A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 4 дүгээр
         тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН  ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл (цаашид Үндэсний зөвлөл гэх) нь залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах  чиг үүрэг бүхий орон тооны бус үндэсний зөвшилцлийн байгууллага мөн.

1.2. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.3. Үндэсний зөвлөл нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

2.1. Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж дэд тэргүүн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Соёлын сайд нар байна. (Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.2. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Ажлын албаны дарга байна.

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 96 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2.3. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллага болон залуучуудын иргэний нийгмийн байгууллага, залуучуудын төлөөлөл оролцоно.

2.4. Үндэсний зөвлөл нь 15-аас доошгүй гишүүнтэй байна. Үндэсний зөвлөл нь дэмжигч гишүүнтэй байж болно.

2.5. Үндэсний зөвлөлийн салбар зөвлөл аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт ажиллах бөгөөд салбар зөвлөлийг тухайн шатны Засаг дарга тэргүүлнэ.

Гурав. Үндэсний зөвлөлийн эрх, үүрэг

   3.1. Үндэсний зөвлөл Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22.4-т зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.1.1. залуучуудын эрх, хөгжил, оролцоог хангахтай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэж, зөвлөмж гаргах;

3.1.2. өсвөр үе, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээрх хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх;

3.1.3. залуучуудын хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, санал, дүгнэлт гаргах;

3.1.4. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар жил бүр салбар зөвлөлийн тайланг хэлэлцэж, зөвлөмж өгөх;

3.1.5. залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэн, идэвх санаачилга гарган нийгэмд манлайлал үзүүлсэн хуулийн этгээд, иргэдийг алдаршуулах;

3.1.6. тив, дэлхийн наадам, олон улсын түвшний уралдаан, тэмцээнд оролцож өөрийн авьяас, чадвар, бүтээлээрээ өндөр амжилт гаргасан залуучуудыг жил бүр тодруулан алдаршуулах шийдвэр гаргах.

 
Дөрөв. Үндэсний зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

4.1. Үндэсний зөвлөлийн гишүүн дараах эрх, үүрэгтэй:

4.1.1. залуучуудын хөгжил, хамгааллын асуудлаар санал, санаачилга гаргаж үндэсний болон салбарын хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулах, хэрэгжилтийг дэмжин ажиллах;

4.1.2. тухайн салбарын бодлого, хөтөлбөрт залуучуудын хөгжил, хамгаалал, аж байдлыг сайжруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ тусгуулж, хэрэгжилтэд оролцох;

4.1.3. зөвлөлийн хуралдаанд тогтмол оролцож, хэлэлцэх асуудлаар санал гаргах.

4.2. Үндэсний зөвлөлийн дэмжигч гишүүн дараах эрх, үүрэгтэй:

4.2.1. үндэсний зөвлөлд арга зүйн болон техникийн туслалцаа үзүүлэх;

4.2.2. залуучуудын хөгжил, хамгаалал, аж байдлыг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

4.2.3. Зөвлөлийн хуралдаанд өөрийн хүсэлтээр оролцож, хэлэлцэх асуудлаар санал гаргах.

Тав. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр

5.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

5.2. Үндэсний зөвлөлийн хуралдааны тов болон хэлэлцэх асуудлыг зөвлөлийн тэргүүн хагас жил тутам батална.

5.3. Хуралдааныг зөвлөлийн тэргүүн, түүний эзгүйд дэд тэргүүн даргална.

5.4. Үндэсний зөвлөлийн тэргүүн, эсхүл зөвлөлийн нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь тодорхой асуудлаар хуралдах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тэргүүний шийдвэрээр ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.

5.5. Зөвлөлийн нарийн бичгийн дарга Үндэсний зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, хуралдаан болохоос ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хурлын товыг мэдэгдэж, хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох баримт бичгийг хүргүүлсэн байна.

5.6. Үндэсний зөвлөл тогтоосон журмын дагуу хийлгэсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

5.7. Нийт гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

5.8. Хуралдаанд нийт гишүүдийн ирц бүрдээгүй тохиолдолд хуралдааныг ажлын 10 хоногийн дотор дахин зарлаж хуралдуулна.

5.9. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд биеэр оролцох боломжгүй гишүүн хурал эхлэхээс өмнө саналаа бичгээр хүргүүлж болно.

5.10. Хуралдаанд холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.

5.11. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол, зөвлөмж гаргана. Тогтоолд Үндэсний зөвлөлийн тэргүүн болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

5.12. Хуралдааны тэмдэглэлийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлнө.

Зургаа. Зөвлөлийн нарийн бичгийн даргын эрх, үүрэг

6.1. Зөвлөлийн нарийн бичгийн дарга Үндэсний зөвлөлийн тэмдгийг түшиж, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллана.

6.2. Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж, хуралдааны бэлтгэлийг ханган гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайланг нэгтгэн Үндэсний зөвлөлийн тэргүүн, дэд тэргүүн, гишүүдийг мэдээллээр хангана.

6.3. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хагас жилийн болон жилийн эцсийн тайланг зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

 

---оОо—