- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИЦУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2017 оны 288 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН
ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЛСЫН
ХЭМЖЭЭНД ЗОХИЦУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү дүрэм нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол (цаашид “ХДХВ/ДОХ” гэх)-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороо (цаашид “Үндэсний хороо” гэх)-ны чиг үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Үндэсний хороо нь үйл ажиллагаандаа хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
1.3.Үндэсний хороо нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдгийг хэрэглэнэ.
1.4.ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажлыг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах үүргийг төр, олон нийтийн оролцоог хангасан төлөөлөл бүхий аймаг, нийслэлийн орон тооны бус салбар хороо гүйцэтгэнэ. Салбар хорооны бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
Хоёр.Үндэсний хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт
2.1.Үндэсний хороо нь төр, олон нийтийн оролцоог хангасан төлөөллөөс бүрдсэн үндэсний хэмжээний орон тооны бус байгууллага мөн.
2.2.Шаардлагатай бол Үндэсний хороо ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тодорхой асуудлаар ажлын хэсэг, шинжээчдийн бүлэг байгуулан ажиллуулж болно.
2.3.Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
2.4.Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
2.5.Үндэсний хорооны ээлжит хуралдааныг хагас жил тутам хийнэ. Шаардлагатай тохиолдолд Үндэсний хорооны даргын санаачилгаар, эсхүл Үндэсний хорооны гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.
2.6.Үндэсний хорооны нийт гишүүдийн ердийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
2.7.Үндэсний хорооны даргын эзгүйд түүний үүргийг даргын эрх олгосноор хорооны аль нэг гишүүн гүйцэтгэнэ.
2.8.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
2.9.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргаж Хорооны дарга гарын үсэг зурна. Үндэсний хороо шаардлагатай гэж үзсэн асуудлаар зөвлөмж, албан даалгавар гаргаж болох бөгөөд түүнд Үндэсний хорооны дарга гарын үсэг зурна.
2.10.Үндэсний хорооны хуралдааныг тэмдэглэл хөтөлж баталгаажуулах бөгөөд түүнд Үндэсний хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
2.11.Үндэсний хорооны хуралдааны дэгийг Үндэсний хороо батална.
Гурав.Үндэсний хорооны чиг үүрэг
3.1.Үндэсний хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1.ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөө болон Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
3.1.2.ХДХВ/ДОХ-оос сэргийлэхтэй холбоотой асуудлаар хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр болон олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнтэй танилцах, зөвлөгөө өгөх;
3.1.3.ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлох, улс, орон нутгийн төсөвт тусгуулах талаар санал гаргах;
3.1.4.ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаанд гадаад, дотоодын хандивлагчдын тусламж, дэмжлэгийг авах;
3.1.5.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог хангах;
3.1.6.ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд таниулах, сурталчлах үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх ажлын үр дүнгийн тухай мэдээлэх;
3.1.7.ХДХВ/ДОХ-оос сэргийлэх асуудлаар санал боловсруулж, Засгийн газарт танилцуулах.
Дөрөв.Үндэсний хорооны дарга, гишүүний бүрэн эрх
4.1.Үндэсний хорооны дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.Үндэсний хорооны ажлыг удирдлагаар хангаж, хорооны шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
4.1.2.Үндэсний хорооны ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
4.1.3.Үндэсний хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
4.1.4.Үндэсний хорооны үйл ажиллагааны тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулах.
4.2.Үндэсний хорооны гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.2.1.Үндэсний хорооны хуралдаанд асуудал оруулж хэлэлцүүлэх;
4.2.2.Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хариуцсан салбар, чиглэлийн дагуу хяналт тавих;
4.2.3.хариуцсан салбар, чиглэлийн дагуу Үндэсний хороонд холбогдох мэдээ, тайлан, статистик тоо баримтыг гаргаж өгөх;
4.2.4.Үндэсний хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай танилцах, хорооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах.
4.3.Үндэсний хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаарх саналаа урьдчилан бичгээр хүргүүлж болно.
Тав.Үндэсний хорооны ажлын алба
5.1.Үндэсний хороо нь ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх)-тай байх бөгөөд ажлын алба нь хорооны өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
5.2.Ажлын албаны чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж гүйцэтгэнэ.
5.3.Ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.3.1.Үндэсний хорооны жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах;
5.3.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомж, Үндэсний хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
5.3.3.Үндэсний хорооны үйл ажиллагаанд шаардагдах тайлан, мэдээ, статистик тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах, бэлтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх;
5.3.4.Үндэсний хорооны хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, хорооны шийдвэрийг хэлбэржүүлж гаргах;
5.3.5.Үндэсний хорооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах;
5.3.6.Үндэсний хорооны салбар хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг нь уялдуулах.
5.4.Үндэсний хороо нь нарийн бичгийн даргатай байх бөгөөд нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.4.1.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг боловсруулж, хорооны даргаар батлуулах;
5.4.2.Үндэсний хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
5.4.3.Үндэсний хорооны салбар хорооны ажлын тайланг нэгтгэж, хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах.
Зургаа.Бусад зүйл
6.1.Үндэсний хороо нь тухайн жилийн үйл ажиллагааныхаа тайланг дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
---оОо---
Текст томруулах
A
A
A