A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ /БХБС-ын 2018 оны 208 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

 

/БХБС-ын 2018 оны 208 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны  01 дүгээр

сарын 25–ны өдрийн 15 дугаар тушаалын хавсралт

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ

АНХНЫ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход энэхүү аргачлалыг дагаж мөрдөнө.

1.2.Энэхүү аргачлал нь “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ бодох жишээ” хавсралтаас бүрдэнэ.

1.3.Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтоохдоо Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын газрын нэгдмэл сангийн үнэлгээний тойргийн хуваарь”, “Хот тосгон, бусад суурины газрын зэрэглэл, тэдгээрийн нэг га-ийн суурь үнэлгээ”, “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн 1 га-ийн суурь үнэлгээ”, Засгийн газрын 2015 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ”-г үндэслэл болгох ба суурь үнэлгээг энэхүү аргачлалын хавсралтад заасан хүснэгтүүдээс засварлах итгэлцүүрийг сонгон үржүүлнэ.

Хоёр. Хамрах хүрээ

2.1.Энэхүү аргачлал нь ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах зорилгоор газрыг эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтад хамаарахгүй.

2.2.Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг энэхүү аргачлалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ бодох жишээ”-ний дагуу бодно.

Гурав. Хот, тосгон бусад суурин газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох

3.1.Хот, тосгон, бусад суурины газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хот, тосгон, бусад суурины газрын зэрэглэл, тэдгээрийн нэг га газрын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаар”-ыг үндэслэл болгож тооцно.

3.2.Чөлөөт бүсийн газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо Засгийн газрын 2015 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ”-г үндэслэл болгож тооцно.

3.3. Нийслэл, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчидийн Хурал нь газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг  тогтооно.

3.4.Хэрэв тухайн нийслэл, аймаг, сум нь 5-аас бага буюу 1 үнэлгээний бүстэй бол 1-р бүсэд хамаарах итгэлцүүрийг, 2 үнэлгээний бүстэй бол 1, 2-р бүсэд хамаарах итгэлцүүрийг, 3 үнэлгээний бүстэй бол 1, 2, 3-р бүсэд хамаарах итгэлцүүрийг, 4 үнэлгээний бүстэй бол 1, 2, 3, 4-р бүсэд хамаарах итгэлцүүрийг, 5 үнэлгээний бүстэй бол 1, 2, 3, 4, 5-р бүсэд хамаарах итгэлцүүрийг тус тус хэрэглэж болно.

3.5.Нийслэлд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг Хүснэгт 1-ээс сонгоно.

3.6.Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай, Орхон, Өмнөговь, Увс, Хөвсгөл аймгийн төвийн суманд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг Хүснэгт 2-оос сонгоно.

3.7. Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий, Завхан аймгийн төвийн суманд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг Хүснэгт 3-аас  сонгоно.

3.8. Сум, баг, тосгон, суурин үүсэх газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг Хүснэгт 4-өөс сонгоно.

3.9.Чөлөөт бүсийн газрын газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг Хүснэгт 5-аас сонгоно.

 

 

--оОо--