- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА-АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2017 оны 283 дугаар
тогтоолын хавсралт
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА-АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Дотоодын цэргийн алба-ажиллагааны зохион байгуулалт, улсын онц чухал обьектыг хамгаалах, бусад обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэхтэй холбогдон үүсэх харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Дотоодын цэргийн нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох үйл ажиллагааг Дотоодын цэргийн командлагчийн баталсан журам, төлөвлөгөө, удирдамжийн дагуу зохион байгуулна.
1.3. Энэ дүрмээр зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж болон цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1. Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. “ачаа тээш” гэж тээврийн хэрэгслээр тээвэрлэж болон бусад байдлаар авч яваа эд зүйлсийг;
2.1.2. “аюултай ачаа” гэж тээвэрлэлтийн явцад өөрийн шинж чанараараа хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй эд зүйл, бодисыг;
2.1.3. “байнгын харуул” гэж хамгаалж байгаа обьектод байнга хяналт тавьж тогтоосон дэглэм, журмыг сахиулж, гадна халдлага, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилгоор томилсон салбарыг;
2.1.4. “зорчигч” гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр харгалзан хүргэгдэж байгаа хүнийг;
2.1.5. “зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх” гэж зорчигч, ачаа тээшийг нэг газраас нөгөө газарт тээврийн хэрэгслээр хүргэх үед хамгаалалтад авах цэргийн арга хэмжээг;
2.1.6. “зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх харуул” гэж зорчигч, ачаа тээшийг тээврийн хэрэгслээр харгалзан хүргэх үүрэгтэйгээр томилогдсон 2-оос доошгүй харуулчинг;
2.1.7. “нэмэгдэл харуулчин” гэж объектын хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх зорилгоор томилогдсон цэргийн алба хаагчийг;
2.1.8. “oбъектыг хамгаалах харуул” гэж тодорхой объектод хүн, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, тогтоосон дэг журмыг сахиулахаар томилсон зэвсэглэсэн салбарыг;
2.1.9. “түр харуул” гэж объектыг түр хугацаанд хамгаалахаар томилсон салбарыг;
2.1.10. “удирдамж” гэж анги, салбарын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, алба-ажиллагааг зохион байгуулах зорилгоор Дотоодын цэргийн командлагчийн баталсан удирдлагын баримт бичгийг;
2.1.11. “хамгаалалтын арга” гэж хамгаалж байгаа объектын онцлог, байршлаас хамааран уг обьектыг хамгаалах хэлбэрийг сонгон авах журмыг;
2.1.12. “хамгаалалтын систем” гэж объектын хамгаалалтын хүч хэрэгслийг хамгийн оновчтой байдлаар бүлэглэн байрлуулах журмыг;
2.1.13. “харуулчин” гэж объектын тодорхой хэсгийг тодорхой цагаар хамгаалахаар томилогдсон цэргийн алба хаагчийг;
2.1.14. “хүч нэмэгдүүлсэн хамгаалалт” гэж объектын хамгаалалтын хэвийн горимыг өөрчилж, хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэхийг;
2.1.15. “цэргийн манаа” гэж нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон 2 болон түүнээс доошгүй цэргийн алба хаагчийг;
2.1.16. “шийдвэр” гэж анги, салбарт алба-ажиллагааг зохион байгуулахаар гаргаж байгаа анги, салбарын захирагчийн баталсан баримт бичгийг;
2.1.17. “эргүүл” гэж объектын хамгаалалтын нягтрал, хяналт-шалгалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулах ажиллагааг;
2.1.18. “эргүүлийн бүлэг” гэж эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон 2 болон түүнээс доошгүй цэргийн алба хаагчийг;
2.1.19. “эргүүлчин” гэж эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон цэргийн алба хаагчийг.
Гурав. Дотоодын цэргийн штабт алба-ажиллагааг
зохион байгуулах
3.1. Дотоодын цэргийн командлагч нь дотоодын цэргийн анги, салбарын чиг үүргийг тогтоож, дотоодын цэргийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бэлэн байдлыг хангуулах, үйл ажиллагааг төлөвлөхөд чиглэсэн удирдамж гаргана. Шаардлагатай тохиолдолд удирдамжид тодотгол хийж болно.
3.2. Анги, салбарууд алба-ажиллагааг зохион байгуулахад шаардагдах зардлыг анги, салбарын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
3.3. Дотоодын цэргийн алба-ажиллагааг зохион байгуулахад Дотоодын цэргийн штабын дарга (цаашид “Штабын дарга” гэх) дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.3.1. алба-ажиллагааг зохион байгуулах, удирдах;
3.3.2. объектын хамгаалалтын цагийн байдлын мэдээг тасралтгүй цуглуулах, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах, биелэлтийг зохион байгуулах, дүнг Дотоодын цэргийн командлагчид илтгэх;
3.3.3. алба-ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, удирдлагаар хангах, биелэлтэд хяналт тавих;
3.3.4. албаны бэлэн байдлыг хангаж, хүч хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах;
3.3.5. обьъктыг хамгаалах үйл ажиллагааны стандарт, аюулгүйн арга хэмжээний зааврыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах.
3.4. Дотоодын цэргийн командлагчийн удирдамж (цаашид “удирдамж” гэх)-ийг анги, салбарт хүргэх ажлын хэсэг, хүргэх хугацаа, журмыг Штабын даргын тушаалаар тогтооно.
3.5. Удирдамжийг хүргэсэн ажлын хэсгийн ахлагч анги, салбарт ажилласан тухай болон анги, салбар үүрэг гүйцэтгэж байгаа байдлын талаар илтгэх хуудас бичиж, цаашид авах арга хэмжээний талаар саналаа уг илтгэх хуудаст тусган Штабын даргад танилцуулна.
3.6. Штабын дарга анги, салбарын үйл ажиллагааг жилд нэгээс доошгүй удаа биечлэн шалгаж, шаардлагатай бол илэрсэн дутагдлыг арилгуулах зорилгоор комисс томилон ажиллуулна.
Дөрөв. Анги, салбарт алба-ажиллагааг зохион байгуулах
4.1. Алба-ажиллагааг зохион байгуулахад анги, салбарын захирагч дараах үүрэг гүйцэтгэнэ:
4.1.1. алба-ажиллагааг анги, салбарын хэмжээнд зохион байгуулах, удирдах;
4.1.2. объектын хамгаалалтын цагийн байдлын мэдээг тасралтгүй цуглуулах, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах, биелэлтийг зохион байгуулах, дүнг штабын даргад илтгэх;
4.1.3. алба-ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, удирдлагаар хангах, биелэлтэд хяналт тавих;
4.1.4. албаны бэлэн байдлыг хангаж, хүч хэрэгслийг байнга бэлэн байлгах;
4.1.5. объектын хамгаалалтын үйл ажиллагааны стандарт, аюулгүйн арга хэмжээний зааврын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;
4.2. Анги, салбарын захирагч энэ дүрмийн 4.1-д зааснаас гадна цэргийн нийтлэг дүрэмд заасан анги, салбарын захирагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
4.3. Анги, салбарын захирагч нь шийдвэр гаргахдаа цагийн байдлын мэдээг цуглуулах, судлах, нэгтгэн дүгнэх, өгөгдсөн үүргийг биелүүлэх хугацаа болон салбарууд, харилцан ажиллагаатай байгууллагуудын үүрэг гүйцэтгэх боломж, тэдгээрийн хангалт, үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэр, газар орон, цаг агаарын байдал, оршин суугчид зэргийг тус тус харгалзан үзнэ.
4.4. Анги, салбарын захирагч нь алба-ажиллагааг зохион байгуулах тухай шийдвэрийг улирал тутам гаргах бөгөөд шийдвэр нь тушаал хэлбэртэй байна. Шийдвэрт дараах зүйлийг тусгана:
4.4.1. алба-ажиллагааны бодомж, гүйцэтгэх үүрэг, түүнийг биелүүлэх хугацаа, хүч хэрэгслийг төвлөрүүлэх чиглэл, ашиглах журам, албаны бэлэн байдлыг хангах арга хэмжээ;
4.4.2. өмнөх улирлын алба-ажиллагаа, цагийн байдалд хийсэн дүгнэлт;
4.4.3. анги, салбарын гүйцэтгэх үүрэг, хугацаа, хамгаалалтын техник хэрэгслээр хангах, түүнийг ашиглах журам;
4.4.4. цэргийн сахилга, дэг журмыг сайжруулах, аюулгүйн арга хэмжээг сахиулах, бүх төрлийн хангалтыг зохион байгуулахад гүйцэтгэх үүрэг;
4.4.5. хамгаалж байгаа объектын захиргаа, харилцан ажиллагаатай болон бусад байгууллагатай хамтран ажиллах үед гүйцэтгэх үүрэг, шаардагдах хүч хэрэгслийн тооцоо, штаб, төрөл мэргэжлийн албадын харилцан ажиллах журам, цагийн байдлын мэдээг харилцан мэдээлэх журам;
4.4.6. удирдлага, холбооны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, харилцаа холбооны системийг тодотгох, хяналт-шалгалтыг зохион байгуулах арга хэмжээ;
4.4.7. зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой ашиглах журам.
4.5. Анги, салбарт шийдвэр хүргэх ажлын хэсэг, хүргэх хугацаа, журмыг анги, салбарын захирагчийн тушаалаар тогтооно.
4.6. Шийдвэрийг хүргэсэн ажлын хэсгийн ахлагч салбарт хэрхэн ажилласан талаар харуулын албаны дэвтэрт тэмдэглэж, салбар үүрэг гүйцэтгэж байгаа байдал, цаашид авах арга хэмжээний талаар илтгэх хуудас бичиж, ангийн захирагчид танилцуулна.
4.7. Алба-ажиллагааг тасралтгүй удирдлагаар хангаж зохион байгуулах, шуурхай ажиллагаа, бэлэн байдлыг хангах, албан үүргийн гүйцэтгэлд хяналт тавих, дүн шинжилгээ хийх зорилгоор шуурхай удирдлагын жижүүрийн бүрэлдэхүүнийг хоног тутам томилно. Жижүүрийн бүрэлдэхүүнд дараах албан тушаалтан байна:
4.7.1. шуурхай удирдлагын жижүүр;
4.7.2. эргүүл-хяналт шалгалтын офицер;
4.7.3. мэдээлэл хүлээн авагч;
4.7.4. жижүүрийн жолооч.
4.8. Анги, салбарын жижүүрийн бүрэлдэхүүний ажиллах журмыг Штабын дарга, тэдний ажиллах хуваарийг анги, салбарын захирагч тус тус батална.
4.9. Ангийн штаб нь алба-ажиллагааг зохион байгуулахад дараах үүрэг хүлээнэ:
4.9.1. цагийн байдлын мэдээг тасралтгүй цуглуулж, нэгтгэн дүгнэх, захирагчийн шийдвэрт зайлшгүй шаардлагатай тооцоо, судалгаа гарган штабын бодомжийг илтгэх;
4.9.2. ангийн захирагчийн шийдвэр болон алба-ажиллагааны төлөвлөгөө, бусад баримт бичгийг боловсруулж албажуулах;
4.9.3. захирагчийн шийдвэрийг бие бүрэлдэхүүнд хүргэх, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх;
4.9.4. анги, салбар, албадын үйл ажиллагааг удирдан зохицуулах, бүх төрлийн хангалтыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж илэрсэн дутагдлыг арилгах;
4.9.5. цэргийн далд удирдлагыг хангаж, холбоог зохион байгуулах;
4.9.6. цагийн байдлын мэдээг ангийн захирагчид цаг тухайд нь илтгэх, харилцан ажиллагаатай байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангах, харилцан ажиллагааг зохион байгуулах;
4.9.7. албаны бэлэн байдлыг хангаж, нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах.
4.10. Алба-ажиллагааг зохион байгуулахад хүч хэрэгслийг бэлтгэх ажиллагаа дараах арга хэмжээнээс бүрдэнэ:
4.10.1. харуул, цэргийн манааны бүрэлдэхүүн албан үүргээ гүйцэтгэх онцлог, цагийн байдал хүндэрсэн үеийн ажиллагаа, хамгаалалтын инженер-техникийн хэрэгслийг ашиглах журам, аюулгүйн арга хэмжээг сахих талаар сургалт явуулах;
4.10.2. харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнд томилогдсон алба хаагчидтай нэг бүрчлэн уулзаж, албан үүрэг гүйцэтгэх боломжтой эсэхийг тодорхойлох;
4.10.3. обьектын хамгаалалтын болон цагийн байдал хүндэрсэн үед анги, салбарын ажиллах төлөвлөгөөнд тодотгол хийх;
4.10.4. галт зэвсэг, галт хэрэглэл, холбоо, дохиолол, инженер-техникийн хэрэгсэл, албаны нохойг бэлтгэх;
4.10.5. хамгаалалтын инженер-техникийн хэрэгслийг хамгаалалтад авсан байгууллагын захиргаатай хамтран шалгаж, тэдгээрийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах;
4.10.6. харуул, цэргийн манааны бүрэлдэхүүний бүх төрлийн хангалтыг зохион байгуулах.
4.11. Анги, салбар нь харилцан ажиллагааг өөрийн салбаруудын хооронд, түүнчлэн зэргэлдээ анги, салбарын хооронд, хамгаалалтад авсан объектын захиргаа бусад харилцан ажиллагаатай байгууллагатай хамтран тус тус зохион байгуулна.
4.12. Анги, салбар нь харилцан ажиллагааг зохион байгуулахдаа “Харилцан ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө” боловсруулж, түүнд ердийн болон хүч нэмэгдүүлсэн хамгаалалт, цагийн байдал хүндэрсэн үед харилцан ажиллах журмыг тодорхойлох бөгөөд ангийн төлөвлөгөөг Дотоодын цэргийн командлагч, салбарын төлөвлөгөөг Штабын дарга тус тус батална.
4.13. Алба-ажиллагаанд хийх хяналт шалгалт нь анги, салбарт тавигдсан үүргийг бүрэн биелүүлэх, алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг илрүүлж, тухай бүрт нь арилгуулах үндсэн зорилготой байна.
4.14. Алба-ажиллагаанд хийх хяналт шалгалт нь урьдчилсан, цаг үеийн, үр дүнгийн гэсэн төрөлтэй байна. Урьдчилсан шалгалтыг дээд штабаас хийх шалгалтын өмнө, цаг үеийн шалгалтыг удирдамж, шийдвэрийн биелэлтийн явцыг шалгах зорилгоор, үр дүнгийн шалгалтыг удирдамж, шийдвэрийн биелэлтийг дүгнэх зорилгоор тус тус хийнэ.
4.15. Хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон гэнэтийн байдлаар, иж бүрнээр, эсхүл тодорхой чиглэлээр хийх бөгөөд тэр нь цаг үеэ олсон, бүх талыг хамарсан бодитой, үр дүнтэй байна.
4.16. Ангийн захирагч нь салбаруудын үйл ажиллагааг улиралд нэгээс доошгүй удаа биечлэн, эсхүл бүрэлдэхүүн томилж шалгалт хийнэ. Шалгалтаар анги, салбарын үйл ажиллагааны бодит байдлыг судалж, шаардлагатай бол илэрсэн дутагдлыг арилгуулах зорилгоор комисс томилон ажиллуулна.
4.17. Харуул, цэргийн манааны бүрэлдэхүүний албан үүргийн гүйцэтгэлийг хоног тутамд шалгах бөгөөд шалгах үедээ обьектод нууцаар нэвтрэх, гэмт халдлага хийж байгааг дүрслэх зэрэг аргаар шалгахыг хориглоно.
4.18. Анги, салбар, харуул, цэргийн манаанд гэмт хэрэг, зөрчил, сахилгын ноцтой зөрчил гарсан тохиолдолд албаны шалгалт явуулна. Анги, салбарын захирагч албаны шалгалтын дүнг Штабын даргад илтгэж, гэмт хэрэг, зөрчил гарсан бол шалтгааныг арилгах арга хэмжээ авна.
Тав. Харуулын салбар (салаа)-т алба-ажиллагааг зохион байгуулах
5.1. Харуулын салбар (салаа) (цаашид “салбар, салаа” гэх)-т алба-ажиллагааг зохион байгуулах арга хэмжээ дараах хэсгээс бүрдэнэ:
5.1.1. цагийн байдлын мэдээг тасралтгүй цуглуулж судлан дүгнэлт хийх;
5.1.2. шийдвэр гаргаж, бие бүрэлдэхүүнд хүргэх;
5.1.3. харилцан ажиллагааг зохион байгуулах;
5.1.4. объект хамгаалах төлөвлөгөөг боловсруулах;
5.1.5. хүч хэрэгслийг бэлтгэх;
5.1.6. харуул, цэргийн манаа томилох;
5.1.7. бүх төрлийн хангалтыг зохион байгуулах;
5.1.8. хяналт шалгалт хийж, дүн гаргах.
5.2. Салбар, салааны захирагч объект хамгаалах шийдвэрийг сар бүр гаргаж, хоногийн төлөвлөгөө боловсруулан цагийн байдал хүндэрсэн үед ашиглах хүч хэрэгслийн тооцоо хийж, ажиллах журмыг батална.
5.3. Салбар, салааны захирагчийн шийдвэрт дараах зүйлийг тусгана:
5.3.1. алба-ажиллагааны бодомж;
5.3.2. хамгаалалтын төрөл (ердийн болон хүч нэмэгдүүлсэн);
5.3.3. зөрчил гарч болзошгүй чиглэл, түүнийг хамгаалах журам, хамгаалалтыг нягтруулах хэсэг, хугацаа;
5.3.4. хамгаалалтын бүс, газар оронд үзлэг хийх журам;
5.3.5. харилцан ажиллагааг зохион байгуулах журам;
5.3.6. объектод тогтоосон дэглэм, журмын биелэлтэд хяналт тавих арга хэмжээ;
5.3.7. цагийн байдал хүндэрсэн үед ажиллах журам;
5.3.8. албан үүрэг гүйцэтгэж байгаа харуул, цэргийн манааны үүрэг гүйцэтгэлтэд тавих хяналт шалгалт.
5.4. Салбар, салааны захирагчийн обьект хамгаалах хоногийн төлөвлөгөөнд өнгөрсөн хоногийн цагийн байдал, зөрчил гарч болзошгүй чиглэл, хэсэг, обьектын газар, оронд үзлэг хийх цаг, маршрут, албаны нохойг харуулын цэгт уях цаг, хамгаалалтад томилогдсон харуул, цэргийн манааны тоо, төрөл, бүрэлдэхүүн, үүрэг гүйцэтгэх хугацаа, харуул, цэргийн манаанд хүч нэмэгдүүлэх хүч хэрэгслийг тус тус тусгана.
5.5. Салбар, салааны захирагч гүйцэтгэх үүрэг, цагийн байдал, түүний өөрчлөлт, өнгөрсөн хоногт харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнээс албан үүрэг гүйцэтгэсэн дүнгийн талаар бүрэлдэхүүнд мэдээлж, хоногийн шийдвэр, төлөвлөгөөг танилцуулна.
5.6. Салбар, салааны захирагч нь обьектын хамгаалалтыг зохион байгуулах талаар харуулын албаны дэвтэр хөтөлнө. Харуулын албаны дэвтрийн загвар, хөтлөх журмыг Штабын дарга батална.
5.7. Салааны захирагч нь салбарын захирагчийн шийдвэрийг хүлээн авч салааны бие бүрэлдэхүүний албан үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангаж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон тухай салбарын захирагчид илтгэнэ.
5.8. Харуул, цэргийн манааны бэлтгэл хангах дараалал, зарцуулах хугацааг анги, салбарын цагийн хуваарьт заана.
5.9. Харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнд сурган зааварлах хичээлийг салбарын захирагчийн шийдвэрээр сургуулийн хотхон, хичээлийн танхимд албаны баримт бичиг, заавар, бүдүүвч, бусад сургалтын материалыг ашиглан явуулна.
5.10. Сурган зааварлах хичээл явуулахдаа харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнд цагийн байдлыг мэдээлэх, тавигдсан үүрэг, түүнийг гүйцэтгэх онцлог, холбоо, дохиолол хамгаалалтын инженер-техникийн хэрэгслийг ашиглах болон харуул, цэргийн манааны ажиллах журмыг тус тус танилцуулж, харуулын цэгийн бүрдлийн хүснэгтэд заагдсан харуулчин (цагийн манаач)-ы онцгой үүрэг, зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журам, албан үүрэг гүйцэтгэх аюулгүйн арга хэмжээ зэргийг судлуулан дадлагажуулах ажлыг зохион байгуулна.
5.11. Объектын хамгаалалтад албан үүрэг гүйцэтгэхээр томилогдсон харуулын бүрэлдэхүүнд салбарын захирагч, эсхүл түүний орлогч, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхэд оролцохоор томилогдсон цэргийн манааны бүрэлдэхүүнд ангийн захирагч, эсхүл түүний аль нэгэн орлогч тушаал өгнө.
5.12. Харуул, цэргийн манааны албан үүрэг гүйцэтгэхээр томилогдсон бүрэлдэхүүнд өгөх тушаалд дараах зүйлийг тусгана:
5.12.1. харуул, цэргийн манааны гүйцэтгэх үүрэг, албан үүргээ гүйцэтгэх журам;
5.12.2. дохиолол, теле хяналтын болон инженер-техникийн хэрэгслийг ашиглах журам;
5.12.3. зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэх журам;
5.12.4. зэвсэгтэй харьцах үеийн болон бусад аюулгүйн арга хэмжээ;
5.12.5. албан үүрэг гүйцэтгэх хугацаа, түүний дүнг илтгэх цаг, таних нэр.
5.13. Салбарын захирагч, түүний эзгүйд орлогч жижүүрийн хуваарийг хийнэ. Хуваарь хийхдээ өнгөрсөн хоногийн үүрэг гүйцэтгэлийн дүн, цагийн байдлын мэдээ, дараагийн хоногт томилогдох харуул, цэргийн манаа, салаа (тасаг)-нд зохиогдох сургалт хүмүүжлийн ажлын цаг, гадна ажилд томилогдох бүрэлдэхүүн, цагийн байдал хүндэрсэн үед салбарын бие бүрэлдэхүүнээс гүйцэтгэх үүрэг, ажиллах журам, дээд байгууллагын даргын шийдвэрийн заалтыг мэдээлэх үүрэгтэй.
5.14. Харуулын дарга, цэргийн манааны ахлагч нь бүрэлдэхүүнийхээ албан үүрэг гүйцэтгэсэн дүнг хүн нэг бүр дээр гарган үнэлэлт өгч, дүнг салбар, салааны захирагчид илтгэнэ.
5.15. Бие бүрэлдэхүүн алба-ажиллагаанд оролцож, албан үүрэг гүйцэтгэсэн дүнг тасаг, салаанд өдөр бүр, салбарт долоо хоног бүр гаргана.
5.16. Салбар, салаанд алба-ажиллагаа зохион байгуулсан нэгдсэн дүнг сар бүр гаргаж, ангийн штабт илтгэж, харуул, цэргийн манааны томилолтын хуудсыг хураалгана.
5.17. Харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнд дараах зүйлийг хориглоно:
5.17.1. харуул, цэргийн манааг шалгах эрх бүхий албан тушаалтнаас бусад хүнд албаны үйл ажиллагааг танилцуулах;
5.17.2. албаны сонор сэрэмж, хариуцлагыг сулруулах;
5.17.3. шаардлагагүй үед галт зэвсгийг сумлах;
5.17.4. харуул, манааны байр, харуулын цэгийг дур мэдэн орхих, даалгасан үүргээс өөр зүйл хийх;
5.17.5. албан хэрэгцээнд олгосон холбооны хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах.
5.18. Объектыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа харуулын цэгийн тоог тогтоох, харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнийг татан буулгах, өөрчлөлт оруулах асуудлыг Дотоодын цэргийн командлагч, харуулын цэгийн байрлалд өөрчлөлт оруулахыг анги, салбарын захирагч, харуулчинг өөрчлөх асуудлыг томилсон эрх бүхий албан тушаалтан тус тус шийдвэрлэнэ.
Зургаа. Улсын онц чухал объектын хамгаалалт
6.1. Улсын онц чухал объектын хамгаалалтад дараах шаардлага тавигдана:
6.1.1. хамгаалалтыг уян хатан, шуурхай, тасралтгүй зохион байгуулах;
6.1.2. хүч хэрэгслийг үр дүнтэй ашиглаж, харилцан ажиллагаатай байгууллага (нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага болон зэргэлдээ байрлах анги, салбар)-тай байнга харилцан ажиллах;
6.1.3. хамгаалалтын системийг оновчтой зохион байгуулах;
6.1.4. хамгаалалтын аргыг зөв сонгон хэрэглэх;
6.1.5. бэлэн байдалд байх бэлтгэл хүчийг зохион байгуулах;
6.1.6. анги, салбарууд орон тоо, материал, техник хэрэгслээр хангагдаж, хамгаалах ажиллагаанд бүрэн бэлтгэгдсэн байх;
6.1.7. дэвшилтэт техник, технологийг ашиглах.
6.2. Хамгаалалтын систем нь объектын хамгаалалтын найдвартай байдал, түүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан, объектын онцлог, улирал, цаг агаарын байдалд зохицсон байна.
6.3. Хамгаалалтын системд дараах зүйл багтана:
6.3.1. харуул, түүний байрлал, харуулчин (цагийн манаач), шалган нэвтрүүлэгчийн албан үүргээ гүйцэтгэх байр, хамгаалалтын зааг, хяналтын чиглэл;
6.3.2. хамгаалалтын инженер-техникийн болон холбоо, дохиолол, хяналтын хэрэгслүүд;
6.3.3. хамгаалж байгаа объектын захиргааны болон харилцан ажиллагаатай байгууллагын хүч хэрэгсэл;
6.3.4. бэлтгэл хүч.
6.4. Хамгаалалтын аргад эргүүлийн үүрэг гүйцэтгэх, хянах цамхагт буюу тусгайлан заасан газарт хөдөлгөөнгүй үүрэг гүйцэтгэх, өдрийн цагт хянах цамхагт үүрэг гүйцэтгэх, шөнийн цагт эргүүл хийх аргууд байх бөгөөд эдгээрийг хослуулан хэрэглэж болно.
Долоо. Объектыг хамгаалалтад хүлээн авах
7.1. Шинээр хамгаалалтад авах объектыг Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авч, объектыг хамгаалалтад хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэнэ.
7.2. Объектын захиргаа харуулын бүрэлдэхүүнийг харуулын байр, албаны өрөө, тасалгаагаар хангах, хамгаалах обьектыг холбоо, дохиолол, хяналтын болон инженер-техникийн хэрэгслээр төхөөрөмжлөх арга хэмжээг авах үүрэгтэй.
7.3. Oбъектын хамгаалалтыг хэвийн зохион байгуулах зорилгоор хамгаалагч, хамгаалуулагч байгууллагын хооронд гэрээ байгуулна. Гэрээг анги, салбарын захирагч, объектын захиргааны даргатай байгуулна.
7.4. Гэрээнд хамгаалагч, хамгаалуулагч байгууллагын эрх үүрэг, хүлээх хариуцлага, шаардагдах хүч хэрэгсэл, төсөв хөрөнгө, хангалт үйлчилгээний талаар тусгана. Харуулын байр, харуулын цэгийн байрны урсгал засвар, цахилгаан дулааны зардлыг хамгаалуулагч байгууллага хариуцна.
Найм. Объектыг хамгаалах харуулын алба
8.1. Объектыг хамгаалах харуулын албанд ажиллах харуулын дарга дараах үүрэг хүлээнэ:
8.1.1. хамгаалах объектын онцлог, харуулын гүйцэтгэх үүрэг, ажиллах журмыг судалж мэдсэн байх;
8.1.2. хамгаалалтын нөхцөл байдлын тухай объектын захиргаанд тогтоосон журмын дагуу мэдээлэх, хамгаалалтыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал тавих;
8.1.3. объектод шалгаж нэвтрүүлэх журмын биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай бол шалган нэвтрүүлэх харуулчин нэмж томилон ажиллуулах;
8.1.4. харуулчны илрүүлсэн зөрчилд дүгнэлт хийж, гэмт хэргийн шинжтэй зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх;
8.1.5. хамгаалж байгаа объектод авто болон төмөр замын тээврийн хэрэгсэл орох, гарах үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийн дугаар, орсон, гарсан хугацааг бүртгэх ажлыг зохион байгуулах;
8.1.6. салбарын захирагчаас тогтоосон цагт харуулын ээлжийн бүрэлдэхүүний сургууль, дадлага, хүмүүжлийн ажлыг удирдаж явуулах.
8.2. Хамгаалж байгаа объектын хэвийн ажиллагаа алдагдсан болон зөрчил гарсан тохиолдолд харуулын дарга дараах үүрэг хүлээнэ:
8.2.1. объектод бий болсон цагийн байдлыг нэн даруй салбарын захирагч, шуурхай удирдлагын жижүүрт илтгэх;
8.2.2. объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлэх;
8.2.3. харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа шалган нэвтрүүлэгч-харуулчин, харуулчин (цагийн манаач)-д нэмэлт үүрэг өгөх;
8.2.4. объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх ажиллагааг хязгаарлах;
8.2.5. объектын хашаа, инженер-техникийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гарсан эсэхийг судалж, шаардлагатай хэсэгт нэмэгдэл харуулчин (цагийн манаач)-г томилох;
8.2.6. харуулчны үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавих;
8.2.7. осол, дэлбэрэлт, гал түймрийн голомтоос зөөн гаргасан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, баримт бичиг болон бусад эд зүйлийг шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар хамгаалах;
8.2.8. зөрчил гарсан хэсэгт өөрийн биеэр очиж байдлыг судлах, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хамгаалж байгаа объектын захиргаанд танилцуулах;
8.2.9. хамгаалж байгаа объектод халдлага гарсан тохиолдолд харуулын бэлтгэл бүлгийг илгээж, халдлагыг таслан зогсоох арга хэмжээ авах;
8.2.10. халдлага үйлдсэн этгээдийг саатуулж, хэргийн газар, ул мөр, эд мөрийн баримтыг хамгаалалтад авах.
8.3. Харуулын дарга нь объектын дотоод дэг журмыг ноцтойгоор зөрчсөн хүнийг түр хугацаагаар саатуулж, шаардлагатай бол саатуулагдсан этгээдийн биед болон түүний явсан хөдөлгөөний чиглэлийн дагуу газар орны үзлэг хийж, тэмдэглэл үйлдэнэ.
8.4. Харуулын дарга шаардлагатай тохиолдолд байлдааны нөөц сум бүхий авдрыг нээж, харуулчинд галт хэрэгсэл олгон тэмдэглэл үйлдэнэ.
8.5. Хамгаалж байгаа объектын онцлогт тохирсон “Объект хамгаалах харуулын заавар”-ыг ангийн захирагч, бие даан алба ажиллагаа явуулж байгаа салбар, салааны “Объект хамгаалах харуулын заавар”-ыг Штабын дарга тус тус батална. Объект хамгаалах харуулын зааварт харуулын даргын мөрдөх заавар, харуулчин (цагийн манаач)-ы үүрэг, ажиллах журам, холбоо, дохиолол, гэрэлтүүлгийн хэрэгслийг ашиглах журам, онцгой анхаарах хэсэг, гал, усны болон гэнэтийн бусад аюул осол гарах, зөрчил илэрсэн үед ажиллах, объектод үзлэг явуулах, хүн, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журам зэргийг тусгана.
8.6. Объектыг хамгаалж байгаа харуулчны албан үүрэг гүйцэтгэх хугацааг Дотоодын цэргийн командлагч тогтооно. Шөнийн (22-06 цаг) ээлжийн харуулд 6 цагаас илүү хугацаагаар үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд нэг удаа хооллох зардлыг объектын захиргаа хариуцна.
8.7. Объектыг хамгаалж байгаа харуулчин нь үүрэг гүйцэтгэх үед гарсан нөхцөл байдлын талаар хяналтын бүртгэлд дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлнө.
8.8. Объектын бүдүүвч, хадгалах байр, агуулах, усан сан, гүний худаг нээх эрх бүхий албан тушаалтны нэрсийн жагсаалт, нэвтрэх эрхийн үнэмлэхийн загварыг харуулын даргын баримт бичгийн самбарт байрлуулна.
8.9. Объектын лацны тэмдгийн загварыг харуулын байранд хадгална.
8.10. Объектын болон харуулчны аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх зорилгоор Дотоодын цэргийн командлагчийн шийдвэрээр нэмэгдэл болон хосолсон манаа томилж болно.
Ес. Объектод шалгаж нэвтрүүлэх журам
9.1. Объектод хүн, тээврийн хэрэгслийг шалгаж нэвтрүүлэх журмыг анги, салбарын захирагч обьектын захиргаатай хамтран батлах бөгөөд журамд дараах зүйлийг тусгана:
9.1.1. объектод нэвтрэх үнэмлэхийн ангилал, түүнийг олгох, хэрэглэх, хадгалах журам;
9.1.2. объектод хүн, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх болон ачаа тээш, эд зүйл оруулах, гаргах журам;
9.1.3. объектын захиргаа, шалган нэвтрүүлэгч-харуулчны хүлээх үүрэг;
9.1.4. объектод үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан үед түргэн тусламж, галын болон ослын дуудлагаар ирсэн автомашиныг нэвтрүүлэх журам.
9.2. Объектод хүн, тээврийн хэрэгслийг шалгаж нэвтрүүлэх журмыг шалган нэвтрүүлэгч-харуулчин хэрэгжүүлнэ.
Арав. Объектыг хүч нэмэгдүүлж хамгаалах журам
10.1. Дараах тохиолдолд объектыг Дотоодын цэргийн командлагчийн шийдвэрээр хүч нэмэгдүүлж хамгаална:
10.1.1. объектод гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймэр гарсан, хорлон сүйтгэх ажиллагаа явагдсан, террорист ажиллагаа үйлдэгдсэн болон эдгээр нөхцөл байдал үүсэж болзошгүй тухай мэдээлэл ирсэн;
10.1.2. объектод гэмт этгээд нэвтэрсэн, харуулын байр, харуулчин (цагийн манаач)-д халдсан;
10.1.3. объектын ойр орчимд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, хууль бус жагсаал, цуглаан явагдсан.
10.2. Энэхүү дүрмийн 10.1-д заасан нөхцөл байдал үүсч, хойшлуулшгүй ажиллагааг зайлшгүй явуулах шаардлага бий болсон тохиолдолд анги, салбарын захирагч объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлэн зохион байгуулж болно.
10.3. Объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлж зохион байгуулах үед авах арга хэмжээ, жижүүр, харуулын үүрэг гүйцэтгэх журам, зохион байгуулалтыг хамгаалалтын төлөвлөгөөнд урьдчилан тусгана.
10.4. Анги, салбарын захирагч, харуулын дарга объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлэн зохион байгуулсан тухай шууд захирах даргадаа нэн даруй танилцуулах үүрэгтэй.
10.5. Объектыг хүч нэмэгдүүлж хамгаалах үед дараах арга хэмжээг авна:
10.5.1. албаны бэлэн байдлын зэрэглэлд шилжүүлэх болон төлөвлөгөөнд тодотгол хийх, бэлтгэл хүчний бэлэн байдлыг шалгах, холбооны нэмэгдэл хэрэгслийг дэлгэх;
10.5.2. харуулын бүрэлдэхүүний тоо, офицер, ахлагч, хугацаат албаны цэрэг, түрүүч нарын албаны ачааллыг нэмэгдүүлж, хамгаалалтад зөрчил гарч болзошгүй чиглэл, хэсгүүдэд нэмэгдэл харуулчин (цагийн манаач) томилон үүрэг гүйцэтгүүлэх;
10.5.3. харуул, манаанд ашиглаж байгаа холбооны хэрэгслийг байнгын ажиллагааны горимд шилжүүлэх;
10.5.4. зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, шатах тослох материалын бүрдэл, тооцоог шалгах, түүний хадгалалтад тавих хяналт шалгалтыг сайжруулах;
10.5.5. объектод хүн, тээврийн хэрэгслийг шалгаж нэвтрүүлэх ажиллагааг чангатгах, шаардлагатай тохиолдолд нэг удаагийн нэвтрэх бичгээр нэвтрүүлэх ажиллагааг зогсоох;
10.5.6. объектын захиргаатай харилцан ажиллах төлөвлөгөөнд тодотгол хийх;
10.5.7. анги, салбарын бэлтгэл хүчийг үүрэг гүйцэтгэхэд бэлэн байлгах;
10.5.8. хамгаалалтын инженер-техникийн хэрэгсэлд үзлэг хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, болзошгүй чиглэлүүдэд нэмэлт хэрэгсэл, төхөөрөмж тавих;
10.5.9. тээврийн хэрэгслийг зөвхөн анги, салбарын захирагчийн баталсан хуваарийн дагуу ажил, үйлчилгээнд гаргаж, офицер, ахлагч нарыг автомашины ахлагчаар томилох;
10.5.10. албан үүрэг гүйцэтгэж байгаа хоногийн манаа, харуулын бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэж байгаа байдалд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх.
10.6. Шууд захирах даргын шийдвэрээр нийтээр амрах баярын өдрүүдэд хүч нэмэгдүүлсэн хамгаалалтыг зохион байгуулах тохиолдолд анги болон бие даан алба-ажиллагаа явуулж байгаа салбар (салаа)-т дараах нэмэгдэл арга хэмжээг авна:
10.6.1. анги, салбар (салаа)-ын байрлалаас гадуур ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг байнгын байрлалд татан авч, алба хаагчдад түр чөлөө олгохыг зогсоох;
10.6.2. анги, салбар (салаа)-ын алба-ажиллагаанд тавих дотоодын хяналт шалгалтыг нэмэгдүүлэх;
10.6.3. алслагдсан, бие даан алба-ажиллагаа явуулж байгаа салбар (салаа)-нд туслалцаа үзүүлэх зорилгоор удирдлагын офицерыг томилон ажиллуулах.
10.7. Цагийн байдлын онцлогоос шалтгаалж удирдлагын шийдвэрээр офицер, ахлагч нарыг хуарангийн байдалд шилжүүлж болно.
Арван нэг. Объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч,
ачаа тээшийг харгалзан хүргэх
11.1. Объектыг түр хугацаагаар хамгаалах шийдвэрийг Дотоодын цэргийн командлагч гаргах бөгөөд обьектыг 3 сар хүртэл хугацаагаар түр хамгаална.
11.2. Объектыг түр хугацаагаар хамгаалах журмыг Штабын дарга хамгаалуулагч байгууллагын эрх бүхий албан тушаалтантай хамтран батална.
11.3. Түр хугацаагаар хамгаалах объектыг энэхүү дүрмийн 7.1-д заасны дагуу хүлээн авч тэмдэглэл үйлдэж, мөн дүрмийн 7.3-т заасны дагуу гэрээ байгуулна.
11.4. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх ажиллагааг анги, салбараас томилогдсон харгалзан хүргэх харуул гүйцэтгэнэ. Харгалзан хүргэх харуул нь 2-оос доошгүй алба хаагчаас бүрдэнэ.
11.5. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх харуул тээвэрлэлтийг батлагдсан маршрутын дагуу зохион байгуулна. Аюултай ачаа тээшийг цагдаагийн байгууллагаас баталсан маршрутын дагуу тээвэрлэнэ.
11.6. Аюултай ачаа тээш тээвэрлэж байгаа талаар Дотоодын цэргийн шуурхай удирдлагын жижүүр тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авч, тэмдэглэл үйлдэнэ.
11.7. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх аюулгүй ажиллагааны журмыг Штабын дарга холбогдох эрх бүхий албан тушаалтантай хамтран батална.
11.8. Зорчигч, ачаа тээшийг автомашин болон галт тэргээр тээвэрлэж байгаа тохиолдолд харгалзан хүргэгдэх хүний тоо, ачаа тээшийн онцлогоос шалтгаалан үүрэг гүйцэтгэх харуулын бүрэлдэхүүний тоог тогтоож томилно.
11.9. Зорчигч, ачаа тээшийг тээвэрлэж байгаа автомашины цувааны эхний, дундах болон сүүлийн автомашинд харуулчинг суулган албан үүргийг нь гүйцэтгүүлэх бөгөөд зогсох үед цувааны хоёр талд, онгоц, нисдэг тэргээр ачаа тээшийг тээвэрлэж байгаа тохиолдолд нислэгийн үед онгоц, нисдэг тэрэгний бүхээгт, буудал дээр онгоц, нисдэг тэрэгний гадна талд харуулчинг байрлуулан хамгаалалтыг зохион байгуулна.
11.10. Зорчигч, ачаа тээшийг 5 болон түүнээс дээш автомашин бүхий цуваагаар тээвэрлэх тохиолдолд хөтөч автомашиныг ажиллуулж, харуулын дарга харгалзан хүргэх ажиллагааг ахалж, биечлэн удирдана.
11.11. Тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга зорчигч, ачаа тээшийг дамжин өнгөрөх үед хамгаалах арга хэмжээ авч, харгалзан хүргэж байгаа харуулын бүрэлдэхүүн амралт хийх, хооллох, хоноглох, автомашинд техникийн саатал гарах зэргээр саатах үед зорчигч, ачаа тээшийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.
11.12. Тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь зорчигч, ачаа тээшийг аймаг, улсын чанартай хотоос 5-10 км, сум, суурин газраас 3-5 км-ийн зайд угтан авч, аюулгүй байдлыг нь ханган дамжин өнгөрүүлж, мөн дээрх зайд үдэн гаргаж өгнө. Энэ үед тусгай дуут болон гэрэл дохио бүхий хамгаалалтын автомашин, мотоцикл ашиглана.
11.13. Харуулыг томилсон, эсхүл удирдаж байгаа албан тушаалтан зорчигч, ачаа тээшийг хүргэх маршрутын дагуу дамжин өнгөрөх нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын жижүүрийн албанд урьдчилан мэдэгдэж, угтах ажлыг хариуцан зохион байгуулна.
11.14. Шаардлагатай тохиолдолд зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх ажиллагаанд албаны нохой ашиглаж болно.
11.15. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх үүргийг гүйцэтгэж байгаа харуулын дарга, харуулчин энэхүү дүрмийн 11.17, 11.19-т заасан үүргийг хэрэгжүүлэхээс гадна холбогдох стандарт, дүрэм, заавар, аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллана.
11.16. Анги, салбарын захирагч дараах үүргийг гүйцэтгэнэ:
11.16.1. зорчигч ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх харуулыг томилох;
11.16.2. харуулын бүрэлдэхүүний албан үүргээ гүйцэтгэж байгаа байдал болон хувцаслалт, хангалтыг шалгах;
11.16.3. холбоо барих, зэвсэг, галт хэрэгсэл хадгалах журмыг тогтоох;
11.16.4. үүрэг гүйцэтгэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх журмыг тогтоож үүрэгжүүлэх;
11.16.5. харуулыг заасан газар тогтоосон цагт хүргүүлэх;
11.16.6. харуулын даргыг удирдлагаар хангах, үйл ажиллагаанд хяналт тавих.
11.17. Харуулын дарга дараах үүргийг гүйцэтгэнэ:
11.17.1. ачаа тээшийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн хаалга, нээлхийний бэхэлгээ, түгжээний байдал, ачаа тээш, лац ломбоны бүрэн бүтэн байдлыг шалгаж, хүлээж авах;
11.17.2. нэвтрэх эрх бүхий албан тушаалтнаас бусад хүнийг хамгаалж байгаа объект (вагон, онгоц, нисдэг тэрэг, автомашин)-д нэвтрүүлэхгүй байх;
11.17.3. хамгаалж байгаа объект (вагон, онгоц, нисдэг тэрэг, машин)-д үзлэг, үйлчилгээ хийх эрх бүхий ажилтныг зохих журмын дагуу нэвтрүүлж хяналт тавих;
11.17.4. гал түймэр гарах, хөдөлгөөнд аюул учруулсан болон ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан зөрчил илэрвэл анги, салбарын жижүүрийн бүрэлдэхүүнд болон эрх бүхий албан тушаалтан, харилцан ажиллах байгууллагад мэдэгдэж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллах;
11.17.5. тээврийн замд аюулт үзэгдэл, гамшгийн аюул учирч, тээвэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, анги, салбарын жижүүрийн бүрэлдэхүүнд нэн даруй мэдэгдэж, хамгийн ойр байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчаас тусламж, дэмжлэг хүсэж, аюулгүй байдлыг хангаж хамтран ажиллах;
11.17.6. ачаа, тээшийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл замд түр зогсох, эвдрэл гарч саатсан үед тухайн газар оронд үзлэг шалгалтыг хийж, хяналтыг тасралтгүй явуулж, аюулгүй байдлыг хангах;
11.17.7. тээврийн хэрэгслийн гэмтлийг засварлахаар ирсэн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны бичиг баримтыг шалгаж, анги, салбарын жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж, чиглэл авсны дараа ажлыг эхлүүлэх, энэ хугацаанд ачаа, тээшний бүрэн бүтэн байдалд хяналт тавих;
11.17.8. ачаа, тээшийг очих газраа ирмэгц хүлээн авах эрх бүхий албан тушаалтанд нэн даруй хүлээлгэн өгч, нотломж үйлдэх;
11.17.9. ачаа тээшийг хүлээлгэн өгсөн тухайгаа тогтоосон журмын дагуу анги, салбарын жижүүрт мэдэгдэх.
11.18. Харуулын дарга харуулын бүрэлдэхүүний хэрэгцээнд дараах эд зүйл, баримт бичгийг авч явна:
11.18.1. тушаал, томилолтын хуудас, Монгол Улсын газрын зураг;
11.18.2. галт зэвсэг, нэг бүрийн болон хамгаалах тусгай хэрэгсэл;
11.18.3. хоол хүнс, ундны усны сав, хэрэглэл;
11.18.4. гар чийдэн, утасны цэнэглэгч;
11.18.5. аяны хөнжил;
11.18.6. дүрс бичлэгийн болон холбооны хэрэгсэл.
11.19. Харгалзан хүргэх харуул дараах үүргийг гүйцэтгэнэ:
11.19.1. зорчигч, ачаа тээшийг хамгаалалтад хүлээн авснаас хойш төлөвлөсөн газарт хүргэж, хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд аюулгүй болон бүрэн бүтэн байдлыг хариуцаж, тээврийн хэрэгсэл (галт тэрэг, онгоц, нисдэг тэрэг, машин)-д жолооч, дагалдан яваа эрх бүхий албан тушаалтнаас өөр хүнийг нэвтрүүлэхгүй байж, аюулгүй байдлыг хангах;
11.19.2. мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хянаж баталгаажуулсан аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөг мөрдөх;
11.19.3. ачаа, тээшийг дагалдах баримт бичиг, үндсэн нэр томьёо, тоо хэмжээ (тоо ширхэг, метр, багц, хайрцаг, сав баглаа)-тэй нь тулган бүртгэж, лац ломбоны бүрэн бүтэн байдал, тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг шалгасан мэргэжлийн байгууллагуудын зохих зөвшөөрлийг шалгаж, хаалга, нээлхийний бэхэлгээ, түгжээний байдалд үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, хамгаалалтад хүлээн авах;
11.19.4. гал түймэр гарах, хөдөлгөөнд аюул учруулсан болон ачаа тээшний бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан зөрчил илэрвэл харуулын дарга болон анги, салбарын жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж, холбогдох аж ахуйн нэгжийн зохих албан тушаалтанд танилцуулж, зөрчлийг арилгуулах шаардлага тавих;
11.19.5. маршрутын дагуу дайран өнгөрөх нутаг дэвсгэр цагдаагийн байгууллагын жижүүрт урьдчилан мэдэгдэж, энэхүү дүрмийн 11.12-т заасан зайнд хамгаалалтыг авхуулан хамтран ажиллаж, дагалдах хуудаст тэмдэглэл хийлгүүлэх;
11.19.6. ачаа, тээш тээвэрлэх маршрутыг урьдчилан судлах;
11.19.7. үүрэг гүйцэтгэсэн талаарх мэдээг харуулын даргад тогтоосон хугацаанд мэдээлж, нэмэгдэл үүрэг авах.
11.20. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх харуулыг ердийн ба хүч нэмэгдүүлсэн харуул гэж ангилна.
11.21. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх 2 болон түүнээс доошгүй алба хаагчаас бүрдсэн харуулыг ердийн харуул гэнэ.
11.22. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх 2 болон түүнээс дээш алба хаагчаас бүрдсэн харуулыг хүч нэмэгдүүлсэн харуул гэнэ.
11.23. Хүч нэмэгдүүлсэн харгалзан хүргэх харуулын даргаар офицерын бүрэлдэхүүний алба хаагчийг томилно.
11.24. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх харуул хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа, тээшийг аюулгүй ажиллагааны шаардлага хангасан нөхцөлд зориулалтын талбай, тогтоосон аюулгүйн бүсэд ачиж, буулгахдаа мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавина.
11.25. Харгалзан хүргэх харуулын үүрэг гүйцэтгэх алба хаагчид дараах зүйлийг хориглоно:
11.25.1. гүйцэтгэж байгаа үүрэгтэй холбогдолтой албаны нууцыг задруулах, тээвэрлэлтийн үеийн тогтоосон дүрэм, журам, стандартыг зөрчих;
11.25.2. харгалзан хүргэх замд техникийн саатал, аюулт үзэгдэл, гамшгийн аюул үүссэнээс бусад нөхцөлд зөвшөөрөгдсөн чиглэлээс гарах;
11.25.3. ачаа, тээшийг харгалзан хүргэх автомашинд гадны хүн авч явах, норм хэтрүүлэх;
11.25.4. бусадтай албан бус яриа удаан хугацаагаар өрнүүлэх;
11.25.5. харгалзан хүргэгдэж байгаа зорчигчийг гадны хүмүүс (иргэд)-тэй уулзуулах.
---оОо---
Текст томруулах
A
A
A