A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Донороос эд, эрхтэн авах, хадгалах, тээвэрлэх, устгах журам /ЭМС-ын 2018 оны А/504 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2018 оны А/504 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэндийн сайдын 2017 оны

12 дугаар сарын 06-ны өдрийн А/495 тоот

тушаалын нэгдүгээр хавсралт

Донороос эд, эрхтэн авах, хадгалах, тээвэрлэх, устгах журам

 

Нэг.Амьд донороос эд, эрхтэн авах

 

1.1.Амьд донороос эд, эрхтэн авахын өмнө зөвшөөрлийг бичгээр авсан байна.

1.2.Эд, эрхтэн авахын өмнө эдийн тохирооны шинжилгээг хийж реципиентэд тохирох эсэхийг тогтооно.

1.3.Амьд донороос эд, эрхтнийг ерөнхий мэдээ алдуулалтын дор авна.

1.4.Эд, эрхтэнг холбогдох зааврын дагуу авах явцдаа ойр орчмын эд, эрхтний үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, донор хамгаалах зарчмыг баримтална.

 

Хоёр.Амьгүй донороос эд, эрхтэн авах

 

2.1.Эд, эрхтнийг цогцсоос авахдаа холбогдох зааврын дагуу авна.

2.2.Судсаар тэжээгдэх эд, эрхтнийг тэжээгч болон тараагуур судас, түүний салаануудыг залгаас хийхэд хангалттай хэмжээгээр авч болохуйц мэс заслын хүрцийг сонгож болно.

2.3.Амьгүй донорын мэс заслын бэлтгэлийг донор байрлаж буй эмнэлэг хангана.

2.4.Амьгүй донороос эд, эрхтэнг авахдаа дараахь дарааллыг баримтлан авна.

2.4.1.Элэгний баг хэвлийн хөндийг нээж, эрхтэнг чөлөөлнө.

2.4.2.Зүрх, уушигны баг цээжний хөндийг нээж эрхтэн чөлөөлнө.

2.4.3.Нойр булчирхай, бөөрний баг эрхтэнг чөлөөлнө.

2.4.4.Цээж, хэвлийн эрхтнүүдийг угаана.

2.5.Эрхтэнг авахдаа зүрх, уушиг, элэг, нойр булчирхай, бөөр, судас, нүдний эвэрлэг гэсэн дарааллаар авна.

2.6.Амьгүй донорын байрлаж буй эмнэлгийн мэс заслын баг цогцсыг хэвийн болгон хаана.

2.7.Эд, эрхтэн авсан тухай протокол үйлдэж, багийн гишүүд гарын үсэг зурна.

2.8.Мэс засал хийх боломжгүй эмнэлэгт амьгүй донор гарвал тээвэрлэнэ.

 

Гурав.Донор эд, эрхтнийг хадгалах, тээвэрлэх

 

3.1.Шилжүүлэн суулгах эд, эрхтэнг авсан даруйд зориулалтын уусмалд хадгалан эрхтэн зөөвөрлөх мөстэй саванд хийж тээвэрлэнэ.

3.2.Элэг, нойр булчирхайг 4-6 цаг, бөөрийг 36 цаг хадгалж болно.  

3.3.Эд, эрхтэн авах багийн эмч донорын эд, эрхтнийг зориулалтын түргэн тусламжийн машинаар тээвэрлэнэ.

3.4.Эд, эрхтнийг тээвэрлэхэд энэхүү журмын 2.7-д заасан протоколыг хавсаргана.

3.5.Эд, эрхтнийг зөөвөрлөхийн өмнө хүлээн авах байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

 

Дөрөв.Шаардлага хангаагүй эд, эрхтнийг устгах

 

4.1.Бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, суулгах горим алдагдсан эд, эрхтэн болон уг үйл ажиллагаанд хэрэглэсэн нэг удаагийн багаж, хэрэгслийг хамтад нь устгана.

4.2.Эд, эрхтнийг хэсэгчлэн хэрчиж, бүтцийн бүрэн бүтэн байдлыг эвдэн, эд, эрхтэнг шаардлага хангахгүй тухай протокол үйлдэн, эрхтэн авах багийн ахлагч протоколыг Эмгэг судлалын үндэсний төвд хүлээлгэн өгнө.

4.3.Эмгэг судлалын үндэсний төв нь шаардлага хангахгүй эд, эрхтнийг устгаж, устгасан тухай протоколыг үйлдэнэ.

 

Тав.Донор эд, эрхтэнг шилжүүлэн суулгах

 

            5.1.Эд, эрхтэнг шилжүүлэн суулгах эмнэлэг нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

                        5.1.1.дадлагажсан багтай байх;

5.1.2.мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн орчин үеийн багаж, тоног төхөөрөмжтэй байх;

5.1.3.мэс заслын дараах бүрэн тоноглогдсон эрчимт эмчилгээний өрөөтэй байх;

5.1.4.үйлчлүүлэгчдийн насан туршийн хяналт хийдэг байх.

            5.2.Эд, эрхтэнг шилжүүлэн суулгах ажилбарыг дээрх шаардлагыг хангасан, эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад хийж гүйцэтгэнэ.  

 

 

 

оОо