A

A

A

Бүлэг: 1979

Ерөнхий аудиторын 2020 оны А/82 дугаар тушаалаар хүчингүй болсон

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017

оны А/191 дүгээр тушаалын хавсралт

 

САНХҮҮГИЙН ТАЙЛАНД АУДИТ ХИЙХ ХАРААТ БУС АУДИТЫН ХУУЛИЙН

ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ДҮГНЭХ,

ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ЧАНАРЫГ ХЯНАХ ЖУРАМ

 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

Нэг. Журмын зорилго, хамрах хүрээ

1.1.Төрийн аудитын байгууллага (цаашид “захиалагч” гэх) Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасны дагуу төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсөл хөтөлбөр“үйлчлүүлэгч”-ийн санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргийггүйцэтгэх хараат бус аудитын хуулийн этгээд (цаашид “гүйцэтгэгч” гэх)-ийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах,гэрээг дүгнэх, хариуцлага тооцох, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2.Энэхүү журам нь Төрийн аудитын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Аудитын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1.3.Энэхүү журам нь “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний загвар бүхий хавсралтаас бүрдэнэ.

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХ

Хоёр. Сонгон шалгаруулах үе шат

2.1.Гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “ТБОНӨХБАҮХАТХ” гэх)-ийн дагуу сонгон шалгаруулна.

2.2.Сонгон шалгаруулалтыг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан явуулна.

2.3.Үндэсний аудитын газар болон Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар нь энэ журмын дагуу бие даан тус тусын харьяалах байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

2.4.Гүйцэтгэгчээр аудитын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгоно.

2.5.Гүйцэтгэгчийг сонгохдооТБОНӨХБАҮХАТХ-ийн 38-р зүйлд заасан “Чанарын үнэлгээний арга”-ыг хэрэглэнэ.

2.6.Сонгон шалгаруулалтад хамтран ажиллах “Түншлэлийн гэрээ”-ний үндсэн дээр нэгээс дээш хэд хэдэн этгээд хамтран оролцож болно.

2.7.Сонгон шалгаруулах үйл явц нь дараах үе шатаас бүрдэнэ.

2.7.1.Аудит хийгдэх байгууллагуудыг бүлэглэж багц үүсгэх

2.7.1.1.Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газар болон Аймаг, нийслэл дэхТөрийн аудитын газар дараах үүргийг гүйцэтгэнэ.

a)тухайн жилд хараат бус аудитын хуулийн этгээдээр санхүүгийн тайланд аудит хийлгэх нийт төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсөл хөтөлбөрийн жагсаалт, тэдгээрийн талаарх ерөнхий мэдээллийг гаргах;

b)аудитын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хараат бус аудитын хуулийн этгээдүүдийн жагсаалтыг гаргах;

c)хараат бус аудитын хуулийн этгээдүүдийн Төрийн аудитын байгууллагатай гэрээгээр гүйцэтгэсэн өмнөх хугацааны санхүүгийн тайлангийн аудитын ажлын чанарын үнэлгээний судалгаа гаргах;

d)хараат бус аудитын хуулийн этгээдээр санхүүгийн тайланд аудит хийлгэх Үндэсний аудитын газарт хаьяалагдах төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсөл хөтөлбөрийг бүлэглэж багц үүсгэн Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулан батлуулах;

e)хараат бус аудитын хуулийн этгээдээр санхүүгийн тайланд аудит хийлгэх орон нутаг дахь төсвийн байгууллага, орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсөл хөтөлбөрийг бүлэглэж багц үүсгэн Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторт танилцуулан батлуулах.

2.7.1.Оролцогчийн саналыг үнэлэх

               2.7.1.1.оролцогчийн саналыг хуульд заасан журмын дагуу болон ажлын даалгавар, бусад холбогдох баримт бичигт заасны дагууүнэлнэ.

               2.7.1.2.оролцогчдын техникийн саналыг холбогдох маягтын дагуу багц тус бүрээр үнэлнэ.

               2.7.1.3.техникийн саналыг үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлт, дэд үзүүлэлт, оноог тендерийн баримт бичигт тусгайлан заана.

 

Оноо

Үзүүлэлт

30

оролцогчийн санал болгож буй аудитын ажлын хөтөлбөр болон аргачлал нь захиалагчийн ажлын даалгаврын шаардлагад нийцсэн байдал

40

оролцогч нь ажлын даалгаварт заасан аудитын ажлыг гүйцэтгэж байсан туршлага

30

оролцогчийн голлох мэргэжилтнүүдийн чадвар болонтуршлага

100

Техникийн саналд авбал зохих доод оноо: 70

 

a)түншлэлийн техникийн саналыг үнэлэхдээ хамтран ажиллах компаниуд нь тус бүрдээ шаардлага хангасан байхыг харгалзан үзэхээс гадна тэдгээрийн чадвар, туршлагыг нэмж тооцно.

b)түншлэлийн санхүүгийн чадавхийг үнэлэхдээ үндсэн компани нь 40 хувь,түншлэлд орсон компани нь 25-аас багагүй хувийг хангасан байхыг шаардана.

c)оролцогчдын техникийн саналын нийт оноо болон дүгнэлтийг гарган захиалагчид хүргүүлнэ.

d)захиалагч техникийн саналын дүнг сонгон шалгаруулалтад оролцогчдод албан бичгээр мэдэгдэнэ. Энэ албан бичигт санхүүгийн саналын нээлт болох хугацааг зааж өгсөн байна.

e)захиалагч техникийн саналын оноог албан бичгээр мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа Үнэлгээний хороо санхүүгийн саналыг нээнэ.

f)үнэлгээний хороо багц тус бүрийн хувьд техникийн санал нь хамгийн өндөр оноо авсан тендерт оролцогчийн санхүүгийн саналыг нээж, тухайн оролцогчийн санхүүгийн болон бусад нөхцлийг харилцан тохиролцох хэлэлцээр хийнэ.

g)шалгарсан тендерт оролцогчтой санхүүгийн, эсхүл гэрээний бусад нөхцөлөөр харилцан тохиролцоонд хүрээгүй бол Үнэлгээний хороо дараагийн өндөр оноо авсан тендерт оролцогчийн санхүүгийн саналыг нээн, түүнтэй хэлэлцээр хийнэ.

2.7.3.Гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах

2.7.3.1.Багц бүрийн хувьд шалгарсан тендерт оролцогчтой хийсэн харилцан тохиролцох хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд захиалагч уг тендерт оролцогчтой гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.

2.7.3.2.Гэрээ байгуулах эрхийг багц тус бүрээр, эсвэл хэд хэдэн багцаар буюу бүх багцаар олгож болно.

2.7.3.3.Захиалагч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГҮЙЦЭТГЭГЧТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ДҮГНЭХ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ

 

Гурав. Гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах хэлбэр, хугацаа

3.1.Үндэсний аудитын газар болон Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар нь гүйцэтгэгч болон аудит хийлгэх төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага (цаашид “үйлчлүүлэгч” гэх)-тай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулна.

3.2.Үндэсний аудитын газрын хувьд “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г Монгол Улсын Ерөнхий аудитор баталж, Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлах аудитор, үйчлүүлэгч, гүйцэтгэгчийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

3.3.Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын хувьд “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор баталж, Санхүүгийн аудит хариуцсан нэгжийн менежер, үйчлүүлэгч, гүйцэтгэгчийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

3.4.Гүйцэтгэгч, үйлчлүүлэгч нь Төрийн аудитын байгууллагын нэрийн өмнөөс гүйцэтгэх аудитын ажилд зөвхөн Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний загварыг ашиглана.

3.5.“Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ” нь байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаатай байх ба энэ журмын 5.4-д заасны дагуу аудитын ажлын чанарын хяналтын үнэлгээнд үндэслэн гэрээ сунгагдах эсэхийг шийдвэрлэнэ. Гэрээ сунгах нийт хугацаа нь 3 жилээс илүүгүй байна.

3.6.Гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын даалгавар нь “Аудитын ажил гүйцэтгэх гэрээ”-ний салшгүй хэсэг байна.

3.7.Захиалагч гэрээ байгуулахын өмнө ажлын даалгаварт гүйцэтгэгчээр хийлгэх аудитын ажлын зорилго, цар хүрээ нь зохистой, хангалттай хэмжээнд тусгагдсан эсэхийг сайтар шалгаж, гүйцэтгэгчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж болно.

Дөрөв. Гэрээнд талуудын хүлээх эрх, үүрэг

4.1.Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээнд захиалагчийн эрх, үүрэг хүлээнэ.

4.1.1.Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитын журам”, “Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага” болон холбогдох бусад арга зүйн материалаар гүйцэтгэгчийг хангах;

4.1.2.Гүйцэтгэгчийн аудиторуудыг Төрийн аудитын байгууллагын санхүүгийн аудитын програм хангамж, арга зүйн сургалтад тухайн жилийн аудит эхлэхийн өмнө хамруулах;

4.1.3.Захиалагч аудитын ажлын баримт материалыг өөрийн байранд болон гүйцэтгэгч, үйлчлүүлэгчийн ажлын байранд нягтлах, хянах;

4.1.4.Гүйцэтгэгчийн бэлтгэсэн аудитын тайлан, дүгнэлт, менежментийн захидалд үндэслэн хянасны дагуу гэрчилгээ, акт, албан шаардлагыг зохих журмын дагуу гаргах;

4.1.5.Гүйцэтгэгчийг статистик мэдээ, судалгаа, шинжилгээ гаргах, нэгтгэх маягт заавраар хангах;

4.1.6.Тухайн жилийн санхүүгийн тайлангийн аудитын ажил эхлэхийн өмнө Сангийн Яамны төрийн санд “Төрийн аудитын байгууллагын тусгай данс”-г нээх;

4.1.7.Аудитын үйлчилгээний төлбөрийн урьдчилгаа 60 хувийг “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулсанаар, 30 хувийг захиалагч аудитын гэрчилгээ, тайланг хүлээн авч, баталснаар энэхүү журмын 4.1.6-д заасан тусгай данснаас гүйцэтгэгчид тус тус төлөх;

4.1.8.Аудитын үйлчилгээний төлбөрийн 10 хувийг УИХ-ын чуулганаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж дууссаны дараа тухайн аудитын талаар эрсдэлтэй асуудал гараагүй тохиолдолд энэхүү журмын 4.1.6-д заасан тусгай данснаас гүйцэтгэгчид төлөх;

4.1.9.Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэх явцад болон дараа нь гүйцэтгэгчийн хийсэн аудиттай холбоотой эрсдэлтэй асуудал гарсан бол түүнийг гүйцэтгэгчид даруй мэдэгдэж, шаардлагатай засварыг хийлгэх, нотолгоо баримтыг шаардаж авах.

4.2.Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээнд үйлчлүүлэгч дараах үүрэг хүлээнэ.

            4.2.1.Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасны дагуу аудитын үйлчилгээний төлбөрийг жилийн төсөвтөө тусгаж батлуулах;

               4.2.2.Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Санхүүгийн Тайлагналын Олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Улсын салбарын нягтлан бодох бүртгэлийн стандарт, Сангийн сайдын баталсан заавар, журмын дагуу бэлтгэж, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглабрын дагуу тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид ирүүлэх, аудит хийлгэх;

               4.2.3.Гүйцэтгэгчийн шаардсан аудиттай холбоотой, тайлан, тооцоо, санхүүгийн баримт,мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, холбогдох бусад баримт материалыг саадгүй гаргаж өгөх;

               4.2.4.Гүйцэтгэгчийг үйлчлүүлэгчийн байранд ажиллах нөхцөл бололцоогоор хангах;

               4.2.5.Үйлчилгээний нийт төлбөрийг аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсны дараа ажлын 3 хоногт багтаан энэхүү журмын 4.1.6-д заасан тусгай дансанд байршуулах.

4.3.Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээнд гүйцэтгэгчийн эрх, үүрэг

4.3.1.Аудитыг гүйцэтгэхдээ Төрийн аудитын тухай хууль болон Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар батлагдсан “Санхүүгийн тайлангийн аудитын журам”, “Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага”, Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм, энэхүү журам, холбогдох бусад дүрэм, журмын дагуу ажиллах;

4.3.2.Гүйцэтгэгчийн аудиторууд УИХ-ын Байнгын хорооноос батлагдсан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг Төрийн аудитын байгууллагад бичгээр гаргаж өгөх;

4.3.3.Гүйцэтгэгч аудит хийх явцад олж авсан мэдээллийн нууцыг Төрийн аудитын тухай хууль, Төрийн болон албан нууцын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах;

4.3.4.Гүйцэтгэгч аудитын ажил эхлэхээс өмнө аудитын ажил гүйцэтгэх төлөвлөгөө, хөтөлбөрийг захиалагчаар хянуулах;

4.3.5.Аудитын явцад захиалагч байгууллагын хариуцсан ажилтантай байнгын харилцаатай байж, аудитын явц, эрсдэл болон горимын талаар мэдээлж, арга зүйн зөвлөгөө авах, асуудлыг хэлэлцэх;

4.3.6.Гүйцэтгэгчээс үйлчлүүлэгчтэй хийх уулзалтанд шаардлагатай тохиолдолд захиалагчийн төлөөллийг оролцуулах;

4.3.7.Захиалагчийн зүгээс аудитын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын үе шатны явцын хяналтыг хийх үед гүйцэтгэгч аудитын ажлын баримт материалыг бэлэн байлгах;

4.3.8.Гүйцэтгэгч аудитын ажил гүйцэтгэж дууссанаас хойш аудитын ажлын баримт материалыг өөртөө хадгалах бөгөөд Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасны дагуу 10 жилийн хугацаанд ажлын болон нотлох баримт материалыг хадгалж, шаардлагатай үед үзэх боломжийг захиалагчид олгох;

4.3.9.Аудитын төлөвлөлт, гүйцэтгэлийн үе шатанд гүйцэтгэгчийн хяналтыг Чанарын Хяналтын Олон Улсын Стандарт 1 болон бусад холбогдох стандартын дагуу хийж гүйцэтгэх;

              4.3.10.Аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлагын саналд гүйцэтгэгчийн удирдлагын тайлагналын үе шатны хяналтыг чанартай хийж гүйцэтгэх, тайлангийн тоо дүн, агуулгатай холбоотой алдаагүй тайланг захиалагчид хүлээлгэн өгөх;

              4.3.11.Аудитын ажлыг дуусгавар болгосноор дараах баримт, материалуудыг захиалагчид хүлээлгэн өгөх:

a)Аудитын ажилд гүйцэтгэгчийн удирдлагаас хэрэгжүүлсэн аудитын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын үе шатны чанарын хяналтын хуудас;

b)Аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмж, акт албан шаардлагын санал, хуулийн байгууллагад шилжүүлэх болон хариуцлага тооцуулах саналтай холбоотой нотлох баримт;

c)Аудит хийгдсэн санхүүгийн тайлан;

d)Үйлчлүүлэгчийн ирүүлсэн санхүүгийн тайлангийн эх хувь;

e)Үйлчлүүлэгч байгууллагаар баталгаажуулсан аудитаар илэрсэн асуудлын бүртгэл;

f)Аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл, ач холбогдлын шинжилгээ-маягт;

g)Өмнөх аудитаар өгөгдсөн зөвлөмж, акт, албан шаардлагын хэрэгжилтийг хянасан байдал;

h)Захиалагчид шаардлагатай судалгаа, мэдээлэл.

4.3.12.гүйцэтгэгч аудитын үйлчилгээний төлбөрийн урьдчилгаа 60 хувийг “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулсанаар, 30 хувийг захиалагч аудитын гэрчилгээ, тайланг хянаж баталсаны дараа захиалагчаас нэхэмжлэх;

4.3.13.аудитын үйлчилгээний төлбөрийн 10 хувийг УИХ-ын чуулганаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж дууссаны дараа тухайн аудитын талаар эрсдэлтэй асуудал гараагүй тохиолдолд захиалагчаас нэхэмжлэх;

4.3.14.Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх явцад болон дараа нь гүйцэтгэгчийн хийсэн аудиттай холбоотой эрсдэлтэй асуудал гарсан бол Төрийн аудитын байгууллагын мэдэгдсэнээр гүйцэтгэгч шаардлагатай засварыг хийх, нотолгоо баримтаар хангах.

Тав. Гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх

5.1.Гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтийг захиалагч, гүйцэтгэгч болон үйлчлүүлэгчтэй хэлэлцэн зөвшилцөж дүгнэнэ.

5.2.Гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтийг УИХ-ын чуулганаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж дууссаны дараа дүгнэнэ.

5.3.Гэрээний үүргийн биелэлтийг үнэлэхдээ Санхүүгийн тайлангийн аудитын журам, гарын авлагад дурдсан ажлын гүйцэтгэл тооцох бодлого, арга зүй, шалгуур үзүүлэлтийг мөрдлөг болгох бөгөөд дараах гол үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.

a)жилийн эцсийн аудитын тайлан, зөвлөмж, акт албан шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор хүлээлгэн өгсөн байх;

b)аудитаар илрүүлсэн зөрчлийн ач холбогдол, үр дүн, илрүүлэлт;

c)Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын ажлын чанарын хяналтын үнэлгээ.

5.4.Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын ажлын чанарын хяналтын үнэлгээгээр 85 хувиас дээш оноо авсан бол гэрээг сунгах үндэслэл болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АУДИТЫН АЖЛЫН ЧАНАРЫГ ХЯНАХ, БАТАЛГААЖУУЛАХ

Зургаа. Аудитын ажлын чанарыг хянах, үнэлэх

6.1.Үндэсний аудитын газар болон Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар гүйцэтгэгчийн хийсэн аудитын ажлын чанарын хяналтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.

6.2.Төрийн аудитын байгууллага нь гүйцэтгэгчийн хийсэн аудитын ажлын чанарын хяналтыг дараах 3 үе шатанд хэрэгжүүлнэ.

(I)Аудитын төлөвлөлтийн үе шатны хяналт;

(II)Аудитын гүйцэтгэлийн үе шатны хяналт;

(III)Аудитын тайлагналын үе шатны хяналт.

          6.3.Аудитын ажлын чанарын хяналтыг гүйцэтгэгчийн багцад багтсан бүх аудитын ажилд хэрэгжүүлнэ.

                  6.4.Аудитын төлөвлөлтийн үе шатны хяналтыг дараах асуудлуудад чиглүүлнэ.

6.4.1.Үйлчлүүлэгчийн холбогдох ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, хангалттай мэдээлэлд үндэслэн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулсан эсэх;

6.4.2.Төсвийн тухай хуульд заасан цагалбарын дагуу аудитын ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг төлөвлөж батлуулсан эсэх;

6.4.3.Ажлын хамрах хүрээг зөв тодорхойлсон эсэх;

6.4.4.Аудитын урьдчилсан судалгаа хийсэн эсэх;

6.4.5.Эрсдэлийг тооцон үнэлж, хэрэгжүүлэх горимыг зөв тодорхойлсон эсэх;

6.4.6.Аудитын багийн гишүүдийн ажлын хуваарь, зохион байгуулалтыг оновчтой зөв тодорхойлсон эсэх;

6.4.7.Холбогдох техник хэрэгслийг урьдчилан бэлтгэх, шаардлагатай шинжээч, мэргэжилтнүүдийг аудитын баг бүрт оролцуулсан эсэхийг тодорхойлох.

6.5.Аудитын гүйцэтгэлийн үе шатны хяналтыг дараах асуудлуудад чиглүүлнэ.

6.5.1.Аудиторууд аудитыг гүйцэтгэхдээ холбогдох аудитын стандарт, хуулийн заалтуудыг баримталж, аудитын төлөвлөгөө, хөтөлбөр, арга зүйн дагуу горимыг хэрэгжүүлсэн эсэх;

6.5.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталсан дүрэм, журам, гарын авлага, зааврын дагуу ажлуудыг гүйцэтгэж, батлагдсан маягтыг хөтөлсөн эсэх.

6.6.Тайлагналын үе шатны чанарын хяналтыг дараах асуудлуудад чиглүүлнэ.

6.6.1.Аудитын тайлангийн төслийн хэлбэр, бүтцийг хянах;

6.6.2.Аудитын тайлангийн төслийн агуулгыг хянах, зохих загварын дагуу бэлтгэсэн эсэхийг хянах;

6.6.3.Аудитын дүгнэлт, менежментийн захидалд тусгагдсан зөвлөмж нь хангалттай зохистой нотлох баримтаар нотлогдсон эсэх, тайлангийн төслийн хавсралтууд бүрэн, зохих ёсоор бэлтгэгдсэн эсэхийг хянах;

6.6.4.Аудитын тайлангийн төсөлд үйлчлүүлэгчээс ирүүлсэн саналыг хэрхэн харгалзан үзсэн эсэхийг хянах;

6.6.5.Аудитын тайлангийн товч хураангуйг Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан загвар, маягтын дагуу гаргасан эсэх;

6.6.6.Акт, албан шаардлагын төслийг Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталсан журмын дагуу боловсруулсан эсэхийг хянах.

6.7.Аудитын үе шатны чанарын хяналтаар илэрсэн алдаа зөрчлийг гүйцэтгэгчид даруй мэдэгдэж, холбогдох нотлох баримт, материал, тооцоололд үндэслэн засвар хийлгэх буюу дутуу хийгдсэн ажлыг дахин гүйцэтгүүлж болно. Их хэмжээний алдаа гарсан нь гүйцэтгэгчийн ажлын чанарын хяналтын үнэлгээг бууруулах үндэслэл болно.

6.8.Аудитын ажлын чанарыг хянахдаа судалгааны асуулгаас гадна бусад мэдээлэл цуглуулах арга техникүүд, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага, баримтын шалгалт, биет ажиглалт зэрэг арга зүй, горимыг ашиглана.

6.9.Гүйцэтгэсэн аудитын ажлын чанарыг дараах үзүүлэлтээр үнэлнэ.

Аудитын төлөвлөлтийн үе шатны хяналт

40хувь

Аудитын гүйцэтгэлийн үе шатны хяналт

30 хувь

Аудитын тайлагналын үе шатны хяналт

  1. хувь

6.10.Төрийн аудитын байгууллагуудын гэрээгээр гүйцэтгэсэн аудитын ажлын чанарт өгсөн үнэлгээг Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газар нэгтгэж гүйцэтгэгчтэй гэрээ сунгах эсэх талаарх саналаа Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулж, шийдвэрлүүлнэ.

Долоо. Аудитын ажлын чанарыг баталгаажуулах

7.1.Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын асуудал хариуцсан нэгжээс хараат бус аудитын хуулийн этгээдүүдийн гүйцэтгэсэн ажлын чанарын хяналтыг жил бүр баталгаажуулна.

7.2.Аудитын ажлын чанарын хяналтын баталгаажуулалтыг эрсдэлд суурилсан түүврийн аргаар Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНД АУДИТ ХИЙХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГСОНГОН ШАЛГАРУУЛАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, АУДИТЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ

 

Найм. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

8.1.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани нь санхүүгийн тайландаа аудит хийх гүйцэтгэгчийг хууль тогтоомжийн дагуу бие даан сонгон шалгаруулах бол энэхүү журмыг мөрдөнө.

8.2.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь энэ журмын 2.7.4.3-д заасан үзүүлэлтийг хангаж, Төрийн аудитын байгууллагын сонгон шалгаруулалтын хураангуй жагсаалтад багтсан хараат бус аудитын хуулийн этгээдүүдээс сонгон шалгаруулна.

Ес. Үнэлгээний хороо байгуулах, ажлын даалгавар боловсруулах

9.1.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд Үндэсний Аудитын Газар болон Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газраас хоёроос доошгүй төлөөллийг оруулна.

9.2.Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичигт тусгагдах аудитын ажлын даалгаврыг Төрийн аудитын байгууллагаас гаргасан ажлын даалгаварт үндэслэн бэлтгэнэ. Энэ ажлын даалгаварт нэмэлт байдлаар өөр бусад даалгаврыг тусгаж болно.

Арав. Гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, төлбөрийн нөхцөл

10.1.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх удирдлага (цаашид “үйлчлүүлэгч” гэх) нь захиалагчаас Үндэсний Аудитын Газар эсвэл Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болон гүйцэтгэгч “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулж, Монгол Улсын Ерөнхий аудитораар батлуулна.

10.2.“Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-нд захиалагч, гүйцэтгэгч, үйлчлүүлэгч гурван тал баталгаажуулж гарын үсэг зурах бөгөөд зөвхөн Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний загварыг ашиглана.

10.3.“Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ” нь гэрээ байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаатай байх ба аудитын ажлын чанарын үнэлгээнд үндэслэн сунгагдах эсэхийг шийдвэрлэнэ. Гэрээ сунгах нийт хугацаа нь 3 жилээс илүүгүй байна.

10.4.Гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын даалгавар нь “Аудитын ажил гүйцэтгэх гэрээ”-ний салшгүй хэсэг болно.

10.5.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани нь Төрийн аудитын байгууллагатай зөвшилцсөнөөр аудитын үйлчилгээний нийт төлбөрийг Сангийн Яамны төрийн санд нээгдсэн “Төрийн аудитын байгууллагын тусгай данс”-д байршуулна.

10.6.Аудитын үйлчилгээний төлбөрийн 60 хувийг “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулсанаар, 30 хувийг захиалагч аудитын гэрчилгээ, тайланг хүлээн авч, баталснаар энэхүү журмын 4.1.6-д заасан тусгай данснаас гүйцэтгэгчид төлнө.

10.7.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани нь ТБОНӨХБАҮХАТХ-д заасны дагуу аудитын үйлчилгээний төлбөрийн 10 хувийг УИХ-ын чуулганаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж дууссаны дараа тухайн аудитын талаар эрсдэлтэй асуудал гараагүй тохиолдолд энэхүү журмын 4.1.6-д заасан тусгай данснаас гүйцэтгэгчид төлнө.

Арван нэг. Гүйцэтгэгчийн аудитын ажлын чанарыг хянах, баталгаажуулах

11.1.Үндэсний аудитын газар болон Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын чанарын хяналтын баг гүйцэтгэгчийн хийсэн аудитын ажлын чанарыг хянана.

11.2.Үндэсний Аудитын Газрын Чанарын баталгаажуулалтын асуудал хариуцсан нэгжээс чанарын хяналтын баталгаажуулалтыг жил бүр эрсдэлд суурилсан түүврийн аргаар хийнэ.

11.3.Гүйцэтгэгчийн аудитын ажлын чанарыг энэ журмын 3-р бүлэгт дурдсан үе шат, аргачлалыг ашиглан хянан, баталгаажуулна.

----оОо----