A

A

A

Бүлэг: 1979

Цөмийн энергийн комиссын 2015 оны 06 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ЦАЦРАГТАЙ ХОЛБОГДОЛТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГЫН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙН АЛБАНЫ ДҮРЭМ

 

Дүрмийн зорилго

Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь заалтын хэрэгжилтийг хангах, цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын хяналтыг чангатгахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

Хамрах хүрээ

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгалийн болон зохиомол цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийг тээвэрлэх, хадгалах, хүлээж авах, боловсруулах, үйлдвэрлэх, ашиглах, цацраг идэвхт хаягдлыг аюулгүй болгох, хадгалахтай холбогдсон үйл ажиллагаа /цаашид цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа гэх/ явуулж буй аж ахуйн нэгж, гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгжүүд энэхүү дүрмийг мөрдөнө.

Энэхүү дүрмээр аж ахуйн нэгж, байгууллагын цацрагийн аюулгүйн албаны ажлын зохион байгуулалтын бүтэц, зарчим, зорилго ба үүрэг, эрх, алба байгуулах ерөнхий шаардлагыг зохицуулна. Монгол Улсын нутаг дэвсгэрт цацрагтай холбогдсон үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр энэ дүрмийг биелүүлнэ.

Энэхүү дүрэм нь атомын цахилгаан станц, цөмийн реактор болон түүнтэй төстэй цөмийн төхөөрөмж бүхий байгууллагад хамаарахгүй.

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага нь үйл ажиллагааны онцлог, цацрагийн үүсгүүрийн тоо, аюулын зэрэглэл, цацрагтай ажиллагчдын тоо зэргийг харгалзан дотоодын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий цацрагийн аюулгүйн алба /ЦАА/-ыг байгууллагын даргын тушаалаар байгуулан ажиллуулна.

1.2.Энэхүү дүрмийг үндэслэн байгууллага бүр өөрийн цацрагийн аюулгүйн албаны мөрдөх дүрмийг ашиглаж буй цацрагийн үүсгүүр, цацрагтай холбогдолтой үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулж батлуулна.

1.3.Цацрагийн аюулгүйн албаны гол зорилго нь хүрээлэн буй орчны хамгаалалт, цацрагтай ажиллагчдын шарлагын тунг хянах, цацрагийн аюулгүйн норм ба шаардлага, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийн биелэлтэд хяналт тавьж, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, зайлшгүй шаардлагатай мэдээллээр байгууллагын удирдлагыг хангахад оршино.

1.4.Байгууллагын цацрагийн аюулгүйн дотоод дүрэм, аюулгүйн шаардлагуудыг явуулж буй үйл ажиллагааны онцлог, цацрагтай холбогдсон ажлын хэмжээ, төрөл, шинж чанар, ашиглаж буй цацрагийн үүсгүүрийн аюулын зэрэглэл зэргийг тооцсоны үндсэн дээр цацрагийн хяналтын байгууллагын улсын байцаагчаар хянуулж, байгууллагын захиргаа батална.

1.5.Ионжуулагч цацрагийн үүсгүүртэй холбогдсон бүх төрлийн ажилд дотоодын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

1.6.Цацрагийн аюулгүйн албаны бүтэц, орон тоо, материал техникийн хангалтыг байгууллагын төлөвлөлтийн шатанд боловсруулна. Цацрагийн дотоодын хяналтыг ажлын ээлж бүрт чанартай хэрэгжүүлэхийн тулд ЦАА-ны гишүүдийн тоог ажлын цар хүрээ, шинж чанар, ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ашиглаж буй ажлын харьяалал, байршил зэргийг харгалзан тогтооно.

1.7.ЦАА-ны ажилтнууд нь ажил үүргээ чанартай гүйцэтгэхийн тулд холбогдох хууль, дүрмийг сайтар судалж, дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, ажлын байранд цацрагийн хэмжилт хийх аргуудыг эзэмшсэн байх ба цацрагийн хамгаалалтын сургалтад хамрагдсан, хүчин төгөлдөр гэрчилгээтэй байвал зохино.

1.8.Байгууллага нь цацрагийн хяналтын албаны ажилтнуудыг 2 жил тутамд цацрагийн хамгаалалтын чиглэлээр давтан сургалтад хамруулж байх үүрэгтэй.

1.9.Байгууллага нь ЦАА-ны ажилтнууд ба цацрагтай ажиллагчдыг жил бүр мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэг шинжилгээ, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод сургалт, дүрмийн шалгалтад хамруулна.

1.10.Байгууллагын захиргаа нь ЦАА-ны үйл ажиллагааг санхүүжүүлэх ба үйл ажиллагааны онцлогоос хамааруулан шаардлагатай бол материал техникийн хангамж, ослын үед шуурхай холбоо барих утас, техник хэрэгслээр хангах үүрэгтэй.

1.11.Ионжуулагч цацрагийн үүсгүүртэй ажиллах ажлын хэмжээ, эрсдэл бага, ашиглаж буй үүсгүүрийн аюулын зэрэглэл сул, цацрагтай ажиллагчдын тоо цөөн бол дотоодын хяналтыг хариуцсан хүнийг цацрагийн хяналтын ажилтан /ЦХА/-аар томилон ажиллуулж болно. Энэ тохиолдолд ЦХА-ны гүйцэтгэх ажил үүргийн хуваарийг цацрагийн хяналтын байгууллагатай зөвшилцөн боловсруулж батлуулна.

1.12.ЦАА-ны дарга болон ЦХА-г байгууллагын даргын тушаалаар томилж, чөлөөлнө.

1.13.ЦАА нь өөрийн байгууллагын эмнэлэг, техникийн болон хөдөлмөр хамгааллын тасаг, холбогдох хяналтын албатай нягт хамтарч ажиллана.

1.14.ЦАА нь үйл ажиллагаандаа холбогдох хуулиуд болон хүрээлэн буй орчныг хамгаалах норм, актууд, цацрагийн аюулгүйн норм, дүрэм, стандарт, техникийн нөхцөл ба норматив, Олон улсын атомын энергийн агентлагийн зөвлөмж, заавар зэрэг баримт бичгүүдийг удирдлага болгоно.

1.15. 1, 2 дугаар ангиллын цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагын ЦАА-ны дотоод хяналт хариуцсан орон тооны ажилтанг үндсэн үүрэгт ажлаас бусад ажил хавсран гүйцэтгүүлэхгүй байвал зохино.

Хоёр. Байгууллагын цацрагийн аюулгүйн албаны үүрэг

Байгууллагын цацрагийн аюулгүйн алба нь дараах нийтлэг үүрэгтэй. Үүнд:

2.1.Ионжуулагч цацрагийн үүсгүүртэй харьцаж буй ажлын нөхцөл, аюулгүй ажиллагааг хангаж байгаа эсэхийг хянах, үүнд цацрагийн болон хамгаалалтын техник, төхөөрөмж болон тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн цацрагийн эрүүл ахуйн нөхцөл байдал, дохиоллын систем, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх ажлуудыг хугацаанд нь хийж байгаа эсэхийг хянах.

2.2.Ионжуулагч цацрагийн үүсгүүрүүдийг тээвэрлэх, хүлээж авах, хадгалах, тоолох, цацраг идэвхт хаягдлыг аюулгүй болгох ажлуудыг хянах, ионжуулагч цацрагийн үүсгүүрүүдийг устгах, булшлах ажилд оролцох.

2.3.Ионжуулагч цацрагийн үүсгүүрүүдтэй харьцаж ажиллагчдыг хянах, тэдэнд зайлшгүй хийгдэх эмнэлгийн үзлэгийн зохион байгуулалт, хэрэгжилт, ионжуулагч цацрагийн үүсгүүрүүдтэй ажиллахад цацрагийн аюулын талаар шаардлагатай мэдээлэл, аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байгаа эсэхийг хянах.

2.4.Байгууллага дээр үйлчилж байгаа цацрагийн аюулгүйн зааварчилга ба дүрмийн хэрэгжилтийг хангуулах, түүнийг ажилчид дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих.

2.5.Цацрагийн аюулгүйн дүрэм, цацраг идэвхт үүсгүүртэй ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааны хэрэгжилтийг шалгах, цацрагийн аюулгүйн сургалтад холбогдох ажилтнуудыг хамруулах арга хэмжээ авах.

2.6.Цацрагийн үүсгүүр бүхий объектод гүйцэтгэж буй ажлын шинж байдлаас хамааран цацрагийн хяналтад дор дурдсан зүйлийг хамруулна. Үүнд:

  • Цацрагийн үүсгүүр бүхий тоног төхөөрөмжүүдийн гадаргуу, байгууллагын нутаг дэвсгэр, хяналтын болон ажиглалтын бүс, цацраг идэвхт хаягдлыг цуглуулах болон хадгалах байр, ажлын байрны цацрагийн хамгаалалтын гадарга зэрэг цэгүүдэд ионжуулагч цацрагийн тунгийн чадлыг хэмжих;
  • Ажилчдын хувцас, арьсны гадаргуу, хувийн хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас, тусгай тээврийн хэрэгсэл, контейнер, багаж төхөөрөмж, ажлын гадаргуу /ширээ/, цацрагийн багаж төхөөрөмж болон ажлын байрны цацраг идэвхт бохирдлын хэмжээг хянах;
  • Байгууллагын ажлын болон бусад байрны агаар дахь аэрозоль ба цацраг идэвхт хийн агууламжийг хянах;
  • Агаарт хаягдах цацраг идэвхт бодисын хэмжээг хянах;
  • Хатуу, шингэн хаягдал дахь цацраг идэвхт бодисын хэмжээг хянах;
  • Байгууллагын нутаг дэвсгэр ба түүний орчин, тээврийн хэрэгсэлд цацраг идэвхт бохирдлын түвшинг хянах г.м.

2.7.Цацрагтай ажиллагчдын гадаад, дотоод шарлагыг үнэлэх, дүн шинжилгээ ба тооцоо хийх.

2.8.Цацрагтай ажиллагчдын шарлагын тун, цацрагийн нөхцөл байдлыг үндэслэн тэдний хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хүрээлэн буй орчныг цацрагаар бохирдохоос хамгаалах, ажилчдын шарлагыг зохистой доод хэмжээнд байлгах болон цаашид байгууллагын цацрагийн аюулгүйн системийг боловсронгуй болгох, дотоодын хяналтыг сайжруулах талаар байгууллагын захиргаанд асуудал боловсруулж шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг хянах.

2.9.Ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглах объектыг төлөвлөх, барих, ашиглалтад оруулах үед цацрагийн аюулгүйн байдлыг хангасан эсэхэд хяналт тавих.

2.10.Байгууллагын цацрагтай холбоотой үйл ажиллагааны цар хүрээ, технологи, шинж чанар өөрчлөгдөх, шинэ зохион байгуулалтад орох үед бүтэц, зохион байгуулалтыг хянах, цацрагийн аюулгүйн зааварчилга өгөх, холбогдох баримт бичиг боловсруулахад оролцох.

2.11.Ионжуулагч цацрагийн үүсгүүрүүдийг устгахад хяналт тавих.

2.12.Цацрагийн болзошгүй ослын үед байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлэн байдлыг хянах.

2.13.Холбогдох нэгж, газрууд цацрагийн хамгаалалтын холбогдолтой дүрэм журмыг мөрдөж буй байдлыг хянах.

2.14.Байгууллагын холбогдох нэгжүүдэд үйлдвэрлэлийн эрүүл ахуй ба цацрагийн аюулгүйн чиглэлээр холбогдох төрийн болон яам тусгай газар, олон нийтийн байгууллагуудаас хийх хяналт шалгалтад туслалцаа үзүүлэх.

2.15.Ослын нөхцөлд цацрагийн аюулыг үнэлэх, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах, холбогдох хяналтын болон бусад байгууллагуудад шуурхай мэдээлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах.

2.16.Цацрагийн ослыг арилгах арга хэмжээг боловсруулахад оролцох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, авсан арга хэмжээний чанар үр дүнг үнэлэхэд оролцох.

Гурав. Байгууллагын цацрагийн аюулгүйн албаны эрх

3.1.ЦАА-ны ажилтнууд нь цацрагтай ажиллагчид ба тэдгээрийн удирдлагуудаас тайлбар, баримт бичиг гаргуулах ба шаардах эрхтэй.

3.2.ЦАА-ны дарга нь цацрагийн аюулгүйн шаардлагыг зөрчсөн зөрчил, дутагдлыг арилгуулахаар цацрагтай ажиллагчид ба түүний харьяалах удирдлагуудад шаардлага тавьж, биелүүлэх үүрэг даалгавар, албан шаардлага өгөх эрхтэй.

3.3.Хүрээлэн буй орчинд цацрагийн бохирдлын аюул илэрсэн буюу ажилчдын эрүүл мэндэд аюултай нөхцөл үүссэн үед цацрагийн хяналтын байгууллага, Цөмийн энергийн комисс болон байгууллагын удирдлагуудад яаралтай мэдэгдэж, үйл ажиллагааг зогсоох эрхтэй.

3.4.ЦАА нь байгууллагын захиргааны зөвшөөрснөөр холбогдох хурал, зөвлөгөөн, семинар, симпозиум зэрэгт цацрагийн аюулгүйн асуудлаар байгууллагыг төлөөлөх эрхтэй.

Дөрөв. Байгууллагын цацрагийн аюулгүйн албаны ажлын зохион байгуулалтын зарчим

4.1.ЦАА нь байгууллагын даргын баталсан жилийн төлөвлөгөө, төлөвлөгөөт хяналт болон төлөвлөгөөт бус ажлыг гүйцэтгэхэд шаардагдах багажны хангамж, цацрагийн хэмжилтийн аргачлал, хяналтын цэгүүдийн схем, хяналтын ажлын цар хүрээ, давтамж, төрлийг тусгасан цацрагийн хяналтын хөтөлбөр, дотоодын хяналтын жилийн төлөвлөгөө (график)-ний дагуу өөрийн ажлыг зохион байгуулна.

4.2.ЦАА нь зохих журмын дагуу батлагдсан загвар бүхий бүртгэлийн дэвтэр, протокол ба бусад албан бичгээр өөрийн ажлыг баримтжуулна.

4.3.ЦАА-наас хийсэн дотоодын хяналтын тайлан, цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, тооллогын дүнг Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.5-д заасны дагуу жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор цацрагийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.

Тав. Байгууллагын цацрагийн аюулгүйн албаны шинжилгээ судалгааны ажлууд

5.1.Байгууллагын цацрагийн аюулгүй байдлыг боловсронгуй болгох зорилгоор ЦАА нь инженер, технологийн албатай хамтран, судалгаа, шинжилгээний ажил хийж болно.

5.2.Байгууллагын цацрагийн аюулгүйн алба нь өөрийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж баяжуулах, цацрагийн үйлчлэлээр байгууллагын цацрагтай ажиллагчид, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж болох нөхцөлүүдийг судлах, тэдгээрийн сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээг боловсруулах талаар судалгаа, шинжилгээний ажил хийж болно.

Зургаа. Байгууллагын цацрагийн аюулгүйн албаны орон тоо

6.1.Байгууллагын ЦАА-ны орон тоог ажлын цар хүрээ, шинж чанар, онцлог, ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглаж буй ажлын байршил, харьяалал, үүсгүүрийн аюулын зэрэглэл, идэвх, тоо хэмжээ зэргийг харгалзан, ажлын ээлж бүрт үйл ажиллагааны бүх шатанд үр ашигтай дотоодын хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх хэмжээнд тогтооно.