байна.
3.3.6.биеийн тамир, спортын бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд биеийн тамир, спортын хөгжлийн бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн чиглэлээр бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх ажлыг зохицуулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл, идэвхтэй амьдрах соёлыг нийгэмд төлөвшүүлэх, улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдах спортын тэмцээн, арга хэмжээг төлөвлөх, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, салбарын статистик мэдээ, мэдээллийг боловсруулах, чанарыг сайжруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиглэлээр сайдад мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, биеийн тамир, спортын байгууллага, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь үндэсний хэмжээнд нутгийн захиргааны байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, холбогдох мэргэжлийн холбоод, клубууд, төрийн бус байгууллагууд байна.
3.3.7.төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын хүний нөөцийн болон мэдээллийн технологийн үйл ажиллагааг зохицуулах, статистикийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхыг дээшлүүлэх болон албан хаагчдын ажиллах, нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, олон улсын чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, цахим үйл ажиллагааг хангах, харьяа байгууллагын удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг зохион байгуулах, салбарын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, салбарын статистикийн мэдээллийн бүртгэлийн тогтолцоог хангах, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, яамны албан хэргийг хөтлөх, яамны үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, ажиллагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох цомхон, чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах, хуулийн тогтоомжийн үзэл баримтлал боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төсөл боловсруулах, энэ чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, холбогдох бусад яам, төрийн болон төрийн бус байгуулагууд, иргэд байна.
3.3.8.олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, гадаадын төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, яамны гадаад харилцааны асуудлыг зохицуулах, олон улсын төсөл, хөтөлбөрийн бодлого, төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, зохицуулалтыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд гадаад харилцааны нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлэх олон улсын төсөл, хөтөлбөрийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж шинээр боловсруулах төсөл, хөтөлбөрийн хувилбар санал боловсруулах, Сангийн яам болон олон улсын байгууллага, орнуудад санал болгох, хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, мэдээ, тайлан гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлэх олон улсын төсөл, хөтөлбөрийн бодлого, төсвийн төлөвлөлт, зохицуулалтыг хангах, гадаад хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтыг хангах, салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний дэргэдэх агентлаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг салбарын байгууллага, иргэд байна.
3.3.9.санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг төлөвлөх, төсөв боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хөгжлийн төлөвлөлт хийх, төсөв боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтыг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх, гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтыг хангах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд үйлдвэрлэлийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бодлого, үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, төсөөллийг үндэслэл сайтай боловсруулах, хамгаалах, төсвийн зардлыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтыг зохицуулах, санхүүгийн (сангийн) тайлан, мэдээ гаргах, холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийн гүйцэтгэлд аудит хийлгэх, төсвийн зардлыг нийтэд ил тод мэдээлэх, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, спортын салбарын эдийн засгийн төлөвлөлт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, улмаар холбогдох байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг хангах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах, салбарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг удирдлагаар хангах, төсөл хөтөлбөр, төсвийн худалдан авах ажиллагааны зохицуулалтыг хангах, гэрээ байгуулах, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байгууллагын эдийн засгийн үр ашгийг сайжруулах, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бий болгон бэхжүүлэх талаар сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, Сангийн яам, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, бүх шатны боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны болон соёл, спортын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.
3.3.10.хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт болон яамны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, боловсролын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгааны хэлбэрээр хэрэгжүүлж салбарын бодлогыг үр дүнтэй болгох, салбарын болон яамны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэх, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдэж энэ нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын нэгжүүд, ажиллагсдад бодлого, судалгаа, шийдвэрийн үндэслэл, хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дүгнэлт, зөвлөмж, мэдээлэл, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A