A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/212 тоот тушаалын хавсралт

 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан этгээдэд тус хуулийн 18.1.5-д заасан урамшууллыг олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Энэхүү журам нь мэргэжлийн ур чадварын дэлхийн тэмцээн, уралдаан /цаашид тэмцээн, уралдаан гэх/-д амжилттай оролцож, нэгдүгээр байр (алтан медаль), хоёрдугаар байр (мөнгөн медаль), гуравдугаар байр (хүрэл медаль), тусгай байрт шалгарсан оролцогч болон түүний багш (дасгалжуулагч), хувийн туслахыг урамшуулахад хамаарна.

1.3.Журам нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцан мэргэжил эзэмшиж байгаа болон мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн тохиолдолд үйлчилнэ.

1.4.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн ур чадварын улсын тэмцээнийг гурван жилд нэг удаа зохион байгуулж, төрөл тус бүрээр нэг мэргэжлээр нэг хүн шалгаруулан гурван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээн, уралдаанд оролцуулна.

1.5.Тэмцээн, уралдаанд оролцох багийн бүрэлдэхүүнийг тэмцээн болохоос 30 хоногийн өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батлуулсан байна.

1.6.Тэмцээн, уралдаанд оролцох үйл ажиллагааг зохион байгуулж буй төрийн бус байгууллага нь оролцогчдын бүрэлдэхүүнийг батлуулахад дараахь материалыг бүрдүүлж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ. Үүнд:

1.6.1.Тэмцээн, уралдааны талаарх дэлгэрэнгүй танилцуулга;

1.6.2.Тэмцээн, уралдааны албан ёсны урилга, удирдамж;

1.6.3.Тэмцээн уралдаанд оролцох оролцогчийн овог нэр, нас, хүйс, оролцох төрөл, холбогдох бусад мэдээллийг тусгасан мэдүүлэг;

1.6.4.Хувийн туслахын үйлчилгээ шаардлагатай хүнтэй хамт явах хувийн туслах болон дохионы хэлний орчуулагч, харааны бэрхшээлтэй иргэний хөтчийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

1.6.5.Багийн бүрэлдэхүүнд өөрийн орноос шүүгч оролцуулах бол шүүгчийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

 

ХОЁР. УРАМШУУЛАЛ ОЛГОХ БОЛЗОЛ,

УРАМШУУЛАЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ

 

2.1. Тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүн тэмцээн дууссан хугацаанаас хойш 6 сарын хугацаанд багтаан өөрийн харьяа аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагад дараахь материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

2.1.1. Иргэний үнэмлэх, гадаад паспорт, тэмцээн зохиогдсон орны визний хуулбар;

2.1.2. Урамшуулал хүссэн өргөдөл;

2.1.3. Сум, хороо, баг, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;

2.1.4. Байгууллагын тодорхойлолт;

2.1.5. Хөгжлийн бэрхшээлийг тогтоосон комиссын шийдвэрийн хуулбар;

2.1.6. Нийгмийн халамжийн болон даатгалын тэтгэврийн дэвтрийн хуулбар;

2.1.7.Тэмцээнд амжилттай оролцсоныг нотлох баримт, диплом, гэрчилгээний эх хувь, хуулбар;

2.1.8. Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх;

2.2. Аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага нь тухайн хүний материалыг ажлын 5 хоногийн дотор хянан үзэж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад журмын дагуу болзол, шаардлага хангасан хүний тоо, мэдээллийг шагнал, урамшууллын дүнгийн хамт хүргүүлнэ.

2.3. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь материалыг хянан үзэж, шаардлага хангасан бол шагнал, урамшуулал олгох тухай саналыг ажлын 7 хоногийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

2.4. Тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон оролцогчид шагнал, урамшууллыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.

2.5.  Тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон ч байр эзэлж чадаагүй, бусад орны тамирчдаас болон зохион байгуулагч орноос нөхөрсөгөөр бэлэглэсэн медаль, шагнал, өргөмжлөлд мөнгөн урамшуулал олгохгүй.

2.6. Материалын бүрдэл дутуу, энэхүү журмын 2.1-д заасан хугацаанд материалаа хүргүүлээгүй тохиолдолд урамшуулал олгохгүй.

 

ГУРАВ. УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭ, САНХҮҮЖИЛТ

 

3.1. Тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, медаль хүртсэн болон шагналт байранд шалгарсан оролцогчид олгох урамшууллын хэмжээг дараахь мөнгөн дүнгээр тооцож нэг удаа олгоно.

3.1.1. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож алтан медаль хүртсэн тохиолдолд гурван сая төгрөг;

3.1.2. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тохиолдолд хоёр сая төгрөг;

3.1.3. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн тохиолдолд нэг сая төгрөг;

3.1.4. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож тусгай байр эзэлсэн тохиолдолд таван зуун мянган төгрөг;

3.2. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож,журмын 3.1-д заасан болзлыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүний багш /дасгалжуулагч/-д тэмцээн, уралдаанд оролцогчийн гаргасан амжилтаас нь хамааран шагнал урамшууллын дүнгийн30 хувь, хувийн туслахад 25 хувьтай нь тэнцэхүйц хэмжээний мөнгөн урамшууллыг тус тус олгоно.

3.3. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож болзол хангасан оролцогчийн урамшууллын зардлыг мэргэжлийн ур чадварын дэлхийн тэмцээн зохиогдох жилийн улсын төсвийн төсөлд тусгах замаар шийдвэрлэнэ.

 

ДӨРӨВ. БУСАД ЗҮЙЛ

 

4.1. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан нэгж нь амжилт үзүүлсэн оролцогчдын мэдээллийн санг бүрдүүлж ажиллана.

4.2. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тэмцээн уралдаанд амжилттай оролцсон оролцогчдыг олон нийтэд сурталчлан таниулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

4.3. Аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллага нь тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон оролцогчийг тухайн амжилт үзүүлсэн чиглэлээр нь холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад ажилд зуучлахад дэмжлэг үзүүлнэ.

 

 

 

 

-------- о0о -------