- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХАД ИДЭВХ САНААЧИЛГАТАЙ ОРОЛЦСОН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 343 дугаар
тогтоолын хавсралт
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХАД ИДЭВХ САНААЧИЛГАТАЙ
ОРОЛЦСОН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ
УРАМШУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь соёлын өвийг хадгалж хамгаалах, олон нийтэд сурталчлах, устах аюулаас урьдчилан сэргийлэх, сэргээн засварлах, сан хөмрөгийг баяжуулахад иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний үзүүлсэн дэмжлэг туслалцаа, идэвх санаачилгыг урамшуулан алдаршуулахад оршино.
1.2. Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулахад энэхүү журмыг баримтална.
1.3. Төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн албан тушаалтан, соёлын өвийг хамгаалах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад энэхүү журам хамаарахгүй.
1.4. Урамшууллыг давхардуулан олгохгүй.
Хоёр. Урамшуулах үндэслэл, хэлбэр, хэмжээ
2.1. Урамшууллыг дараах тохиолдолд олгоно:
2.1.1. соёлын өвийг сурвалжлан олсон, нээлт хийсэн, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулсан, авран хамгаалсан, олон нийтэд сурталчлан таниулсан, сэргээн уламжлуулсан, сэргээн засварласан ажилд 3-аас доошгүй удаа сайн дураараа идэвх санаачилгатай оролцсон;
2.1.2. соёлын өвийг гадаад улсад алдаршуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан;
2.1.3. соёлын биет өвийг байгалийн аюулт үзэгдэл, осол, аюулаас авран хамгаалахад идэвх зүтгэлтэй оролцсон;
2.1.4. соёлын биет өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоосон, эсхүл гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд хувь нэмэр оруулсан нь хуулийн байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон;
2.1.5. соёлын биет өвийн өмчлөх эрхээ төрд үнэ төлбөргүй шилжүүлсэн;
2.1.6. эвдэрч гэмтэх, устах аюул учирсан палеонтологи, археологийн олдворыг эрх бүхий этгээдэд мэдэгдсэн, хамгаалах арга хэмжээг хууль тогтоомжид заасан журмын дагуу авсан;
2.1.7. соёлын өвийг хамгаалах ажилд шинжлэх ухааны туршилтаар батлагдсан шинэ технологи нэвтрүүлсэн;
2.1.8. монгол угсаатны түүхэнд холбогдох түүх, соёлын дурсгалт зүйлийг гадаад улсаас эргүүлэн авчирсан, эсхүл энэ ажилд чухал хувь нэмэр оруулсан нь 3-аас доошгүй төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон.
2.2. Урамшууллыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9.2, 48.2-т заасан харьяалах мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн жилд 1-2 удаа олгоно.
2.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулахдаа мөнгөн шагналаар шагнаж, “Талархал”-ын бичиг гардуулна.
2.4. Мөнгөн шагнал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна.
2.5. Мөнгөн шагналын хэмжээг тогтоохдоо иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан идэвх зүтгэл, санаачилга, ажлын гүйцэтгэл, чанар, үр дүн, ач холбогдлыг харгалзах бөгөөд мэргэжлийн зөвлөл нь дүгнэлт гаргахдаа урамшуулалд олгох мөнгөн шагналын хэмжээг тусгана.
2.6. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч хамт олон, бүлэг хүмүүсийг урамшуулах мөнгөн шагналын хэмжээ энэ журмын 2.4-т заасантай адил байна.
Гурав. Урамшуулал олгуулах санал гаргах,
түүнийг хянан шийдвэрлэх
3.1. Сум, дүүргийн Засаг дарга энэ журмын 2.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ. Саналд дор дурдсан баримтыг хавсаргана:
3.1.1. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгуулахаар нэр дэвшүүлсэн үндэслэл бүхий албан бичиг;
3.1.2. иргэний хувьд иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.1.3. соёлын өвийг хамгаалахад идэвх санаачилгатай оролцсоныг гэрчлэх баримт бичиг, гэрэл зураг, дүрс бичлэг, бусад зүйл.
3.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэхүү журмын 3.1-д заасан баримт бичгийг судлан үзэж, саналаа соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.3. Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгуулах саналыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20.3-т заасан Соёлын өвийн үндэсний төв гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан энэ журмын 3.1-д заасан баримт бичгийн хамт соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.4. Энэхүү журамд заасан шаардлагыг хангаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтийг хүлээж авахгүй.
Дөрөв. Урамшуулал олгох ажлыг зохион байгуулах
4.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох ажлыг зохион байгуулна.
4.2. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урамшуулал олгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын соёлын өвийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулна.
Тав. Бусад зүйл
5.1. Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Соёл, урлагийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
5.2. Урамшуулалд олгох мөнгөн дүнгээс зөвхөн хуульд заасан татвар хураамжийг суутгана.
5.3. Төрийн бусад байгууллага соёлын өвийг хамгаалахад идэвх санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлснээс илүүгүй хэмжээтэй урамшуулал олгож болно.
5.4. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урамшуулал авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрийн дээд цол, одон медаль, Засгийн газрын болон бусад байгууллагын шагналд нэр дэвшихэд нь зохих журмын дагуу дэмжлэг үзүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A