- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ СЕНДАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭГ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ
Засгийн газрын 2017 оны 355 дугаар
тогтоолын хавсралт
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ СЕНДАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ХҮРЭЭГ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ДУНД
ХУГАЦААНЫ СТРАТЕГИ
Нэг. Нийтлэг үндэслэл
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас дэлхий нийтэд тохиолдох гамшгийн аюул, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Дэлхийн улс орнууд үүний эсрэг нэгдэн гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр үүрэг, хариуцлага хүлээж, дэлхий нийтээр хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж байна.
Япон Улсын Сендай хотод 2015 онд зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030” баримт бичгийг санал нэгтэй баталж, энэхүү баримт бичигт дэвшүүлсэн 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн улсын чадавх, нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад 2017-2020, 2020-2025, 2025-2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шатанд төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, шинжлэх ухаан, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлд суурилж хэрэгжүүлнэ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад үе шаттай хэрэгжүүлснээр гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх бүх шатны байгууллага, иргэд, олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг удирдах засаглалыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангаж чадавхыг бэхжүүлэх боломж бүрдэх юм.
Хоёр. Стратегийн зорилго, тэргүүлэх чиглэл, зорилт
2.1. Гамшгийн аюул, өртөнгө, эмзэг байдлыг бууруулах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг сайжруулж, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулж, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэхэд энэхүү стратегийн зорилго оршино.
2.2. Стратегийн зорилгыг хангахын тулд хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагааг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2020”-д тусгагдсан дараах 4 тэргүүлэх чиглэлд чиглүүлнэ:
2.2.1. гамшгийн эрсдэлийг бууруулах бүх нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэх, мэдлэг олгох;
2.2.2. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны удирдлагын засаглалыг бэхжүүлэх;
2.2.3. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
2.2.4. гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах сэргээн босгох, нөхөн сэргээх, шинээр барьж байгуулах үйл ажиллагааг урт хугацаанд төлөвлөн хэрэгжүүлэх.
2.3. Энэхүү стратегийн 2.2.1-д заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
2.3.1. гамшгийн эрсдэлийг бууруулах талаар иргэд, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх;
2.3.2. гамшгийн эрсдэлийг үнэлэх тогтолцоог бий болгож, мэдээллийн сан бүрдүүлэх.
2.4. Энэхүү стратегийн 2.2.2-т заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. гамшгийн эрсдэлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
2.4.2. гамшгийн эрсдэлийг бууруулахад түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх;
2.4.3. гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үндэсний стандартыг боловсронгүй болгох.
2.5. Энэхүү стратегийн 2.2.3-т заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх;
2.5.2. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
2.6. Энэхүү стратегийн 2.2.4-т заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
2.6.1. гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлж, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх;
2.6.2. гамшгийн дараах сэргээн босгох, нөхөн сэргээх, шинээр барьж байгуулах үйл ажиллагааг сайжруулах.
Гурав. Стратегийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх
үйл ажиллагаа
3.1. “Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар иргэд, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.1.1. гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгийг олгох сургалтыг зохион байгуулах, сургалт, арга зүйн төвийг байгуулан үйл ажиллагааг бэхжүүлэх;
3.1.2. Монгол Улсын гамшгийн нөхцөл байдлын тайланг жил бүр гаргаж нийтэд мэдээлэх;
3.1.3. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030”-г хэрэгжүүлэх суурь үзүүлэлтийг тодорхойлох нөхцөл байдлын болон хэрэгжилтийн явцын тайланг тус тус боловсруулах.
3.2. “Гамшгийн эрсдэлийг үнэлэх тогтолцоог бий болгож, мэдээллийн сан бүрдүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.1. байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийх;
3.2.2. гамшгийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож хөгжүүлэх.
3.3. “Гамшгийн эрсдэлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.3.1. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хариуцах үндэсний болон орон нутгийн зөвлөл байгуулах;
3.3.2. гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг салбарын бодлогын баримт бичигт тусгаж хэрэгжүүлэх.
3.4. “Гамшгийн эрсдэлийг бууруулахад түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.4.1. “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхтай хот” олон улсын санаачилгыг дэмжих, өрнүүлэх;
3.4.2. гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх.
3.5. “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үндэсний стандартыг сайжруулах” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.5.1. гал түймэр унтраах, аврах ангийн үйлчлэх хүрээний стандартыг боловсруулж хэрэгжүүлэх;
3.5.2. эрэн хайх, аврах анги, салбар, тэдгээрийн алба хаагчдын ашиглах техник, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, хэрэгслийн стандартыг боловсруулах.
3.6. “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.6.1. гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр судалгаа хийж, гамшгийг хохирол багатай даван туулах, хохирлын хэмжээг багасгахад чиглэсэн орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх;
3.6.2. барилга байгууламжийн хийц, бүтээц, материал, түүхий эдийн чанарыг тодорхойлох, туршилт, шинжилгээ, судалгаа хийх чадавхыг сайжруулах;
3.6.3. төв, суурин газрын хүн амыг үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүтцийн арга хэмжээг хэрэгжүүлэх.
3.7. “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.7.1. гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шаардагдах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
3.7.2. хувийн хэвшлийн байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх талаар судалж хэрэгжүүлэх;
3.7.3. гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, давхар даатгалын тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлэх.
3.8. “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлж, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.8.1. гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах шалгуур үзүүлэлтийг батлах;
3.8.2. гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог дэмжих.
3.9. “Гамшгийн дараах сэргээн босгох, нөхөн сэргээх, шинээр барьж байгуулах үйл ажиллагааг сайжруулах” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.9.1. гамшгийн эрсдэлийг тооцсоны үндсэн дээр гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх;
3.9.2. барилга байгууламжийг гамшгийн аюул, газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар хүчитгэх, сайжруулах, ашиглалтын шаардлага хангахгүй болсон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, нийтийн зориулалттай барилга байгууламжийг буулгаж, шинээр барих үйл ажиллагааг урт хугацаанд төлөвлөн хэрэгжүүлэх.
Дөрөв. Стратегийн зорилтыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн
4.1. Стратегийн 2.2.1-д заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах үр дүнд хүрнэ:
4.1.1. гамшгийн эрсдэлийг бууруулах талаар иргэд, олон нийт, төрийн албан хаагчдын ойлголт, мэдлэг нэмэгдсэн байна;
4.1.2. Монгол Улсын гамшгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болсон байна;
4.1.3. гамшгийн эрсдэлийг үнэлэх тогтолцоо бүрдэж, гамшгийн мэдээллийн сан бий болсон байна;
4.1.4. төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа сайжирсан байна.
4.2. Стратегийн 2.2.2-т заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах үр дүнд хүрнэ:
4.2.1. гамшгийн эрсдэлийг бууруулах эрх зүйн орчин сайжирч, гамшгийн эрсдэлийг удирдах тогтолцоо боловсронгуй болсон байна;
4.2.2. гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо нэмэгдэж түншлэл хамтын ажиллагаа бэхэжсэн байна;
4.2.3. гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үндэсний стандартууд батлагдаж, үйл ажиллагаанд нэвтэрсэн байна.
4.3. Стратегийн 2.2.3-т заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах үр дүнд хүрнэ:
4.3.1. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна;
4.3.2. гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо бий болох нөхцөл бүрдсэн байна;
4.3.3. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтэрсэн байна.
4.4. Стратегийн 2.2.4-т заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах үр дүнд хүрнэ:
4.4.1. орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт боловсронгуй болж, бэлэн байдал, хүч хэрэгслийн чадавх нэмэгдсэн байна;
4.4.2. онцгой байдлын байгууллагын чадавх сайжирсан байна;
4.4.3. шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн гамшгийн аюул, газар хөдлөлтөд тэсвэртэй байдал хангагдсан байна.
Тав. Стратегийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
5.1. Дунд хугацааны стратегийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүргийг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
5.2. Дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайд баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
5.3. Орон нутгийн хэмжээнд стратегийн хэрэгжилтийг хангах, удирдан зохицуулах, хяналт тавих ажлыг бүх шатны Засаг дарга, онцгой байдлын байгууллага хамтран гүйцэтгэнэ.
5.4. Дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
5.4.1. улсын болон орон нутгийн төсөв;
5.4.2. гадаад улс, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;
5.4.3. аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө;
5.4.4. бусад эх үүсвэр.
Зургаа. Хяналт-шинжилгээ, үнэлгээ
6.1. Стратегийн хэрэгжилтийг зорилт, үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ.
6.2. Стратегийн хэрэгжилтийн явц, үйл ажиллагааны үр дүнг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 2 жил тутам Засгийн газарт танилцуулна.
---оОо---
Текст томруулах
A
A
A