- Нүүр
- Сайдын тушаал
- ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
Батлан хамгаалахын сайдын 2017 оны 11 дугаар сарын 21-ны өдрийн А/331 дугаар тушаалын хавсралт
ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 34 дүгээр зүйлийн дагуу Монгол Улсын хэмжээнд цэргийн бүртгэл явуулах, цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм” болон холбогдох бусад хууль тогтоомж нь энэхүү журмыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болно.
1.3. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь нутгийн захиргааны байгууллагаас цэргийн бүртгэлийг зохион байгуулах, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /цаашид “цэргийн штаб” гэх/-ын цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц байна.
1.4. Цэргийн бүртгэлд дараахь шаардлага тавигдана:
1.4.1. хууль тогтоомжид нийцсэн байх;
1.4.2. цэргийн бэлтгэл алба хаах насны бүх иргэдийг хамруулсан байх;
1.4.3. цаг хугацаандаа, үнэн зөв байх.
Хоёр. Цэргийн бүртгэлийн зохион байгуулалт
2.1. Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар удирдан зохион байгуулна.
2.1.1. захирамжид цэргийн бүртгэлийг явуулах үндэслэл, бүрэлдэхүүн, хугацаа, байр, хуваарь, шаардагдах төсөв хөрөнгө, цэргийн бүртгэлд хамрагдах иргэний бүрдүүлэх баримт бичиг болон бусад шаардлагатай асуудлыг тусгана.
2.2. Цэргийн бүртгэл нь нэрийн ба тоон гэсэн төрөлтэй байна:
2.2.1. нэрийн бүртгэлийг сум /баг/, хороо;
2.2.2. тоон бүртгэлийг цэргийн штаб хөтөлнө.
2.3. Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага нь цэргийн бүртгэлийг зохион байгуулах талаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангана.
2.4. Цэргийн штаб нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн цэргийн бүртгэл явуулах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
2.5. Яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар нь аймаг, нийслэлийн цэргийн штабаас ирүүлсэн захиалгын дагуу цэргийн үүрэгтний үнэмлэхийг хэвлүүлэх, тараах, бүртгэл хөтлөх асуудлыг хариуцна. Цэргийн үүрэгтний үнэмлэхийн загварыг маягт №11-д заасны дагуу хэвлүүлнэ.
2.6. Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх болон цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
2.6.1. цэргийн штаб сум, хорооны Засаг даргаар дамжуулан 18 нас хүрсэн иргэнд цэргийн үүрэгтний үнэмлэх олгож, цэргийн бүртгэлд хамруулна.
2.7. Аймаг, нийслэлийн цэргийн штаб галт зэвсэг, тээврийн хэрэгсэл, агт морь, хувийн өмчийн ердийн хөсөг, түүний тоног хэрэгслийн судалгааг тухайн орон нутгийн холбогдох байгууллагаас авч нэгдсэн мэдээг цэргийн бүртгэлийн мэдээтэй хамт Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газарт жил бүрийн эхний улиралд багтаан хүргүүлнэ.
2.8. Цэргийн штаб нь Төрийн болон албаны нууцын тухай хууль, Монгол Улсын Зэвсэгт хүчний нууцыг хамгаалах журам болон бусад холбогдох дүрэм, журмын дагуу цэргийн бүртгэлтэй холбоотой материалд нууцын зэрэглэл тогтоож, хуульд заасан хугацаагаар хадгална.
2.9. Цэргийн бүртгэл явуулах тухай зарлан мэдээллийг төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглан явуулж болно.
Гурав. Цэргийн бүртгэлийг явуулах
3.1. Засаг даргын захирамжаар томилогдсон бүрэлдэхүүн тогтоосон хугацаанд сум /баг/, хороонд энэ журамд заагдсан маягтаар бүртгэлийг явуулна.
3.2. Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн Цэргийн албаны тухай хуулийн 34.6-д заасан үүргийг биелүүлж, жил бүр нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
3.3. Сум /баг/, хороо нэрийн бүртгэлийг дараахь байдлаар зохион байгуулж мэдээг цэргийн штабт хүргүүлнэ:
3.3.1. цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлийг маягт №1-д заасны дагуу;
3.3.2. цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлийг маягт №2-т заасны дагуу;
3.3.3. сум /баг/, хороонд цэргийн бүртгэл явуулж дууссаны дараа цэргийн бүртгэл завсардсан, бүртгэлд хамрагдаагүй иргэдийн нэрийн жагсаалтыг маягт №3-т заасны дагуу тус тус хөтөлнө.
3.4. Цэргийн штаб тоон бүртгэлийг дараахь байдлаар зохион байгуулж мэдээг Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлнэ:
3.4.1. бэлтгэл офицерын бүртгэлийг маягт №4-т заасны дагуу;
3.4.2. бэлтгэл ахлагчийн бүртгэлийг маягт №5-д заасны дагуу;
3.4.3. бэлтгэл байлдагч, түрүүчийн бүртгэлийг маягт №6-д заасны дагуу;
3.4.4. цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлийг маягт №7-д заасны дагуу;
3.4.5. цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийн бүртгэлийг маягт №8-д заасны дагуу;
3.4.6. цэргийн нэг, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлийн дүнг хүн амын статистик суурин мэдээтэй харьцуулсан судалгааг маягт №9-т заасны дагуу;
3.4.7. дайчилгааны бэлтгэл нөөцийн байршлын бүртгэлийг маягт №10--т заасны заасны дагуу тус тус хөтөлнө.
3.5. Цэргийн штаб бэлтгэл офицер, ахлагчийн болон цэргийн үүрэгтний үнэмлэхэд цэргийн бүртгэлд бүртгүүлсэн байдал, шилжилт хөдөлгөөний тухай тэмдэглэл хийж баталгаажуулна.
3.6. Цэргийн штаб цэргийн үүрэгтний үнэмлэхэд регистрийн дугаар, овог, нэрийг хар өнгийн бэхэн балаар, харин гэрийн хаяг, утасны дугаарыг балын харандаагаар цэвэр, гаргацтай бичиж, баталгаажуулан эзэмшигчид олгоно.
3.7. Цэргийн албаны тухай хуулийн 32.5-д заасан үндэслэлээр цэргийн бэлтгэл үүрэгтнийг чөлөөнд гаргаж, бүртгэлээс хасна.
3.8. Цэргийн штабт цэргийн бүртгэлийн мэдээллийн санг байгуулж хөтөлнө. Мэдээллийн сан нь дараахь бүтэцтэй байна:
3.8.1. цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэл /бэлтгэл офицер, ахлагчийн бүртгэл, бэлтгэл байлдагч, түрүүчийн бүртгэл, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний албанд цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр алба хаасан төрийн тусгай алба хаагчийн бүртгэл тус бүрээр нь цэргийн мэргэжлийн дугаар, регистрийн дугаар, боловсрол, оногдуулан бүртгэгдсэн, чөлөөт нөөцийн үлдэгдлээр/;
3.8.2. цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэл /цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасан иргэний бүртгэл, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан иргэний бүртгэл, цэргийн жинхэнэ алба хаагаагүй иргэний бүртгэл, цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийн бүртгэл тус бүрээр нь регистрийн дугаар, боловсрол, цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр/;
3.8.3. цэргийн бүртгэл завсардсан, бүртгэлд хамрагдаагүй бэлтгэл үүрэгтний бүртгэл /овог, нэр, регистрийн дугаар/;
3.8.4. дайчилгааны бэлтгэл нөөцийн байршлын бүртгэл /сум, дүүргээр/.
Дөрөв. Цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх
4.1. Цэргийн бүртгэлийн мэдээнд үндэслэн цэргийн штаб цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарын дүн шинжилгээг дараахь үзүүлэлтээр хийнэ:
4.1.1. тоон үзүүлэлтэд дайчилгааны даалгаврыг бүрэн биелүүлэх боломж болон цэргийн бэлтгэл үүрэгтний тоо төрөл тус бүрээр өссөн, буурсан дүн;
4.1.2. чанарын үзүүлэлтэд оногдуулан бүртгэгдсэн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний /үндсэн, зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй/ мэргэжил, давтан сургалтад хамрагдсан, хамрагдаагүй, шинээр мэргэжил эзэмшсэн байдал.
4.2. Цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарын дүн шинжилгээг хийхэд дараахь судалгааг гаргана:
4.2.1. цэргийн бэлтгэл үүрэгтний тооны өсөлт, бууралтыг бэлтгэл офицер, ахлагч, байлдагч, түрүүч, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийн тоо тус бүрээр нь өмнөх оны бүртгэлийн дүнтэй харьцуулсан судалгаа;
4.2.2. цэргийн бүртгэлд хамрагдсан цэргийн бэлтгэл үүрэгтний тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын статистик суурин мэдээтэй харьцуулсан судалгаа;
4.2.3. аймаг, нийслэл, дүүрэгт өгөгдсөн цэргийн дайчилгааны даалгаврыг тоо болон чанарын хувьд биелүүлэх боломж;
4.2.4. оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтний чанарын судалгаа;
4.2.5. оногдуулсан бүртгэлээс дутсан, чанарын хувьд зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй мэргэжлээр оногдуулан бүртгэгдсэн бэлтгэл үүрэгтний тооны судалгаа;
4.2.6. чөлөөт нөөцийн бүрэлдэхүүний тооны болон чанарын судалгаа;
4.2.7. оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтний чанарыг сайжруулах, давтан сургалтад хамруулах судалгаа.
4.3. Цэргийн штаб цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээг хийж тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, цэргийн тоон бүртгэлийн мэдээг энэ журмаар тогтоосон маягтын дагуу нэгтгэж, тайлангийн хамт жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газарт хүргүүлнэ.
4.4. Зэвсэгт хүчний Жанжин штаб цэргийн тоон бүртгэлийн мэдээг нэгтгэн дүн шинжилгээ хийж, тайланг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Тав. Хяналт, шалгалт
5.1. Зэвсэгт хүчний Жанжин штаб цэргийн бүртгэл явуулах үйл ажиллагаанд хяналт тавьж, шалган туслах ажлыг явуулна.
5.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрт цэргийн бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулна.
-----оОо------
Текст томруулах
A
A
A