- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2018 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2017 оны
70 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2018 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Мөнгөний бодлого нь эдийн засагт гарч байгаа эерэг үр дүнг бэхжүүлж, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэн, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:
1.1.Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2018-2020 онд жилийн 8 хувь орчимд тогтворжуулна.
1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн, уян хатан тогтох зарчмыг баримтална.
1.3.Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
1.4.Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, зах зээлд оролцогчдын итгэлийг сэргээн, хадгалах үүднээс ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогын хүрээнд үр нөлөөг дээшлүүлэх, бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг хөгжүүлж, боловсронгуй болгоно.
2.Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд:
2.1.Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зуучлалын цар хүрээг өргөжүүлэх, банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор шаардлагатай тохиолдолд банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.2.Банкны салбарт итгэх итгэлийг дээшлүүлэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоно.
3.Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:
3.1.Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн, шинээр батлагдсан болон шинэчлэн найруулсан, нэмэлт, өөрчлөлт орсон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж, шаардлагатай дүрэм, журмыг боловсруулна.
3.2.Үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, төлбөрийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалтыг бий болгоно.
3.3.Олон улсын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
3.4.Мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллийг олон улсын мэдээлэл түгээх тусгай стандартын дагуу нийтэд мэдээлж эхэлнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A