A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 143 дугаар
      тогтоолын хавсралт

 

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ
ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Ерөнхий зүйл

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь дэлхий нийтийг түгшээж, улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, нийгэмд шударга ёсыг тогтооход саад бэрхшээл болж байна.  Мөнгө угаах гэмт хэргийн эх үүсвэр нь ихэнхдээ хүний наймаа,  хар тамхины худалдаа, хууль бус зэвсгийн наймаа, авлигал, хээл хахууль, хилээр хууль бусаар нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх гэмт хэрэг зэрэг хууль бус үйл ажиллагаанаас олж байгаа санхүүгийн урсгал болдог. Өөрөөр хэлбэл санхүүгийн салбарыг хууль бус эх сурвалжаас олсон мөнгийг хувиргах, шилжүүлэх, терроризмын санхүүжилтийг нэг бүс нутгаас нөгөө рүү бүс нутаг руу шуурхай илгээх хэрэгсэл болгон ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтнүүд санхүүгийн тогтолцоо сул хөгжсөн болон хөгжиж буй орнуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны транзит төв болгон ашиглаж байгаа явдал нь Монгол Улсын санхүүгийн салбарын энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Манай улсын хувьд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас анх 2006 оны 7 дугаар сарын       8-ны өдөр баталсан бөгөөд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага  (цаашид “ФАТФ” гэх)-ын Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг өөрийн гишүүн орны мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтай үнэлж дүгнэдэг ба тус бүлгээс 2006 онд анх удаа Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд  үнэлгээ хийсэн байна.

ФАТФ-ын тухайн үеийн зөвлөмжид нийцүүлэн боловсруулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан боловч ФАТФ-ын зөвлөмжид зарим хуулийн зохицуулалтыг нийцүүлээгүй гэх үндэслэлээр “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “хар саарал жагсаалтад” оруулж байсан бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлснээр манай улсыг дээрх дутагдлаа залруулсан гэж үнэлэн 2014 оны 6 дугаар сард “хар саарал жагсаалт”-аас гаргаж байжээ.

Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, Монгол Улсад 2018 оны 10 дугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж өгч тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосон байна.

Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш олон улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагаас манай улсад үзүүлсэн техник туслалцааны хүрээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчныг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэх талаар зөвлөсөөр байна.

Энэхүү ФАТФ-ын  зөвлөмж нь аливаа улс орны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичгийн суурь болж байгаа олон улсын стандарт төдийгүй уг стандарт зөвлөмжийг хэрэгжүүлдэг улс орны хувьд санхүүгийн салбарт бусад улс оронтой хамтран таатай орчин бүрдэх үндэс болдог. 

Иймд ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, улмаар өөрийн улсын мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тогтолцоог сайжруулж, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх  үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх шаардлага бий болсон болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартад нийцсэн тогтолцоог бий болгож хөгжүүлэх замаар санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдлыг хадгалан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

2.2.1. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагааг хангаж, ажлын уялдаа холбоог сайжруулах;

2.2.2. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эрсдэлийн үнэлгээний үндэсний аргачлал боловсруулж үнэлгээ хийх;

2.2.3. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, санхүүгийн болон санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг уг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2.2.4. ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй  болгох;

2.2.5. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтын хүрээг нэмэгдүүлэх;

2.2.6. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах, илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагааг  хийх талаар эрх бүхий байгууллагуудыг чадавхжуулах;
2.2.7. аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх;

2.2.8. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг хянаж шийдвэрлэх талаар прокурор, шүүгч нарт зориулсан сургалтыг зохион байгуулах;

2.2.9. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

2.2.10. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдыг сургалт, семинарт тогтмол хамруулах.

Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг  нэгдсэн удирдлагаар хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах үүргийг Хамтын ажиллагааны зөвлөлд хариуцуулж хэрэгжилтийг хангуулах;

3.1.2. Хамтын ажиллагааны зөвлөл  болон Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх;

3.1.3. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээг холбогдох салбарын бодлого болон үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх;

3.1.4. бүс нутгийн болон олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний чадавхыг сайжруулах.

3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэмт хэргийн эрсдэлийн үнэлгээний үндэсний аргачлал боловсруулах;

3.2.2. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг салбар тус бүрээр хийх;
 
3.2.3. салбар тус бүрийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг зохион байгуулах;

3.2.4. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаар санхүүгийн байгууллагууд, санхүүгийн бус бизнесийн болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарт таниулж ойлгуулах;

3.2.5. терроризм болон үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэх эрсдэлийн цогц үнэлгээг хийх;

3.2.6. эрсдэлийн үнэлгээг тогтмол шинэчлэх, салбар тус бүрийн эрсдэлийн түвшинг тооцох зорилгоор холбогдох байгууллагуудад мэдээллийн сан бүрдүүлэх.

3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээг хугацаа алдалгүй авч хэрэгжүүлээгүйгээс үүсч болох эрсдэлийн талаар Засгийн газрын гишүүд бусад удирдах албан тушаалтнуудад ойлголт, мэдлэг өгөх уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах;

3.3.2. хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллага болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, гүйцэтгэх ажил явуулах байгууллага, шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудад зориулсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай ойлголт, мэдлэг олгох олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

3.3.3. зорилтот салбаруудад чиглэсэн ойлголт, мэдээлэл өгөх ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол хийх;

3.3.4. шүүх, прокурор, цагдаа, гааль, татвар болон санхүүгийн байгууллагуудын түвшинд санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийх сургалтын тоог нэмэгдүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх;

3.3.5. мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эрсдэлийн талаарх хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудын ойлголтыг сайжруулах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх;

3.3.6. Санхүүгийн зохицуулах хороо болон Санхүүгийн мэдээллийн алба хамтран мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эрсдэл өндөртэй салбаруудыг хянах тогтолцоог бүрдүүлэх;

3.3.7. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг тодорхойлох, бууруулах чиглэлээр тодорхой салбарын онцлогт нийцсэн удирдамж, заавар гаргах;

3.3.8. сэжигтэй гүйлгээг таних, энэ төрлийн гүйлгээний тайланг гаргах талаар мэдээлэх үүрэгтэй этгээдийг нэгдсэн удирдамжаар хангах.

3.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийх;

3.4.2. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг нэмэгдүүлэх;

3.4.3. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор хуулийн этгээд, төрийн бус байгууллага, санхүүгийн бус бусад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарын бүртгэл, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бий болгох;

3.4.4. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах, тэдгээртэй холбоотой хөрөнгийг илрүүлэх, царцаах, битүүмжлэх, хураах, хилийн чанадаас буцаан татах, удирдах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын жишигт нийцсэн эрх зүйн орчныг бий болгох;

3.4.5. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх гэмт хэрэгтэй холбоотой санхүүгийн болон үйл ажиллагааны хориг арга хэмжээ авах эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;

3.4.6. зөвшөөрөлгүй мөнгөн гуйвуулга, электрон санхүүгийн гүйлгээ, бэлэн мөнгө болон бэлэн бус санхүүгийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хянах болон үнэт металл, үл хөдлөх хөрөнгө зэрэг өндөр үнэтэй эд зүйлсийн арилжааг албан ёсны зах зээлд оруулах эрх зүйн орчныг бий болгох;

3.4.7. үнэт эдлэлийн дилер, нягтлан бодогч зэрэг санхүүгийн бус бусад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарыг мэдээлэх үүрэгтэй этгээдийн жагсаалтад нэмж тусгах чиглэлээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах;

3.4.8. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй тэмцэхтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

3.5. Хөтөлбөрийн 5 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.5.1. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах;

3.5.2. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын үйл ажиллагааны  чадавхыг бэхжүүлэх;

3.5.3. санхүүгийн чиглэлийн үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй, бүртгэлгүйгээр явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, энэ төрлийн үйл ажиллагааг цэгцлэх;

3.5.4. мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжүүлж хэрэгжүүлэх;
3.5.5. мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3.5.6. хуулиар зөвшөөрөгдөөгүй мөнгөн гуйвуулга хийх тохиолдлыг илрүүлэх зорилгоор эсэхэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд зохих арга хэмжээ авах;

3.5.7. хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллага, тэдгээрийн алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар хяналт шалгалтыг сайжруулах;

3.5.8. харилцагчаас тодруулга авах, сэжигтэй гүйлгээг мэдээлэх, мэдээ баримтыг хамгаалах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, дансанд хяналт тавих болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлж хэрэгжүүлэх.

3.6. Хөтөлбөрийн 6 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.6.1. Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3.6.2. мэдээлэх үүрэгтэй этгээдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх аргачлалыг боловсронгуй болгох;

3.6.3. Санхүүгийн мэдээллийн албаны ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, семинарт тогтмол хамруулах;

3.6.4. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, харилцан мэдээллээр хангах тогтолцоог бүрдүүлэх;

3.6.5. мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Санхүүгийн мэдээллийн албаны дүн шинжилгээний үр дүнг ашиглах тогтолцоог бий болгох;

3.6.6. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөрдөж байгаа журам, зааврын хэрэгжилтийг тодорхой хугацаанд тогтмол хянаж, шаардлагатай бол нэмэлт, өөрчлөлт оруулах;

3.6.7. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний хэрэгжилтийн талаар холбогдох төрийн байгууллага болон мэдээлэх үүрэгтэй этгээдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах;

3.6.8. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх болон энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах байгууллагын орон тоог нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх;

3.6.9. мөнгө угаах гэмт хэргийн орлогыг хураах, битүүмжлэх чиглэлээр цагдаа, тагнуул, прокурор, шүүхийн байгууллагын албан хаагчдыг тогтмол сургалтад хамруулах;

3.6.10. хил дамнан үйлдэгдсэн гэмт хэргийн орлогыг битүүмжлэх, хураах, буцаан татах чиглэлээр байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах;

3.6.11. хил дамжуулан тээвэрлэж байгаа бэлэн мөнгө, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл, үнэт металл болон үнэт эдлэлд тавих хяналтын тогтолцоог тодорхой болгох;

3.6.12. хил дамжуулан тээвэрлэх хууль бус эд хөрөнгийг мөрдөх, илрүүлэх, хөдөлгөөнийг түр хязгаарлах болон хураан авах чиглэлээр хилийн хяналтыг сайжруулж, холбогдох байгууллагуудын мэдээлэл солилцох тогтолцоог хялбаршуулах;

3.6.13. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны олон улсын стандартад нийцсэн заавар, журмыг баталж мөрдүүлэх.

3.7. Хөтөлбөрийн 7 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.7.1. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн улмаас хуулийн этгээдэд үүсэх эрсдэлийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж боловсруулах;

3.7.2. хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг улсын бүртгэлд заавал бүртгүүлэх чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах;

3.7.3. хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх;

3.7.4. ФАТФ-аас гаргасан төрийн бус байгууллагын тодорхойлолтод ямар төрлийн байгууллага хамаарах талаарх нэгдсэн ойлголтыг бий болгох;

3.7.5. төрийн бус байгууллага терроризмыг санхүүжүүлэх болон төрийн бус байгууллага терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3.7.6. терроризмыг санхүүжүүлдэг байж болзошгүй төрийн бус байгууллагуудыг тодорхойлохдоо бүх төрлийн мэдээллийн эх сурвалжийг ашиглах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох;

3.7.7. төрийн бус байгууллагуудад хийх хяналт шалгалтыг тогтмолжуулах;

3.7.8. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуулийн этгээдийн засаглалыг хэрэгжүүлэхтэй холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох;

3.7.9. төрийн бус байгууллагын бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны аливаа гүйлгээг бүртгэлтэй санхүүгийн байгууллагуудаар дамжуулан хийх тогтолцоог дэмжих;

3.7.10. террорист үйл ажиллагаа болон террорист байгууллагатай холбоотой, эсхүл энэ төрлийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч байж болзошгүй төрийн бус байгууллагуудад тавих хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр тагнуулын байгууллагын чадавхыг бэхжүүлэх.

3.8. Хөтөлбөрийн 8 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.8.1. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг болон бусад гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж чадавхыг бэхжүүлэх;

3.8.2. мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн этгээд болон энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон бусад этгээдүүдэд оногдуулах ялын хэмжээг өөрчлөх;

3.8.3. гэмт хэрэг үйлдэж олж авсан хөрөнгө, орлого, тэдгээрийн эх үүсвэрээр бий болсон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах, хураан авах ажиллагааны талаар холбогдох байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулах;

3.8.4. битүүмжилсэн болон хураан авсан хөрөнгийг үр дүнтэй удирдах, хуваарилах чиглэлээр заавар, зөвлөмж боловсруулж батлах;

3.8.5. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй хамт үйлдэгдсэн бусад гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, таслан зогсоох зорилго бүхий мөрдөн шалгах байнгын ажиллагаатай ажлын хэсгийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулах;

3.8.6. гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллагуудын төсөвт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, таслан зогсоох, тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтооход шаардагдах мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажлын зардал тусгуулах арга хэмжээг авах;

3.8.7. улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс олсон орлогыг хууль сахиулах байгууллагуудад хуваарилдаг олон улсын туршлагыг нутагшуулах талаар судлах;

3.8.8. гэмт хэрэг үйлдэж, эсхүл терроризмыг санхүүжүүлэх зорилгоор олсон орлого, хөрөнгийг хууль бусаар хилээр гаргах, гадаад улс руу шилжүүлэх, гадаад улсаас шилжүүлэн авах үйл ажиллагааг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр хууль сахиулах байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх.

3.9. Хөтөлбөрийн 9 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.9.1. эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

3.9.2. эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх журмыг баталж мөрдүүлэх;
3.9.3. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх,  илрүүлэх чиглэлээр гадаад орнуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах санаачилга гаргаж хэрэгжүүлэх;

3.9.4. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг болон бусад үндэстэн дамнасан гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай солилцох зорилгоор хууль сахиулах болон холбогдох байгууллагын алба хаагчдын мэдлэг, чадавхыг сайжруулах;

3.9.5. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгасан, шүүхээр шийдвэрлэсэн статистик мэдээллийг нэгтгэн мэдээллийн сан бий болгох.

3.10. Хөтөлбөрийн 10 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.10.1. мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд зориулсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилсан сэргийлэх сургалт, семинарыг тогтмол зохион байгуулах;

3.10.2. цагдаа, тагнуул, прокурор, шүүхийн байгууллагын албан хаагч нарыг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтад тогтмол хамруулж мэргэшүүлэх;

3.10.3. гааль, татварын байгууллагын албан хаагч нарыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сургалтад хамруулж чадавхжуулах;

3.10.4. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх;

3.10.5. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа байгууллага, иргэдийг дэмжих;

Дөрөв. Хөтөлбөрийн хугацаа, хүрэх үр дүн

4.1. Хөтөлбөрийг 2017-2019 онд хэрэгжүүлнэ.

4.2. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ: 

4.2.1. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэгтэй байгууллагууд хоорондын болон төр, хувийн хэвшлийн ажлын уялдаа холбоо сайжирна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үндэсний хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулдаг болно;

4.2.2. төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, санхүүгийн байгууллага, санхүүгийн бус бусад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарын болон олон нийтийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт нэмэгдэж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр явуулах үйл ажиллагаа сайжирч, мэдээлэл солилцох, энэ төрлийн гэмт хэргийг шалгах ажил илүү үр дүнтэй болно;

4.2.3. санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн бус бусад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарт тэдгээрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ Санхүүгийн мэдээллийн албанд хүргэх сэжигтэй гүйлгээний талаарх мэдээллийн чанар, агуулга сайжирна;

4.2.4. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллага, ФАТФ зэрэг олон улсын байгууллагаас тогтоосон стандартад нийцсэн хууль, эрх зүйн орчин бүрдэнэ;

4.2.5. санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бусад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих тогтолцоо сайжирсан байна;

4.2.6. Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагаа өргөжиж, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах ажлын уялдаа холбоо сайжирч, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэнэ;

4.2.7. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс хуулийн этгээд болон этгээдийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сайжирч, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх хууль бус үйлдлээс хуулийн этгээд болон эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдийг урьдчилан сэргийлж, эрх бүхий байгууллага нь тэдгээрийн эцсийн өмчлөгчийн тухай мэдээллийг саадгүй авдаг болно;

4.2.8. террорист хүн, террорист байгууллага болон терроризмыг санхүүжүүлэгчийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх орчин бүрдэнэ;

4.2.9. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг, холбогдох бусад гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах чиг үүрэгтэй мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэж, уг чиг үүргийг хариуцсан байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгосон байна;

4.2.10. үндэстэн дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, мөрдөн шалгах чиглэлээр гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн байна;

4.2.11. олон улсын хамтын ажиллагааны хүрээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдсэн этгээд, тэдгээрийн хөрөнгийн талаарх мэдээлэл, нотлох баримтыг олж авах боломж илүү дээшилсэн байна;

4.2.12. мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар олон нийтийн ойлголт, мэдлэг нэмэгдэж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын чадавх, хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо сайжирснаар үндэсний хэмжээнд мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх суурь орчин бүрдэнэ.

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

5.1.2. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламжийн хөрөнгө;
5.1.3. бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүргийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийн үр дүнг сайжруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний зөвлөл   хариуцан гүйцэтгэнэ. 

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог хангах, тэдний санал, санаачилгыг дэмжин хамтарч ажиллах, олон нийтэд мэдээлэх үүргийг Үндэсний зөвлөл  Санхүүгийн мэдээллийн албатай хамтран хариуцана.

Долоо. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээг жил бүр Үндэсний зөвлөл Санхүүгийн мэдээллийн албатай хамтран гүйцэтгэнэ.

7.2. Үндэсний зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн эхний хагас жилд багтаан Засгийн газарт танилцуулна.

7.3. Хөтөлбөрийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой олон улсын байгууллагаас гаргасан стандарт зэргийг харгалзан хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

---o0o---