A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолын хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ 2025 ОН ХҮРТЭЛ

ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

Хөтөлбөрийн баримт бичиг

Санхүүгийн салбарын дунд хугацааны бодлого, арга хэмжээ нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, банкнаас бусад санхүүгийн дэд салбарын үйл ажиллагааг зохистой түвшинд эн тэнцвэртэйгээр хөгжүүлэх, зохицуулалт, хяналтын бүтцийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, урт хугацааны санхүүгийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, удирдлагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

Хөтөлбөр нь “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдтэй нийцсэн, дунд болон урт хугацаанд санхүүгийн салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогын арга хэмжээг хүрэх үр дүнтэй уялдуулан тодорхойлсон баримт бичиг болно.

1.1.Хөтөлбөрийн тухай

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоол, мөн “Эдийн засгийг сэргээх” хөтөлбөр батлах тухай 2016 оны 71 дүгээр тогтоол зэрэг баримт бичигт Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулахаар заасан.

Энэ хүрээнд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан Ажлын хэсгээс хөтөлбөрийн төслийг боловсруулсан.

Хөтөлбөрийн хамрах хүрээг банкны салбар, даатгалын салбар, хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарын татварын орчин, бичил санхүү, зах зээлийн дэд бүтэц, олон нийтийн санхүүгийн боловсрол, санхүүгийн хүртээмж, хадгаламжийн даатгал, санхүүгийн салбарын сайн засаглал зэрэг нийт 8 дэд хэсэгт хуваан авч үзсэн. Энэ чиглэл тус бүрээр холбогдох байгууллагуудын төлөөллийг багтаасан дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж, санхүүгийн дэд салбар тус бүрийн үнэлгээг хийж, өнөөгийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлсны үндсэн дээр хөтөлбөрийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг тодорхойлсон болно. Үнэлгээг хийхдээ олон улсад мөрдөгддөг нийтлэг стандарт, зарчмын хэрэгжилт манай улсын санхүүгийн салбарт хэр түвшинд хэрэгжиж байгаа талаар үнэлсэн ба ОУВС, Дэлхийн банкнаас улс орнуудын санхүүгийн салбарт үнэлгээ өгөхдөө баримталдаг FSAP (Financial sector assessment program)-тай нийцтэй байдлаар үнэлсэн болно.

1.2.Хөтөлбөр боловсруулах хэрэгцээ, шаардлага

1.Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарын өсөлт эрчимжиж, санхүүгийн бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдсэн ч нийгэм, эдийн засгийн өнөөгийн хөгжил банкны салбарын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай байсаар байгаа нь санхүүгийн зах зээлийн дотоод бүтэц тэнцвэргүй хөгжих нөхцөл байдлыг үүсгэн улмаар бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн урт хугацаат, хүү багатай, хөрвөх чадвар бүхий хямд санхүүгийн эх үүсвэр, хэрэгслүүдээр дутагдсан хэвээр байна.

2.Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нь ДНБ-ий 6.2 хувийг эзэлдэг бөгөөд энэ нь бусад улс оронтой харьцуулахад бага үзүүлэлт юм. Үүнд энэ салбарын хууль эрх зүйн орчин боловсронгуй болоогүй, шаардлагатай дэд бүтэц хөгжөөгүй, компанийн засаглал хангалтгүй байгаа зэрэг нөлөөлж байна.

3.Даатгалын зах зээлийг төрөөс дэмжин ажиллаж байгаа боловч иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүний төрөл, үйлчилгээний чанар хангалтгүй, даатгалын ач холбогдлын талаарх ойлголт иргэдийн дунд дутмаг байсаар байна.

4.Банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоодын хувьд эрх зүйн орчин өнөөгийн шаардлагатай түвшинд хүрээгүй, боловсон хүчний нөөц хомс, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх талаар дутмаг, хяналтын механизм сул зэрэг шалтгаанаар санхүүгийн салбарт эзэлж байгаа байр суурь нь бага хэвээр байна.

Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийн Монгол Улсын санхүүгийн салбарын өмнө тулгамдсан зорилтыг тодорхойлох, дэлхийн жишигт нийцсэн санхүүгийн тогтолцоог бий болгох, аливаа нэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулав.

1.3.Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилго нь санхүүгийн салбарын тогтвортой өсөлтийг баталгаажуулах, санхүүгийн дэд салбарууд эн тэнцвэртэйгээр хөгжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, хямралаас урьдчилан сэргийлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино.

1.4.Хөтөлбөрийн ач холбогдол

Санхүүгийн салбарын хөгжил нь аливаа улс орны эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд ихээхэн үүрэгтэй бөгөөд энэ нь санхүүгийн зуучлалын зардлыг бууруулан санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжиж урт хугацааны санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх, түүнчлэн санхүүгийн хяналт, зохицуулалтын үр нөлөөг зохистой түвшинд хүргэж чадсан эсэхээр санхүүгийн салбарын үр нөлөө тодорхойлогддог.

1.5.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:

-Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдтэй нийцсэн бодлогын залгамж шинж чанарыг хадгалах;

-Олон улсын стандарт, зарчмуудын дагуу салбарын үнэлгээ хийх, түүнээс гарсан санал дүгнэлтэд тулгуурлан олон улсын жишигт нийцүүлэх;

-Санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог хангах, ил тод байх.

1.6.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагнал

1.6.1. Хөтөлбөрийг 2018-2025 онуудад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

I шат 2018-2021 он

II шат 2021-2025 он

1.6.2.Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллана.

1.6.3.Хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл удирдан хэрэгжүүлнэ.

1.6.4.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн Ажлын алба хөтөлбөрийн биелэлтийг хагас жил тутам дүгнэж, СТБЗ-ийн гишүүдэд танилцуулна.

1.6.5.Хөтөлбөрийн биелэлтийг жил бүр Засгийн газарт тайлагнаж байна.

1.6.6.Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах болон түүнд зохих дэмжлэг үзүүлэх чиглэлээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам нягт хамтран ажиллана.

1.6.7.Бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд талууд нь хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд санаачилгатай ажиллаж, мэдээллийг тогтмол солилцож ажиллана.

1.6.8.Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд төр, хувийн хэвшлийн бусад байгууллагатай хамтарч ажиллана.

1.6.9.Хөтөлбөрийн биелэлтийг дүгнэхдээ энэ хөтөлбөрийн 1.7-д заасан хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтээр тооцно.

1.6.10.Монгол Улсын нийгэм, эдийн засаг, санхүүгийн зах зээлд давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр шинэ нөхцөл, байдал үүсэх тохиолдолд хөтөлбөрийн зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээнд тохируулга хийх замаар нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэн баталж болно.

1.7.Хөтөлбөрийн хүрэх үр дүн

1.7.1.Хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

1.7.1.1.чанарын үзүүлэлт

-олон улсын жишигт нийцэхүйц санхүүгийн зохицуулалтын орчин бүрдсэн байна;

-санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа олон улсын жишигт хүрсэн байна;

-санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдсэн байна.

1.7.1.2. тоон үзүүлэлт

-санхүүгийн салбарын нийт активын ДНБ-д эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ;

-санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээлийн эзлэх хувийг 12 хувьд хүргэн нэмэгдүүлж, даатгалын зах зээлийн эзлэх хувийг өсгөсөн байна;

-зээлийн хүүгийн түвшинг 2020 онд 18 хувь, 2024 онд 16 хувьд тус тус хүргэж бууруулна.

1.7.2.Хөтөлбөрийн хүрээнд банк, даатгал, хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, сайн засаглал, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр дараах үр дүнд хүрэх болно.

1.7.2.1.банкны салбар

-банк, санхүүгийн салбарын хяналт, зохицуулалтын тогтолцоо бэхэжнэ;

-олон улсын стандартад нийцсэн дүрэм, журам хэрэгжинэ;

-банкны салбарт компанийн сайн засаглал сайжирна;

-хөрөнгө оруулагч, харилцагч, санхүүгийн салбарын хэрэглэгчийн эрхийн хамгаалалт сайжирна;

-зах зээлийн интеграц, мэдээллийн ил тод байдал, шударга өрсөлдөөн нэмэгдэнэ;

-арилжааны боловсронгуй систем нэвтэрнэ;

-нэгдсэн клирингийн тогтолцоо хөгжинө;

-үндэсний төлбөр тооцооны системийн үр ашиг дээшилнэ;

-мэдээллийн технологийн хэрэглээ өргөжсөн байна.

1.7.2.2.хөрөнгийн зах зээл

-хөрөнгө оруулагчид болон үнэт цаас гаргагчдын зах зээлд оролцох идэвх сэргэж, үйлчилгээ авах нөхцөл илүү хялбар болж, тэдгээрийн эрх ашиг хамгаалагдаж, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэнэ;

-үнэт цаас гаргагчид болон зуучлагч байгууллагуудын засаглал сайжирч, өрийн хэрэгслийн зах зээл идэвхжиж, үүсмэл хэрэгслийн болон цахим технологид суурилсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл төлөвшинө;

-олон улсын банк, санхүүгийн байгууллагууд салбараа нээх, мэргэжлийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулах, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал бий болох, ил тод, нээлттэй, шударга, үр ашиг бүхий хөрөнгийн зах зээл бий болсон байна.

1.7.2.3.даатгалын зах зээл

-Үндэсний давхар даатгалын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд даатгалын салбарын холбогдох хуулиуд шинэчлэгдэж, эрх зүйн орчин боловсронгуй болсон байна.

-иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүний төрөл, үйлчилгээний чанар сайжирч, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлж иргэдийн даатгалын ач холбогдлын талаарх ойлголт нэмэгдэж, тэдний эрх ашгийг хамгаалах тогтолцоо бий болсон байна;

-даатгалын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн удирдлагын зохицуулалтын орчин сайжирсан байна.

-даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн тогтолцоо сайжирсан байна.

1.7.2.4.бичил санхүү

-эрсдэлд суурилсан хяналт шалгалт нэвтэрсэн байна;

-банк бус санхүүгийн байгууллагуудын эдийн засагт гүйцэтгэх үүрэг 2 дахин нэмэгдэж, сахилга баттай, үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий санхүүгийн зах зээлийн тогтолцоо бий болно;

-санхүүгийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмж, үйлчилгээний чанар нэмэгдэж, зээлийн хүү буурч, харилцагчдын тоо 2 дахин өснө;

-банк бус санхүүгийн байгууллагуудын салбарын үйл ажиллагаа тогтворжиж, түүний дэд бүтэц, хууль эрх зүйн орчин сайжирч, үр дүнтэй хяналтын тогтолцоо бий болно;

-банк бус санхүүгийн байгууллагуудын эрсдэл буурсан, өгөөж нэмэгдсэн, мэдээллийн сан бүрдсэн, зөвшөөрөл олгох ажиллагаа цахимд шилжсэн байна.

1.7.2.5.хадгаламж зээлийн хоршоо

-эрсдэлд суурилсан хяналт шалгалт нэвтэрсэн байна;

-хадгаламж зээлийн хоршоодын эдийн засагт гүйцэтгэх үүрэг 2 дахин нэмэгдэнэ;

-санхүүгийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмж, үйлчилгээний чанар нэмэгдэж, харилцагчдын тоо 2 дахин өснө;

-хадгаламж зээлийн хоршоодын салбарын үйл ажиллагаа тогтворжиж, дэд бүтэц, хууль эрх зүйн орчин сайжирч, үр дүнтэй хяналтын тогтолцоо бий болно;

-хадгаламж зээлийн хоршоодын эрсдэл буурсан, өгөөж нэмэгдсэн, мэдээллийн сан бүрдсэн, зөвшөөрөл олгох ажиллагаа цахимд шилжсэн байна.

1.7.2.6.санхүүгийн зах зээлийн дэд бүтэц

-үнэт цаасны бүртгэлийн орчинг сайжирч, хөрөнгийн зах зээлийн бодит мэдээллийг тухай бүр хэрэглэгчдэд хүргэх тогтолцоо боловсронгуй болсон байна;

-хөрөнгийн зах зээлийн бодит мэдээллийг тухай бүр хэрэглэгчдэд хүргэх тогтолцоо боловсронгуй болсон байна;

-арилжааны төлбөр, тооцооны үйл ажиллагаа сайжирснаар зах зээлд оролцогчдыг бүхэлд нь хянах хяналтын тогтолцоо бүрдэнэ;

-зах зээлийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах орчин сайжирч, үйлчилгээний нэгдсэн стандартыг гаргаж мөрдүүлэх боломж, бололцоо бүрдэнэ.

1.7.2.7.сайн засаглал

-санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд сайн засаглалтай болж улмаар зах зээлийн шударга өрсөлдөөнт, бизнесийн дарамтгүй эрүүл орчин бүрдэнэ;

-санхүүгийн мэдээ, мэдээлэл олон нийтэд ил тод болж санхүү, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, ойлголт сайжирч тэдгээрийн идэвх, оролцоо нэмэгдэж, бизнесийн байгууллага хямд өртгөөр санхүүжилт босгон улмаар үндэсний үйлдвэрлэл хөгжинө;

-зах зээлд оролцогчид олон улсын стандартуудыг мөрдөн хууль журмын хэрэгжилт сайжирч хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын өгөөж, ашиг сайжирна;

-бизнесийн байгууллагуудын засаглал, зээлжих зэрэглэлийн үнэлгээний нэгдсэн тогтолцоо бий болж, шаардлагатай үзүүлэлтийг хангасан компаниуд хямд санхүүжилт босгох, үйл ажиллагаа нь өргөжихөд чухал хөшүүрэг бүрдэнэ;

-санхүүгийн салбарын дагнасан эвлэрүүлэн зуучлах, арбитрын шүүхийн тогтолцоо бий болно.

1.7.2.8.санхүүгийн хүртээмж

-санхүүгийн зохицуулагч болон үйлчилгээ үзүүлэгч байгууллага, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх иргэдийн мэдлэг нэмэгдэнэ;

-санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, санхүүгийн үйлчилгээний зардал буурснаар хүртээмж сайжирч, орлогын үр ашигтай хуваарилалтыг бий болгох нөхцөл бүрдэнэ;

-мэдээллийн ил тод байдал хангагдаж компаниудын засаглал сайжрах, хөрөнгө оруулагч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр иргэдийн зах зээлд итгэх итгэл нэмэгдэнэ;

-санхүүгийн үйл ажиллагаанд оролцогчдын цар хүрээ, өрсөлдөөн нэмэгдсэний үр дүнд иргэдийн санхүүгийн чадавх, хүртээмж сайжирна.

1.8.Хөтөлбөрийн бодлогын зорилт, арга хэмжээ

1.8.1.хөтөлбөрийн бодлогын зорилт, арга хэмжээг хөтөлбөрийн хавсралтад дурдсаны дагуу тодорхойлж байна.

1.8.2.хавсралтад дурдсан бодлогын зорилт, арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг холбогдох байгууллагууд хамтран баталж хэрэгжүүлэх болно.

 

 

 

-----оОо----