A

A

A

Бүлэг: 1979

 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2017 оны 12 дугаар сарын 06-ны 

өдрийн 6/11 дугаар тогтоолын хавсралт

 

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ

ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4, 6, 7, 8 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь зүйл заалтыг тус хэрэгжүүлэхэд оршино.

1.2. Увс аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийг аж ахуйн нэгжид олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь  хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон  журмын  дагуу зохицуулагдна.

Хоёр. Тусгай зөвшөөрлийн төрөл, тавигдах шаардлага ба бүрдүүлэх баримт бичиг

2.1.Тусгай зөвшөөрөл дараах төрөлтэй байна.

2.2.1. Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах

2.2.2. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах

2.2.3. Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх

2.2.4. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх

2.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй цэг, салбар нь худалдаа, үйлчилгээний технологи, ариун цэвэр, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан байх ба хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн соёлтой үйлчилгээг үзүүлнэ.

2.3.Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж нь дараах шаардлагыг хангасан байна.

2.3.1.Үйл ажиллагааны төрлөөс хамаарч худалдааны газар, түүний үйлчилгээний MNS 5021:2007, зоогийн газар, баар, кафе нь хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005, амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага МNS 6043:2009 Монгол Улсын стандартад заасан шалгуур үзүүлэлтийг хангаж, тохирлын гэрчилгээг авсан байх

          2.3.2.Худалдааны цэгт худалдагч, үйлчилгээний цэгт холбогдох мэргэжлийн ажилчдыг орон тоогоор ажиллуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг байх.

             2.3.3.Аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулж татвар, санхүүгийн тайлангаа цаг хугацаанд нь гаргаж хэвшсэн байх

             2.3.4.Худалдаа, үйлчилгээний цэг нь гадна талбайдаа авто зогсоол, орчны гэрэлтүүлэг, камерын хяналтын системийг байгуулсан, үйлчилгээний хэсэгтээ галын хор, галын булан, дохиоллыг байрлуулсан байх

            2.3.5.Хот, сумын төвийн тохижилт, үйлчилгээ, нийтийг хамарсан ажил, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх

            2.3.6.Хууль тогтоомж болон тусгай зөвшөөрөлд заагдсан шаардлагыг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, энэ талаар тухайн сумын Засаг дарга дэмжсэн байх

            2.3.7.НӨАТУС-ын системд холбогдсон программ хангамж, зориулалтын тоног төхөөрөмжтэй, иргэдэд төлбөрийн баримт хэвлэж өгөх нөхцөлийг хангасан байх

            2.3.8.Гадна хаягийг өөрийн нэр бүхий лого, цагийн хуваарьтай, Монгол хэл, бичгээр бичиж, харагдахуйц байрлуулсан, орчин үеийн шаардлага, стандартад нийцүүлсэн гэрлэн хаягтай байх

          2.3.9.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хориглосон газарт байршаагүй байх.

          2.3.10.Хуульд заасан бусад шаардлага.

         2.4.Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

          2.4.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ.

          2.4.2.Худалдаа, үйлчилгээний гадна, дотно тохижилтыг харуулсан фото зураг /Камер, галын хор, булан, дохиоллын систем, кассын машин, хууль сурталчлах самбарыг баталгаажуулсан зураг/

 

Гурав. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах

            3.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ журмын 2.3-д заасан шаардлагыг хангаж,2.4-т заасан баримт  бичгийг бүрдүүлсэн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын захирамжаар 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгана. 

       3.2. Аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл авах /шинээр авах, сунгах/ хүсэлтийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн хамт орон тооны бус ажлын хэсэгт ирүүлнэ.

       3.3. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжийн ирүүлсэн материалыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан орон тооны бус ажлын хэсэг судалж, саналаа аймгийн Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

       3.4. Тусгай зөвшөөрлийг үйлчилгээний төрөл, стандартаас хамааран дараах төрлүүдээр олгоно.

       3.4.1.Худалдааны чиглэлээр:

                а/ Хүнсний дэлгүүр, минимаркет, сумпермаркет, хайпермаркет, хүнсний бөөний төв, хүнсний агуулах худалдааны төвд спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах.

      3.4.2. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр:

а/ Ресторан, бааранд- спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх.

                 б/  Кафед- спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх.

       3.4.3. Зочид буудалд:

       а/ Одны зэрэглэл авсан  зочид буудал нь бүх төрлийн согтууруулах ундаа борлуулах хөргөгч байрлуулж, мини баараар  үйлчлэх.

3.5. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох шийдвэр гарсан нөхцөлд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан агуулга бүхий гэрчилгээг тухайн аж ахуйн нэгжид олгоно.

3.6. Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа газруудад стандартад заагдсан ангиллын дагуу тус тусад нь шийдвэрийг гаргаж тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоно.

3.7.Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан аймгийн Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар болон сумдын Засаг даргын Тамгын газарт онлайнаар хүргэж, Uvs.gov.mn сайтад байршуулна.

3.8. Тусгай зөвшөөрлийн хугацааг  сунгахад  Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасан журмыг баримтлана.

 

Дөрөв. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

      4.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу  тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд  тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл  хугацаагаар түдгэлзүүлнэ.

    4.2. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгасан тухай нотлох баримт, хүсэлтийг аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус ажлын хэсэгт ирүүлэх ба хурлаар хэлэлцэж сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Тав. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

5.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

.

Зургаа. Журмын хэрэгжилтэд хяналт тавих

 

6.1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан байгууллага, албан тушаалтан хяналт тавьж ажиллана. 

6.2. Энэ журмын 6.1-т заасан байгууллага, албан тушаалтан чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа хийж, аймгийн Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

6.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хяналт тавих эрх бүхий байгууллага,  албан тушаалтан нь энэ журмыг зөрчсөн тухай мэдээллийг улирал бүр гаргаж орон тооны бус ажлын хэсэгт ирүүлнэ.

6.4.Орон тооны бус ажлын хэсэг нь тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

 

Долоо. Бусад

7.1. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, олгохоос татгалзах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээхтэй холбогдон гарсан аливаа маргааныг аймгийн Засаг дарга болон орон тооны бус ажлын хэсэгт хандаж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

7.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

...................о0о......................