A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 4 дүгээр
         тогтоолын 2 дугаар хавсралт

 

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл (цаашид “салбар зөвлөл” гэх) нь залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг тухайн орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвшилцлийн байгууллага мөн.

1.2. Салбар зөвлөлийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.3. Салбар зөвлөл нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

2.1. Салбар зөвлөлийн дэд тэргүүн нь Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч байна.

2.2. Аймаг, дүүрэгт салбар зөвлөлийн ажлын албаны үүргийг тухайн орон нутгийн залуучуудын хөгжлийн төв, нийслэлд залуучуудын хөгжлийн газар, суманд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтэн хариуцна.

2.3. Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тухайн орон нутгийн залуучуудын асуудал эрхэлсэн нэгжийн дарга, суманд мэргэжилтэн  байна.

2.4. Салбар зөвлөл нь төрийн байгууллага болон залуучуудын иргэний нийгмийн байгууллага, залуучуудын төлөөллөөс бүрдсэн 15-17 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.6. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг салбар зөвлөлийн тэргүүн батална.

Гурав. Салбар зөвлөлийн эрх, үүрэг

3.1. Салбар зөвлөл Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22.4-т зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  3.1.1. залуучуудын эрх, хөгжил, оролцоог хангахтай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэж, зөвлөмж гаргах,  

  3.1.2. залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэн зөвлөмж гаргах, асуудал хариуцсан байгууллагуудад чиглэл өгөх;

  3.1.4. залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэн, идэвх санаачилга гарган нийгэмд манлайлал үзүүлсэн хуулийн этгээд, иргэдийг алдаршуулах.

 
Дөрөв. Салбар зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

4.1. Салбар зөвлөлийн гишүүн дараах эрх, үүрэгтэй:

4.1.1. залуучуудын хөгжил, хамгааллын асуудлаар санал, санаачилга гаргаж салбарын хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулах, хэрэгжилтийг дэмжих, хяналт үнэлгээ хийх;

4.1.2. тухайн салбарын бодлого, хөтөлбөрт залуучуудын хөгжил, хамгаалал, аж байдлыг сайжруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ тусгуулж, хэрэгжилтэд оролцох;

4.1.3. Салбар зөвлөлийн хуралдаанд тогтмол оролцож, хэлэлцэх асуудлаар санал гаргах.

Тав. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр

5.1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

5.2. Салбар зөвлөлийн хуралдааны тов болон хэлэлцэх асуудлыг зөвлөлийн тэргүүн  батална.

5.3. Хурлыг зөвлөлийн тэргүүн, түүний эзгүйд дэд тэргүүн даргална.

5.4. Салбар зөвлөлийн тэргүүн, эсхүл салбар зөвлөлийн нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь тодорхой асуудлаар хуралдах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тэргүүний шийдвэрээр ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.

5.5. Ажлын алба Салбар зөвлөлийн хуралдаантай холбоотой бэлтгэл ажлыг хангаж, хуралдаан болохоос ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хурлын товыг мэдэгдэж, хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох баримт бичгийг хүргүүлсэн байна.

5.6. Салбар зөвлөл Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

5.7. Салбар зөвлөл тогтоосон журмын дагуу хийлгэсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

5.8. Нийт гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

5.9. Хуралдааны ирц бүрдээгүй тохиолдолд хуралдааныг ажлын 10 хоногийн дотор дахин зарлан хуралдуулна.

5.10. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд биеэр оролцох боломжгүй гишүүн хурал эхлэхээс өмнө саналаа бичгээр хүргүүлж болно.

5.11. Хуралдаанд холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.

5.12. Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол, зөвлөмж гаргана. Тогтоолд салбар зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

5.13. Хуралдааны тэмдэглэлийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлнө.

Зургаа. Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг

6.1. Зөвлөлийн нарийн бичгийн дарга  салбар зөвлөлийн тэмдгийг түшиж, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөн ажиллана.

6.2. Салбар зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж, хуралдааны бэлтгэлийг ханган гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайланг нэгтгэн салбар зөвлөлийн тэргүүн, дэд тэргүүн, гишүүдийг мэдээллээр хангана.

6.3. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хагас жил болон жилийн эцсийн тайланг салбар зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

 

---оОо---