A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 321 дүгээр
                    тогтоолын хавсралт

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХ, ОРОЛЦОО,
ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Ерөнхий мэдээлэл

Манай Улс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор 1995 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг баталж, уг хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээний хууль эрх зүйн үндсийг бий болгосон. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай”   НҮБ-ын конвенцийг Монгол Улс 2009 онд соёрхон баталсан бөгөөд энэхүү конвенцийн хэрэгжилтийн тайлангаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороогоор  2015 онд хэлэлцүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос тус тайланг хэлэлцээд конвенцийн ерөнхий зарчим болон хүлээсэн үүргээ хууль эрх зүй, бодлогодоо тусгах шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж болгосон юм.

Монгол Улсын Их Хурлаас 2016 онд шинээр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн гишүүний хувьд үндсэн эрхээ эдэлж, хөгжих боломж олгосон суурь эрх зүйн баримт бичиг болсон. Энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хуульчилж эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг зохицуулсан юм.

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан нэгж бий болгосон нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар авах арга хэмжээг эрчимжүүлэх, төр, төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чиглэлээр бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд томоохон дэвшил болсон.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлангаар 2016 оны Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 100,993 хүн байна. Тэдний 40.8 хувь нь төрөлхийн, 59.1 хувь нь ахуйн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 10,407 хүүхэд байгаагаас 12.1 хувь нь харааны, 8.3 хувь нь хэл ярианы, 7.6 хувь нь сонсголын,    17,6 хувь нь сэтгэцийн бэрхшээлтэй, 21.2 хувь нь хөдөлгөөний, 9.8 хувь нь хавсарсан бэрхшээлтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн насны 92994 хүн байгаагаас зөвхөн       19 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс цалин хөлстэй хөдөлмөр эрхэлж, өөртөө болон өрх, гэр бүлдээ эдийн засгийн дэмжлэг үзүүлэх боломж бага байгаагаас ядууралд өртөж, амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой амьдарч байна. Ажил эрхлэх хүсэл сонирхолтой, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр байгаа хэдий ч санхүүгийн хомсдолоос шалтгаалан дорвитой хэрэгжихгүй байна.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны судалгаагаар “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 орчим хувь нь цэцэрлэг, сургуулийн бага ангид суралцаж байдаг бол цаашид энэ хувь буурсаар ерөнхий боловсролын дунд, ахлах ангид суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 14 хувь болсон” байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт, хандлага нийгмийн аль ч түвшинд хангалтгүй, эдгээр хүмүүсийн асуудалд хүний эрхийн хувьд адил тэгш бус халамж хүртэгч, өвчтөн,  нийгмийн идэвхгүй гишүүн мэтээр хандах хандлага байсаар байна.

Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүн боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээнд тэгш хамрагдах, хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрахад сөргөөр нөлөөлж, тэдний эрх нь зөрчигдөж, ялгаварлан гадуурхагдах нэг шалтгаан болж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах,   хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний дуу хоолойг нь олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэх хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсруулав.

Хөтөлбөр нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016-2025), Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хууль, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах дунд хугацааны бодлогын баримт бичиг болно.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратеги (2013-2022), ДЭМБ, ОУХБ, ЮНЕСКО, АиДиДиСи байгууллагаас гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах удирдамж”, ДЭМБ-ын Хөгжлийн бэрхшээлийн талаарх үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөө (2014-2021) зэрэг баримт бичгийг бүх шатанд хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн ач холбогдол оршиж байна.


Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа

2.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэднийг нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг  олон нийтэд төлөвшүүлэх, тэдэнд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

Зорилт 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний алдагдсан чадварыг боломжит хэмжээнд хүртэл эргэн сэргээнэ.

Зорилт 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүх шатны боловсролд тэгш хамруулна.

Зорилт 3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Зорилт 4. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэнэ.

Зорилт 5. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмжийг сайжруулна.

Зорилт 6. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдээллийн нэгдсэн санг бий болгоно.

Зорилт 7. Нийгмийн бүх орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралд нөлөөлөх аливаа асуудлаар тэдний оролцоог хангана.

Зорилт 8. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гамшгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах чадвартай болгоно.

2.3. Хөтөлбөрийг 2018-2022 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийн зорилтыг хангах үйл ажиллагаа

3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
3.1.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр:
3.1.1.1. нийгмийн эрүүл мэндийн асуудлаарх бодлого, хөтөлбөрт үнэлгээ хийж,  хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндийг дэмжих асуудлыг шинээр тусгах;

3.1.1.2. хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гэр бүл, хамт олонд түшиглэн сэргээн засах тусламж, үйлчилгээний заавар, журмыг боловсруулан хэрэгжүүлэх;

3.1.1.3. хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн ээлтэй тусламж, үйлчилгээний журмыг боловсруулж үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх;

3.1.1.4. хөгжлийн бэрхшээлтэй хүний эрэлт хэрэгцээг үндэслэн аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ахуй засалч, хөдөлгөөн засалч, сэтгэл зүйчийг ажиллуулах асуудлыг судлах;

3.1.1.5. эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний өвөрмөц хэрэгцээнд тохирсон хичээлийг (дохионы хэл, нөхөн үржихүй гэх мэт)  оруулах;

3.1.1.6. сэргээн засах эмч, мэргэжилтэн, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч болон эмнэл зүйн сэтгэл зүйч, хиймэл эрхтэн, туслах хэрэгслэл хийдэг техникч зэрэг мэргэжилтнийг үе шаттайгаар гадаад, дотоодод сургах;

3.1.1.7. хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлаар судалгаа хийх.
3.1.2. Хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх чиглэлээр:
3.1.2.1. ураг, нярай, бага насны хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх, эрт илрүүлэх талаарх ойлголтыг олон нийтэд мэдээллийн суваг, нийгмийн сүлжээгээр дамжуулан хүргэх;

3.1.2.2. хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний гэр бүлийн гишүүдэд сэргээн засах арга барилыг эзэмшүүлэх сургалт зохион байгуулах;

3.1.2.3. эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхлаас ангид байхад чиглэсэн харилцаа, хандлагыг хэвшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулах;

3.1.2.4. анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хоёрдогч хүндрэл (цооролт, шээсний замын халдвар, үений хөдөлгөөн хязгаарлагдах, таргалалт, ясны сийрэгжилт, сэтгэл гутрал г.м) үүсэхээс урьдчилан сэргийлэх талаар хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний гэр бүлийн гишүүдэд зөвлөгөө, мэдээлэл тогтмол өгч байх;

3.1.2.5. хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хүүхдийн хөгжлийн явцыг хянах зорилгоор “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн агуулгыг шинэчилж, хэрэглээг сайжруулах талаар өрхийн эмч, эцэг, эхчүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх.
3.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн ээлтэй тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр:
3.1.3.1. халдварт бус өвчин нь архагшсаны улмаас сэргээн засалтын тусламж, үйлчилгээ шаардлагатай хүний эмнэлэг, сувиллын хооронд илгээн эмчлүүлэх журам боловсруулж хэрэгжүүлэх;

3.1.3.2. эрүүл мэндийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн ээлтэй тусламж, үйлчилгээг бий болгох;
3.1.3.3. хүүхдийг 18 сар, 30-36 сартайд нь эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэгт хамруулж илэрсэн хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд дэмжлэг үзүүлэх удирдамж боловсруулж хэрэгжүүлэх;

3.1.3.4. эрүүл мэндийн байгууллагыг хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэгслэлээр хангах, хүний нөөцийг чадавхжуулах;

3.1.3.5. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Дауны хам шинжтэй хүүхдийг хянах, эцэг, эхэд нь зөвлөгөө өгөх кабинет ажиллуулах;

3.1.3.6. аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага нь нарийн мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, ахуйн болон хөдөлгөөн засалчдаас бүрдсэн мэргэжлийн багийг бүрдүүлэн харьяа нутаг дэвсгэртээ оршин суугаа хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоох оношилгоо хийж дүгнэлтээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын салбар комисс”-т хүргүүлэх;

3.1.3.7. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн дагуу эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллага үзүүлж байх.

3.1.4. Сэргээн засалт, хиймэл эрхтэн, туслах хэрэгслийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах чиглэлээр:

3.1.4.1. бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сэргээн засах танхим ажиллуулах;

3.1.4.2. хиймэл эрхтэн, туслах хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохируулах арга техникийн талаар өрх, сумын эрүүл мэндийн төвийн ажилтнуудад сургалт зохион байгуулах;

3.1.4.3. аймаг, дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн хэрэгцээтэй туслах хэрэгсэл хийх, завсарлах жижиг оврын ортопедийн цех ажиллуулах.

3.1.5. Хөгжлийн бэрхшээлийн олон улсын ангиллыг нэвтрүүлэх чиглэлээр:

3.1.5.1. биеийн үйлдэл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал (ICF)-ыг нэвтрүүлсэн зарим орны туршлагыг судлах;

3.1.5.2. биеийн үйлдэл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал (ICF)-ын талаар холбогдох төр, төрийн бус байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулах;

3.1.5.3. биеийн үйлдэл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал (ICF)-ыг нэвтрүүлэх чиглэлээр туршилтын төсөл хэрэгжүүлэх.
3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
3.2.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг боловсролын үйлчилгээнд хамрагдах нөхцөл, боломжийг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр:

3.2.1.1. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа одоогийн нөхцөл байдлын судалгааг үндэсний хэмжээнд хийх;

3.2.1.2. сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах туслах багшийн орон тоо, цалин хөлс, санхүүжилтийг шийдвэрлэх, ажил, үүргийг оновчтой болгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

3.2.1.3. хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний загвар, аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэх;

3.2.1.4. явуулын багшийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх ажлыг зарим дүүрэг, аймагт туршилтын байдлаар хэрэгжүүлэх;

3.2.1.5. тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай нэг суралцагчид ногдох хувьсах зардлын норматив, тэдэнд зориулсан нэмэлт үйлчилгээний зардлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

3.2.1.6. ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх үнэлгээний журам шинээр боловсруулах;

3.2.1.7. их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн суралцагч, цэцэрлэгт хүмүүжиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх загвар боловсруулж, хүргүүлэх;

3.2.1.8. багш бэлтгэдэг төрийн болон хувийн их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт заавал судлах “Тусгай хэрэгцээт боловсрол” хичээлийг оруулах;

3.2.1.9. монгол дохионы хэлний хэлмэрч, орчуулгын үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээ үзүүлэх журам боловсруулж батлах;

3.2.1.10. брайль үсгийн стандартыг боловсруулж батлуулах.

3.2.2. Сургуулийн өмнөх насны болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх чиглэлээр:

3.2.2.1. цэцэрлэгт хүүхэд шинээр элсүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дараалал харгалзахгүй элсүүлэх чиглэл баримтлах;

3.2.2.2. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, нөхөн сэргээх, ахуйн баримжаа олгох чиглэлээр сургалтын модул боловсруулж сургуулийн өмнөх, бага ангийн багш нарт сургалт зохион байгуулах;

3.2.2.3. цэцэрлэг, сургууль бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйгээр хангах ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх;

3.2.2.4. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан эрт оролцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах;

3.2.2.5. бага боловсролд хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын оношилгоо хийх арга зүйг боловсруулж турших.
3.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр:
3.2.3.1. хөгжлийн бэрхшээлтэй оюутныг суралцахад нь дэмжлэг үзүүлэх
зорилгоор тухайн сургуулийн “Оюутанд үйлчлэх төв”-д тэдэнд туслах ажилтан ажиллуулах чиглэл гаргаж хэрэгжүүлэх;

3.2.3.2. тусгай хэрэгцээт боловсролын багш, хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, дохионы хэлмэрч-орчуулагч, сэтгэл зүйчийг бакалавр, магистр, докторын түвшинд гадаад, дотоодод шинээр бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах;

3.2.3.3. боловсролын зээлийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүний бакалавр, магистр, докторын сургалтын зардлыг хөнгөлөх асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх.

3.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд амьдрах ухааны болон мэргэжлийн чиг баримжаа олгох насан туршийн боловсролын үйлчилгээний загварыг хэрэгжүүлэх чиглэлээр:

3.2.4.1. Насан туршийн боловсролын үндэсний төв, аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төв, сумын нэгжээр дамжуулан хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ахуйн баримжаа олгох, амьдрах ухааны сургалт зохион байгуулах, бусад боловсролын үйлчилгээний тохирох хэлбэрт хамруулах туршилтын төслийг хэрэгжүүлэх;

3.2.4.2. дүйцсэн хөтөлбөрөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтыг үргэлжлүүлэх;

3.2.4.3. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өөрт нь байгаа авьяас, ур чадвар, нөөц боломжид  тулгуурлан мэргэжлийн чиг баримжаа олгож амьдралд бэлтгэх;

3.2.4.4. хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан танхимын болон гэрийн сургалт хосолсон хөтөлбөр боловсруулах.
3.2.5. Боловсролын үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох чиглэлээр:
3.2.5.1. сургалтад ашиглаж байгаа ном, сурах бичгийг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын онцлог хэрэгцээнд нийцүүлэн хүртээмжтэй хэлбэрээр хэвлэн (аудио, видео, DVD, брайль, дүрс зурган өгүүлэмжтэй) түгээх;

3.2.5.2. тусгай сургууль, цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэх зориулалтын автобусыг шинэчлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

3.2.5.3. мэдээлэл, харилцаа холбооны техник, технологид суурилан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бие даан сурах сургалтын орчныг бүрдүүлэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;

3.2.5.4. боловсролын байгууллага нь гадна болон дотно орчноо MNS6055:2009 стандартын дагуу тохижуулах.

3.2.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг биеийн тамир, спорт, соёлын арга хэмжээнд татан оролцуулах, тэднийг амьдралын зөв дадал хэвшилд сургах чиглэлээр:

3.2.6.1. хөгжлийн бэрхшээлтэй хүний дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор сурталчилгаа хийх;

3.2.6.2. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулах, гадаадад оролцох тэмцээний санхүүжилтийг нэмэгдүүлэх тив, дэлхийн түвшинд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх;

3.2.6.3. хөгжлийн бэрхшээлтэй тамирчин, багш дасгалжуулагч, боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах;

3.2.6.4. хөгжлийн бэрхшээлтэй хүний урлагийн их наадам, дүрслэх урлаг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, худалдааг тогтмол зохион байгуулах;

3.2.6.5. ерөнхий боловсролын тусгай сургуулийн биеийн тамирын хичээлийн агуулгад тусгай олимпийн хөтөлбөрт орсон спортын төрлийг оруулах.

3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

3.3.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

3.3.1.1. хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн байдалд дүн шинжилгээ хийж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;
3.3.1.2. хөдөлмөр эрхлэж амжилтад хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг олон нийтэд сурталчлах арга хэмжээг зохион байгуулах;

3.3.1.3. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, судалгаа, хөгжлийн төв”-ийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барих;

3.3.1.4. хөдөлмөрийн биржүүдийн үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох, тэднийг ажилд зуучлах үйлчилгээг төрийн бус байгууллагын оролцоотойгоор сайжруулах;

3.3.1.5. хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулах цэг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх;

3.3.1.6. ажил олгогч нарт ажлын байрыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог байдалд нийцүүлэх сургалтыг холбогдох төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах;

3.3.1.7. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах;

3.3.1.8. хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад үндэслэн тэднийг мэргэжлийн сургалтад хамруулах, шинээр мэргэших, хос мэргэжил эзэмших сургалтыг зохион байгуулах;

3.3.1.9. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хамрах хүрээг оновчтой болгох, төрийн бус байгууллагуудын хяналт, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт оруулах.

3.3.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр:

3.3.2.1. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын суралцах орчин нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын тоог нэмэгдүүлэх;

3.3.2.2. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулахдаа тэдний хүсэл сонирхол, хөгжлийн бодит боломжид суурилах талаар эцэг, эхэд зөвлөгөө, мэдээлэл өгөх;

3.3.2.3. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилчдад хөгжлийн бэрхшээл болон тэдэнд тохирох хэрэглэгдэхүүний талаар мэдлэг, ойлголт олгох сургалт зохион байгуулах;

3.3.2.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр гарын авлага, танилцуулгыг хүртээмжтэй хэлбэрээр түгээх;

3.3.2.5. хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд мэргэжлийн ур чадварын тэмцээнийг дотоодод хоёр жил тутамд зохион байгуулж, дэлхийн болон тивийн олон улсын “Абилимп”-ийн тэмцээнд оролцогчдод төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

3.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.4.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр:

3.4.1.1. хөгжлийн бэрхшээлтэй хүнийг түрээсийн, халамжийн орон сууцанд хамрагдах талаар холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулж, квотыг нэмэгдүүлэх;

3.4.1.2. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж байх;

3.4.1.3. хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн хэрэгцээтэй хиймэл эрхтэн, туслах хэрэгслийн жагсаалт болон жишиг үнийг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчилж байх;

3.4.1.4. нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлж байгаа тусламж, хөнгөлөлтөд дүн шинжилгээ хийж, халамжийн үйлчилгээг оновчтой болгох;

3.4.1.5. хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээний стандартыг боловсруулж батлуулах;

3.4.1.6. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хөгжлийн төвийг 6 аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах.

3.5. Хөтөлбөрийн 5 дугаар зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.5.1. Иргэний барилга, зам, замын байгууламж, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр:

3.5.1.1. иргэний барилга, зам, замын байгууламж, нийтийн тээврийн холбогдох стандартыг үнэлэх, шинэчлэх шаардлагатай зарим стандартыг олон улсын стандарттай нийцүүлэн боловсруулах;

3.5.1.2. зам, тээврийн дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний бусад барилга байгууламжийн хүртээмжид төрийн бус байгууллагын оролцоотойгоор үнэлгээ хийх;

3.5.1.3. энэ хөтөлбөрийн 3.5.1.2-т заасан үнэлгээ дээр үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй зам, тээврийн байгууламжийн болон нийгмийн үйлчилгээний бусад барилга байгууламж, иргэний барилгыг тохижуулах;

3.5.1.4. хүртээмж болон түгээмэл загварын талаарх мэдлэг ойлголтыг барилга архитектур, зам, замын байгууламж зэрэг техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгуулах;

3.5.1.5. “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам. Техникийн шаардлага” MNS 5682:2006 стандартыг шинэчлэн боловсруулж батлуулах;

3.5.1.6. хорооллын доторх гудамж, замын стандартыг шинээр боловсруулах.

3.5.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр:

3.5.2.1. хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах;

3.5.2.2. хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээллийн хүртээмжийн талаарх олон улсын стандартыг судлах, шаардлагатай стандартыг шинээр боловсруулах;

3.5.2.3. төр, хувийн хэвшлийн байгууллагын цахим хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох талаар техникийн шийдэл боловсруулах;

3.5.2.4. сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнээс яаралтай тусламжийн дуудлагыг хүртээмжтэй хэлбэрээр хүлээн авах зайн дүрс, ярианы үйлчилгээг нэвтрүүлэх;

3.5.2.5. хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр олон нийтэд түгээх (ном, вэбсайт);

3.5.2.6. Монголын үндэсний олон нийтийн телевиз бусад арилжааны телевизийн мэдээллийн болон танин мэдэхүйн хөтөлбөрийг дохионы орчуулгатай, уран сайхны киног хадмал орчуулгатай болгох.

3.6. Хөтөлбөрийн 6 дугаар зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

3.6.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох чиглэлээр:

3.6.1.1. Үндэсний статистикийн хорооны мэдээллийн нэгдсэн сан дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний статистик тоо, мэдээллийн төрлийг нэмэгдүүлэх;

3.6.1.2. хүн ам, орон сууцны тооллогын асуумжид “Вашингтоны бүлгийн асуулга”-ыг тусгах;

3.6.1.3. хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой мэдээллийн нэгдсэн санг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд бий болгох;

3.6.1.4. хөгжлийн бэрхшээлийн статистик мэдээ, мэдээллийн талаарх олон улсын уулзалт, сургалтад төр, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах.

3.7. Хөтөлбөрийн 7 дугаар зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

3.7.1. Хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр:

3.7.1.1. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхдээ асарч, хүмүүжүүлэх талаар тэднийг чадавхжуулах сургалт зохион байгуулах;

3.7.1.2. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллагчид болон аймаг, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах;
3.7.1.3. хүчирхийлэлд өртсөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, зөв харилцах талаарх сургалтыг цагдаа, өмгөөлөгч, шүүгч, нийгмийн ажилтан, эмч бусад холбогдох албаны хүмүүсийн дунд зохион байгуулах;

3.7.1.4. хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй, дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмж бүрдүүлж үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж байгууллага, болон ажил олгогчийг жил бүр шалгаруулан урамшуулах;

3.7.1.5. хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай (DET) сургалтыг олон нийтэд хүргэх.

3.7.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахаас ангид байх, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр:

3.7.2.1. хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээл, хүйс, нийгмийн байдал болон бусад хүчин зүйлийн улмаас хүнийг ялгаварлан гадуурхсан заалт байгаа эсэхэд үнэлгээ хийж шаардлагатай бол өөрчлөлт оруулах;

3.7.2.2. хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх болон сонгууль зохион байгуулж байгаа хүмүүст хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг олгох сургалтыг төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах;

3.7.2.3. хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сонгуулиа чөлөөтэй өгөх боломж бүрдүүлэх зорилгоор сонгуулийн байрыг хүртээмжтэйгээр тохижуулах;

3.7.2.4. сонгуулийн хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог хэрэгцээнд тохируулж хэвлэх;

3.7.2.5. хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгогдох эрхийг хангах хүрээнд Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуульд үнэлгээ хийж дүгнэлт гаргах.

3.7.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрөө өөртөө туслах бүлэг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн бус байгууллагыг чадавхжуулах чиглэлээр:

3.7.3.1. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрөө өөртөө туслах бүлэг бий болгох, төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд хамруулах талаар тэдэнд сургалт зохион байгуулах;

3.7.3.2. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын гишүүдийг чадавхжуулах зорилгоор дотоод, гадаадын сургалтад хамруулах;

3.7.3.3. хөгжлийн бэрхшээлтэй залуу манлайлагчдыг бэлтгэх дотоод, гадаадын сургалтад хамруулах;

3.7.3.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын чадавхыг бэхжүүлэх зорилгоор бүсийн болон үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулах;

3.7.3.5. бүх яам, аймаг, дүүргийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний орон тооны бус дэд болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах.

3.8. Хөтөлбөрийн 8 дугаар зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
3.8.1. Гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр:

3.8.1.1. гамшгийн эрсдэлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга барилыг эзэмшүүлэх сургалтыг онцгой байдлын ажилтнуудын дунд зохион байгуулах;

3.8.1.2. гамшгийн эрсдэлээс хамгаалах, урьдчлан сэргийлэх сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүн болон тэдний асран хамгаалагч нарт зориулан төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсээс тогтмол зохион байгуулах;

3.8.1.3. гамшгаас өөрийгөө хамгаалах арга зүйг тусгасан гарын авлагыг хүртээмжтэй хэлбэрээр бэлтгэж тараах;

3.8.1.4. гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчилгээг тэдгээрийн онцлог хэрэгцээнд тохируулан үзүүлэх;

3.8.1.5. болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх дүрс бичлэгийн богино хэмжээний кино, шторк, сэрэмжлүүлгийг хадмал болон дохионы тайлбартайгаар явуулах.

Дөрөв. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна:

4.1.1. эрүүл мэнд, сэргээн засалтын тусламж, үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хамрагдалт нэмэгдэж, үйлчилгээ үзүүлэгч нарын хандлага өөрчлөгдөж, үйлчилгээний хүртээмж сайжирна.

4.1.2. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүх шатны боловсролд тэгш хамрагдах боломж бүрдэнэ.

4.1.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ.

4.1.4. хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан иргэний барилга, зам, замын байгууламж, нийтийн тээвэр болон мэдээллийн хүртээмж сайжирсан байна.

4.1.5. хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдээллийн нэгдсэн сан бий болно.

4.1.6. хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг хандлага нийгмийн түвшинд бий болж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох боломж нэмэгдэнэ.

4.1.7. хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний асран хамгаалагч нар гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чавдартай болсон байна.

4.2. Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Мэдээллийн эх сурвалж

Хэрэгжүүлэгч
байгууллага

 

Он

Үзүүлэлт

Он

Үзүүлэлт

 

 

 

Зорилт 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний алдагдсан чадварыг боломжит дээд хэмжээнд хүртэл эргэн сэргээнэ.

1.1

Хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх, хөгжлийн хоцрогдлыг бага насанд нь илрүүлэх, хөгжлийн дэмжлэг үзүүлэх талаар жилд зохион байгуулсан  сурталчилгааны тоо

Тоо

2016

-

2022

15

Эрт илрүүлгийн өдрийн тайлан,

Аймаг, дүүргийн ЭМБ-ын тайлан

ЭМЯ

1.2

Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж хөгжлийн дэмжлэгт хамруулах тогтолцооны загварыг хэрэгжүүлж байгаа аймаг, дүүргийн тоо

Тоо

2016

Байхгүй

2021

30

ЭМЯ, БСШУСЯ, ХНХЯ-ны хэрэгжүүлж байгаа төслүүдийн тайлан

ЭМЯ, ХНХЯ

1.3

Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн үнэлгээ хийх сургалтад хамрагдсан эрүүл мэндийн ажилтны тоо

тоо

2016

0

2022

2000

Сургалтын тайлан

ЭМЯ

1.4

Хөгжийн бэрхшээлтэй хүүхдийн оношийг тогтоох төрөлжсөн мэргэжлийн баг ажиллуулдаг эрүүл мэндийн байгууллагын тоо

тоо

2017

0

2022

30

ЭМЯ-ны тайлан

ЭМЯ

1.5

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын хурлаар хөгжлийн бэрхшээлийг тогтоосон хүүхдийн эзлэх хувь

Хувь

2016

0

2022

100

 

Комиссын тайлан

 

ХНХЯ, комисс

1.6

Хөдөлгөөн засалч, ахуй засалч, сэтгэл зүйч бүтэн орон тоогоор ажиллаж байгаа аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн ЭМТ-ийн тоо

тоо

2016

25

2022

30

Эрүүл мэндийн үзүүлэлт 2016

ЭМЯ

1.7

Туслах хэрэгслийг тохируулах, дохионы хэл, брайль үсгийг хэрэглэх талаар сургалтад хамрагдсан эрүүл мэндийн ажилтны тоо

тоо

2016

0

2022

50

Сургалтын тайлан

ЭМЯ

 

Зорилт 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүх шатны боловсролд тэгш хамруулна.

2.1

Боловсролгүй хөгжлийн бэрхшээлтэй хүний нийт хүн амын дунд эзлэх хувь

Хувь

2010

22

2022

20.0

2010 оны Хүн ам, орон сууцны тооллого

БСШУСЯ

2.2

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийт хүүхдийн дунд эзлэх хувь

Хувь

2010

38.7

2022

55.0

2010 оны Хүн ам, орон сууцны тооллого

БСШУСЯ

2.3

Бага боловсрол эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийт хүн амын дунд эзлэх хувь

Хувь

2010

16.9

2022

35.0

2010 оны Хүн ам, орон сууцны тооллого

БСШУСЯ

2.4

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийт хүн амын дунд эзлэх хувь

Хувь

2010

25.1

2022

40.5

2010 оны Хүн ам, орон сууцны тооллого

БСШУСЯ

2.5

Техник мэргэжлийн боловсрол эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийт хүн амын дунд эзлэх хувь

Хувь

2010

3.5

2022

20.0

2010 оны Хүн ам, орон сууцны тооллого

БСШУСЯ

2.6

Тусгай мэргэжлийн дунд боловсрол эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний нийт хүн амын дунд эзлэх хувь

Хувь

2010

6.2

2022

13.0

2010 оны Хүн ам, орон сууцны тооллого

БСШУСЯ

2.7

Дээд боловсрол эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний нийт хүн амын дунд эзлэх хувь

Хувь

2010

7.7

2022

15.0

2010 оны Хүн ам, орон сууцны тооллого

БСШУСЯ

 

 

Зорилт 3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

 

3.1

16 ба түүнээс дээш насны хөдөлмөр эрхэлж байгаа  хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо

тоо

2016

19563

2022

35000

ҮСХ 2016 оны тоо

ХНХЯ

3.2

Цалинтай хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний нийт хүн амын дунд эзлэх хувь

Хувь

2010

35.7

2022

55.0

2010 оны Хүн ам, орон сууцны тооллого

ХНХЯ

3.3

Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний нийт хүн амын дунд эзлэх хувь

Хувь

2010

41.7

2022

60.0

2010 оны Хүн ам, орон сууцны тооллого

ХНХЯ

3.4

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан  хөгжлийн бэрхшээлтэй хүний нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний дунд эзлэх хувь

Хувь

2015

16.59

2022

40.0

ХХҮЕГ

ХНХЯ

 

 

Зорилт 4. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэнэ.

 

4.1

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнээс үйлчилгээ авч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо

Тоо

2016

  2506

2022

6000

ХХҮЕГ

ХНХЯ

4.2

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний дунд эзлэх хувь

Хувь

2016

-

2022

5.0

ХХҮЕГ

ХНХЯ

 

 

Зорилт 5. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй  дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмжийн үйлчилгээг сайжруулна.

 

5.1

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй иргэний барилга байгууламжийн хувь

Хувь

2014

17.5

2022

30.0

ХНХЯ,

НЗДТГ хамтарсан үнэлгээний тайлан

БХБЯ, Аймгийн ЗДТГ

5.2

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй нийтийн  тээврийн хэрэгслийн эзлэх хувь

Хувь

2016

2.6

2022

4.0

НЗДТГ-ын Нийтийн тээврийн судалгааны тайлан

ЗТХЯ, Аймаг, нийслэлийн ЗД

5.3

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргах улсын комисст ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо

Тоо

2015

0

2022

25

 

БХБЯ, Аймгийн ЗДТГ

5.4

Нийт телевизийн сувгуудаас мэдээний хөтөлбөрөө дохионы хэл дээр болон тайлбар бичигтэй  явуулж байгаа телевизийн сувгуудын эзлэх хувь

Хувь

2015

1.6

2022

4.0

ХХЗХ-ны тайлан

МТХ, ТВ-ийн сувгууд

 

 

Зорилт 6. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдээллийн нэгдсэн санг бий болгоно.

 

6.1

Хөгжлийн бэрхшээлийн хүний талаарх мэдээллийн сан

 

2016

 

2022

Хөгжлийн бэрхшээлийн хүний талаарх мэдээллийн нэгдсэн сан бий болсон байна.

ҮСХ

ҮСХ, ХНХЯ

 

 

Зорилт 7. Нийгмийн бүх орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралд нөлөөлөх аливаа асуудлаар тэдний оролцоог хангана.

 

7.1

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сонгуулиа чөлөөтэй өгөх боломж бүрдүүлсэн сонгуулийн байрны хувь

Хувь

2016

27

2022

48.0

СЕХ

СЕХ

7.2

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт нэмэгдүүлэх сургалтад хамрагдсан төрийн байгууллагын ажилтны тоо

Тоо

2017

-

2022

 6000-8000

Судалгааны тайлан

Холбогдох байгуул-лагууд

7.3

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авсан  хөгжлийн бэрхшээлтэй хүний нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний дунд эзлэх хувь

Хувь

2015

-

2022

20.0

Судалгааны тайлан

ХЗДХЯ

ХНХЯ

 

 

 

Зорилт 8. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гамшгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах чадвартай болгоно.

 

8.1

Гамшгийн эрсдэлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга барил эзэмшүүлэх сургалтад хамрагдсан онцгой байдлын  ажилтны тоо

Тоо

2016

1320

2022

7000

НОБГ-ын судалгааны тайлан

ОБЕГ

8.2

Гамшгийн эрсдлээс хамгаалах, урьдчлан сэргийлэх сургалтад хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний асран хамгаалагчдын тоо

Тоо

2016

430

2022

20000

НОБГ-ын судалгааны тайлан

ОБЕГ

Тав. Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр,
шаардагдах хөрөнгийн хэмжээ

5.1. Хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

5.1.2. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

5.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;

5.1.4. бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,
хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангана.

6.2. Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих ажлыг бүх шатны Засаг дарга гүйцэтгэнэ.

6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

6.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тайланг нэгтгэн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

6.5. Хөтөлбөрийн хэрэгжилт, явцын хяналт-шинжилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран гүйцэтгэнэ.

6.6. Явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

6.7. Үр дүнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж нь холбогдох бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл болно.

6.8. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа үр дүнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулна.

 

---о0о---