- Нүүр
- Сайдын тушаал
- ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны А-50/378/565 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН
ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээний (цаашид “эрсдлийн үнэлгээ” гэх) зорилго нь төслийн үйл ажиллагаанаас болон төсөл хэрэгжих явцад үүсэж болох осол, аюулын үед ялгарах химийн бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж болох эрсдлийг үнэлэн тодорхойлж, тэдгээрээс гарах үр дагавар, түүнийг бууруулах арга хэмжээг тодорхойлоход оршино.
1.2.Химийн хорт болон аюултай бодисыг үйлдвэрлэх, ашиглах, хадгалах, устгах үйл ажиллагаа эрхлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж болзошгүй эрсдлийг үнэлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.3.“Химийн хорт болон аюултай бодисын тухай” болон “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуульд заасны дагуу төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хүрээнд эрсдлийн үнэлгээг хийнэ.
1.4.Энэхүү журмын 1.3-д зааснаас гадна, дараах тохиолдолд энэ журмыг ашиглан эрсдлийн үнэлгээ хийж болно. Үүнд:
- Химийн хортой болон аюултай бодисын хог хаягдал зориудын бусаар үүсэх;
- Гамшиг, осол гарсантай холбоотойгоор хүний эрүүл мэнд, мал, амьтан, усны амьд организм, байгаль орчин, улсын болон хувийн өмчид бодитой аюул учруулахуйц химийн хорт болон аюултай бодис алдагдах;
- Стратегийн үнэлгээ хийх;
- Бохирдсон газрыг цэвэрлэх, нөхөн сэргээх зорилгоор эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах үнэлгээ хийх;
- Бохирдсон газрыг цэвэрлэх нөхөн сэргээх болон эрсдэлд суурилсан байгаль орчны стандарт боловсруулах гэх мэт.
Хоёр. Нэр томъёо
2.1.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1.“байгаль орчны эрсдлийн үнэлгээ” гэж хүрээлэн буй орчинд тархаж болох болон тархсан бохирдолтой (бохирдуулагч бодис) хүрэлцэх, түүний нөлөөлөлд өртснөөс экологийн бүрдэл хэсгийн эрүүл мэндэд үзүүлж болох эрсдлийг тодорхойлох цогц ажиллагааг;
2.1.2.“хүний эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ” гэж хүрээлэн буй орчинд тархаж болох болон тархсан бохирдолтой (бохирдуулагч бодис) хүрэлцэх болон түүний нөлөөлөлд өртснөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийг тодорхойлох цогц ажиллагааг;
2.1.3.“эрсдэл” тодорхой үйл ажиллагаа эсвэл үйл явдлын улмаас үүсэж болох сөрөг нөлөөллийг (эд хөрөнгийн гарз хохирол, хүн болон экологийн бүрдэл хэсгийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гэмтэл гэх мэт);
2.1.4.“эрсдэл учруулж болзошгүй бодис” гэж хүний эрүүл мэнд болон экологийн өртөгчид эрсдэл учруулахуйц хэмжээний агууламжтайгаар байгаль орчинд тархаж болзошгүй буюу тархсан химийн бодисыг;
2.1.5.“эрсдэлд өртөгч” гэж аюултай сөрөг нөлөөлөлд өртсөн хүн болон экологийн бүрдэл хэсгийг;
2.1.6.“аюул” гэж үер, газар хөдлөлт, гал түймэр, цаг агаарын хүчин зүйл гэх мэт байгалийн хүчин зүйлийн улмаас үүсэх системийн хэвийн бус ажиллагааг;
2.1.7.“осол” гэж тоног төхөөрөмжийн эвдрэл, аваар осол, хүний алдаатай үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх системийн хэвийн бус ажиллагааг;
2.1.8.“түлхүүр асуулт” гэж энэхүү журмын дагуу хийгдэх эрсдлийн үнэлгээнд зайлшгүй авч үзэх ёстой асуултыг;
2.1.9.“эрсдлийн дүр зураг” гэж эрсдэлтэй холбоотой үүсэх нөхцөл байдлуудыг нэгтгэж харуулахыг;
2.1.10.“хор аюулын коэффициент (ХАК)” эрсдлийн нөлөөлөлд өртөх таамагласан хэмжээг олон жилийн дундаж аюулгүй хүлцэх хэмжээнд хуваасан ногдворыг;
2.1.11.“дундаж наслалтанд хуримтлагдах хавдрын эрсдэл” (ДНХХЭ) гэж зөвхөн тухайн төслийн үйл ажиллагаанаас тархах бодисын нөлөөнд өртсөнөөс хүн амын дунд үүсч болох хорт хавдрын таамаглаж буй тохиолдлыг;
2.1.12.“хоруу чанарын лавламж хэмжээ” гэж бохирдуулагч бодисын аюулгүй буюу хүлцэх тунг;
2.1.13.“эрсдлийн менежментийн төлөвлөгөө” гэж эрсдлийг арилгах, бууруулах болон эрсдлийн хэмжээг хүлээн зөвшөөрөхүйц эсвэл хүлцэх хэмжээнд хүргэхэд чиглэсэн стратеги, шийдвэр, үйл ажиллагааг.
Гурав. Эрсдлийн үнэлгээ хийх
3.1.Тухайн төсөлд эрсдлийн үнэлгээ хийх эсэхийг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний шинжээч тодорхойлно.
3.1.1.Хэрэв байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд эрсдлийн үнэлгээ хийхээр заагаагүй бол тухайн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хүрээнд эрсдлийн үнэлгээ хийх шаардлагагүй;
3.1.2.Хэрэв байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд эрсдлийн үнэлгээ хийхээр заасан бол тухайн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэгч нь энэхүү журмын дагуу эрсдлийн үнэлгээг гүйцэтгэнэ.
3.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэгч компанийн менежер эрсдлийн үнэлгээ хийх туршлага бүхий этгээдийг “эрсдлийн үнэлгээний багийн ахлагч”-аар томилно.
3.3.Эрсдлийн үнэлгээний багийн ахлагч нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуульд заасны дагуу төсөл хэрэгжүүлэгчийн бүрдүүлсэн материал болон байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлттэй танилцсаны дараа төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран эрсдлийн үнэлгээ хийх зорилго, эрсдлийн үнэлгээний хамрах хүрээ, түлхүүр асуултыг тодорхойлж, эрсдлийн үнэлгээ хийх ажлын даалгаврыг боловсруулна.
3.4.Энэхүү журмын 3.3-д заасан ажлын даалгаврыг талууд хүлээн зөвшөөрч, түүнийгээ баталгаажуулсан байна.
3.5.Эрсдлийн үнэлгээ хийх ажлын даалгаварт дараах чиглэлээр үнэлгээ хийх талаар тодорхой тусгасан байна. Үүнд:
3.5.1. хүний эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ;
3.5.2. байгаль орчны эрсдлийн үнэлгээ;
3.5.3. осол, аюулын эрсдлийн үнэлгээ.
3.6.Эрсдлийн үнэлгээ хийх ажлын даалгаварт 1-р хүснэгтэд заасан хүний эрүүл мэнд (ЭМТА) ба байгаль орчны эрсдлийн үнэлгээний түлхүүр асуулт (БОТА), 2-р хүснэгтэд заасан осол, аюулын эрсдлийн үнэлгээний түлхүүр асуултыг (ОАТА) багтаасан байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийх явцад тухайн төслийн онцлогоос хамаарч оролцогч талуудын санал болгосон нэмэлт асуултаар түлхүүр асуулт баяжигдаж болно.
1-р хүснэгт. Хүний эрүүл мэнд ба байгаль орчны эрсдлийн
үнэлгээний түлхүүр асуулт
ЭМТА 1:Төслийн үйл ажиллагаанаас усны чанарт нөлөөлснөөр хүний эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлж болох вэ? |
БОТА 1:Төслийн үйл ажиллагаанаас усны чанарт нөлөөлснөөр экосистемд ямар нөлөөлөл үзүүлж болох вэ? |
ЭМТА 2:Төслийн үйл ажиллагаанаас агаарын чанарт нөлөөлснөөр хүний эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлж болох вэ? |
БОТА 2:Төслийн үйл ажиллагаанаас агаарын чанарт нөлөөлснөөр экосистемд ямар нөлөөлөл үзүүлж болох вэ? |
ЭМТА 3:Төслийн үйл ажиллагаанаас хөрсний чанарт нөлөөлснөөр хүний эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлж болох вэ? |
БОТА 3:Төслийн үйл ажиллагаанаас хөрсний чанарт нөлөөлснөөр экосистемд ямар нөлөөлөл үзүүлж болох вэ? |
ЭМТА 4:Төслийн үйл ажиллагаанаас хүнсний бүтээгдэхүүний чанарт нөлөөлснөөр хүний эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлж болох вэ? |
БОТА 4:Төслийн үйл ажиллагаанаас хүнсний бүтээгдэхүүний чанарт нөлөөлснөөр экосистемд ямар нөлөөлөл үзүүлж болох вэ? |
ЭМТА 5:Ус, агаар, хөрс болон хүнсний бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт гарснаар хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөлөл үзүүлэх вэ? |
БОТА 5:Ус, агаар, хөрс болон хүнсний бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт гарснаар экосистемд ямар сөрөг нөлөөлөл үзүүлэх вэ? |
2-р хүснэгт. Осол, аюулын үеийн эрсдлийн үнэлгээний түлхүүр асуулт
ОАТА 1:Төслийн үйл ажиллагаанаас а)хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, б)байгаль орчин, в)ажиллагсад, г)үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй ямар осол тохиолдож болох вэ? (хүний үйл ажиллагаа, тоног төхөөрөмж/системийн эвдрэл гэмтэл, байгалийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйл) |
ОАТА 2:ОҮТА 1-д дурдсан үүсэж болох осол бүрийн тохиолдох магадлал болон үзүүлэх нөлөөллийн хүч нь ямар байх вэ? |
ОАТА 3:Дээр дурдсан ослын тохиолдол болон тэдгээрээс үүсэх хор уршгийн алинд нь эрсдэл бууруулах арга хэмжээ авахад илүү үр дүнтэй байх вэ? |
ОАТА 4:ОҮТА 3-д дурдсан ослын тохиолдлын үед хичнээн хүн, мал болон ховордсон амьтан, ургамал өртөх магадлалтай вэ? |
ОАТА 5:ОҮТА 3 дугаар тогтоосон ослын тохиолдлын үед эрсдлийг бууруулах талаар ямар арга хэмжээг зөвлөмж болгох вэ? |
ОАТА 6:Зөвлөмж болгосон арга хэмжээг авсны дараа үлдэх эрсдлийн хэмжээ (гүйцэд арилаагүй) ямар байх вэ? |
3.7.Эрсдлийн үнэлгээний ажлын даалгаварт заагдсан ажлыг гүйцэтгэх хуваарь, шаардагдах хугацааг тогтоохдоо төсөл хэрэгжих орон нутгийн байгаль орчны суурь нөхцөл, химийн суурь үзүүлэлтийг улирлын өөрчлөлттэй уялдуулан авч үзнэ.
3.8.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хүрээнд байгаль орчны хээрийн суурь судалгаа хийхийн өмнө эрсдлийн үнэлгээний ахлагч түлхүүр асуулттай уялдуулан төслийн үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд ялгарах химийн бодис, тархах зам, хүн болон байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх нөлөө, эрсдлийг урьдчилан тооцоолж, дүр зургийг гаргана.
3.9.Эрсдлийн үнэлгээний ахлагч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний багийн бусад мэргэжилтнүүд болон төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран дараах асуудлыг тохиролцно. Үүнд:
3.9.1.Төслийн хамрах хүрээ;
3.9.2.Судалгаанд хамрагдах орчны талбай;
3.9.3.Байгаль орчны бүрэлдэхүүн хэсгээс (агаар, ус, хөрс гэх мэт) суурь судалгааны дээж авах хөтөлбөр;
3.9.4.Эрсдлийн болон өртөлтийн дүр зургийг үнэлэхэд шаардлагатай мэдээллийн үнэн зөв, бодит байдал.
3.10.Төсөл хэрэгжүүлэгчийн оролцоотойгоор эрсдлийн үнэлгээний багийн ахлагч энэхүү журмын 3.9-д заасан мэдээллийг тусгасан “Эрсдлийн дүр зураг гаргах, дээж авах төлөвлөгөө”-г боловсруулна.
3.11.Төсөл хэрэгжүүлэгч нь эрсдлийн үнэлгээтэй холбоотойгоор гарах зардлыг хариуцна (дээж авах, лабораторийн шинжилгээ гэх мэт).
3.12.Дээж авах болон цуглуулсан мэдээллийн үнэн бодит байдлыг хангах зорилгоор эрсдлийн үнэлгээний багийн ахлагч нь дээж авах ажиллагааг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний багийн бусад гишүүдтэй хамтран гүйцэтгэнэ.
Дөрөв. Төсөл хэрэгжих орчны талаар мэдээлэл цуглуулах
4.1.Хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болох эрсдэл, эсвэл төслийн үйл ажиллагааны улмаас үүсч болох ослын үр дагаврыг урьдчилан тооцоход шаардлагатай мэдээллийн жагсаалтыг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний багтай хамтран боловсруулах ба төсөл хэрэгжүүлэгч мэдээллээр хангах үүрэг хүлээнэ.
4.2.Төсөл хэрэгжүүлэгчээс шаардлагатай мэдээллийг албан ёсоор хүлээж аваагүй тохиолдолд эрсдлийн үнэлгээг эхлүүлж үл болно.
4.3.Эрсдлийн үнэлгээний багийн ахлагч нь эрсдлийн үнэлгээ хийх ажиллагаа эхлэж байгаа талаар төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэгч компанийн менежерт албан ёсоор мэдэгдэнэ.
4.4.Эрсдлийн үнэлгээ хийхэд шаардлагатай материалыг дараах зарчмаар хүлээн авна. Үүнд:
4.4.1.Эрсдлийн үнэлгээний багийн ахлагч нь төсөл хэрэгжүүлэгчээс хүлээн авсан мэдээллийн бүртгэл хөтлөж, “хүлээн авсан” эсвэл “хангалтгүй” гэсэн тэмдэглэгээ хийнэ.
4.4.2.Эрсдлийн үнэлгээний багийн ахлагч ирсэн мэдээллийн эх сурвалжийг бүртгэнэ.
4.4.3.Эрсдлийн үнэлгээ хийлгэхээр хүргүүлж буй материал дараах баримт, мэдээллийг багтаасан байна. Үүнд:
- Дээж цуглуулах хөтөлбөрийн дагуу итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн химийн шинжилгээний дүн;
- Хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төслийн технологийн болон үйл ажиллагааны шийдэл нь хүн ам, хүрээлэн буй орчин, ажилтан ажиллагсдын эрүүл мэндийг хэрхэн хангасан тухай тайлбар;
- Төслийн үйл ажиллагааны явцад тусгай хяналтын дор байгаль орчинд ялгарах химийн бодис, бохирдуулагчийн (технологийн процесс, эрчим хүчний эх үүсвэр, тээврийн хэрэгслээс ялгарах хий, шингэн, байгууламжийн дотор болон гадна хаягдах хатуу болон шингэн хаягдлаас үүсэх) хэмжээ, тодорхойлолт;
- Төслийн үйл ажиллагааны явцад хяналтгүйгээр (зориудын бусаар) үүсч ялгарах боломжтой химийн бодис, бохирдуулагчийн (жишээ нь, алдагдал хий, тоос, хаягдал ус цэвэрлэх байгууламжийн задгай цөөрмөөс үүсэх дэгдэмхий бодисууд, гүний ус руу нэвчих бодис гэх мэт) хэмжээ, тодорхойлолт;
- Химийн хорт болон аюултай бодис ашиглах ажлын байрны тодорхойлолт, ажиллагсдыг хамгаалах төлөвлөгөө;
-
Төслийн үйл ажиллагаанд ашиглах хортой болон аюултай бодисын талаарх мэдээлэл. Үүнд:
- Ашиглах бодисын (жишээ нь, түүхий эд, засвар үйлчилгээний болон дулаан солилцооны шингэн гэх мэт) нэршил, томъёо (химийн, худалдааны, олон улсын нэршил);
- Олон улсын бүртгэлийн дугаар (CAS-ын дугаар), НҮБ-ын дугаар;
- Ашиглах зориулалт;
- Физик шинж чанар;
- Химийн шинж чанар;
- Тухайн химийн бодис асгарах, алдагдах болон онцгой байдлын үед авах арга хэмжээний талаарх үйлдвэрлэгч эсвэл албан ёсны борлуулагчаас гаргасан мэдээлэл, заавар;
- Хорт болон аюултай бодис, түүнийг агуулж болзошгүй хаягдлыг устгах, хоргүйжүүлэх заавар.
4.5.Энэхүү журмын 4.4-т заасан мэдээллүүд бүрэн бус байвал эрсдлийн үнэлгээ хийх боломжгүй гэж үзэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид буцаана.
Тав. Эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээний хамрах хүрээ, ерөнхий зарчим
5.1.Итгэмжлэгдсэн лабораторид хийсэн химийн шинжилгээний дүн гарсны дараа хүний эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ болон байгаль орчны эрсдлийн үнэлгээг эхлүүлнэ. Эрсдлийн үнэлгээний багийн ахлагч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний багийн гишүүдтэй холбогдох мэдээллийг солилцож, ажлын уялдаа холбоог хангаж ажиллана.
5.2.Бохирдуулагч бодисын эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн үнэлгээ нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Асуудлыг тодорхойлох;
- Өртөлтийг тодорхойлох;
- Хоруу чанарыг тодорхойлох;
- Эрсдлийн шинж чанарыг тодорхойлох.
5.2.1.Байгалийн болон хүний хүчин зүйлсээс хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийг тогтоохдоо тухайн төсөл хэрэгжих орчны суурь нөхцөлийг харгалзан үзнэ;
5.2.2.Эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээг үүсч болох нөхцөл байдлыг урьдчилан таамаглах байдлаар төслийн дараах үе шат бүрд хийнэ:
1/ барилга байгууламж барих;
2/ төсөл хэрэгжих;
3/ төсөл дуусч үйл ажиллагаа зогсох;
4/ төсөл дууссаны дараа;
5.2.3.Энэхүү үнэлгээнд төслийн хэвийн үйл ажиллагааны явцад хуримтлагдах эрсдэл болон төслийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй (мөн цаашид байгуулагдах) байгууламжаас үүсч болзошгүй эрсдлийг тооцоолж оруулна;
5.2.4.Эрсдлийн дүр зургийг гаргах шатанд эрсдлийн үнэлгээний шинжээч нь төсөл хэрэгжих орчинд одоо болон ирээдүйд үүсэх аюултай бохирдуулагч, тэдгээрийн дамжих зам ба өртөгч бүлгийг тодорхойлох замаар хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлж болох эрсдлийг тоон утгаар үнэлнэ. Эрсдлийн дүр зургийг гаргахдаа үүсч болох химийн аюул, түүний өртөгч бүлэгт хүрэх замыг загварчилж гаргах бөгөөд хүлээн зөвшөөрч болохуйц эрсдлийн түвшинг тодорхойлно;
5.2.5.Химийн бодисын суурь үзүүлэлт нь төслийн суурь судалгааны мэдээллийн сангаас авсан химийн бодисын статистик мэдээлэлд тулгуурлана. Төслийн үйл ажиллагааны улмаас ирээдүйд үүсэх химийн бохирдуулагчийн агууламжийг урьдчилан таамаглах загвар ашиглан тооцоолно. Химийн бодисын суурь болон урьдчилан таамагласан агууламжийн аль алинд дүн шинжилгээ хийж, эрсдэл учруулж болзошгүй бодис байгаа эсэхийг тогтооно;
5.2.6.Болзошгүй эрсдэлд хүн өртнө гэж үзсэн тохиолдолд эрсдлийн дүр зургийг хүүхэд болон насанд хүрэгч тус бүрээр гаргана;
5.2.7.Болзошгүй эрсдэлд өртөх экологийн бүрдэл хэсгийг сонгоход дараах хүчин зүйлийг харгалзан үзнэ. Үүнд:
- тухайн орчинд амьдардаг ижил төстэй идэш тэжээлтэй амьтад;
- экологийн хоол тэжээлийн гинжин хэлхээнд голлох үүрэг гүйцэтгэдэг хүчин зүйл;
- эдийн засгийн ач холбогдолтой хүчин зүйл (мал аж ахуй, газар тариалан гэх мэт);
- нэн ховор, устаж болзошгүй төрөл зүйл;
- тухайн орон нутгийн экологийн хоол тэжээлийн хэлхээнд голлох байр суурь эзэлдэг төрөл зүйл буюу эрсдэлд өртөгч (жишээ нь, өвсөн тэжээлтэн, шавьж идэштэн, махчин гэх мэт);
5.2.8. Өртөлтийг тодорхойлох шатанд эрсдлийн үнэлгээний шинжээч нь өртөгч бүлэг бүрт эрсдэл учруулж болзошгүй бодисын хүрэх агууламж, хоногт авах тунг тухайн орон нутгийн мэдээллийг ашиглан тогтооно.
- Өртөлтийн агууламжийг статистик дунджаар авах ба уг дунджын 95%-ийг зөвшөөрөх дээд хязгаар гэж үзнэ;
- Эрсдэл учруулж болзошгүй бодисын хоногт авах тунг бодис бүрээр, дамжих зам бүрээр тооцоолно;
- Өртөлтийг тодорхойлохдоо экологийн бүрдэл хэсэг бүрийг (гадаргын ус, газрын доорх ус, хөрс, агаар, загас, амьтан, ургамал, ургац, мал сүрэг гэх мэт) хоол тэжээлийн гинжин хэлхээтэй холбон авч үзнэ;
- Өртөлтийг тодорхойлоход (бохирдуулагчийн ялгарал, тархалт, өртөгч, өртөх хэмжээ зэрэг) ашиглах математик загвар нь шинжлэх ухааны үндэслэлтэй зохиогдсон, хэрэглэхэд хялбар байна;
- Өртөлтийн боломжит хувилбарыг гаргахдаа тухайн нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзана;
- Өртөлтийн таамаглал шинжээчийн дүгнэлтэнд үндэслэж гарсан бол тухайн дүгнэлтийн үндэслэл, тооцоолол, гарч болох алдааг тодорхой бус байдлын шинжилгээ гэсэн хэсэгт оруулна.
5.2.9.Хор аюулыг тодорхойлоход эрсдлийн үнэлгээний шинжээч нь эрсдэл учруулж болзошгүй химийн бодисоос тухайн орчны өртөгч бүлгүүдэд үзүүлэх нөлөөлөл, түүний шинж чанар болон өртөлтийн аюулгүй агууламж буюу авч болох тунг (хоруу чанарын лавламж хэмжээ) тогтооно:
- Хүний эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээг хийхдээ эрсдлээс үүсэх хортой нөлөөллийг хүн амын бүлэг бүрээр гаргах ба хавдрын болон хавдрын бус нөлөөллийн аль алиныг тодорхойлно;
- Байгаль орчны эрсдлийн үнэлгээг хийхдээ хордуулах нөлөөлөл нь популяцид эрсдэл учруулах эсэхийг (нөхөн үржихүй, өсөлт хөгжилтөд нөлөөлөх гэх мэт) тогтооно. Нэн ховор эсвэл ховордсон төрөл зүйл эрсдэлд өртөх магадлалтай бол тэдгээрийг эрсдлээс хамгаалах хамгийн дээд түвшинг тогтоон, эрсдлийг популяци болон төрөл зүйл тус бүрээр тооцоолно;
5.2.10.Эрсдлийн шинж чанарыг тодорхойлох. Энэ шатанд эрсдлийн үнэлгээний шинжээч нь үүсэж болох эрсдлийг тоон утгаар тооцоолж гаргана. Хорт хавдар үүсгэдэггүй бодисын хувьд хор аюулын коэффицентыг (ХАК), хорт хавдар үүсгэдэг бодисын хувьд дундаж наслалтанд хуримтлагдах хавдрын эрсдэлийг (ДНХХЭ) тооцоолно. Хавдар үүсгэгч химийн бодисоос эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг зөвхөн хүн дээр хийх бөгөөд экологийн бүрэлдэхүүн хэсэгт хийхгүй.
5.3.Эрсдлийн ерөнхий дүр зураг, эрсдэлд өртөгч, эрсдэл учруулж болзошгүй химийн бодис, дамжих зам нэг бүрд дараах үзүүлэлтийг нэгтгэн авч үзнэ:
- Өртөх агууламж, хоногийн хордуулах тун, хор аюулын коэффициентээр (ХАК) тогтоосон боломжит эрсдэл болон шаардлагатай тохиолдолд урт хугацааны дундаж хавдрын эрсдэл (ДНХХЭ);
- Хор аюулын коэффицент (ХАК) болон дундаж наслалтанд хуримтлагдах хавдрын эрсдэл (ДНХХЭ) дэх тодорхойгүй байдал;
- Эрсдэл учруулж болзошгүй химийн бодис тус бүрийн дамжих зам бүрээс үүсэх эрсдлийн нийлбэр;
- Тухайн эрсдэл учруулж болзошгүй химийн бодисын хувьд, дамжих зам бүрийн нийт эрсдэлд эзлэх хувь;
- Гол эрсдэл учруулж болзошгүй химийн бодис болон түүний дамжих замыг тодорхойлсон тайлбар.
5.4.Хэрэгжүүлэхээр санал болгож буй төслөөс хүлээн зөвшөөрөх боломжгүй эрсдэл үүсэхээр байгаа нь тогтоогдвол байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулахаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээс өмнө эрсдлийн үнэлгээний багийн ахлагч нь төсөл хэрэгжүүлэгчид тухайн эрсдэлийг бууруулах зорилгоор төсөлдөө өөрчлөлт хийх шаардлага тавина.
5.5.Эрсдлийн үнэлгээний багаас эрсдэлийг бууруулах шаардлага авсан тохиолдолд төсөл хэрэгүүлэгч нь эрсдэлийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах өөрчлөлтийг төсөлд хийнэ. Эрсдлийн бууруулах нэмэлт өөрчлөлтийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгах ба эрсдлийн үнэлгээнд эрсдлийн дүр зурагт нийцүүлэн эрсдэл арилгах, бууруулах арга хэмжээг тусгана.
Зургаа. Осол, аюулын эрсдлийн үнэлгээний үндсэн зарчим, хамрах хүрээ
6.1.Хэрэгжүүлэхээр санал болгож буй төслийн хэвийн ажиллагааг алдагдуулж, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин болон төслийн үйл ажиллагаанд эрсдэл учруулах боломжтой хүчин зүйл байгаа гэж үзвэл энэхүү журмын 3.5-т заасны дагуу осол, аюулын эрсдлийн үнэлгээг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний явцад хийнэ. Энэхүү үнэлгээг осол, аюулын үед үүсэж болох эрсдлийг бууруулах, ослын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах зорилгоор хийнэ.
6.2.Осол, аюулын эрсдлийн үнэлгээний хүрээнд дараах хүчин зүйлийг тогтооно:
- Ажиллагсад болон тухайн орчинд амьдарч буй хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, төслийн үйл ажиллагаанд хэрэгжихээр төлөвлөж буй төслөөс аюултай нөлөө үзүүлэх физикийн болон үйл ажиллагааны хүчин зүйл байгаа эсэх, мөн болзошгүй осол, аюул болон түүний үр дагаварын эрсдэлд өртөгчдөд үзүүлэх нөлөөлөл;
- Болзошгүй осол, аюул түүнээс ажиллагсад болон тухайн орчинд амьдарч буй хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, төслийн үйл ажиллагаанд үзүүлэх үр дагавар;
- Тогтоосон шалгуур үзүүлэлтийг ашиглан тогтоосон эрсдлийн түвшин (маш бага, бага, дунд зэрэг, их эрсдэлтэй гэх мэт) болон зэрэглэл (хүлээн зөвшөөрөхүйц болон хүлээн зөвшөөрөх боломжгүй);
- Тухайн осол, аюул (эрсдлийн дүр зураг) болон түүнд хамаарах эрсдлийн төрлийг эрсдэлд өртөгч бүрээр илэрхийлсэн эрсдлийн матриц;
- Болзошгүй осол, аюул, түүнээс үүсэх эрсдэл болон дагалдах эрсдлийн жагсаалт;
- Эрсдлийг бууруулах арга хэмжээг тодорхойлж, санал болгох.
6.3.Төсөл хэрэгжүүлэгч эсвэл уг төслийн технологийн шийдлийг боловсруулсан баг осол, аюулын эрсдлийн үнэлгээг хийхэд шаардлагатай мэдээлэл болох төслийн талаарх мэдээлэл, зураг төсөл, ижил үйл ажиллагаа явуулдаг төслийн талаарх мэдээлэл, аюултай материал, түүний тоо хэмжээ, үндсэн үйл ажиллагаа (гадаад болон дотоод), үйл ажиллагааны хэвийн болон доголдсон нөхцөлд бий болох нөхцөл байдлын талаарх мэдээллийг гаргаж өгнө.
6.4.Эрсдлийн үнэлгээний ахлагч нь энэхүү журмын 6.3-д заасан матриалыг хүлээн авч, нягталж шалгасны дараа үнэлгээг эхлүүлнэ.
6.5.Хэрэгжүүлэхээр санал болгож буй төслөөс үүсэж болох осол, аюулыг дараах хүчин зүйлүүдтэй холбож тогтооно. Үүнд:
- Системийн оролт (түүхий эд, материал, цахилгаан, уур гэх мэт);
- Системийн гаралт (завсрын бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн, хаягдал, эрчим хүчний алдагдал гэх мэт);
- Газар хөдлөл, үер, салхи шуурга гэх мэт төслийн үйл ажиллагааг саатуулах нөлөө бүхий байгалийн хүчин зүйлс;
- Хамгаалалт, хяналт, аюул ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө;
- Төсөл хэрэгжих байгууламжийн төлөв байдал (шинэ, хуучин, ашиглахад тохиромжтой эсэх гэх мэт);
- Төсөл (хүчин чадал, технологи гэх мэт);
- Чанарын менежментийн систем (аудит, мэргэжлийн хяналт, хяналт- шинжилгээ гэх мэт).
6.6.Осол, аюулын эрсдлийн үнэлгээ хийх шинжээчдийн баг нь ослын болзошгүй тохиолдлын магадлалын индекс, үүсэх үр дагаврын индексийг гаргаж, уг индексийнхээ хүрээнд учирч болзошгүй ослыг тодорхойлоход шинжээчдийн дүгнэлтийг ашиглана. Техникийн холбогдолтой ослын тохиолдол, тэдгээрээс үүсэх үр дагаврын аюулын зэрэглэлийг эрсдлийн матрицад оруулан тооцно.
6.7.Эрсдлийн матрицад тусгасан ослын тохиолдлыг эрсдлийн хэлбэрээр нь (жишээбэл, хүлцэж болох эрсдэл, эсвэл эрсдлийг бууруулах арга хэмжээ заавал авах шаардлагатай эрсдэл гэх мэт) зэрэглэж ангилна. Эрсдэл бууруулах арга хэмжээ зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үүнийг төсөл хэрэгжүүлэгчид зөвлөмж болгох бөгөөд түүгээр эрсдлийг хүлээн зөвшөөрөхүйц түвшинд нийцүүлэх шаардлага тавина.
Долоо. Эрсдлийн үнэлгээний тайлан
7.1.Эрсдлийн үнэлгээний тайлан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд “Эрсдлийн үнэлгээ” гэсэн бие даасан бүлэг байна.
7.2.Эрсдлийн үнэлгээний тайлан нь холбогдох дүгнэлт, нэмэлт мэдээллийг агуулсан, ойлгомжтой, товч тодорхой байх бөгөөд шаардлагатай мэдээлэл, тайлбарыг хавсралтаар оруулсан байна.
7.3.Тайлан нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:
1/ Тайлангийн хураангуй (Техникийн бус жирийн хүмүүст зориулсан);
2/ Нэр томъёо, товчилсон үгийн тайлбар;
3/ Танилцуулга;
4/ Урьдчилсан таамаглал ба түлхүүр асуулт;
5/ Асуудлыг тодорхойлох;
6/ Өртөлтийн үнэлгээ;
7/ Хор аюулын үнэлгээ;
8/ Эрсдлийг тодорхойлох;
9/ Эрсдлийг бууруулах зөвлөмж;
10/ Дүгнэлт;
11/ Номзүй;
12/ Хавсралт.
7.4.Хүний эрүүл мэндийн болон байгаль орчны эрсдлийн үнэлгээний тайланд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
7.4.1.Зорилго ба түлхүүр асуулт: Зорилго болон эрсдлийн үнэлгээнийн холбогдох түлхүүр асуултын жагсаалтыг гаргана;
7.4.2.Бүлгийн хураангуй: Эрсдлийн үнэлгээний тайлангийн бүлэг бүрийн эхэнд тухайн бүлгийн зорилго болон гарах үр дүнг дурдсан товч танилцуулга байна;
7.4.3.Зураг, зураглал: Төсөл хэрэгжих байршлын судалгаанд хамрагдсан тухайн газрын болон бүс нутгийн газрын зураг; тухайн орчны байгалийн баялгийн талаархи мэдээлэл, зураглал; эрсдлийн дүр зургийн өртөлтийн зураглалыг гаргана;
7.4.4.Эрсдлийн дүр зураг: Болзошгүй өртөлт, гол бохирдуулагчид, дамжих зам, бохирдуулагчийн тархалт, өртөгчийг хүснэгтээр илэрхийлнэ;
7.4.5.Тооцоолол: Тайлангийн үндсэн хэсэгт тооцоо хийсэн гол зарчим, үр дүнг үзүүлэх ба хавсралтад нарийвчилсан тооцоо, жишээг үзүүлнэ;
7.4.6.Техникийн хавсралт: Тайлангийн үндсэн хэсэгт орох шаардлагагүй бусад мэдээллийг энэ хэсэгт оруулна (Лабораториар баталгаажсан химийн суурь үзүүлэлт, бохирдуулагчийн техникийн мэдээлэл болон шилжих хөдөлгөөний загвар, болзошгүй өртөлт ба зураглал, хоруу чанарын судалгаа, шинжилгээний дүн гэх мэт);
7.4.7.Тодорхой бус байдлын шинжилгээ: Тодорхой бус байдлын хамрах хүрээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээр буурах эсэх, үр дүнд хэрхэн нөлөөлөх зэргийг тайлбарлана;
7.4.8.Тооцооны загвар: Тооцоо хийхэд ашигласан бүх загварыг тайлбарлан, энгийн хүмүүс ойлгоход хялбар зураг, графикаар илэрхийлэгдсэн, энгийн тайлбартай байна. Ашигласан программ хангамжийг тодорхой бичих, өгөгдөл мэдээлэл болон загварын цахим хувийг хавсаргана;
7.4.9.Дүгнэлт: Түлхүүр асуулт ба менежментийн зорилттой бүрэн нийцсэн, хүлцэх хэмжээнээс хэтэрсэн эрсдлийг онцгойлон зааж, эрсдэл үүсгэх гол хүчин зүйлийг тодорхойлсон, эрсдлийг бууруулах зөвлөмжийг зааж өгсөн байна. Дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл сайтай, батлах боломжтой байна;
7.4.10.Номзүй: Эрсдлийн үнэлгээг хийхэд ашигласан бүх ном, материал, мэдээллийн жагсаалтыг бичнэ;
7.4.11.Эрсдлийн менежментийн шийдвэр: Ийм хэсгийг эрсдлийн үнэлгээний тайланд оруулж болох бөгөөд эсвэл тусад нь эрсдлийн менежментийн тайлан болгон гаргаж болно. Үүнд эрсдлийн менежментийн зорилго, эрсдлийн үр дагавар, хувилбар, өртөг зардлын тооцоо, эрсдэл бууруулахаар төлөвлөж буй арга хэмжээ, гарсан шийдвэрт хийсэн дүн шинжилгээ зэргийг нэгтгэн тусгана;
7.4.12.Судалгааны багийн талаарх мэдээлэл: Үнэлгээнд оролцсон гол шинжээч, мэргэжилтнүүдийн нэр, албан тушаалыг бичсэн байна.
7.5.Осол, аюулын эрсдлийн үнэлгээний тайланд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
1/ Тайлангийн хураангуй (Техникийн бус жирийн хүмүүст зориулсан);
2/ Нэр томъёо, товчилсон үгийн тайлбар;
3/ Танилцуулга;
4/ Урьдчилсан таамаглал ба түлхүүр асуулт;
5/ Төслийн технологи, тоног төхөөрөмжийн тайлбар;
6/ Аргазүй:
- Өртөгч тус бүрээр давтамжийн индексийг гаргах;
- Өртөгч тус бүрээр үр дагаврын индексийг гаргах;
- Эрсдлийн харьцангуй түвшингийн тодорхойлолт;
- Эрсдлийн магадлал: эрсдлийн харьцангуй түвшний орон зайн тархалтын матриц;
7/ Үр дүн: Эрсдлийн матриц, Эрсдлийн бүртгэл;
8/ Эн тэргүүнд анхаарах шаардлагатай эрсдэл ба эрсдлийн менежментийн шийдвэр гаргахад анхаарах асуудал;
9/ Дүгнэлт;
10/ Номзүй;
11/ Хавсралт.
7.6. Эрсдлийн талаархи дараах мэдээллийг тайланд оруулна. Үүнд:
7.6.1.Өдөрт авах тун, аюулын коэффициентээр тооцоолсон эрсдэл, хэрэв шаардлагатай бол дундаж наслалтанд хуримтлагдах хавдрын эрсдэл;
7.6.2.Эрсдэл учруулж болзошгүй тухайн бодисын хувьд, дамжих зам бүрээр үүсэх эрсдлийн нийт хэмжээ;
7.6.3.Эрсдэл учруулж болзошгүй тухайн бодисын хувьд, эрсдэл дамжих тухайн замын нийт эрсдэлд эзлэх хувь;
7.6.4.Хамгийн их эрсдэл учруулж болзошгүй бодис болон дамжих замыг тодорхойлох;
7.6.5.Аюул ослын эрсдлийн үнэлгээний эрсдлийн матриц, эрсдлийн жагсаалт;
7.6.6.Гол анхаарал хандуулах эрсдэл, түүнтэй холбогдон гарах тодорхойгүй байдлыг тайлбарласан шинжээчийн дүгнэлт, тайлбар.
7.7.Нөлөөллийн дараах үзүүлэлтийг тайланд тусгана. Үүнд:
- Нөлөөлөлд өртөж болзошгүй хүний тоо;
- Хүн болон байгаль орчинд үзүүлэх эрсдлийн газарзүйн тархалт;
- Эрсдлийн нөлөөгөөр эрүүл мэндэд үзүүлэх нөлөө;
- Эрсдлийн үргэлжлэх хугацаа;
- Эрсдлийн зэрэглэл (эрсдэл үзүүлэхгүй, бага, дунд, өндөр);
- Эрсдлийн бууруулах боломж.
7.8.Хүлээн зөвшөөрөх боломжгүй эрсдэл үүсэх магадлалтай үед эрсдлийн менежмент ба эрсдлийг бууруулах арга хэмжээний талаар дараах зүйлийг тайланд тусгана. Үүнд:
- Химийн бодисын ялгарал болон химийн бус аюулыг бууруулах технологийн сонголт, боломжит арга;
- Химийн бодисын ялгарал болон химийн бус аюулыг бууруулах үйл ажиллагааны арга хэмжээ;
- Өртөлт тархах замуудаас хүн болон байгаль орчны бүрэлдэхүүн хэсгийг хамгаалах, өртөлтийг бууруулах арга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ;
- Тархах замуудыг бууруулах эсвэл арилгах арга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ;
- Осол болон аюулын үр дагаврыг бууруулах эсвэл арилгах арга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ;
- Ослын үед яаралтай авах болон үр дагаврыг бууруулах арга хэмжээ;
- Эрсдлийг бууруулахад шаардлагатай технологийн хувилбар болон арга хэмжээнд шаардагдах зардал.
7.9.Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх болзошгүй нөлөөллийг хянах зорилгоор хяналт-шинжилгээний төлөвлөгөөг боловсруулна.
7.9.1.Төсөл хэрэгжүүлэгч нь хяналт-шинжилгээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцна;
7.9.2.Хяналт-шинжилгээний төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгасан байх бөгөөд түүнийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. Үүнд:
- Дээжний төрөл, дээж авах байршил болон давтамж, хийх шинжилгээ;
- Мэдээллийн чанарын баталгаа;
- Дээжинд хийгдэх шинжилгээний үр дүнгийн талаарх таамаглал, уг таамаглал дүнг хяналт-шинжилгээний төлөвлөгөөнд тусгасан байдал;
- Хяналт-шинжилгээний үр дүн ба түүний тайлбарыг тайлагнах давтамж;
- Хяналт-шинжилгээний тайлан болон сөрөг үр дүн гарсан тохиолдолд бууруулах арга хэмжээг хариуцах эзэн.
Найм. Эрсдлийн үнэлгээг батлах
Эрсдлийн үнэлгээний тайланг Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу батална.
Текст томруулах
A
A
A