A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 262 дугаар
                                                  тогтоолын хавсралт

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУДАЛГААНЫ
ТӨВИЙН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ”Хөрөнгө оруулалтын судалгааны төв” (цаашид “төв” гэх) нь БНУУ-ын нийслэл Ташкент хотод 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хавсралтад заасан гучин хоёр төсөл (цаашид “төслүүд” гэх)-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, зохицуулах, эрдэм шинжилгээ, судалгааны чиг үүрэг бүхий байгууллага мөн.

1.2. Төв нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.3. Төв нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байж болно.

1.4. Төв нь бие даан гүйцэтгэх болон зохицуулан холбох аргаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

Хоёр. Төвийн үйл ажиллагааны зарчим, үндсэн чиг үүрэг

2.1. Төв нь судалгаа, мэдээллийн байгууллагын нийтлэг үнэт зүйл, зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгож дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. гурван улсын хооронд дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн төслийг боловсруулах, эсхүл бусад этгээдээр гүйцэтгүүлэх;

2.1.2. төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гурван улсын хууль тогтоомжийг уялдуулах талаар санал, зөвлөмж, аргачлал боловсруулах;

2.1.3. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;

2.1.4. БНХАУ, ОХУ болон бусад улсын ижил төстэй судалгааны төвтэй хамтран ажиллах, судалгаа, шинжилгээ, бусад арга хэмжээг хамтран зохион байгуулах, мэдээлэл солилцох;

2.1.5. төслүүдийг хэрэгжүүлэхэд монголын талын байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, үйл ажиллагааг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх;

2.1.6. төслүүдийн хэрэгжилтийн асуудлаар олон улсын банк-санхүү, эдийн засгийн бусад байгууллагатай харилцаж, техникийн туслалцаа дэмжлэг авах чиглэлээр ажиллах.

Гурав. Төвийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц

3.1. Төвийн захирлыг Гадаад харилцааны сайд томилж, чөлөөлнө.

3.2. Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал Гадаад харилцааны сайдтай байгуулсан гэрээ болон хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд удирдан зохион байгуулна.

3.3. Захирлын түр эзгүйд түүний үүргийг захирлын эрх олгосноор аль нэг нэгжийн дарга гүйцэтгэнэ.

3.4. Захирлыг чиг үүргээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад нь зөвлөх үүрэг бүхий удирдлагын зөвлөл ажиллаж болно. Удирдлагын зөвлөлийн ажиллах журмыг Захирал батална.

3.5. Захирал дараах эрх, үүрэгтэй:

3.5.1. төвийн  хэвийн үйл ажиллагааг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааныхаа талаар Гадаад харилцааны яаманд танилцуулан удирдлага, чиглэл авч ажиллах;

3.5.2. батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан нэгжийн удирдлага, ажилтныг томилох, чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх, хариуцлага тооцох, ажилтнуудын цалин хөлсний хэмжээг тогтоох, тогтоосон цалингийн санд багтаан газрын ажилтнуудад мөнгөн урамшуулал олгох;

3.5.3. захирал нь төвийг гадаад, дотоодод төлөөлөх бөгөөд өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар батлах;

3.5.4. Төсвийн тухай хуулийн 16.4.18, 16.5-д заасан төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах эрхийг хэрэгжүүлж, үр дүнг Гадаад харилцааны сайдын өмнө биечлэн хариуцах;

3.5.5. байгууллагад бүртгэлтэй хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмших, ашиглах, зарцуулах, тайлагнах;

3.5.6. ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дээд байгууллагын болон төрийн дээд шагналд тодорхойлох, ажлын байр, ахуйн нөхцөлийг сайжруулах асуудлыг батлагдсан төсөв болон аж ахуйн үйл ажиллагаагаар олсон орлогын хүрээнд шийдвэрлэх;

3.5.7. төвийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, ажилтныг бэлтгэх, эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

3.5.8. төвийн үйл ажиллагааг зохих ёсоор явуулах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

3.5.9. батлагдсан төсөв, үйл ажиллагааны үр дүнд олсон орлогыг  зориулалтын дагуу зарцуулж, зарцуулалтын гүйцэтгэл болон үйл ажиллагааныхаа тайланг тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлагнах;

3.5.10. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

3.6. Эдийн засгийн асуудал хариуцсан нэгж дараах асуудлаар судалгаа хийж, санал боловсруулна:

3.6.1. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хавсралтад тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар эдийн засгийн тооцоо хийж, хөрөнгө оруулалт татах;

3.6.2. судалгаанд үндэслэн дээрхи төслүүдийн талаар иж бүрэн мэдээллийн сан байгуулж, хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчид зориулан танилцуулга бэлтгэх;

3.6.3. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй хөрөнгө оруулалтын төслийг ач холбогдол болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмблэн тогтоох;

3.6.4. Орос-Хятад, Ази-Европ хоорондын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилгоор тээврийн дэд бүтцийг харилцан уялдуулах;

3.6.5. цахилгаан дамжуулах шинэ шугам барих болон эрчим хүчний шинэ эх үүсвэрийг байгуулах, техник, эдийн засгийн үндэслэлийг судлах;

3.6.6. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу газрын тос болон хий дамжуулах хоолой барих техник, эдийн засгийн судалгааны талаар санал боловсруулах;

3.6.7. хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх.

3.7. Эрх зүйн асуудал хариуцсан нэгж дараах асуудлаар судалгаа хийж, санал боловсруулна:

3.7.1. Монгол Улс, БНХАУ, ОХУ хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөнгөвчлөх хууль тогтоомж, стандартыг уялдуулах;

3.7.2. гурван улсын холбогдох хууль тогтоомжийн мэдээллийн санг монгол, орос, хятад, англи хэл дээр бүрдүүлэх, цахимжуулах ажлыг зохион байгуулах;

3.7.3. төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах;

3.7.4. төслүүдийн хэрэгжилттэй холбоотой яриа хэлэлцээг бусад талтай хийж гүйцэтгэхэд холбогдох мэдээллээр хангах.

3.8. Байгаль орчин, хүмүүнлэгийн асуудал хариуцсан нэгж дараах асуудлаар судалгаа хийж, санал боловсруулна:

3.8.1. төслүүдийг хэрэгжүүлэхэд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилсан байдлаар тодорхойлох;

3.8.2. эдийн засгийн коридор байгуулах бүс нутагт байгалийн гамшгийн үр дагавраас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах хамтын ажиллагааг өргөжүүлэх;

3.8.3. эдийн засгийн коридор байгуулах бүс нутагт хил дамнасан ой, хээрийн түймэр, гоц халдварт өвчин, байгалийн аюултай үзэгдлийн талаар мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах;

3.8.4. эдийн засгийн коридорыг дагасан соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх;

3.6.5. аялал жуулчлалын хамтарсан брэнд боловсруулах болон жуулчдыг мэдээллээр хангах нэгдсэн арга барилтай болох.

3.9. Захиргааны нэгж дараах үүргийг хэрэгжүүлнэ:

3.9.1. төвийн хүний нөөц, дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналт, төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, төсөв, санхүү, аж ахуй, бичиг хэрэг, өргөдөл гомдол, архивын ажлыг зохион байгуулна;

3.9.2. төвийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, бүтцийн удирдлага, ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлно.

Дөрөв. Төвийн санхүүжилт, санхүүгийн тайлан тэнцэл

4.1. Төвийн үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

4.1.1. улсын төсөв;

4.1.2. төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу үзүүлсэн ажил, үйлчилгээний орлого;

4.1.3. гадаад улс, олон улсын байгууллагаас өгөх хандив, тусламж.

4.2. Төв нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр санхүүгийн тайлан гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

4.3. Төвийн санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, нягтлан бодогч хариуцна.
4.4. Төв нь шилэн дансны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллана.
Тав. Хяналт шалгалт
5.1. Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллана.

5.2. Төвийн захирал байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг санхүүгийн болон төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өмнө хариуцна.

5.3. Төвийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад нягтлан бодох бүртгэлийн хяналт тавьж ажиллана.

Зургаа. Төвийн баримт бичгийг хадгалах

6.1. Төв нь албан хэрэг хөтлөлт, хадгалалтын нийтлэг журмыг мөрдөн ажиллаж дараах баримт бичгийг хадгална:

6.1.1. төвийн дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, төвийг байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ;

6.1.2. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;

6.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нягтлан бодох бүртгэлд тусгасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;

6.1.4. үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт, холбогдох бусад баримт бичиг;

6.1.5. хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын шийдвэр;

6.1.6. шаардлагатай бусад баримт бичиг.

Долоо. Бусад

7.1. Төвийн эрхлэх үйл ажиллагаатай холбоотой байгууллагын нууцад хамаарах аливаа асуудлыг задруулах, бусдад тараахыг хориглоно.

 

-----оОо-----