A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                                                   Эрүүл мэндийн сайдын

2017 оны 12 сарын 11 -ны өдрийн А/503 

дугаар тушаалын хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ

 МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ  ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний төрөл, технологи, чанар, гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, магадлан итгэмжлэл олгох эсэх талаар шийдвэр гаргах, магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.

1.2.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.3.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр явагдаж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, нээлттэй, ил тод, бусдын нөлөөнд үл автах, шударга байх зарчмыг баримтлана.

1.4.Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч 2 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно.

1.5.Монгол Улсад эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлд заасан тусламж, үйлчилгээг үзүүлж буй эрүүл мэндийн байгууллага 1.4-д заасан хугацаанаас өмнө магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргавал Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

1.6.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага нь батлагдсан төлбөрийн жишгийн дагуу магадлан итгэмжлүүлэх үйлчилгээний төлбөр төлнө.

1.7.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, үйл явцын талаар оролцогч талууд өөрийн байгууллагын цахим хуудаст холбогдох мэдээллийг тогтмол байршуулна.

     

Хоёр. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зохион байгуулалт

2.1.Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд дараахь талууд оролцоно. Үүнд:

2.1.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

2.1.2.Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөл;

2.1.3.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Чанар магадлан итгэмжлэлийн алба;

2.1.4.Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар;

2.1.5.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага;

2.1.6.Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээч;

2.1.7.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага, нийгэмлэг, холбоод, мэргэжлийн салбар зөвлөл.

2.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн бодлогыг тодорхойлж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.2.1.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

2.2.2.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион

байгуулалтаар хангах;

2.2.3.Магадлан шинжлэх шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлалыг боловсруулах, батлах;

2.2.4.Магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийг сонгон

шалгаруулах, томилох, чөлөөлөх;

2.2.5.Магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлыг зохион байгуулах, шийдвэрийг баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих, магадлан   итгэмжлэгдсэнийг  гэрчлэх батламж олгох;

2.2.6.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

2.2.7.Ажлын алба болон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг, чиглэл өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;

2.2.8.Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, магадлан

итгэмжлэлийн чиглэлээр мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоод болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, гэрээ, хэлэлцээр байгуулах;

2.2.9.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой иргэд, байгууллагын өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх;

2.2.10.Ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэх, хамтран ажиллах;

2.3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд оролцогч талуудын төлөөлөл бүхий орон тооны бус Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөл /цаашид зөвлөл гэх/ ажиллаж, магадлан итгэмжлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангана.

2.4.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Чанар, магадлан итгэмжлэлийн алба” /цаашид ажлын алба гэх/ нь магадлан итгэмжлэх үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулан дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

     2.4.1.Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлүүлэх хүсэлт, баримт бичгийг хүлээн авах, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх;

     2.4.2.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны үе шат бүрд эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх,  чиглүүлэх, зөвлөн туслах, хамтран ажиллах;

     2.4.3.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэлийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийх, холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээллийг авах, дүгнэлт хийж хэрэглэгчдийг нотолгоот мэдээллээр хангах;

     2.4.4.Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрыг мэргэжил арга зүйгээр ханган дэмжлэг үзүүлэх, сургах, хамтран ажиллах;

     2.4.5.Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр/төлөвлөгөө боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;

     2.4.6.Магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчээр томилогдсон мэргэжилтэнтэй гэрээ байгуулах, сургалт зохион байгуулах, ажлын гүйцэтгэлийг дүгнэх;

     2.4.7.Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийх  хуваарь, удирдамж, төлөвлөгөөг батлуулах, шинжээчийн багийг томилон ажиллуулах, үнэлгээтэй холбоотой мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;

     2.4.8.Магадлан итгэмжлэлийн зарим үйл ажиллагааг мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоод, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах, хамтран ажиллах, гэрээг дүгнэх;

     2.4.9.Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын үзүүлж буй тусламж, үйлчилгээний технологи, чанар, гүйцэтгэлд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, дүнг жил бүр Зөвлөлд тайлагнах;

     2.4.10.Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийг цахим хуудсанд ил тод байршуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;

     2.4.11.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой асуудал, өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, шаардлагатай бол Зөвлөлд танилцуулах, шийдвэрлүүлэх.

2.5.Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь харъяалах нутаг дэвсгэртээ магадлан итгэмжлэх үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.5.1.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2.5.2.Аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн удирдлага дор 3-5 хүний бүрэлдэхүүнтэй эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн багийг байгуулж, гэрээ байгуулан хамтран ажиллах;

2.5.3.Баг нь эрүүл мэндийн байгууллагад зөвлөн туслах үүрэгтэй ажиллах бөгөөд эрүүл мэндийн удирдлага, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн эмч, тархвар судлал, сувилахуй, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн байх;

2.5.4.Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх, хүсэлт гаргасан байгууллагын баримт бичгийн бүрдүүлэлтэд зөвлөгөө өгөх, хүлээж авах;

2.5.5.Эрүүл мэндийн байгууллагад хийгдэж буй магадлан итгэмжлэлийн үнэлгээнд оролцох, үнэлгээгээр илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

2.5.6.Магадлан итгэмжлэгдсэн байгууллагад явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөмж өгөх, хэрэгжилтэд хяналт тавих, ажлын албанд тайлагнах;

2.5.7.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай гэж үзвэл Зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх;

2.5.8.Магадлан итгэмжлэгдсэн байгууллагад тусламж, үйлчилгээний

чанарын хөгжлийн хөтөлбөр/төлөвлөгөө боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх;

2.5.9.Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн сан бүрдүүлэх, баяжилт хийх.

                                   Гурав. Магадлан итгэмжлүүлэх байгууллагад тавигдах шаардлага

3.1.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж буй эрүүл мэндийн байгууллага нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.1.1.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлд заагдсан тусламж, үйлчилгээний төрөл бүрээр үйлчилгээг үзүүлдэг байх;

3.1.2.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заагдсан ажлын байрандаа сүүлийн нэг жилийн дотор  үйл ажиллагаа явуулсан байх;

3.1.3.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх стандартын шаардлага хангасан, зориулалтын байртай байх;

3.1.4.Тусгай зөвшөөрөлд заагдсан тусламж, үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтнээр хангагдсан байх;

3.1.5.Жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байх, улирлын хугацаанд ажилладаг сувилал нь жилдээ 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх ;

3.1.6.Магадлан итгэмжлэлд орох асуудлыг хамт олноороо хүлээн зөвшөөрсөн байх;

3.1.7.Магадлан итгэмжлэлд бэлтгэх зөвлөгөө авч, сургалтад хамрагдсан байх;

3.1.8.Магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтийг хангасан байх;

3.1.9.Бүрдүүлсэн баримт бичгүүд үнэн, бодитой байх.

 

Дөрөв. Эрүүл мэндийн байгууллагын хүлээх үүрэг

4.1.Эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлэх үйл ажиллагааг

дараахь үе шатуудад хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1.1.Магадлан итгэмжлэлд бэлтгэх үе шат

4.1.2.Магадлан итгэмжлэлийн дараахь үе шат

4.2. Магадлан итгэмжлэлд бэлтгэх үе шат

4.2.1.Эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргахаас 12-24 сарын өмнөөс бэлтгэл ажлыг эхлүүлэх.

4.2.2.Магадлан итгэмжлэлд бэлтгэх багийг зохион байгуулах, ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжүүлэх, магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр өөрийн үнэлгээг оролцоонд тулгуурлан хийж, тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудалд чиглэсэн чанар сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулж, дүгнэсэн байх;

4.2.3.Байгууллагын үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээг зохицуулж буй тушаал, шийдвэр, дүрэм, журмын хэрэгжилтэд үнэлгээ хийн, хамт олны оролцоог ханган шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

4.2.4.Чанар, аюулгүй байдал, эрсдэл, оношилгоо эмчилгээний стандарт, удирдамж, дэвшилтэт технологи, арга аргачлал болон магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлалын чиглэлээр цахим болон ажлын байрны сургалтад хамрагдах;

4.2.5.Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ажлын албанаас ажлын байран дахь арга зүйн зөвлөгөөг авах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, дүгнэх;

4.2.6.Эрүүл мэндийн салбарын хэмжээнд мөрдөгдөж буй тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлттэй уялдуулан өөрийн байгууллагын өвөрмөц үзүүлэлтийг тодорхойлон баталж, дүгнэлт хийх;

4.2.7.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны хүрээнд өгсөн зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллах;

4.2.8.Хөндлөнгийн байгууллагын хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулсан, үр дүн гарсан байх;

           4.3.Магадлан итгэмжлэлийн дараахь үе шат

4.3.1.Магадлан итгэмжлэх шийдвэр гарснаас хойш 45-60 өдрийн дотор шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийг тусган тусламж, үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр/төлөвлөгөөг боловсруулж, батлах;

4.3.2.Магадлан итгэмжлэгдсэнээ өөрийн байгууллагын цахим хуудсаар мэдээлэх;

4.3.3.Тусламж, үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр/төлөвлөгөөг

байгууллагын төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх, жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн дүгнэх;

4.3.4.Магадлан итгэмжлэлийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамрагдах, зөвлөмжийг хэрэгжүүлэх;

4.3.5.Хэрэв давтан магадлан итгэмжлэлд орох бол дараагийн магадлан итгэмжлэлд бэлтгэж, 4.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

 

Тав. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах, баримт бичиг бүрдүүлэх

5.1.Эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлэлд орох бэлтгэлийг хангасны дараа энэ журмын 5.3-т заасан баримт бичгийг бүрдүүлнэ.

5.2.Давтан магадлан итгэмжлэлд орох эрүүл мэндийн байгууллага нь батламжийн хүчинтэй хугацаа дуусахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргасан байна.

5.3.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах байгууллага нь дараах баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр бүрдүүлэн, баталгаажуулна. Үүнд:

5.3.1.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт бүхий албан бичиг;

5.3.2.Эрүүл мэндийн байгууллагын танилцуулга. /Батлагдсан маягтын дагуу магадлан итгэмжлэгдсэн хугацаанд тусламж, үйлчилгээнд гарсан ахиц, дэвшил, үйл ажиллагааны давуу, сул талыг тодорхойлон дүгнэлт хийсэн байх/;

5.3.3.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний  нотариатаар  баталгаажуулсан хуулбар;

5.3.4.Магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар /анх удаа орох байгууллагад хамаарахгүй/;

5.3.5.Магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр хийсэн өөрийн үнэлгээний тайлан;

5.3.6.Тусламж, үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр/ төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан;

5.3.7.Тусламж, үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд хийсэн дүн шинжилгээ /давтан магадлан итгэмжлүүлэх байгууллага бол магадлан итгэмжлэгдсэн хугацааны, харин анх удаа магадлан итгэмжлүүлэх байгууллага бол сүүлийн 2 жилийн үзүүлэлт/;

5.3.8.Үйлчлүүлэгчийн  болон  ажилтны  сэтгэл   ханамжийн   судалгаанд

хийсэн дүн шинжилгээний тайлан /сүүлийн 2 жилийн үзүүлэлт/ ;

5.3.9.Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн арга хэмжээний тайлан, дүгнэлт;

5.3.10.Магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын болон шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн тайлан;

5.3.11.Магадлан итгэмжлэгдэх үйлчилгээний төлбөр төлсөн баримт.

5.4.Эрүүл мэндийн байгууллага нь баримт бичгийг цаасан болон CD хэлбэрээр бүрдүүлж, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлнэ.

5.5.Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь байгууллагын ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичгийг авч материал бүрдүүлэлтэд хяналт тавина.

5.6.Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь эрүүл мэндийн байгууллагаас хүлээн авсан баримт бичиг, материалыг цаасан болон CD хэлбэрээр ажлын албанд ирүүлнэ.

5.7.Ажлын алба нь эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн баримт бичгийг хүлээж авснаас хойш ажлын 15 хоногийн дотор хянан үзэж, баримт бичиг бүрэн бус,  шаардлага хангаагүй бол тухайн байгууллагад буцаана.

5.8.Баримт бичиг бүрэн, шаардлага хангасан тохиолдолд ажлын 15 хоногийн дотор шинжээчийн баг ажиллуулах товыг гаргаж, хариу мэдэгдэнэ.

5.9.Магадлан итгэмжлэгдсэн байгууллага давтан магадлан итгэмжлэлд орохгүй тохиолдолд итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дуусахаас 90 хоногийн өмнө ажлын албанд албан бичгээр мэдэгдэнэ.

5.10.Эрүүл мэндийн байгууллагын нэр, харъяалал өөрчлөгдсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд орсон өөрчлөлтийг үндэслэн батламжийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 10 хоногт багтаан дахин олгоно.

5.11.Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн тохиолдолд тухайн байгууллагад бүхэлд нь ба хэсэгчилсэн үнэлгээ хийх эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

Зургаа.  Магадлан шинжлэх, үнэлгээ хийх

6.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөл, үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг нэг байгууллагад 1-3 өдөр ажиллана.

6.2.Шинжээчийн баг үнэлгээ хийх байгууллагын баримт бичигтэй урьдчилан танилцаж, мэдээлэл авсан байна.

6.3.Шинжээчийн баг үнэлгээ хийх байгууллагын удирдлага, ажилтнуудтай уулзаж, ажлын төлөвлөгөөг танилцуулж, төлөвлөгөөний дагуу ажиллана.

6.4.Шинжээчийн баг нь тасаг, нэгжийн тойрон үзлэг, баримт бичгийн үзлэг, гардан үйлдэл хийх үйл явцад ажиглалт хийх, ярилцлага хийх зэрэг аргуудыг үнэлгээнд ашиглана.

6.5.Шинжээчийн баг үнэлгээтэй холбоотой нэмэлт баримт бичгийг тухайн байгууллагаас гаргуулан авч болно.

6.6.Магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр хийгдсэн үнэлгээний урьдчилсан дүгнэлт, сайжруулах ажлын зөвлөмжийг тухайн байгууллагын удирдлага, нийт ажилтнуудад танилцуулж, 2 хувь тэмдэглэл үйлдэн байгууллагад нэг хувийг үлдээнэ.

6.7.Ажлын тайлан, үнэлгээний дүгнэлт, зөвлөмж, танилцуулгыг батлагдсан маягт, аргачлалын дагуу боловсруулж, үнэлгээ хийсэн байгууллагын тооноос хамаарч ажлын 3-7 хоногт багтаан, цаасан болон цахим хэлбэрээр багийн ахлагч ажлын албанд ирүүлнэ. Багийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

6.8.Ажлын алба нь шинжээчийн багийн ирүүлсэн баримт бичгийг хянаж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангана.

6.9.Шинжээчийн багийн нэгдсэн дүгнэлтийг үнэлгээ хийснээс хойш 30 хоногийн дотор зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагад хүргүүлнэ.

6.10.Магадлан итгэмжлэл авснаас хойшхи хугацаанд эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл дэх тусламж, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн тохиолдолд магадлан итгэмжлэлд анх удаа орж байгаа гэж дүгнэж үнэлнэ.

 

Долоо. Магадлан итгэмжлэл олгох

 

            7.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн анх удаа магадлан итгэмжлэгдсэн байгууллагад 1, 2 жилийн хугацаатайгаар, давтан магадлан итгэмжлэгдсэн байгууллагад үнэлгээний дүнг харгалзан 2-5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэлийг олгож, баталгаажуулна.

7.2.Эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан тусламж, үйлчилгээний төрөл, чиглэлд өөрчлөлт ороогүй, тухайн чиглэлээр 3 ба түүнээс дээш удаа тасралтгүй магадлан итгэмжлэгдсэн бол ажлын алба, Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын хийсэн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн хугацааг сунгах эсэх тухай саналыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ. Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 3 жилийн хугацаагаар магадлан итгэмжлэлийн хугацааг зөвхөн нэг удаа сунгах ба байгууллага нь үйлчилгээний батлагдсан жишгээр төлбөр төлнө.

7.3.Магадлан шинжлэх шалгуур үзүүлэлт тус бүрийг 100 хувийн үнэлгээгээр үнэлнэ. Шалгуур үзүүлэлтийн бүлэг тус бүрийн үнэлгээний босго нь анх удаа магадлан итгэмжлэлд орж байгаа байгууллагад 80 ба түүнээс дээш хувь, давтан орж буй байгууллагад 85 ба түүнээс дээш хувь байгаа тохиолдолд шалгуур үзүүлэлтийг хангасан гэж дүгнэнэ.

7.4.Анх удаа магадлан итгэмжлэгдэх байгууллага шалгуур үзүүлэлтийг 80-89,9 хувь хангасан бол 1 жил,  90 ба түүнээс дээш хувь хангасан бол 2 жил, давтан магадлан итгэмжлэгдэх байгууллага 85-88,9 хувь хангасан бол 2 жил, 89-91,9 хувьд 3 жил,  92-95,9 хувьд 4 жил, 96-аас дээш хувьд 5 жилийн хугацаатайгаар тус тус олгоно.

7.5.Магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд анх удаа магадлан итгэмжлэлд орсноор тооцож үнэлнэ.

7.6.Шинжээчийн багийн үнэлгээгээр магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтийг  хангаагүй эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгохгүй бөгөөд шийдвэрийг тухайн байгууллагад хүргүүлнэ. Хэрэв тухайн асуудал тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, технологитой холбоогүй үзүүлэлт бол Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн 3 сарын хугацаа өгч, дахин тухайн чиглэлд шинжээчийн үнэлгээг хийлгэж болно.

7.7.Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээнд гарсан зөрчил, дутагдалтай холбоотой асуудлын улмаас магадлан итгэмжлэл олгохыг түтгэлзэж, тодорхой хугацааны дараа дахин шийдвэрлэсэн тохиолдолд батламжийг  зөвлөлийн хурлын шийдвэр гарсан өдрөөс олгоно.

7.8.7.6-д зааснаас бусад тохиолдолд дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг 12 сарын дараа гаргаж болно.

 

Найм. Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох 

8.1.Магадлан итгэмжлэлийг дор дурдсан нөхцөлд хүчингүй болгоно. Үүнд:

8.1.1.Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний технологи, эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэм, өвчтөний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим зөрчигдсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон талаар үйлчлүүлэгчдийн гомдол гарсан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулах технологи, стандарт удаа дараа зөрчигдсөн нь явцын хяналт, үнэлгээ болон холбогдох байгууллагын хяналт, шалгалт хийх эрх бүхий байгууллагаар нотлогдсон;

8.1.2.Магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дууссан;

8.1.3.Үйлчлүүлэгчээс төрийн захиргааны байгууллагад тухайн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, ёс зүйтэй холбоотой гомдол нийт үйлчлүүлэгчдийн 1 ба түүнээс дээш хувьд гарсан, гомдлыг барагдуулж тодорхой арга хэмжээ аваагүй бол;

8.1.4.Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний төрөл, тусгай зөвшөөрлийн чиглэл өөрчлөгдсөн, эсхүл байгууллага татан буугдсан, 6 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон бол;

8.1.5.Магадлан итгэмжлэгдсэн хугацаанд тусламж, үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр/төлөвлөгөө баталж, хэрэгжүүлээгүй, явцын хяналт-шинжилгээ, үнэлгээнд хангалтгүй дүгнэгдсэн бол;

8.1.6.Магадлан итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдсаны дараа тусгай зөвшөөрөл дэх ажлын байр, эсхүл үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөнөө тухай бүр мэдэгдээгүй бол.

 

Ес. Маргааныг шийдвэрлэх  

9.1.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар гарсан маргааныг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

9.2.Эрүүл мэндийн байгууллага нь шинжээчдийн багийн өгсөн дүгнэлттэй санал нийлэхгүй эсхүл шинжээчийн ёс зүй, харилцаа, хандлагатай холбоотой гомдол гарвал магадлан итгэмжлэх зөвлөлд хүсэлт гаргаж шинжээчдийн  хоёр дахь багийг томилуулж болно.

9.3.Шинжээчийн хоёр дахь баг томилон ажиллахтай холбогдон гарах зардлыг тухайн байгууллага хариуцана. Энэхүү хоёр дахь багийн дүгнэлт нь магадлан итгэмжлэх байгууллагын эцсийн шийдвэрийн үндэслэл болно.

9.4.Эрүүл мэндийн байгууллага нь зөвлөлийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гомдол гаргаж болно.

9.5.Зөвлөлийн хурлын шийдвэрээр шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар дахин хэсэгчилсэн үнэлгээ хийж болно.

 

 

                         ---oOo---