- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨМӨР ЗАМЫН АЮУЛТАЙ БҮС, ТӨМӨР ЗАМЫН ЗУРВАС ГАЗАР, АЮУЛГҮЙН БҮСЭДТӨМӨР ЗАМЫН БОЛОН БУСАД ОБЬЕКТ БАЙРЛУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ, НЭВТРЭХ ЖУРАМ /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2017 оны 205 дугаар тушаалын хавсралт
ТӨМӨР ЗАМЫН АЮУЛТАЙ БҮС, ТӨМӨР ЗАМЫН ЗУРВАС ГАЗАР, АЮУЛГҮЙН
БҮСЭДТӨМӨР ЗАМЫН БОЛОН БУСАД ОБЬЕКТ БАЙРЛУУЛАХ,ҮЙЛДВЭРЛЭЛ,
ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ, НЭВТРЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журам нь төмөр замын аюултай бүс, зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад обьект, барилга байгууламжийг байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.2.Энэхүү журмын нэр томьёог Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хууль, Барилгын тухай хууль, төмөр замын нийтлэг багц дүрэм, стандартуудад заасан утгаар ойлгоно.
1.3.Төмөр замын болон бусад обьект, барилга байгууламжийн зураг төсөл, хийц загвар, үйл ажиллагаа нь Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативын шаардлагуудад нийцсэн байна.
Хоёр.Төмөр замын аюултай бүс, зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр
замын обьект байрлуулах
2.1.Төмөр замын аюултай бүс, зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын обьект байрлуулах гэж төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрөл олгох, зураг төсөл боловсруулах, батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааг хэлнэ.
2.2.Төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрөл олгох
2.2.1.Төмөр замын суурь бүтэц барих, өргөтгөх /цаашид “суурь бүтэц барих” гэх/, нийтийн хэрэглээний замд холбох зөвшөөрөл авах өргөдлийг иргэн, хуулийн этгээд /цаашид “Өргөдөл гаргагч” гэх/ нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 16.2, 16.3 -т заасан баримт бичгийн хамт төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Төрийн захиргааны төв байгууллага” гэх/-д ирүүлнэ. Ирүүлбэл зохих баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, шаардлага хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
2.2.2.Өргөдөл гаргагч нь техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэлд доорх зүйлүүдийг тусгаж зохих тооцоог хийсэн байна:
2.2.2.1.Ерөнхий шаардлага;
2.2.2.2.Ачаа болон зорчигч урсгалын чиглэл, цаашдын хандлага;
2.2.2.3.Төмөр замын шугамын үндсэн шалгуур үзүүлэлтүүд;
2.2.2.4.Төмөр зам барих газар нутгийн гадаргуу, хөрсний бүтэц, байгаль, цаг агаарын нөхцөл;
2.2.2.5.Төмөр замын шугамын чиг, дэвсгэр зураг;
2.2.2.6.Хиймэл төхөөрөмжийн байршил, тоо;
2.2.2.7.Өртөө, зөрлөг, зүтгүүрийн болон вагон засвар, ашиглалтын депо, ачааны терминал, зэргийн байршил, тэдгээрийн хүчин чадал;
2.2.2.8.Хоорондын замын тээх, нэвтрүүлэх чадвар;
2.2.2.9.Галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалт, өртөөний сум, дохиоллын байгууламжийн удирдах, хянах техник хэрэгсэл;
2.2.2.10.Зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны технологи, техник тоноглол;
2.2.2.11.Хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр;
2.2.2.12.Эдийн засгийн үр ашгийн тооцоо;
2.2.2.13.Байгаль орчны ерөнхий үнэлгээ;
2.2.2.14.Барилга угсралтын ажлын хэмжээ, тооцоолсон өртөг, хүний нөөцийн хэрэгцээ;
2.2.2.15.Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага;
2.2.2.16.Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн үйл ажиллагаатай холбогдолтойгоор сонсох ажиллагааг явуулсан байх.
2.2.3.Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг /цаашид ”Комисс” гэх/ нь өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативт нийцэж байгаа эсэхийг хянаж, шинээр баригдах төмөр замын суурь бүтэц, зохион байгуулалтын талаар техникийн дүгнэлт гаргана.
2.2.4.Комиссын ажиллах журам, хуралдааны дэгийг Төрийн захиргааны төв байгууллага батална.
2.2.5.Өргөдөл гаргагч нь шинээр барих төмөр замын суурь бүтцийг үйл ажиллагаа явуулж буй төмөр замын шугам, нийтийн хэрэглээний замтай холбох талаар тухайн төмөр замын шугам, нийтийн хэрэглээний зам эзэмшигчтэй зөвшилцсөн байна.
2.2.6.Төрийн захиргааны төв байгууллага нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж дүгнэлт гаргаж, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлнэ.
2.3.Төмөр замын суурь бүтцийн зураг төсөл боловсруулах, батлах
2.3.1.Төмөр замын зураг төсөл боловсруулах эрх бүхий байгууллага /цаашид “Зураг төслийн байгууллага” гэх/ өргөдөл гаргагчийн хүсэлт, ажлын зургийн техникийн даалгаврыг үндэслэн төмөр замын суурь бүтэц барих ажлын зураг төслийг боловсруулна.
2.3.2.Өргөдөл гаргагч нь зураг төслийн байгууллагыг сонгох эрхтэй.
2.3.3.Төмөр замын зураг төслийн байгууллага нь суурь бүтэц барих ажлын зураг төслийг Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативыг баримтлан боловсруулна.
2.3.4.Зураг төслийг орон нутгийн төрийн захиргааны байгууллага, төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэн, шаардлагатай тохиолдолд /суурь бүтэц нь үерийн далан, бүх төрлийн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээний авто зам зэргийг огтлох, аюултай, цэргийн ачаа боловсруулах, хадгалах г.м./ эрх бүхий бусад байгууллагуудтай зөвшилцсөн байна.
2.3.5.Өргөдөл гаргагч нь төмөр замын суурь бүтэц барих ажлын зураг төслийг Төрийн захиргааны төв байгууллагаар хянуулна.
2.3.6.Ажлын зураг төслийг Төрийн захиргааны төв байгууллага ажлын 15 /арван тав/ хоногийн дотор хянаж, төмөр замын суурь бүтэц барих барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох, эсхүл татгалзсан тухай шийдвэр гаргаж албан бичгээр мэдэгдэнэ.
2.3.7.Төмөр замын суурь бүтцийн зураг төслийг гадаад орны зураг төслийн байгууллагаар гүйцэтгүүлэх бол тухайн орны төмөр замын зураг төсөл хийх эрхийг Төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулсан байна.
2.4.Төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажил гүйцэтгэх
2.4.1.Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ журмын 2.3.6 дахь заалтад заасан зөвшөөрлийн дагуу төмөр замын суурь бүтэц барих, эсхүл өргөтгөх, барилга угсралтын ажил /цаашид “Суурь бүтцийн барилгын ажил” гэх/-ыг эрх бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.
2.4.2.Өргөдөл гаргагч нь Тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг сонгох үүрэгтэй.
2.4.3.Төмөр замын суурь бүтэц барих ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй үед барилга угсралтын ажил гүйцэтгэхийг хориглоно.
2.4.4.Суурь бүтцийн барилгын ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативт нийцүүлэн гүйцэтгэнэ.
2.4.5.Суурь бүтцийн барилгын ажлын явцын хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативын дагуу хэрэгжүүлнэ.
2.4.6.Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусмагц гүйцэтгэлийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлсэн байна.
2.5.Төмөр замын суурь бүтцийг ажлын түр хөдөлгөөнд ашиглах
2.5.1.Төмөр замын суурь бүтцийг үргэлжлүүлэн барих явцдаа баригдсан төмөр замыг ул шороо, замын чигжээсийг тогтворжуулах ажлын түр хөдөлгөөнд /цаашид “ажлын түр хөдөлгөөн” гэх/ ашиглаж болно.
2.5.2.Төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргаж төмөр замын суурь бүтцийг ажлын түр хөдөлгөөнд ашиглах эсэх шийдвэр гаргана.
2.5.3.Комиссын бүрэлдэхүүнд суурь бүтцийн барилга угсралтын ажлын захиалагч, зураг төслийн байгууллага, гүйцэтгэгч байгууллага, холбогдож байгаа суурь бүтцийн төлөөлөл оролцоно.
2.5.4.Суурь бүтцийг ажлын түр хөдөлгөөнд ашиглах тохиолдолд суурь бүтцийн техникийн байдал нь доорх шаардлагыг хангасан байна.
2.5.5.Замын далан, сэтэрхийн налуулгыг тогтворжуулж, ус зайлуулах төхөөрөмж суурилуулсан байх, ул шороог төслийн төвшинд хүргэсэн байх;
2.5.6.Хиймэл төхөөрөмж нь түр ашиглалтын хугацаанд энэ хэсгээр явах хөдлөх бүрэлдэхүүнийг тогтоосон хурдаар явуулах нөхцөлийг хангасан байх;
2.5.7.Төмөр замын дээд бүтэц нь 20 см-ээс багагүй зузаантай чигжээсний үе дээр тавигдсан байх;
2.5.8.Холбоо, дохиоллын байгууламж нь галт тэрэгний хөдөлгөөн зохицуулахад мөн галт тэрэг болон өртөө хоорондын холбоо, дохиололд /өртөөнд сумын постын холбоонд/ ашиглах боломжтой байх.
2.6.Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулах
2.6.1.Төмөр замын суурь бүтцийг байнгын ашиглалтад оруулахдаа энэ журам болон “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм“-ийг баримтална.
2.6.2.Өргөдөл гаргагч нь төмөр замын суурь бүтцийг хүлээлгэн өгөхдөө Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативын шаардлагуудыг бүрэн хангасан байна.
2.6.3.Төмөр замын суурь бүтцийг байнгын ашиглалтад оруулахдаа бүрэн болон барилга угсралтын зураг төслийн төлөвлөгөөний дагуу хэсэгчлэн хүлээн авч болох ба ажлын зураг төсөл нь өөрчлөгдсөн эсэхийг заавал шалгана.
2.6.4.Төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажил дууссаны дараа захиалагч нь барилга угсралтын ажил дууссан тухай гүйцэтгэгчийн албан ёсны мэдэгдлийн дагуу техникийн комисс томилон ажиллуулна.
2.6.5.Техникийн комисс нь ашиглалтад оруулах эсэх тухай шийдвэр /дүгнэлт, акт/-ийг гаргахдаа доорх үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.
Тухайн төмөр замын суурь бүтэц болон байгууламжуудын батлагдсан зураг төсөл болон түүнд оруулсан өөрчлөлтүүд нь зохих журмын дагуу хийгдсэн, энэхүү журамд заасан нөхцөл шаардлагыг хангаж буй эсэхэд дүн шинжилгээ өгөх;
2.6.5.1.Гүйцэтгэлийн зураг төсөл болон бусад гүйцэтгэлийн баримтуудад хийсэн дүн шинжилгээ;
2.6.5.2.Автоматжуулсан зам хэмжилтийн болон сэв шалгагчийн хэмжилтийн үр дүн, байгууламжуудын бүрэн хэмжээний ажиллагаа болон хэсэгчлэн туршсан байдлын хэмжилтийн үр дүн.
2.6.6.Захиалагч нь техникийн комиссын шийдвэрийг үндэслэн улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Өргөдөлд “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д заасан бичиг баримтууд, мөн зураг төсөлд заасан ажлууд бүрэн хийгдсэн болон энэхүү журамд заасан шаардлагууд бүрэн хангагдаж байгаа тухай техникийн комиссындүгнэлт, мөн бусад төрийн хяналтын байгууллагуудын дүгнэлт /галын, байгаль орчны, эрүүл ахуйн гэх мэт/ -үүдийг хавсаргана.
2.6.7.Улсын комисс нь техникийн комиссын илрүүлсэн зөрчлүүдийг арилгасан эсэхийг болон тухайн байгууламж нь ашиглалтад хүлээн авахад бэлэн эсэхийг заавал шалгах үүрэгтэй.
2.6.8.Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулах шийдвэрт тус комисст оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
2.6.9.Улсын комиссын гишүүдээс өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн байгууламжийг хүлээн авахтай холбоотойгоор гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд комиссын даргад илэрсэн зөрчил шалтгааныг мэдэгдэж дүрэм, журмын заалт зөрчигдсөн болохыг баримтжуулсан дүгнэлтийг танилцуулна.
2.6.10.Улсын комиссын заасан хугацаанд тухайн зөрчлийг арилгаагүй бол тухайн байгууламжийг ашиглалтад хүлээн авахыг хориглоно.
2.6.11.Гүйцэтгэлийн зураг хийгдээгүй төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулахыг хориглоно.
2.6.12.Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх бодисын хаягдал цэвэрлэх байгууламж байхгүй, барилга барих үеийн хог хаягдал, ахуйн хог хаягдлыг зайлуулах, цэвэрлэх арга хэмжээ аваагүй, байгаль орчинд тавигдах шаардлагыг хангаагүй төмөр замын суурь бүтцийн байгууламжийг ашиглалтад хүлээн авахыг хориглоно.
2.6.13.Байгаль орчинд хор нөлөө үзүүлж буйд хяналт тавих төхөөрөмжгүй, зураг төсөлд тусгагдсан байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлууд дутуу хийгдсэн болон огт хийгдээгүй, барилга угсралтын явцад хөрсний гэмтлийн нөхөн сэргээлт хийгээгүй, хүн амын аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд төмөр замын суурь бүтцийг ашиглалтад хүлээж авахыг хориглоно.
2.6.14.Төмөр замын суурь бүтцийн бүх байгууламжуудад “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын дагуу аюулгүй ажиллагааны гэрчилгээжүүлэлт хийсний дараа зохих журмын дагуу ашиглах тусгай зөвшөөрөл олгоно.
Гурав. Төмөр замын аюултай бүс, зурвас газар, аюулгүйн бүсэд дагнасан
хэрэглээний зам барих, өргөтгөл хийх
3.1.Төмөр замын аюултай бүс, зурвас газар, аюулгүйн бүсэд дагнасан хэрэглээний зам /цаашид “салбар зам” гэх/ барих, өргөтгөл хийх гэж төмөр замын салбар зам барих зөвшөөрөл олгох, зураг төсөл боловсруулах, батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааг хэлнэ.
3.2.Төмөр замын салбар зам барих зөвшөөрөл олгох
3.2.1.Төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх өргөдлийг энэхүү журмын хавсралт №1-т заасан баримт бичгийн хамт өргөдөл гаргагч нь Төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
3.2.2.Дээрх заалт төмөр замын байгууллагад мөн адил хамаарна.
3.2.3.Төрийн захиргааны төв байгууллага нь өргөдөл гаргагчийн өргөдөл, баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативт нийцэж байгаа эсэхийг хянаж, шийдвэрлэнэ.
3.2.4.Төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх асуудлаар дүгнэлт гаргах комиссыг Төрийн захиргааны төв байгууллага томилно.
3.2.5.Төрийн захиргааны төв байгууллага нь комиссыг ахлах ба түүний бүрэлдэхүүнд суурь бүтэц эзэмшигч байгууллага, иргэний төлөөллийг оролцуулж болно. Салбар замын зориулалт, байршлын онцлогыг харгалзан, комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн бусад байгууллагууд, салбар зам эзэмшигч, өргөдөл гаргагчийн төлөөллийг оруулж болно.
3.2.6.Комисс нь өргөдлийг хянах, судлах, дүгнэлт гаргах ажиллагааг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч, сэлгээний үйлчилгээ үзүүлэгч иргэн, байгууллагаас хараат бусаар бие даан хэрэгжүүлнэ.
3.2.7.Комиссын үйл ажиллагааны зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
3.2.8.Комисс нь төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх техникийн нөхцөлийг газар дээр нь судлан шалгаж дүгнэлт гаргана. Дүгнэлтэд дараах асуудлуудыг тусгасан байна.
3.2.8.1.Салбар зам барих болон өргөтгөлийн ажил нь холбогдох хууль, тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативын шаардлагад нийцсэн эсэх;
3.2.8.2.Салбар замыг өртөө, зөрлөгийн замтай холбох боломж, зохистой чиглэл, хувилбар, дайран өнгөрөх салбар замуудын талаарх мэдээлэл;
3.2.8.3.Дохиолол, холбооны төхөөрөмжийг ашиглах боломж, хувилбар;
3.2.8.4.Салбар замд суурилуулах шаардлагатай байгууламж, тоног төхөөрөмж;
3.2.8.5.Төмөр замын суурь бүтцийн одоогийн хүчин чадал, өргөдөлд заасан тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх боломж, хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх арга зам;
3.2.8.6.Байршил, ачаа боловсруулалт болон бусад онцлогоос хамаарч зайлшгүй хийх шаардлагатай нэмэлт ажил, байгууламж, технологийн талаарх санал;
3.2.8.7.Салбар зам, түүний өргөтгөл болон төмөр замын өртөө, зөрлөг, бусад салбар зам хоорондын харилцан ажиллагааны зарчим;
3.2.8.8.Галт тэрэгний хөдөлгөөн ба ачаа боловсруулалт, сэлгээний ажлын зохион байгуулалтын талаар тээвэрлэгч болон салбар зам эзэмшигч нарт өгөх зөвлөмж, санал, сэрэмжлүүлэг;
3.2.8.9.Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн үйл ажиллагаатай холбогдолтойгоор сонсох ажиллагааг явуулсан байх;
3.2.8.10.Бусад асуудал.
3.2.9.Салбар замын ачаа боловсруулалт, өргөдөлд заасан тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэхийн тулд ашиглагдаж байгаа төмөр замын суурь бүтцийн болон холбогдох бусад замууд, бусдын эзэмшлийн төмөр замын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийг өөрчлөн шинэчлэх шаардлагатай бол дүгнэлтэд энэ тухай тусгайлан заана.
3.2.10.Энэхүү дүгнэлт нь төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх ажлын зураг төсөл боловсруулах үндэслэл болно.
3.3.Салбар замын зураг төсөл боловсруулах
3.3.1.Төмөр замын зураг төсөл боловсруулах эрх бүхий байгууллага /цаашид “Зураг төслийн байгууллага” гэх/ энэ журмын 3.2.10-д заасан салбар зам барих, өргөтгөх шийдвэрийг үндэслэн төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх ажлын зураг төслийг мөн өргөдөл гаргагчийн хүсэлтийг үндэслэн төмөр замын салбар замын гүйцэтгэлийн зураг төслийг тус тус боловсруулна.
3.3.2.Өргөдөл гаргагч нь зураг төслийн байгууллагыг сонгох эрхтэй.
3.3.3.Энэ журмын 3.2.9 дахь заалтад заасан ажлын нэмэлт зураг төсөл боловсруулахтай холбоотой зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
3.3.4.Зураг төслийг Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм норматив болон бусад холбогдох эрх зүйн актад нийцүүлэн боловсруулна.
3.3.5.Зураг төслийг суурь бүтэц эзэмшигч байгууллага, иргэнтэй болон шаардлагатай тохиолдол /салбар зам нь үерийн далан, бүх төрлийн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээний авто зам зэргийг огтлох, аюултай, цэргийн ачаа боловсруулах, хадгалах г.м./-д эрх бүхий бусад байгууллагуудтай зөвшилцсөн байна.
3.3.6.Өргөдөл гаргагч нь төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх ажлын зураг төслийг Төрийн захиргааны төв байгууллагаар хянуулна.
3.3.7.Ажлын зураг төслийг Төрийн захиргааны төв байгууллага ажлын 5 /тав/ хоногийн дотор хянаж, салбар зам барих, өргөтгөл хийх барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргана. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхээс татгалзсан бол үндэслэлийг тодорхой заана.
3.3.8.Энэ журмын 3.3.7 дахь заалтын дагуу олгосон зөвшөөрлийг үндэслэн төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
3.3.9.Төмөр замын салбар замын гүйцэтгэлийн зураг төсөл нь салбар замыг гэрчилгээжүүлэх үндэслэл болно.
3.4.Салбар зам барих, өргөтгөх ажил гүйцэтгэх
3.4.1.Төмөр замын салбар зам барих эрх бүхий байгууллага /цаашид “Барилгын байгууллага” гэх/ нь энэ журмын 3.3.7 дахь хэсэгт заасан зөвшөөрлийн дагуу төмөр замын салбар зам барих, эсхүл өргөтгөх барилга угсралтын ажил /цаашид “Барилгын ажил” гэх/-ыг гүйцэтгэнэ.
3.4.2.Салбар зам барих, өргөтгөх ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй үед барилгын ажил гүйцэтгэхийг хориглоно.
3.4.3.Өргөдөл гаргагч барилгын байгууллагыг сонгох эрхтэй.
3.4.4.Барилгын ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативт нийцүүлэн гүйцэтгэнэ.
3.4.5.Барилгын ажлын явцын хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, стандарт, норм нормативын дагуу төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
3.4.6.Өргөдөл гаргагч барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусмагц салбар замын гүйцэтгэлийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлсэн байна.
3.5.Салбар замыг ашиглалтад оруулах
3.5.1.Өргөдөл гаргагч салбар замыг ашиглалтад оруулах хүсэлт /цаашид “хүсэлт” гэх/ гаргахын өмнө салбар зам барих, өргөтгөлийн ажлын барилга угсралтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулсан байна.
3.5.2.Хүсэлтийг Төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Хүсэлтэд төмөр замын салбар замын гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын гүйцэтгэлд шалгалт хийсэн болон шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулсан баримтыг хавсаргасан байна.
3.5.3.Төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг хянан шийдвэрлэх ажлыг хуанлийн 14 /арван дөрөв/ хоногийн дотор шийдвэрлэнэ.
3.5.4.Төрийн захиргааны төв байгууллага төмөр замын салбар замыг байнгын ашиглалтад оруулах дүгнэлт гаргах техникийн комисс томилно.
3.5.5.Төрийн захиргааны төв байгууллага комиссыг ахлах ба түүний бүрэлдэхүүнд суурь бүтэц эзэмшигч, ашиглагч байгууллага, иргэн, барилгын, зам засварын байгууллага, салбар замд үйлчлэх тээвэрлэгчийн төлөөллийг хамруулсан байна. Салбар замын зориулалт, байршлын онцлогийг харгалзан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн бусад байгууллагууд, салбар зам эзэмшигч, өргөдөл гаргагчийн төлөөллийг оруулж болно.
3.5.6.Комиссын үйл ажиллагааны зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
3.5.7.Комисс нь салбар замыг ашиглалтад оруулахдаа энэхүү журам болон бусад стандарт, нийтлэг багц дүрэмдзаасны дагуугазар дээр нь шалгаж, дүгнэлт гаргана. Дүгнэлтэд дараах асуудлыг тусгасан байна.
3.5.7.1.Салбар зам, түүнд суурилуулсан төхөөрөмж, байгууламж, машин механизм холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативын шаардлагад нийцэж байгаа эсэх;
3.5.7.2.Барилгын ажлыг ажлын зургийн дагуу гүйцэтгэсэн эсэх, өөрчилсөн бол шалтгаан, зөв оновчтой хэрэгжүүлсэн эсэх;
3.5.7.3.Салбар замын гүйцэтгэлийн зураг нь бодит байдалтай нийцэж байгаа эсэх;
3.5.7.4.Салбар зам нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх;
3.5.7.5.Салбар зам нь ачаа боловсруулалт, хадгалалт, ачааны бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангаж байгаа эсэх;
3.5.7.6.Салбар зам нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж буй эсэх;
3.5.7.7.Галт тэрэгний хөдөлгөөн, ачаа боловсруулалт, сэлгээний ажлуудын зохион байгуулалт, өртөө, зөрлөг, ачааны терминал, бусад салбар зам хоорондын харилцан ажиллагааны технологи;
3.5.7.8.Зөвлөмж, санал, сэрэмжлүүлэг;
3.5.7.9.Бусадасуудал.
3.5.8.Гүйцэтгэлийн зураг хийгдээгүй төмөр замын салбар замыг ашиглалтад оруулахыг хориглоно.
3.5.9.Комисс нь салбар замыг байнгын ашиглалтад оруулах дүгнэлтийг Төрийн захиргааны төв байгууллага, өргөдөл гаргагчид тус тус хүргүүлнэ. Салбар замыг ашиглалтад оруулахад шаардлагатай нэмэлт ажил, арилгах зөрчлийг дүгнэлтэд тусгасан бол өргөдөл гаргагч холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтийг Төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.
3.5.10.Төрийн захиргааны төв байгууллага нь комиссын дүгнэлт, өргөдөл гаргагчийн тайланг үндэслэн салбар замыг ашиглалтад хүлээн авах эсэх талаар шийдвэр гаргана.
3.5.11.Дээрх шийдвэрийг үндэслэн салбар замд тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ олгоно.
3.6.Салбар замыг ашиглах
3.6.1.Төмөр замын зам засвар, арчлалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага /цаашид “Зам засварын байгууллага” гэх/ нь энэ журмын 3.4.6-д заасан төмөр замын салбар замын гүйцэтгэлийн зураг төслийг үндэслэн салбар замын байнгын засвар арчлалт, өдөр тутмын хяналтыг хариуцан гүйцэтгэнэ.
3.6.2.Өргөдөл гаргагч нь зам засвар арчлалтын байгууллагыг сонгох эрхтэй ба салбар зам засвар, арчлалтын гэрээ байгуулна.
3.6.3.Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага /цаашид “Тээвэрлэгч” гэх/ салбар замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээг үндэслэн тус замд вагон тавих-татах үйлчилгээ /цаашид “сэлгээний үйлчилгээ” гэх/ үзүүлнэ.
3.6.4.“Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын дагуу тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ олгогдоогүй салбар замд сэлгээний үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
3.6.5.Өргөдөл гаргагч тээвэрлэгчийг сонгох эрхтэй.
3.6.6.Салбар замын өдөр тутмын ашиглалтын үйл ажиллагааны аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд өргөдөл гаргагч, зам засварын байгууллага, тээвэрлэгч нар хяналт тавина.
3.6.7.Төрийн захиргааны төв байгууллага нь салбар замын ашиглалтын үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох асуудлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативын дагуу шийдвэрлэнэ.
Дөрөв. Төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд бусад обьект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах
4.1.Төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд бусад обьект байрлуулах гэж төмөр замын ашиглалтын үйл ажиллагаатай холбоогүй барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, зураг төсөл боловсруулах, батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааг хэлнэ.
4.2.Төмөр замын зурвас газар, аюултай бүсэд бусад обьект байрлуулахдаа “Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм”-ийг мөрдлөг болгоно.
4.3.Төмөр замын аюулгүйн бүсэд бусад обьект байрлуулахад зөвшөөрөл олгох
4.3.1.Төмөр замын аюулгүйн бүсийн орчим барилга байгууламж барих, өргөтгөл хийх өргөдлийг энэхүү журмын хавсралтад заасан баримт бичгийн хамт Өргөдөл гаргагч нь Төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
4.3.2.Дээрх заалт төмөр замын байгууллагад мөн адил хамаарна.
4.3.3.Төрийн захиргааны төв байгууллага нь өргөдөл гаргагчийн өргөдөл, баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативт нийцэж байгаа эсэхийг хянаж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
4.3.4.Барилга байгууламж барих, өргөтгөл хийх асуудлаар дүгнэлт гаргах комиссыг Төрийн захиргааны төв байгууллага томилно.
4.3.5.Төрийн захиргааны төв байгууллага нь комиссыг ахлах ба түүний бүрэлдэхүүнд өргөдөл гаргагч, суурь бүтэц эзэмшигч байгууллага, иргэний төлөөллийг хамруулсан байна. Барилга, байгууламжийн зориулалт, байршлын онцлогийг харгалзан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн бусад байгууллагууд, салбар зам эзэмшигч, өргөдөл гаргагчийн төлөөллийг оруулж болно.
4.3.6.Комисс нь өргөдлийг хянах, дүгнэлт гаргах ажиллагааг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч, сэлгээний үйлчилгээ үзүүлэгч иргэн, байгууллагаас хараат бусаар бие даан хэрэгжүүлнэ.
4.3.7.Комиссын үйл ажиллагааны зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
4.3.8.Барилга байгууламж барих өргөдөлд дараах зүйлүүдийг хавсаргана.
4.3.8.1.Барилгын ажлын төлөвлөгөө, төсөл;
4.3.8.2.Барилгын үерийн ус зайлуулах зураг төслийг төмөр замын суурь бүтцийн байгууламжийн үерийн ус зайлуулах системтэй уялдуулсан байх;
4.3.8.3.Магадлан шалгалт хийгдсэн зөвшөөрөл бүхий зураг төсөлтэй байх;
4.3.8.4.Зураг төслийн бичиг баримтын бусад хавсралт материалууд;
4.3.8.5.Байр зүйн зураг;
4.3.8.6.Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн үйл ажиллагаатай холбогдолтойгоор сонсох ажиллагааг явуулсан байх.
4.4.Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах
4.4.1.Энэ хэсэгт төмөр замын аюулгүйн бүсэд баригдах барилгын зураг төслийн нөхцөл, шаардлага, гүйцэтгэх үйл явцыг тодорхойлно.
4.4.2.Төмөр замын аюулгүйн бүсэд баригдах барилга байгууламжийн зураг төслийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативын дагуу гүйцэтгэнэ.
4.4.3.Зураг төсөлд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн дагуу магадлан шинжилгээ хийлгэсэн байна.
4.4.4.Зураг төсөл нь доорх нөхцөл шаардлагыг хангасан байна.
4.4.4.1.Зураг төслийн хуудас бүр дээр хариуцсан инженерээр хянуулж гарын үсэг зуруулсан байна /цахим зураг төсөлд мөн адил хамаарна/.
4.4.4.2.Зураг төслийг 1:100, 1:200, 1:250-ын масштабтай гүйцэтгэнэ. Мөн барилга барих талбайг оруулаагүй хэсгийг 1:500-н масштабтай гүйцэтгэж болно.
4.4.5.Зураг төслийн дэвсгэр хэсэгт доорх зүйлийг байрлуулна.
4.4.5.1.Зураг төслийн масштаб;
4.4.5.2.Төмөр замын суурь бүтцийн байгууламж хүртэл зай, хил;
4.4.5.3.Төмөр замын аюултай бүс, зурвас газар, аюулгүйн бүсийн хил хязгаараас ямар зайд байрлаж байгаа байдал;
4.4.5.4.Барилгын суурийн хэсгийн зураглал.
4.4.6.Зураг төслийн хөндлөн дагуу огтлолын /барилгын өндрийг үзүүлсэн/хэсэгт доорх зүйлсийг байрлуулна:
4.4.6.1.Зураг төслийн масштаб;
4.4.6.2.Баригдах байгууламжийн өндрийн хязгаар;
4.4.6.3.Төмөр замын суурь бүтцийн байгууламжаас шинээр баригдах барилга байгууламж хоорондох өндрийн хамгийн бага зай;
4.4.6.4.Төмөр замын аюултай бүс ,зурвас газар, аюулгүйн бүсийн хил хязгаараас ямар зайд байрлаж байгаа байдал.
4.5.Барилга байгууламж барих, өргөтгөх барилга угсралтын ажил гүйцэтгэх
4.5.1.Барилга байгууламж барих, өргөтгөл хийх өргөдөл гаргагч нь “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д заасны дагуу харьяалах хяналтын байгууллагад гаргаж,Төрийн захиргааны төв байгууллагаар хянуулна.
4.5.2.Төрийн захиргааны төв байгууллага газар дээр нь доорх асуудлуудыг судлан шалгаж дүгнэлт гаргана.
4.5.2.1.Барилга байгууламжийн ажлын зураг, төлөвлөгөө;
4.5.2.2.Зөвшилцсөн хот байгуулалтын баримт бичиг;
4.5.2.3.Инженерийн тооцоо;
4.5.2.4.Ашиглах багаж хэрэгслийн тодорхойлолт, технологийн үйл ажиллагаа;
4.5.2.5.Ажлын явцын дараалал;
4.5.2.6.Гэнэтийн нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ;
4.5.2.7.Байр зүйн зургийн урьдчилсан нөхцөл;
4.5.2.8.Батлагдсан байр зүйн зураг;
4.5.2.9.Батлагдсан загварын дагуу материал.
4.5.3.Шинээр баригдах барилга байгууламж нь төмөр замын суурь бүтцийн хийц болон тээврийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр бол өргөдөл гаргагчид энэ тухай шийдвэрийг бичгээр мэдэгдэнэ.
4.6.Барилга байгууламжийн батлагдсан зураг төсөлд өөрчлөлт оруулах
4.6.1.Барилга байгууламжийн батлагдсан төлөвлөгөө, зураг төсөлд өөрчлөлт оруулахад доор дурдсан нэмэлт материалыг ирүүлнэ.
4.6.1.1.Нэмэлт зураг төслийн ажлын зураг;
4.6.1.2.Инженерийн ажлын төлөвлөгөө.
4.6.2.Нэмэлт зураг төсөлд өөрөөр заагаагүй бол батлагдсан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналд барилгын ажлыг гүйцэтгэгчийг дахин сонгохгүй.
4.7.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах
4.7.1.Өргөдөл гаргагч барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг мөрдөх ба Төрийн захиргааны төв байгууллагад доорх баримт бичгийг хавсарган өргөдөл ирүүлнэ.
4.7.2.Барилгын суурь, барилга байгууламжийн хийцийн гүйцэтгэлийн зураг төсөл /мэргэшсэн инженерээр баталгаажуулсан байх/;
4.7.2.1.Цахилгаан болон механикийн эд ангиудын гүйцэтгэлийн зураг төслийг хамаарах мэргэшсэн инженерээр баталгаажуулсан байх /төмөр замын суурь бүтцийн хил хязгаар дахь төлөвлөлтөд хамаарах хэсгийг/;
4.7.2.2.Төмөр замын суурь бүтцийн далангийн хөндлөн огтлол /хамгаалалтын бүс хилийг дуустал/;
4.7.2.3.Төмөр замын суурь бүтцийн сэтэрхийтэй хөндлөн огтлол /хамгаалалтын бүс хилийг дуустал/;
4.7.2.4.Гүүрэн дээрх төмөр замын хөндлөн огтлол /хамгаалалтын бүс хилийг дуустал/;
4.7.2.5.Хөдлөх бүрэлдэхүүний оврын зураг;
4.7.2.6.Судалгааны ажлын төгсгөлийн тайлан.
4.7.3.Төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг хянан шийдвэрлэх ажлыг дараах байдлаар зохион байгуулж, хуанлийн 14 /арван дөрөв/ хоногийн дотор шийдвэрлэнэ.
4.7.4.Төрийн захиргааны төв байгууллага нь комисс томилно.
4.7.5.Төрийн захиргааны төв байгууллага нь комиссыг ахлах ба түүний бүрэлдэхүүнд өргөдөл гаргагч, суурь бүтэц эзэмшигч, иргэн, барилгын гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг хамруулсан байна. Барилгын байгууламжийн ажлын зориулалт, байршлын онцлогийг харгалзан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн бусад байгууллагууд, салбар зам эзэмшигч, өргөдөл гаргагчийн төлөөллийг оруулж болно.
4.7.6.Комиссын үйл ажиллагааны зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
4.7.7.Комисс нь тухайн барилга байгууламж нь төмөр замын суурь бүтцэд нөлөөлөх байдлын дүгнэлт гаргана. Дүгнэлтэд дараах асуудлыг тусгасан байна.
4.7.7.1.Барилга байгууламж, түүний хийц загвар, суурилуулсан төхөөрөмж, байгууламж, машин механизм холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм нормативын шаардлагад нийцэж байгаа эсэх;
4.7.7.2.Барилгын ажлыг ажлын зургийн дагуу гүйцэтгэсэн эсэх, өөрчилсөн бол шалтгаан, зөв оновчтой хэрэгжүүлсэн эсэх;
4.7.7.3.Барилга байгууламжийн гүйцэтгэлийн зураг нь бодит байдалтай нийцэж байгаа эсэх;
4.7.7.4.Барилга байгууламжнь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх.
Тав. Төмөр замын аюултай бүс, зурвас газар аюулгүйн бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах
5.1.Төмөр замын аюултай бүс, зурвас газарт төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчид нь тээврийн технологийн зориулалттай ажил, үйлчилгээг төмөр замын техник ашиглалтын журмын шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
5.2.Төмөр замын тээврийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг төмөр замын аюултай бүс дотор ажил үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
5.3.Төмөр замын зурвас газар аюулгүйн бүсэд байрлах төмөр замын өртөө, буудлын орчинд зорчигч үйлчилгээний зориулалтын шуудан, телефон холбоо, ном хэвлэл, бэлэг дурсгал, хүнсний бараа үйлчилгээний газар, цэгүүд ажиллаж болно.
Зургаа. Хариуцлага
6.1.Энэхүү журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Хавсралт № 1
Төмөр замын салбар зам барих, өргөтгөх тухай өргөдөл, баримт бичиг
1.Өргөдөл гаргагчийн талаарх мэдээлэл
-Өргөдөл эсхүл албан бичиг;
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ буюу иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
-Оршин суугаа хаяг, утасны дугаар, шуудангийн хаяг;
-Сонсох ажиллагааг явуулсан байх.
2.Салбар замын талаарх мэдээлэл
-Салбар замын чиг, байршлын бүдүүвч тойм зураг;
-Салбар замын замуудын тоо, багтаамж, төхөөрөмж байгууламж, техник хэрэгсэл;
-Салбар замын ачаа боловсруулах хүчин чадал;
-Салбар замын газрын ашиглалт, эзэмшлийн талаарх баримт бичиг.
3.Тээвэрлэлтийн талаарх мэдээлэл
-Салбар замын зориулалт, үйлчилгээний ба ачааны нэр, төрөл;
-Ажил үйлчилгээний тойм хэмжээ /дамжуулах буюу боловсруулах вагон, ачаа/.
---оОо---
Текст томруулах
A
A
A