A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ОРЧУУЛГА ХИЙХ, ХЯНАН БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

Гадаад харилцааны сайдын 2017 оны А/73 дугаар  тушаалын 1 дүгээр хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ОРЧУУЛГА ХИЙХ, ХЯНАН

БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ  ТУХАЙ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Монгол Улсын олон улсын гэрээ /цаашид “олон улсын гэрээ” гэх/-г орчуулга хийх, хянан баталгаажуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Олон улсын гэрээний орчуулгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Орон тооны бус орчуулгын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ -ийн гишүүд, эсхүл иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Зөвлөлийн ажиллах журмыг тусгайлан батална.

1.3. Олон улсын гэрээний орчуулгыг иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх асуудлыг Зөвлөл зохион байгуулна.

 

Хоёр. Олон улсын гэрээг орчуулах, хянан баталгаажуулах үе шат

 

2.1.Монгол Улсын нэгдэн орох, эсхүл соёрхон батлах олон улсын олон талт гэрээний хувьд түүнийг соёрхон батлуулах, эсхүл нэгдэн орох тухай хуулийн төслийг боловсруулж байгаа төрийн захиргааны байгууллага орчуулгыг хариуцан гүйцэтгэж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад орчуулгыг хянуулахаар албан бичгээр хүргүүлнэ.

2.2. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1 өдөрт 5 хуудас гэрээний орчуулгын төслийг хянана.

2.3. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээнд хэрэглэсэн нэр томьёо Монгол Улсад хэрэглэгддэг хууль зүйн нэр томьёотой нийцэж байгаа эсэх, шинэ нэр томьёо орсон тохиолдолд тэдгээр нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орчуулагдсан эсэх, гэрээний орчуулга найруулгын хувьд хуулийн шаардлага хангаж байгаа эсэх талаас нь гэрээний орчуулгыг хянаж тухайн байгууллагад буцаан албан бичгээр хүргүүлнэ.

2.4. Олон улсын олон талт гэрээ хянах ажлын хөлсийг энэ тушаалын 2 дугаар хавсралтад дурдсан Олон улсын гэрээг хянан баталгаажуулах үйлчилгээний хөлсний 30%-аар тооцон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дансанд төвлөрүүлнэ.

2.5. Олон улсын олон талт гэрээ соёрхон батлуулах, эсхүл нэгдэн орох тухай хуулийн төслийг боловсруулж байгаа төрийн захиргааны байгууллага нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулсан гэрээний орчуулгыг эцэслэн хянаж баталгаажуулахаар Гадаад харилцааны яамны дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн даргад албан бичгээр ирүүлнэ.

2.6. Монгол Улсын нэгдэн орох, эсхүл соёрхон батлах олон улсын олон талт гэрээ болон гадаад улсын хэлээр байгуулсан зээл, тусламжийн талаарх олон улсын гэрээнээс бусад хоёр талт олон улсын гэрээний орчуулгыг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Захиалагч” гэх/ хариуцан гүйцэтгэх бөгөөд Гадаад харилцааны яамны дэргэдэх Зөвлөлийн гишүүд уг орчуулгыг хянан баталгаажуулна.

2.7. Зөвлөлийн гишүүн олон улсын  гэрээний орчуулгыг эцэслэн хянаж, орчуулгыг хянан баталгаажуулсан тухай тусгай тэмдэг дарсан хувийг тус зөвлөлийн нарийн бичгийн дарга албан бичгээр буцаан хүргүүлнэ. Хянан баталгаажуулсан тухай тусгай тэмдэг дарсан орчуулгыг тухайн гэрээний хянан баталгаажсан албан ёсны орчуулгад тооцно.

2.8. Олон улсын гэрээний орчуулгыг хянасан Зөвлөлийн гишүүн орчуулгыг баталгаажуулан  “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Албан ёсны орчуулга мөн” гэсэн бичвэр бүхий тэмдгийг хуудас бүрт дарж, гарын үсэг зурна. 

2.9. Орчуулгын тэмдгийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцан хадгална.

2.10. Зээл, тусламжийн олон улсын гэрээний орчуулгыг уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцаж, өөрөө хянан баталгаажуулна. Зээл, тусламжийн гэрээний орчуулга болон түүнийг хянан баталгаажуулсан тухай тусгай тэмдгийг зээл, тусламжийн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгэн адил хэрэглэнэ.

2.11. Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зээл тусламжийн талаарх олон улсын гэрээний орчуулгыг хянан баталгаажуулах орон тооны бус орчуулгын зөвлөлийг дэргэдээ байгуулж, тухайн гэрээг орчуулах, хянан баталгаажуулах ажлыг зохион байгуулна.

2.12. Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зээл, тусламжийн талаарх олон улсын гэрээний орчуулгыг иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

Гурав. Олон улсын гэрээний орчуулгад тавигдах техникийн шаардлага

 

3.1. Олон улсын гэрээ орчуулах буюу хянан баталгаажуулах бичвэрийг монгол хэлний ариал фонтоор, үсэгний хэмжээ 12, мөр хоорондын зай 1, догол мөр хоорондын зай 0 интервалтай байхаар бэлтгэнэ.

3.2. Олон улсын гэрээ орчуулах буюу хянан баталгаажуулах 1 хуудас ойролцоогоор 38–40 мөр бичвэртэй байна.

 

Дөрөв. Захиалагчийн эрх, үүрэг

 

4.1.Захиалагч дор дурдсан эрх эдэлнэ:

4.1.1 ажил гүйцэтгэх үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр гэрээт ажлын явцад хяналт тавих;

4.1.2 олон улсын гэрээний орчуулгыг чанар муутай хийсэн буюу нягт хянаагүй тохиолдолд Зөвлөлд энэ тухай гомдол гаргах.

4.2.Захиалагч дор дурдсан үүрэг хүлээнэ:

4.2.1 олон улсын гэрээний орчуулга хийлгэх, эсхүл түүнийг хянан баталгаажуулах захиалгыг өгөхдөө захиалагч тухай ажлын хөлсийг саадгүй төлөх;

4.2.2 ажил гүйцэтгэхэд шаардагдах баримт бичгийн эх болон холбогдох бусад материалыг цаг тухайд нь бэлтгэж өгөх;

4.2.3 олон улсын гэрээг орчуулах, эсхүл хянан баталгаажуулах ажлыг тогтоосон хугацаанаас богино хугацаанд яаралтай гүйцэтгүүлбэл хөлсийг 50 хувиар нэмэгдүүлэн олгох.

---ОоО----