- Нүүр
- Сайдын тушаал
- ТУСЛАМЖ, ХАНДИВААР МАЛЫН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 10 –ны өдрийн А/138 дугаар тушаалын хавсралт
ТУСЛАМЖ, ХАНДИВААР МАЛЫН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ
ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1.Гадаад улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, олон улсын болон буяны байгууллагаас /цаашид “тусламж үзүүлэгч тал” гэх/ мал, амьтны эрүүл мэндийн арга хэмжээнд зориулан тусламж, хандиваар ирүүлсэн малын эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах асуудлыг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Байгалийн гамшиг, гэнэтийн аюул, осол болон олон улсын худалдааны хорио цээрт өвчнүүдийн өргөн хүрээний дэгдэлтийн үед шаардагдах малын эм, эмнэлгийн хэрэгслийг гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авахад энэхүү журмын 2.1-2.3, 2.7-д зааснаас бусад шаардлага нэгэн адил хамаарна.
1.3.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь малын эрүүл мэндийн тусламжийн арга хэмжээнд зориулан гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан эм, эмнэлгийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сантай байна.
Хоёр. Тусламж, хандиваар малын эм, эмнэлгийн хэрэгсэл
хүлээн авах
2.1..Тусламж, хандив үзүүлэгч тал нь Монгол улсын мал эмнэлгийн арга хэмжээнд зориулан тусламжаар ирүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл, тоо хэмжээг Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай урьдчилан тохиролцсон байна.
2.2.Тухайн жилд гадаад улсын засгийн газар, олон улсын байгууллагаас нийлүүлэгдэх тусламж хандивын эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл, үнэ, тоо хэмжээ, нийлүүлэгдэх хугацааны талаарх мэдээллийг хүлээн авагч тал Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад өмнөх оны дөрөвдүгээр улиралд багтаан хүргүүлнэ.
2.3.Тусламж, хандиваар эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авахад тусламж, хандив үзүүлэгч болон хүлээн авагч хоёр тал гэрээ байгуулах бөгөөд гэрээнд дараах зүйлийг тусгана:
2.3.1.Тусламж, хандивын эм, эмнэлгийн хэрэгсэлд тавигдах шаардлага;
2.3.2.Тусламж, хандивын барааны тээвэрлэлт, түгээлт, түүнд холбогдон гарах зардлыг хариуцах этгээд;
2.3.3.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татвараас чөлөөлөгдөхөөр зааснаас бусад тусламж, хандивын бараанд ногдох татварыг хариуцах этгээд;
2.3.4.Чанарын сорилт, баталгаажилттай холбогдон гарах зардлыг хариуцах этгээд, түүний үүрэг;
2.3.5.Тусламж, хандиваар нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн хүчинтэй хугацаа хэтэрсэн, чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй, иж бүрдэл дутуу ирсэн тохиолдолд хилээр буцаан гаргах болон устгахтай холбогдон гарах зардлыг хариуцах этгээд, хоёр талын харилцан хүлээх үүрэг, хариуцлага.
2.4.Тусламж, хандив үзүүлэгч тал нь тусламж, хандивын бараа хилээр орж ирэх хугацаа, эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, тун хэмжээ, үйлдвэрлэгч, хадгалах орчин, нөхцөл хүчинтэй хугацаа зэргийг хүлээн авагч талд урьдчилан мэдэгдэнэ.
2.5.Тусламж, хандивыг хүлээн авагч нь импортын лиценз хүсэх өргөдлийг мал эмнэлгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2.6.Тусламж, хандивын эм, эмнэлгийн хэрэгсэл нь энэхүү журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд малын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага импортын лиценз олгоно.
2.7.Тусламж, хандиваар нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгслийг хилээр нэвтэрсний дараа тусламж, хандивыг хүлээн авагч тал итгэмжлэгдсэн эрх бүхий лабораторид шинжилгээнд хамруулж чанарыг баталгаажуулна.
2.8.Энэ журмын 1.2-т заасны дагуу тусламж, хандиваар нийлүүлэгдэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн хуваарилалтыг хүлээн авагч байгууллага хийж, малын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж батлуулна.
Гурав. Тусламж, хандиваар нийлүүлэх малын эм, эмнэлгийн хэрэгсэлд тавих шаардлага
3.1.Тусламж, хандиваар авсан эм, эмнэлгийн хэрэгсэл дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.1.1.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Олон улсын эмийн худалдааны гэрчилгээ олгох тогтолцооны Эмийн бүтээгдэхүүний гэрчилгээ эсхүл үйлдвэрлэгч нь “Эмийн үйлдвэрийн зохистой дадал” (GMP)-ийн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагын тодорхойлолттой байх;
3.1.2.Эмнэлгийн хэрэгсэл нь олон улсын стандартын (ISO) шаардлага хангасныг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолттой байх;
3.1.3.Монгол улсад зонхилон тохиолддог мал, амьтны халдварт, халдваргүй, паразиттах өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэхэд болон эмчилгээнд хэрэглэгддэг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, эсхүл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалтад багтсан байх;
3.1.4.Нийлүүлэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл нь шинэ үйлдвэрлэгдсэн, өмнө ашиглагдаагүй байх ба нийлүүлэгдэх үед 2 жилээс дээш хугацаатай барааны хувьд 2/3нь өнгөрөөгүй, 2 жил хүртэлх хадгалалтын хугацаатай барааны хувьд 3/4 нь өнгөрөөгүй байх;
3.1.5.Эм үйлдвэрлэгчийн загвар дээж биш байх;
3.1.6.Эмийн шошго нь ерөнхий нэршил, хэлбэр, тун, тоо хэмжээ, цувралын дугаар, гарал үүслийн улсын нэр, үйлдвэрлэгчийн нэр, хадгалах нөхцөл болон хугацааны талаарх мэдээллийг багтаасан байх;
3.1.7.Эм, эмнэлгийн хэрэгслийн шошго англи, орос хэлний аль нэг дээр байх ба хэрэглэх заавар нь зөвхөн монгол хэл дээр бичигдсэн байна;
3.1.8.Монгол улсын мал эмнэлгийн арга хэмжээнд хэрэглэж заншсан эмүүдтэй ижил төстэй хэлбэр, тунтай байх;
3.1.9.Тээвэрлэлтэд зориулсан савлалт нь олон улсын ачаа бараа тээвэрлэх шаардлагыг хангасан, хайрцаг бүр нь тухайн эмийн ерөнхий нэршил, хэлбэр, тун, тоо хэмжээ, цувралын дугаар, хадгалах нөхцөл, хугацаа, жинг бичсэн хаяглалттай, хайрцагны жин нь 50кг-аас илүүгүй байх;
3.1.10.Эм, эмнэлгийн хэрэгсэл бусад бараатай хамт савлагдаагүй байх;
3.1.11.Тусламжаар нийлүүлж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн өртөг нь олон улсын зах зээлийн дундаж үнээс ихгүй байх;
3.1.12.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийг хандив, тусламжаар импортлохыг хориглоно.
Дөрөв. Тусламж, хандиваар нийлүүлж буй малын эм, эмнэлгийн хэрэгслийг татвараас чөлөөлөх
4.1.Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан барааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
4.2.Энэхүү журмын 4.1-т заасан барааг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөд захиалгат бараа ачигдсан мэдээ, баримтыг тусламж, хандив үзүүлэгч талаас хүлээн авсан даруй хүлээн авагч тал дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
4.2.1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хандсан татвараас чөлөөлүүлэх тухай албан бичиг;
4.2.2.Тусламж, хандивын барааг хуваарилах төлөвлөгөө;
4.2.3.Тусламж, хандив үзүүлэгч болон хүлээн авагч талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны болон төслийн гэрээ;
4.3.Барааны дагалдах бичиг баримтуудын хуулбар хувь:
4.3.1.тээврийн баримт
4.3.2.үнийн дагалдах баримт
4.3.3.баглаа боодлын жагсаалт
4.3.4.Тухайн барааг тусламж, хандиваар нийлүүлсэн тухай илгээгч байгууллагын тодорхойлолт.
4.4.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь журмын 4.2-т дурьдсан бичиг баримтыг хүлээн авмагц тусламж, хандивын эм, эмнэлгийн хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх тухай албан бичгийг ажлын 5 хоногт багтаан санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.
Тав. Бусад
5.1.Тусламж, хандив хүлээн авагч тал эм, эмнэлгийн хэрэгслийг стандартын шаардлага хангасан нөхцөлд хадгалж, хуваарийн дагуу түгээнэ.
5.2.Тусламж, хандивыг ашиглагч тал тухайн эм, эмнэлгийн хэрэгслийг эргэлтийн хөрөнгөнд бүртгэн авч зориулалтын дагуу ашиглана.
5.3.Тусламж, хандиваар хүлээн авсан малын эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтанд эмийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.
5.4.Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо--
Текст томруулах
A
A
A