A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АСРАМЖИЙН ГАЗАРТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын

2018 оны 03/03 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АСРАМЖИЙН ГАЗАРТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийгмийн халамжийн тухай хууль, “Ахмад настны асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” Монгол Улсын стандартыг хэрэгжүүлэн магадлан итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн байгууллагаар асрамжийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдгээр байгууллагуудад санхүүгийн дэмжлэг /цаашид “санхүүжилт” гэх/ олгох, зарцуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн газар /цаашид "асрамжийн газар" гэх/-т улсын төсвөөс олгосон санхүүжилт нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн19.5.1-д заасан төрөлжсөн асрамжийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагдана.

1.3.Асрамжийн газарт улсын төсвөөс олгох санхүүжилт нь асрамжийн газрын төсвийн бүрдүүлэлтийн эх үүсвэрийн нэг хэсэг байна.

Хоёр. Байгууллагыг сонгон шалгаруулах

2.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу “Ахмад настны асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага”, стандартыг хангасан иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар асрамжийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлнэ.

2.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д заасан "Төрөлжсөн асрамжийн газрыг магадлан итгэмжлэх, ажил үйлчилгээ явуулах эрх олгох журам"-ын дагуу магадлан итгэмжлэлд орж тэнцсэн ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан байгууллагад нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр ажил, үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээ олгох буюу сунгана.

2.3.Магадлан итгэмжлэгдэж, ажил үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээ авсан асрамжийн газар нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана.

2.4.Асрамжийн үйлчилгээг үзүүлэх байгууллага нь тухайн орон нутгийн онцлог, хүн амын нягтрал, хэрэгцээнээс хамааран бүсчилсэн хэлбэрээр үзүүлж болно.

Гурав.Санхүүжилтийн хэмжээг төлөвлөх, олгох

3.1.Асрамжийн газарт улсын төсвөөс олгох санхүүжилтийг дараах байдлаар төлөвлөнө:

3.1.1.санхүүжилтийн хэмжээг тооцож төлөвлөхдөө санхүү, төсвийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар баталсан төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хоол, хувцас, ариун цэвэр, зөөлөн эдлэлийн зардлын дундаж норматив, асрамжийн газарт зайлшгүй байх эмийн жагсаалтыг мөрдөнө.

3.1.2.асрамжийн газар нь төсвийн дараагийн жилд байнгын асрамжийн үйлчилгээнд хамрагдах хүний тоо, нэг асруулагчид ноогдох зардлын норм, нормативийг үндэслэн шаардагдах санхүүжилтийг төлөвлөж 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

3.1.3.нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төлөвлөсөн төсвийн саналыг хянан нэгтгэж 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.1.4.нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.1.3-т заасан төсвийн хэмжээг хянаж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

3.2.Асрамжийн газарт улсын төсвөөс олгох санхүүжилтийн сар, улирлын хуваарийг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтын дагуу боловсруулж батална.

3.3.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь санхүүжилтийг батлагдсан хуваарийн дагуу асрамжийн газруудад олгоно.

Дөрөв. Санхүүжилтийн зарцуулалт

4.1.Асрамжийн газар улсын төсвөөс хуваарилсан санхүүжилтийг энэхүү журмын 1.2-т заасансанхүү, төсвийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацааныдагуу дараах үйлчилгээнд зарцуулна:

4.1.1.хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс

4.1.2.улирлын онцлогт тохирсон 3 ээлжийн хувцас

4.1.3.шаардлагатай эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл

4.1.4.ариун цэврийн хэрэгсэл

4.1.5.зөөлөн эдлэл

Тав. Санхүүжилтийн зарцуулалтад хяналт тавих,тайлагнах

5.1.Асрамжийн газарт олгосон санхүүжилтийн зарцуулалтад нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага тус тус хяналт тавина.

5.2.Асрамжийн газар нь үйл ажиллагаа, санхүүжилтийн зарцуулалтын тайланг улирал, хагас жилээр, асруулагчдын шилжилт хөдөлгөөний мэдээг сар бүрээр гаргаж нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

5.3.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь асрамжийн газруудын төсөв, орлого, зарлагын улирлын болон жилийн эцсийн нэгдсэн тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд гаргаж санал, дүгнэлтийн хамт нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Зургаа. Бусад

6.1.Санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хяналт, шалгалтаар тогтоогдсон бол хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.