- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Банкны санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх аргачлал
Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны
11 дүгээр хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралт
Банкны санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх аргачлал
Нэг.Нийтлэг зүйл
1.1.Банкны нийтлэг зориулалттай иж бүрэн санхүүгийн тайланг бэлтгэхэд энэ аргачлалыг мөрдөнө.
Санхүүгийн тайлан, түүний зорилго
1.2.Санхүүгийн тайлан нь банкны санхүүгийн тайлан ба санхүүгийн үр дүнг тодорхой бүтцээр илэрхийлэх санхүүгийн цэгцтэй ерөнхий мэдээлэл юм.
1.3.Санхүүгийн тайлангийн зорилго нь хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад шаардагдах тухайн банкны санхүүгийн байдал (хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгө), санхүүгийн үр дүн (ашиг, алдагдал), санхүүгийн байдалд гарсан өөрчлөлт (мөнгөн гүйлгээ), өмчийн өөрчлөлтийн тухай мэдээллээр хангахад оршино.
1.4.Банкны удирдлага өөрийн банкны санхүүгийн тайланг үнэн зөв бэлтгэж, түүнд хариуцлага хүлээнэ.
Санхүүгийн тайлан бэлтгэх үндэслэл ба зарчим
Банк нь санхүүгийн тайлан бэлтгэхдээ дараах ерөнхий зарчмуудыг баримтална:
1.5.СТОУС-д нийцэх. Банкны санхүүгийн тайлан нь СТОУС-д бүрэн нийцсэн байна.
1.6.Нягтлан бодох бүртгэлийн бодлого. Банкны удирдлага өөрийн бодит нөхцөлд ялангуяа банкныхаа санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнг үнэн зөвөөр илэрхийлэх бүртгэлийн бодлогыг мөрдөнө. Сонгосон бүртгэлийн бодлого нь Монгол улсын хууль, тогтоомж, Монголбанкнаас гаргасан журам, заавар, аргачлалд нийцнэ. Банк нягтлан бодох бүртгэлийн тодорхойлогдоогүй зүйлсийг Монголбанкинд мэдэгдэж, зөвшөөрөл авна.
1.7.Үнэн зөв толилуулга. Санхүүгийн тайланд банкны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээг үнэн зөв илэрхийлнэ. Үнэн зөв толилуулгад дан ганц тоогоор илэрхийлэгдсэн мэдээлэл төдийгүй нэмэлт тайлбар, тодруулгыг багтаана.
1.8.Тасралтгүй байх зарчим. Банкны удирдлага санхүүгийн тайланг бэлтгэхдээ өөрийн банкны үйл ажиллагааны тасралтгүй зарчмаар үргэлжлэх чадварт үнэлэлт өгнө. Банкийг татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоогоогүй тохиолдолд удирдлага тасралтгүй байх зарчмыг үндэслэн санхүүгийн тайлангаа бэлтгэнэ. Мөн банкны үйл ажиллагааг тасалдуулахад хүргэх үйл явдал, нөхцөл байдал үүссэн бол банкны удирдлага нэн даруй Монголбанкинд мэдэгдэнэ.
Банкны удирдлага тасралтгүй байх зарчим хадгалагдаж буй эсэхийг үнэлэхдээ тайлагналын өдрөөс хойш арван хоёр сар буюу түүнээс дээш хугацааг хамарсан ирээдүйн талаарх боломжит бүх мэдээллийг ашиглана. Банк ашигтай ажиллаж байсан түүхтэй бөгөөд санхүүгийн нөөцийг байршуулахад бэлэн байгаа бол нэмэлт шинжилгээ хийлгүйгээр тасралтгүй байх зарчим биелэгдэж байна гэж үзэж болно.
1.9.Нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь. Банк мөнгөн гүйлгээний тайлангаас бусад санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар бэлтгэнэ. Аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс үл хамааран орлогыг олсон үед болон зардлыг гарсан тухай бүрт нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ.
1.10.Илэрхийллийн тогтвортой байдал. Банкны үйл ажиллагаанд гарсан үлэмж хэмжээний өөрчлөлт болон СТОУС-д шаардсанаас бусад тохиолдолд санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн илэрхийлэл ба ангиллыг нэг тайлант үеэс нөгөө тайлант үед өөрчлөхгүй. Хэрэв ийм өөрчлөлт хийхээр төлөвлөж буй бол үүнийг Монголбанкинд урьдчилан мэдэгдэнэ.
1.11.Цэвэр дүнгээр толилуулах. Энэ заавар болон СТОУС-д шаардсан буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд хөрөнгө ба өр төлбөр болон орлого ба зардлыг нэгтгэж цэвэр дүнгээр тайлагнахгүй.
1.12.Харьцуулах боломжтой байх зарчим. Энэ заавар болон СТОУС-ын шаардлагаар банкны санхүүгийн тайлангийн тоон мэдээллийг арга зүйн хувьд бүх тайлант хугацааны тоо мэдээтэй харьцуулж болохоор зохион байгуулна. Санхүүгийн тайланд зэрэгцүүлэх зорилгоор оруулж байгаа өмнөх хугацааны дүнг тайлант хугацааныхтай яг ижил хугацаагаар тасалбар болгон харуулна. Тухайлбал, орлогын дэлгэрэнгүй тайланг 6 дугаар сарын 30-ны өдрөөр бэлтгэж байгаа тохиолдолд толилуулах дүн нь тайлант ба өмнөх хугацааны аль алиных нь хувьд оны эхнээс (1 дүгээр сарын 1-ний өдөр) 6 дугаар сарын 30-ны (тайлагналын өдөр) хоорондох хугацаагаар тасалбар болно.
1.13.Цаг хугацаандаа байх зарчим. Санхүүгийн тайланг цаг хугацаанд нь багтаан бэлтгэж, толилуулах нь мэдээллийг хэрэглэгчдийн шийдвэрт нөлөөлөх боломжтой хугацаанд багтаан шийдвэр гаргагчдад хүргэхийг хэлнэ. Банкны үйл ажиллагааны онцгой хүндрэлтэй байдал зэрэг нь санхүүгийн тайланг цаг хугацаанд нь тайлагнахгүй байх шалтгаан болохгүй.
Санхүүгийн тайлангийн бүтэц ба агуулга
1.14.Банкны иж бүрэн санхүүгийн тайлан доорх бүрэлдэхүүн хэсэгтэй байна:
(а)Санхүүгийн байдлын тайлан;
(б)Орлогын дэлгэрэнгүй тайлан:
(в)Өмчийн өөрчлөлтийн тайлан;
(г)Мөнгөн гүйлгээний тайлан;
(д)Санхүүгийн тайлангийн тодруулга.
1.15.Банкны тайлан, тодруулгын үзүүлэлтийг төгрөг, мөнгөөр илэрхийлнэ.
1.16.Иж бүрэн санхүүгийн тайлан гэж санхүүгийн тайлангийн тодруулгыг багтаасан тайланг хэлэх ба үүнийг жилээр толилуулна. Санхүүгийн тайлангийн жил 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Банк сарын санхүүгийн тайлангаа заагдсан хугацаанд багтаан, тогтсон хэлбэр, загвараар Монголбанкинд хүргүүлнэ.
хоёр. Нэгдсэн санхүүгийн тайлан
2.1.Санхүүгийн тайлангийн нэгтгэлд холбогдох СТОУС-ыг дагаж мөрдөнө.
2.2.Банк, банкны толгой компани, тэдгээрийн хараат болон охин компани нэгдсэн буюу тусдаа тайланг Монголбанкинд гаргаж өгнө.
2.3.Банк охин компанид хяналт тогтоосон өдрөөс эхлэн нэгдсэн санхүүгийн тайлан бэлтгэх бөгөөд охин компанид тогтоосон хяналтаа алдсан өдрөөс нэгдсэн санхүүгийн тайлан бэлтгэж Монголбанкинд гаргаж өгөхөө зогсооно.
ГУРАВ. санхүүгийн байдлын тайлан
3.1.Банкны санхүүгийн байдлыг тодорхой хугацаагаар буюу тайлагналын өдрөөр тасалбар болгон харуулдаг тайлан нь санхүүгийн байдлын тайлан юм.
3.2.Санхүүгийн байдлыг хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгөөр харуулна.
(а)Хөрөнгө гэдэг нь банкны хяналтанд байгаа бөгөөд өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүсч, ирээдүйд эдийн засгийн үр өгөөж өгөх нөөц юм.
(б)Өр төлбөр гэдэг нь өнгөрсөн үйл явдлын үр дүнд бий болсон, эдийн засгийн өгөөжийг өөртөө агуулж буй нөөцийн гадагшлах урсгалаар төлөгдөхөөр хүлээгдэж буй банкны бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлагыг хэлнэ.
(в)Өөрийн хөрөнгө гэдэг нь банкны хөрөнгөөс өр төлбөрийг хассаны дараа үлдэх хэсэг юм.
3.3.Банк санхүүгийн байдлын тайландаа хөрөнгө ба өр төлбөрийг шинж чанар, хөрвөх чадвараар жагсааж, толилуулна.
3.4.Хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгийг санхүүгийн байдлын тайланд зохих үнэлгээгээр илэрхийлж, нийт дүнгээр толилуулна. Хөрөнгө ба өглөгийн дүнг суутган тооцсон, эсвэл ингэж тооцохыг СТОУС ба хууль тогтоомжоор зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд балансад тусгасан аливаа хөрөнгө, өр төлбөрийн дүнг нэгийг нь нөгөөгөөс нь хасч тооцохгүй.
3.5.Санхүүгийн байдлын тайланг (СТ-1) загварын дагуу бэлтгэнэ. СТОУС-д нийцүүлэн бэлтгэх жилийн санхүүгийн тайланг зэрэгцүүлсэн байдлаар толилуулна. Өөрөөр хэлбэл тайлант хугацааны үзүүлэлтийг нэг баганаар, зэрэгцүүлэгдэх хугацааны үзүүлэлтийг өөр баганаар тайлагнана. СТ-1 хэлбэрээр тайлагнасан банкны 12 дугаар сарын тайлан ба аудитын дүгнэлт санал бүхий жилийн эцсийн тайлангийн хооронд зөрүү гарсан бол энэ талаар Монголбанкинд мэдэгдэж, тайлбар гаргаж өгнө.
3.6.Санхүүгийн байдлын зүйлсийг тайлант жилийн эхнээс өссөн дүнгээр гаргах ба эхний үлдэгдэл нь тухайн тайлант санхүүгийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөрх үлдэгдэл байна.
Санхүүгийн байдлын зүйлс
3.7.Хөрөнгийн дараах зүйлсийг тусад нь толилуулна:
(а) Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө - үнэ цэнийн өөрчлөлтөөс өчүүхэн бага эрсдэл хүлээдэг бөгөөд 3 хүртэлх сарын дотор төлөгдөх мөнгөн дүнд хөрвөх чадвартай хөрөнгийг хэлнэ. 3 сараас урт хугацаагаар хязгаарлагдсан мөнгийг мөнгөн хөрөнгөд оруулахгүй. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгөнд бэлэн мөнгө (касст байгаа үндэсний ба гадаад валютын мөнгөн тэмдэгт, зоос, гадаад валютын чек) -нөөс гадна 3 хүртэлх сарын хугацаатай бөгөөд үнэ цэн буурах эрсдэл багатай Монголбанкинд байршуулсан мөнгө, Монголбанкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, бусад банкинд байршуулсан мөнгө зэрэг багтана. Үүнд: Монголбанкинд байршуулсан төгрөгийн ба гадаад валютын харилцах, хадгаламж; гадаад, дотоодын бусад банкинд байршуулсан төгрөгийн ба гадаад валютын харилцах, хадгаламж; 3 хүртэлх сарын хугацаатай Монголбанкны үнэт цаас ба Засгийн газрын үнэт цаас; мөнгөтэй адилтгах бусад хөрөнгө; эдгээр хөрөнгөнд хуримтлуулан тооцсон хүүг оруулна.
(б)Бусад банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө - Монголбанкинд байршуулж буй заавал байлгах нөөц, Монголбанк болон бусад гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байршуулсан 3 сараас дээш хугацаатай хадгаламж, 3 сараас дээш хугацаатай репо, 3 сараас урт хугацаагаар хязгаарлагдсан мөнгө, эдгээр хөрөнгөнд хуримтлуулан тооцсон хүүг мөн оруулна. Бусад банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийг эрсдэлийн сан хассан цэвэр дүнгээр тайлагнана.
(в)Хөрөнгө оруулалт - 3 сараас дээш хугацаатай Монголбанкны үнэт цаас, 3 сараас дээш хугацаатай Засгийн газрын үнэт цаас, мөнгөтэй адилтгах хөрөнгийн тодорхойлолтонд багтаагүй бусад өрийн үнэт цаас, арилжааны зориулалттай эсвэл борлуулахад бэлэн, охин компани, хараат компани, хамтын хяналттай компанид оруулсан хөрөнгө оруулалт хамрагдана. Хөрөнгө оруулалтыг эрсдэлийн сан хассан цэвэр дүнгээр тайлагнана. Барьцаанд тавьсан үнэт цаас, хөрөнгө оруулалт гэж репо болон бусад хэлцэлд барьцаа болгон өгсөн үнэт цаасыг ойлгоно. Үүнд эдгээр хөрөнгөтэй холбогдуулан хуримтлуулан тооцсон хүүг мөн оруулна.
(г) Зээл - Банкны зээлийн шинж чанарыг агуулсан, байгууллага, иргэд болон бусад журмын дагуу чанараар нь ангилж харуулна. Зээлийн дүнг зээлийн эрсдэлийн сан ба хойшлогдсон зээлийн төлбөрийг (СТОУС-ын дагуу хойшлуулан бүртгэх, үр ашигт ашигт хүүгийн хувь хэмжээнд багтах зээлийн хураамж, шимтгэл) хассан цэвэр дүнгээр тайлагнана. Эдгээр зүйлсийг тусдаа дансдад бүртгэнэ. Үүнд эдгээр хөрөнгөтэй холбогдуулан хуримтлуулан тооцсон хүүг мөн оруулна.
(д)Дериватив санхүүгийн хөрөнгө - Гадаад валют, үнэт металлын арилжааны своп, форвард, опцион гэрээ, хэлцлээр үүссэн дериватив санхүүгийн хэрэгслийн эерэг утгатай бодит үнэ цэнийг харуулна.
(е)Бусад санхүүгийн хөрөнгө – банкны үйл ажиллагааны хувьд туслах чанартай бөгөөд нийт хөрөнгийн дүнд бага хувь хэмжээтэй, санхүүгийн хөрөнгийн тодорхойлолтыг хангаж буй хөрөнгүүд болох зээлээс бусад тооцооны авлага, банк болон салбар хоорондын тооцоо, өмчлөх бусад хөрөнгө (зээлдэгчээс зээлийн төлбөрт авсан үнэт цаас гэх мэт санхүүгийн хөрөнгө), бусад санхүүгийн хөрөнгийг хамруулна.
(ё)Бусад санхүүгийн бус хөрөнгө - Банкны үйл ажиллагааны хувьд туслах чанарын бөгөөд нийт хөрөнгийн дүнд бага хувь хэмжээтэй, санхүүгийн хөрөнгийн тодорхойлолтыг хангахгүй хөрөнгүүд болох материал, үнэ бүхий зүйлс, үнэт металл, банкны дотоод ажил гүйлгээгээр гарах тооцооны авлага, урьдчилгаа, санхүүгийн бус хөрөнгийн хэлбэртэй өмчлөх бусад хөрөнгө, тайлант хугацааны татварын илүү төлөлт, хойшлогдсон татварын хөрөнгийг хамруулна. Өмчлөх бусад хөрөнгөнд зээлдэгчдээс зээлийн төлбөрт авсан, цаашид худалдан борлуулах зориулалттай хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө багтана.
(ж)Үндсэн хөрөнгө - Банкны үйл ажиллагаа, удирдлагын зорилгоор ашиглаж буй барилга байгууламж, компьютер, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил зэргийг хамарна.
(з)Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө - Үүнд ашгийн бус зориулалтаар бусдад түрээслүүлэх болон хөрөнгийн үнийн өсөлтөөс ашиг олох зорилгоор эзэмшиж буй, банкны үйл ажиллагаа, удирдлагын зорилгоор ашиглагдаагүй хөрөнгийг харуулна. Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд ирээдүйд ашиглагдах дуусаагүй барилга багтана.
(и)Борлуулах зориулалттай хөрөнгө - тайлагналын өдрөөс хойш 12 сарын дотор худалдан борлуулах замаар өртгийг нь нөхөх зорилготой үндсэн хөрөнгө, бусад санхүүгийн бус буюу эргэлтийн хөрөнгийг хамарна. Энэ төрлийн хөрөнгө нь түүнд харгалзах СТОУС-ын шалгуурыг биелүүлсэн байх ба өөрөөр хэлбэл одоогийн нөхцөл байдлаар нь шууд худалдан борлуулах боломжтой, тохиромжтой үнээр идэвхитэй арилжаалагддаг, эргэлт буцалтгүйгээр худалдан борлуулахаар зорьж байгаа хөрөнгө юм.
(й)Биет бус хөрөнгө - Нэгээс дээш жилийн хугацаанд ашиглах банкны үйл ажиллагаа, удирдлагын зориулалтаар ашиглаж буй биет шинж чанаргүй программ хангамж, гүүдвил болон бусад биет бус хөрөнгүүд хамрагдана.
3.8.Өр төлбөрийн дараах зүйлсийг тусад нь толилуулна:
(а)Харилцах -Байгууллага, иргэдээс банкинд төлбөр тооцооны зориулалтай байршуулсан бөгөөд ямар нэг хязгаарлалтгүй эх үүсвэр хамрагдана. Үүнд харилцах дансанд хуримтлуулан тооцсон хүүг мөн оруулна.
(б)Хадгаламж - Байгууллага, иргэдээс банкинд хүү болон бусад нөхцөлтэй гэрээгээр байршуулсан эх үүсвэр хамрагдана. Хадгаламжийг хугацаатай, хугацаагүйгээр ангилж харуулна. Үүнд хадгаламжийн дансанд хуримтлуулан тооцсон хүүг мөн оруулна.
(в)Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр - Монголбанк бусад банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, бусад банк, санхүүгийн байгууллагаас тухайн банкинд байршуулсан харилцах, хадгаламжийн данс, банк санхүүгийн байгууллагаас татсан бусад эх үүсвэр хамрагдана. Үүнд уг эх үүсвэрт хуримтлуулан тооцсон хүүг мөн оруулна.
(г)Бусад эх үүсвэр - Харилцагчид, банкнаас бусад зээлдүүлэгчдээс тодорхой зориулалт, нөхцөлтэй байршуулсан эх үүсвэр болон төлбөр тооцооны бусад хэрэгслийн эх үүсвэр болгон ашиглахаар байршуулсан зээлдүүлэгчээс авсан эх үүсвэр, зээл, баталгаа, батлан даалтын барьцаа, аккредитивын эх үүсвэр, банкны гаргасан өрийн бичиг, үнэт цаас, репо нөхцлөөр худалдсан үнэт цаас, хамтын зээлжүүлэлтийн эх үүсвэр багтана. Мөн хөрвөх эрхтэй зээлийн өр төлбөр болох хэсгийг энд харуулна. Үүнд уг эх үүсвэрт хуримтлуулан тооцсон хүүг мөн оруулна.
(д)Дериватив санхүүгийн өр төлбөр - Гадаад валют, үнэт металлын арилжааны своп, форвард, опцион гэрээ, хэлцлээр үүссэн дериватив санхүүгийн хэрэгслийн сөрөг утгатай бодит үнэ цэнийг харуулна.
(е)Бусад санхүүгийн өр төлбөр - Банкны үйл ажиллагааны хувьд туслах чанартай бөгөөд нийт өр төлбөрийн дүнд бага хувь хэмжээтэй, санхүүгийн өр төлбөрийн тодорхойлолтыг хангаж буй өр төлбөр ба үүнд дансны өглөг, банкны дотоод ажил гүйлгээгээр гарах тооцооны өглөг, ногдол ашгийн өглөг, банк хоорондын клирингийн тооцооны өглөг болон бусад санхүүгийн өглөг хамрагдана.
(ё)Бусад санхүүгийн бус өр төлбөр - Банкны үйл ажиллагааны хувьд туслах чанартай бөгөөд нийт өр төлбөрийн дүнд бага хувь хэмжээтэй, санхүүгийн өр төлбөрийн тодорхойлолтыг хангахгүй өр төлбөр ба үүнд ажилчидтай хийх тооцооны өглөг, хойшлогдсон буцалтгүй тусламжийн орлого гэх мэт хойшлогдсон орлого, тайлант үеийн ба хойшлогдсон татварын өглөг, татварын бусад өглөг, хуулийн байгууллагаар шийдэгдэж байгуу зүйлсэд байгуулсан нөөц, зээл, зээлтэй адилтгах хөрөнгөнд хамаарах үүргийн нөөц зэрэг хамрагдана.
(ж)Хоёрдогч өглөг - 5 жилээс дээш хугацаатай хоёрдогч өглөгийг өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг тооцохдоо өөрийн хөрөнгөнд оруулах боловч энэ нь өр төлбөрийн шинжийг хадгалсан хэвээр байдаг тул үүнийг санхүүгийн тайланд өр төлбөрөөр толилуулна.
(з)Давуу эрхийн хувьцаа (өр төлбөр) - НББОУС 32-д заасны дагуу өр төлбөр гэж үзэх давуу эрхийн хувьцааг өр төлбөрөөр толилуулна.
3.9.Өөрийн хөрөнгийн дараах зүйлсийг тусад нь толилуулна:
(а)Хувь нийлүүлсэн хөрөнгө -Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө, давуу эрхтэй хувьцаа (НББОУС 32-ын дагуу өмчийн шалгуурыг хангасан), энгийн хувьцааг нэрлэсэн үнээр илэрхийлж, толилуулна.
(б)Нэмж төлөгдсөн капитал - Хувьцааны борлуулсан үнэ нэрлэсэн үнээс илүү гарсан бол зөрүүг тусгах ба халаасны хувьцааг нэрлэсэн үнээс илүү үнээр худалдаж авсан нөхцөлд үүнийг бууруулна.
(в)Халаасны хувьцаа – Банк гаргасан хувьцаагаа өөрөө зах зээл дээрээс эсвэл хувьцаа эзэмшигчдээс шууд эргүүлэн худалдан авсан хувьцааг харуулна.
(г)Дахин үнэлгээний нэмэгдэл - Дахин үнэлгээний үр дүнд үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгийн өртөгт гарсан нэмэгдлийг өмчийн энэ хэсэгт тусгана. Мөн борлуулахад бэлэн үнэт цаасны бодит үнэ цэнийн өөрчлөлтийг холбогдох дахин үнэлгээний дансанд бүртгэнэ.
(д)Хуримтлагдсан ашиг, алдагдал - Банкны үйл ажиллагааны үр дүнгээс бий болсон өмнөх ба тайлант үеийн хуримтлагдсан ашиг хамрагдана.
(е)Бусад өөрийн хөрөнгө – Хувьцааны опцион, нөөцийн сан, ханш, үнэлгээний тэгшитгэлийн сан, эрсдэлийн сангийн нөөц гэх мэт хуримтлагдсан ашгаас тусгай зориулалтаар тусгаарласан сан, нөөц болон тайлант үеийн бусад дэлгэрэнгүй орлого хамрагдана. Мөн үүнд зээлийн эрсдэлийн сангийн нөөц болон төлөгдөөгүй зээлд хуримтлуулсан хүүгийн эрсдэлийн сангийн нөөц багтана.
ДӨРӨВ. ОРЛОГыН дэлгэрэнгүй ТАЙЛАН
4.1.Орлогын дэлгэрэнгүй тайлан нь банкны тайлант хугацааны үйл ажиллагааны үр дүнг хэмждэг тайлан юм. Орлогын дэлгэрэнгүй тайланд орлого, зардлыг аккруэл сууриар бүртгэж, толилуулна.
4.2Үйл ажиллагааны үр дүнг хэмжихтэй холбогдох элемэнтүүд нь орлого, зардал, олз, гарз болно.
(а)Орлого гэдэг нь тайлант хугацаанд хөрөнгийг өсгөх буюу өр төлбөрийг бууруулах замаар эдийн засгийн үр өгөөж нэмэгдэхийг хэлнэ. Орлогын дүнг найдвартайгаар хэмжих боломжтой тохиолдолд орлогын тайланд орлого болон олзыг хүлээн зөвшөөрнө. Найдвартай хэмжих боломжгүй бол бүртгэхгүй.
(б)Зардал гэдэг нь тайлант хугацаанд хөрөнгийг бууруулах буюу өр төлбөрийг өсгөх замаар эдийн засгийн үр өгөөж буурахыг хэлнэ. Зардлын дүнг найдвартайгаар хэмжих боломжтой тохиолдолд орлогын тайланд зардал болон гарзыг хүлээн зөвшөөрнө. Найдвартай хэмжих боломжгүй бол бүртгэхгүй.
4.3.Зардлыг холбогдох орлоготой уялдуулан орлогын тайланд хүлээн зөвшөөрөх ба үүнийг орлого, зардлыг уялдуулах зарчим гэнэ. Ингэж орлого, зардлыг уялдуулснаар аливаа зүйл эсвэл ажил гүйлгээний орлого, зардлыг хамтад нь тайлагнаж, үр дүнг нь тодорхойлон гаргах ач холбогдолтой. Гэхдээ СТОУС-ын дагуу уялдуулах зарчмыг мөрдөхдөө хөрөнгө, өр төлбөрийн тодорхойлолтонд нийцэхгүй зүйлсийг балансанд хүлээн зөвшөөрч, харуулахгүй.
4.4.Орлогын дэлгэрэнгүй тайланг (СТ-2) загварын дагуу бэлтгэнэ. Орлогын дэлгэрэнгүй тайлангийн үзүүлэлтүүдийг дүнгээр үзүүлэх ба орлого, зардлын бус шинжтэй зүйлийг орлогын тайланд тусгахгүй. Өмнөх хугацааны дүнг тайлант хугацааныхтай яг ижил хугацаагаар тасалбар болгон харуулна. Тухайлбал, орлогын дэлгэрэнгүй тайланг 6 дугаар сарын 30-аар бэлтгэж байгаа тохиолдолд толилуулах дүн нь тайлант ба өмнөх хугацааны аль алиных нь хувьд оны эхнээс (1 дүгээр сарын 1-ний өдөр) 6 дугаар сарын 30-ны (тайлагналын өдөр) хоорондох хугацаагаар тасалбар болно.
4.5.Банк орлого, зардлыг үндсэн төрлөөр ангилан орлогын дэлгэрэнгүй тайлан бэлтгэж, тодруулна.
Орлого, зардлын зүйлс
4.6.Банк нь СТОУС бусад стандартуудын шаардлагыг хангах үүднээс орлогын тайлангийн доор дурдсан орлого ба зардлын үзүүлэлтийг эдгээр ангиллаар хязгаарлахгүйгээр оруулна.
(а)Хүүгийн орлого - Банкны үйл ажиллагаанаас буй болох орлогын үндсэн төрөлд хүүгийн орлого орох ба үүнд зээлийн хүү болон санхүүгийн зах зээлд хөрөнгө байршуулснаас орох бусад хүү, түүнтэй адилтгах орлого хамрагдана. Тухайлбал, Монголбанк, бусад банк санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн хүүгийн орлого, үнэт металл, үнэт цаас, зээлийн хүүгийн орлого үүнд багтана. Хүүгийн орлого нь хүүгийн нийт орлогоос буцаалтыг хассан дүнтэй тэнцэнэ.
(б)Хүүгийн зардал - Банкны үйл ажиллагаанаас буй болох зардлын үндсэн төрөлд хүүгийн зардал орох ба үүнд харилцах, хадгаламжинд төлсөн хүү, санхүүгийн зах зээлээс авч байршуулсан бусад эх үүсвэрт төлөх хүүгийн болон тэдгээртэй адилтгах зардал хамрагдана. Тухайлбал: харилцахын үлдэгдэл, хадгаламжинд төлсөн (ба хуримтлуулсан) хүү, үнэт цаасны хүү, зээлийн хүүгийн зардал үүнд багтана. Хүүгийн зардал нь хүүгийн нийт зардлаас буцаалтыг хассан дүнтэй тэнцэнэ.
(в)Хүүгийн цэвэр орлого - Хүүгийн орлогоос хүүгийн зардлыг хассан дүнгээр цэвэр хүүгийн орлого тодорхойлогдоно. Хүүгийн цэвэр орлого нь банкны удирдлага, санхүүгийн тайлангийн хэрэглэгчид тайлант хугацааны дундаж хүү, зээлдүүлсэн хөрөнгөөс олсон дундаж хүүгийн орлого, зээлийн эх үүсвэрт ноогдох дундаж хүү гэх мэт хүүгийн хувь хэмжээг тооцоход ашиглагдана.
(г)Бусад орлого - Банкны үйл ажиллагаанаас орох хүүгийн орлогоос бусад бүх орлого хамрагдана. Үүнд: гадаад валют, үнэт металл, үнэт цаасны арилжааны орлого; гадаад валют, үнэт металл, үнэт цаасны ханш болон үнэлгээний тэгшитгэлийн орлого; санхүүгийн деривативын орлого; банкны бүтээгдэхүүн болох картын үйлчилгээ, дансны үйлчилгээ гэх зэрэг үйлчилгээний шимтгэл болон бусад орлого багтана. Бусад орлогод хөрөнгө борлуулсны олз, үндсэн хөрөнгийн түрээсийн орлого, торгуулийн орлого, ногдол ашгийн орлого, тэнцлийн гадуурх тооцооноос хийгдсэн төлөлт, зах зээлийн хүүгээс ялгаатай хүү бүхий хөрөнгө, өр төлбөрийг анх удаа хүлээн зөвшөөрөх үеийн олз, буцалтгүй тусламжийн орлого болон бусад орлогыг хамарна.
(д)Бусад зардал - Банкны үйл ажиллагаатай холбогдон гарсан боловч хүүгийн зардалд хамрагдаагүй бусад зардлуудыг энэ хэсэгт үзүүлнэ. Ажилтнуудтай холбоотой зардалд цалин, шагнал урамшуулал, нөхөн олговор, хөнгөлөлт, тэтгэмж, нийгмийн, халамж, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал багтана. Бусад зардалд мөн дараах зардлууд хамрагдана: зээл болон бусад авлагыг барагдуулахтай холбоотой зардал; өмчлөх бусад хөрөнгийн урсгал зардал; бусад банкаар үйлчлүүлсний хөлс, аудитын төлбөр, мэргэжлийн үйлчилгээний төлбөр, санхүүгийн хураамж, даатгалын хураамж, хуулийн зөвлөгөө авах, өмгөөллийн үйлчилгээний хөлс гэх мэт янз бүрийн үйлчилгээний төлбөр, хураамж, шимтгэлийн зардал; зар сурталчилгаа, маркетингийн зардал; элэгдэл, хорогдлын зардал; түрээсийн зардал; цахилгаан, халаалт дулаан, ус гэх мэт ашиглалтын зардал; үндсэн хөрөнгийн урсгал засвар болон түүнийг борлуулах үйл ажиллагааны зардал; программ хангамж, автоматжуулалтын урсгал зардал; бичиг хэргийн зардал; харуул, аюулгүй байдлын зардал; харилцаа холбооны зардал; мөнгө хураалтын зардал багтана. Харин дээр дурьдсанаас бусад зардал буюу ариун цэвэр, газар эдэлбэр, зочин төлөөлөгч, баяр ёслол, хандив, торгууль зэрэгтэй холбоотой зардал ба хөрөнгө борлуулсан буюу данснаас хассаны гарз, авлага болон өмчлөх бусад хөрөнгийг данснаас хасах үеийн гарз, зээлд хамаарах үүрэг болон болзошгүй үйл явдалтай (шүүхийн зарга маргаан гэх мэт) холбоотойгоор нөөц байгуулах зардал гэх зэрэг зардлууд бусад зардалд хамаарна.
(е)Орлогын татварын зардал – тайлант хугацааны татвар ногдуулах орлогыг тодорхойлж, түүнд ногдуулж тооцсон татварын зардал (хөнгөлөлт)-ыг энэ хэсэгт тусгана.
(ё)Зогсоосон үйл ажиллагааны цэвэр орлого, зардал – СТОУС 5-ын дагуу зогсоосон үйл ажиллагаа гэж тодорхойлсон үйл ажиллагааны үр дүнд үүссэн орлого, зардлыг энэ хэсэгт тусгана.
(ж) Бусад дэлгэрэнгүй орлого – тайлант хугацааны цэвэр ашигт хамаарахгүй боловч эзэмшигчийн бус ажил гүйлгээгээр үүссэн хэрэгжээгүй орлого, зардал буюу үнэлгээний санд гарсан хэрэгжээгүй орлого, зардлыг харуулна. Татвар ногдуулах бүх орлого, зардалд хойшлогдсон татварыг хуримтлуулан бүртгэнэ.
(з)Нийт дэлгэрэнгүй орлого – тайлант хугацаанд эзэмшигчийн бус ажил гүйлгээгээр цэвэр хөрөнгөнд гарсан нийт өсөлт, бууралтыг дараах хоёр үзүүлэлтээр төлөөлж харуулна: цэвэр ашиг, алдагдлын дүн (орлогын тайланд тодорхойлогдоно) ба бусад дэлгэрэнгүй орлого.
ТАВ. ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН
5.1.Өмчийн өөрчлөлтийн тайлан нь банкны цэвэр хөрөнгө буюу эзэмшигчийн өмчийн хөдөлгөөнийг харуулдаг тайлан юм.
5.2.Өмчийн өөрчлөлтийн тайланд дараах зүйлсийг толилуулна:
(а)тайлант хугацааны цэвэр ашиг, алдагдал;
(б)хувьцаат капиталтай холбогдуулан шууд бүртгэсэн орлого, зардал, олз, гарз, холбогдох дансдын дүн;
(в)нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт, алдааны залруулгын хуримтлагдсан нөлөөлөл;
(г)эзэмшигчидтэй хийсэн өмчийн ажил гүйлгээ, тэдгээрийг эзэмшигчдэд хуваарилсан байдал;
(д)тайлант хугацааны эхэнд болон санхүүгийн тайлагналын өдрөөрх хуримтлагдсан ашиг, алдагдлын үлдэгдэл, мөн хугацаанд гарсан өөрчлөлт;
(е)тайлант хугацааны эх болон эцэс дэх эзэмшигчийн өмчийн ангилал тус бүрийн дансны үнэ, нэмж төлөгдсөн капитал, сангуудын тохируулга, өөрчлөлт.
5.3.Өмчийн өөрчлөлтийн тайланг СТ-3 загвараар бэлтгэнэ.
5.4.Өөрийн хөрөнгийн тайлант үеийн эхний үлдэгдлийг өмчийн ангилал бүрийн хувьд өмнөх үеийн эцсийн үлдэгдлээр тусгана.
5.5.Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, үндсэн алдааны залруулгыг хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдлийг залруулах замаар тохируулж, залруулагдсан эхний үлдэгдлийг тодорхойлно.
5.6.Дараах зүйлсийн хөдөлгөөнийг тусад нь харуулна:
(а)Хувь нийлүүлсэн хөрөнгө - Хувьцаагаар ногдол ашиг хуваарилах замаар нэмэгдсэн өөрчлөлтийг (өөрөөр хэлбэл хувьцаагаар ногдол ашиг хуваарилах) хувьцаат капиталын өсөлтөөр илэрхийлнэ. Хувьцаа халаасалсан болон бусад хэлбэрийн бууралтыг хувьцаат капиталын бууралт байдлаар илэрхийлнэ.
(б)Нэмж төлөгдсөн капитал - Хувьцааг нэрлэсэн үнээс илүү үнээр гаргасан үед үүсэх зөрүү нь нэмж төлөгдсөн капиталын өсөлт болох ба эсрэгээр нэмж төлөгдсөн капитал буурна.
(в)Дахин үнэлгээний нэмэгдэл - Үндсэн хөрөнгө болон борлуулахад бэлэн хөрөнгө оруулалтын дахин үнэлгээний өсөлт, бууралтыг өмчийн өөрчлөлтийн энэ хэсэгт тусгана.
(г)Хуримтлагдсан ашиг - Өмнөх үеийн хуримтлагдсан ашгийн үлдэгдэл дээр тайлангийн үеийн цэвэр ашгийг нэмж, алдагдлын шинжтэй тохируулах бичилт болон ногдол ашгийг хасч тооцон, тайлангийн үеийн хуримтлагдсан ашиг (алдагдал)-ын эцсийн үлдэгдлийг тодорхойлно. Мөн түүнчлэн тайлант үед илэрсэн, өмнөх тайлант жилүүдэд харгалзах алдааны залруулгыг хуримтлагдсан ашиг данс руу хааж харуулна.
(д)Бусад өөрийн хөрөнгө – хандивын капитал, хуримтлагдсан ашгаас байгуулсан тусгай зориулалтын нөөц, сангуудын хөдөлгөөнийг харуулна.
5.7.Нийт өмчийн эхний үлдэгдэл дээр нийт нэмэгдсэн өөрчлөлтийн дүнг нэмж, нийт хасагдсан өөрчлөлтийн дүнгээр бууруулж, өмчийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
ЗУРГАА. МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН
6.1.Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг мөнгөн гүйлгээний тайланд үзүүлнэ. Мөнгөн гүйлгээний тайлан нь санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийг мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг бий болгох тухайн байгууллагын чадвар, эдгээр мөнгөн гүйлгээг ашиглах хэрэгцээг үнэлэх үндэс болдог.
6.2.Мөнгөн гүйлгээний тайланг СТ-4 загвараар бэлтгэнэ. Зэрэгцүүлэх зорилгоор оруулж байгаа өмнөх хугацааны дүнг тайлант хугацааныхтай яг ижил хугацаагаар тасалбар болгон харуулна.
6.3.Мөнгөн гүйлгээний тайланг шууд бус аргаар бэлтгэнэ.
6.4.Мөнгөн гүйлгээний тайлан нь дор дурдсан хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
(а)Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
(б)Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
(в)Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
(г)Мөнгөн хөрөнгийн цэвэр өсөлт (бууралт)
Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
6.5.Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь тухайн банкны өр төлбөр төлөх, үйл ажиллагааны чадавхийг тогтоон барих, ногдол ашиг төлөх ба гадны санхүүжилтийн эх үүсвэрийн тусламжгүйгээр шинэ хөрөнгө оруулалт хийхэд хангалттай хүрэлцэх мөнгө бий эсэхийг илэрхийлдэг гол үзүүлэлт юм.
6.6.Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тайлант үеийн цэвэр ашиг, алдагдлыг доор заасан байдлаар тохируулах замаар тодорхойлно.
-Зээл ба бусад хөрөнгийн эрсдэлийн сангийн зардал, зээлд хамаарах үүрэг ба болзошгүй өр төлбөрт байгуулсан нөөцөд зориулсан зардлыг нэмнэ.
-Элэгдэл, хорогдлын зардлыг нэмнэ.
-Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгөөс бусад хөрөнгийн ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлогыг хасч, зардлыг нэмнэ.
- Орлогын тайланд хүлээн зөвшөөрч, хуримтлуулан тооцсон хүүгийн орлогыг хасч, хүүгийн зардлыг нэмнэ.
-Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, борлуулах зориулалттай хөрөнгө худалдасны олзыг хасч, гарзыг нэмнэ.
-Татварын өмнөх ашгийг тохируулах бусад тохируулгыг нэмэх буюу хасна (тухайлбал, орлогын тайланд шилжүүлсэн, үндсэн хөрөнгө ба хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний орлого, зардал, ханшийн тэгшитгэлийн хэрэгжээгүй орлого, зардал, арилжааны үнэт цаасны үнэлгээний орлого, зардал, санхүүгийн деривативын бодит үнэ цэнийн өөрчлөлт, хувьцаанд суурилсан төлбөрт хамаарах зардал гэх мэт).
-Зээлийн багц, банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө, арилжааны үнэт цаас, бусад санхүүгийн хөрөнгө ба бусад санхүүгийн бус хөрөнгө зэрэг активын цэвэр өсөлтийг хасч, бууралтыг нэмнэ.
-Харилцах, хадгаламж, бусад банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр болон бусад санхүүгийн болон санхүүгийн бус өр төлбөрийн цэвэр өсөлтийг нэмж, бууралтыг хасна.
-Төлсөн орлогын албан татвар, төлсөн хүүг хасч, авсан хүүг нэмнэ. Орлого, зардалд хамаарах бусад төлбөрийг нэмэх буюу хасна.
Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
6.7.Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь ирээдүйд олох орлого ба мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт хөрөнгө, нөөц бий болгоход зарцуулсан мөнгийг илэрхийлдэг.
6.8.Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь урт хугацаанд ашиглагдах хөрөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгөнд ороогүй бусад хөрөнгө оруулалтыг олж эзэмших болон худалдах үйл ажиллагааг хамарна.
6.9.Мөнгөн гүйлгээний тайлангийн хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн орлого хэсэгт хөрөнгө оруулалт (борлуулахад бэлэн үнэт цаас, хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаас, зээл ба авлагаар ангилсан үнэт цаас, охин компани, хараат компани, хамтын хяналттай аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалт гэх мэт) ба үндсэн хөрөнгийг (хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг оруулсан) худалдаад орсон мөнгөн орлогын дүнг харуулна. Мөн хүлээн авсан хүүгийн орлого, ногдол ашгийг нэмнэ.
6.10.Хөрөнгө оруулалтын ажиллагааны зарлага хэсэгт үнэт цаас болон өмчийн хэрэгсэл худалдан авах хэлбэрээр хөрөнгө оруулалт оруулах (борлуулахад бэлэн хөрөнгө оруулалт, хугацааны эцэс хүртэл эзэмших хөрөнгө оруулалт, зээл ба авлагаар ангилсан хөрөнгө оруулалт, охин компани, хараат компани, хамтын хяналттай аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалт гэх мэт) болон үндсэн хөрөнгө худалдан авах, олж бэлтгэхэд ба их засварт зарцуулсан мөнгөн зарлага зэргийг тусгана.
Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
6.11.Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь санхүүжилтийн бусад эх үүсвэр, орж ирэх хөрөнгө оруулалттай холбоотойгоор өр төлбөр ба өөрийн хөрөнгө өөрчлөгдөх үйл ажиллагааг хамарна.
6.12.Мөнгөн гүйлгээний тайлангийн санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн орлого хэсэгт бусад эх үүсвэр, хоёрдогч өглөгийг оруулсан урт хугацаагаар авсан зээл ба эх үүсвэр, үнэт цаас худалдсаны орлого, хувьцаа гаргасанаас олсон орлого,бусдаас авсан санхүүжилт болон бусад орлогуудыг харуулна.
6.13.Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн зарлага хэсэгт урт ба богино хугацаагаар авсан зээл болон урт хугацаат өглөгийн төлөлт, мөнгөөр төлсөн ногдол ашиг зэрэг мөнгөн зарлага зэргийг харуулна.
Мөнгөн хөрөнгийн цэвэр өсөлт (бууралт)
6.14.Мөнгөн хөрөнгийн цэвэр өсөлт, бууралтыг үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний нийлбэрээр тодорхойлно. Мөн үүнд мөнгөн хөрөнгөтэй холбогдуулан үүссэн ханшийн зөрүүний нөлөөллийг багтаах ба уг нөлөөллийг тооцоолохдоо мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг валютын албан ханшаар дахин илэрхийлж, өмнөх ханшаар илэрхийлж байсан дүнгээс хасна.
6.15.Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдлээс эхний үлдэгдлийг хасч тодорхойлсон мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлт нь мөнгөн гүйлгээний тайланд тодорхойлогдсон "Бүх цэвэр мөнгөн гүйлгээ"-ний дүнтэй тэнцүү байна.
6.16. Мөнгөн гүйлгээг нэмэгдүүлэх ба хорогдуулахад нөлөөлдөггүй ажил гүйлгээнд хувьцаа гаргаж орлогод авсан үндсэн хөрөнгө, үндсэн хөрөнгө ба санхүүгийн хэрэгслийн дахин үнэлгээ, хувьцаагаар олгох ногдол ашиг гэх мэт орно.
Долоо. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ТОДРУУЛГА
7.1.Банкны санхүүгийн тайлангийн тодруулгад доорх зүйлсийг хамруулна:
a.Санхүүгийн тайланг бэлтгэх тулгуур үзэл баримтлал, ажил гүйлгээ ба үйл явдлыг бүртгэхээр сонгож авсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын талаарх тайлбарыг агуулсан байх;
б.Санхүүгийн байдлын тайлан, Орлогын дэлгэрэнгүй тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан гэх зэрэг санхүүгийн тайлангуудад тусгагдаагүй боловч СТОУС-аар шаарддаг мэдээллийг тодруулсан байх;
в.Санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлантай холбоотойгоор хийсэн нарийвчилсан шинжилгээ, нэмэлт тайлбар, болзошгүй үүрэг гэх мэт нэмэлт мэдээллийг санхүүгийн тайлангийн тодруулгад тусгана.
7.2.Санхүүгийн тайлангийн тодруулгад санхүүгийн тайлангийн зүйл тус бүрийн мэдээллийг тайлангийн дэс дарааллын дагуу толилуулна. Толилуулж, тодруулж буй дүнг зэрэгцүүлэх сууриар бэлтгэнэ (өөрөөр хэлбэл, тайлант хугацааны дүнг өмнөх хугацааны дүнтэй зэрэгцүүлнэ).
Тайлан бэлтгэх үндэслэл
7.3.Банкны үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, банкны нэр, санхүүгийн тайлангийн дуусгавар болсон огноо, санхүүгийн тайлангийн хамарсан хугацаа, банкны бүтэц, зохион байгуулалтанд гарсан гол өөрчлөлт, санхүүгийн тайлан СТОУС-д нийцсэн тухай тайлбар, нягтлан бодох бүртгэлийн ашиглаж буй суурь, ерөнхий бодлогын товч тайлбар зэргийг товч тодорхойлж, харуулна.
7.4.Шинээр гарсан бөгөөд тухайн тайлант жилийн эхнээс мөрдөж эхлэх СТОУС, дараагийн тайлант үеэс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх СТОУС, тайлбарыг тус тус анхааран үзэж, мөрдлөг болгох ба шинэ стандарт, тайлбарыг мөрдсөн жилийн ба түүнээс хойшх жилүүдийн санхүүгийн тайланд үзүүлэх үр нөлөөллийг үнэлнэ. Энэ мэдээллийг СТОУС-д нийцүүлсэн тухай мэдэгдэл эсвэл санхүүгийн тайлангийн тодруулгын холбогдох хэсэгт дурдана.
7.5.Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодруулахдаа санхүүгийн тайланд тусгасан үзүүлэлтүүдийг бүртгэх аргуудыг тайлбарлан үзүүлнэ. Зарим зүйлсийг хүснэгтээр илэрхийлж болно. Үүнээс гадна нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодруулахдаа дараах зүйлсийн тухай дурдаж болно:
- Санхүүгийн тайланг бэлтгэж, тайлагнах арга ажиллагаа;
- Банкинд мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэл хөтлөх маягт, аргачлал;
- Бүртгэлийн ба тайлагналын валют;
- Санхүүгийн тайлангийн зүйл тус бүрээр хүлээн зөвшөөрөх зарчим, үнэлж бүртгэх арга (нягтлан бодох бүртгэлийн тусгай бодлого);
- Бүх төрлийн нөөц, сан байгуулах арга;
- Бодит үнэ цэнийн үнэлгээ, тооцоолол;
- Болзошгүй зүйлс;
- Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт, алдааны залруулга;
- Нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэх зарчим.
7.6.Тайлант хугацааны төгсгөлд гадаад валютаар илэрхийлэгдсэн зүйлсийг төгрөгт (бүртгэлийн валют) хөрвүүлэхэд ашигласан, Монголбанкнаас зарласан гадаад валютын албан ханшийг тодруулж болно. Энэ мэдээллийг нягтлан бодох бүртгэлийн тодруулгын аль тохиромжтой гэж үзсэн хэсэгт дурдана.
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт
7.7.Энэ хэсэгт нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт, алдаа, тооцооллыг өөрчлөлтийн талаар НББОУС 8-д заасны дагуу тодруулна.
7.8.Хэрэв банк нягтлан бодох бүртгэлийн бодлогоо өөрчилсөн бол өөрчлөх болсон шалтгаан, өөрчлөлтийн шинж чанар, шилжилтийн нөхцлийг тодорхойлж, нягтлан бодох бүртгэлийн шинэ бодлого илүү найдвартай, хамааралтай мэдээллээр хангана гэж үзсэн шалтгаан, түүний санхүүгийн тайланд үзүүлсэн нөлөөлөл зэргийг тодруулна.
7.9.Банк НББОУС 8-д заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлтийг гүйцээн мөрдөх горимоор хүлээн зөвшөөрч байгаа бол түүний шинж чанар, санхүүгийн тайланд үзүүлсэн нөлөө, ирээдүйд үзүүлж болзошгүй нөлөөлөл зэргийг тодорхойлох боломжтой үед тодруулна.
7.10.Банк өмнөх тайлант хугацаанд хамаарах алдааг илрүүлж, залруулсан бол энэ талаар тодруулна.
Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө
7.11.НББОУС 7-д заасан мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн шалгуур хангасан хөрөнгө, түүний тайлант үеийн эхний, эцсийн үлдэгдэлд гарсан өөрчлөлт, бусад шаардлагатай нэмэлт тайлбарыг тодруулна. Банкны үйл ажиллагааны цар хүрээг өсгөх, тогтвортой байдлыг хангах зорилгоор гарсан мөнгөн гүйлгээг тусгайлан тодруулж болно.
Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө
7.12.НББОУС 7-ын дагуу мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн шалгуур хангаагүй банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө (3 сараас дээш хугацаатай эсвэл хязгаарлагдсан мөнгө) -ийн тайлант үеийн эхний, эцсийн үлдэгдэлд гарсан өөрчлөлт, үнэ цэн буурсан тохиолдолд уг хөрөнгөтэй холбоотойгоор байгуулсан эрсдэлийн сан, эдгээрийг хүлээн зөвшөөрч, хэмжиж, үнэлэх тусгай бодлогыг товч тайлбарлана.
7.13.Банкны эзэмшилд байгаа боловч банк өөрөө ашиглах боломжгүй, барьцаанд байгаа мөнгөн хөрөнгийг (барьцаанд тавьсан, эсвэл гуравдагч этгээдийн хязгаарласан данс, Монголбанкинд байршуулсан заавал байлгах нөөц гэх мэт) тусгайлан тодруулна.
Хөрөнгө оруулалт
7.14.Хөрөнгө оруулалтын үлдэгдэл, тайлант үед гарсан өөрчлөлт, эрсдэлийн санг хөрөнгө оруулалтын ангилал бүрээр тодруулахын зэрэгцээ дараах зүйлсийг нэмж тайлбарлана:
- Тайлант хугацаанд худалдан авсан үнэт цаасны бодит үнэ цэнийн тооцоог хэрхэн хийсэн болон ашигласан үнэлгээний арга;
- Үнэт цаасны ангилал тус бүрээр байгуулсан эрсдэлийн сан;
- Хугацааны эцэс хүртэл эзэмших үнэт цаасны хувьд эргэн төлөгдөх хугацаа;
- Хараат компани, хамтын хяналттай аж ахуйн нэгж, охин компанийн саналын эрхтэй хувьцаанаас банкны эзэмшилд буй хувь, түүнд гарсан өөрчлөлт;
- Нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэдэг бол хяналтын эрхгүй хувь оролцоо, түүнд гарсан өөрчлөлт;
- Хараат компани, хамтын хяналттай аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтыг бүртгэсэн арга, уг аргатай холбогдуулан хийсэн үнэлгээ, тооцооллын нэмэлт тайлбар;
- Барьцаанд байгаа үнэт цаас;
- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нэр төрөл;
- Хөрөнгө оруулалтыг данснаас хассанаас үүссэн орлого, зардал;
- Үнэт цаасны арилжаатай холбоотой хүлээж болзошгүй эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, шинжилгээ судалгаа.
7.15.Хөрөнгө оруулалтыг нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлж, өөрчилсөн тохиолдолд (ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх, борлуулахад бэлэн, хугацааны эцэс хүртэл эзэмших) дараах зүйлсийг заавал тодруулна:
- Ангилал өөрчлөгдсөний улмаас ангилал бүрт нэмэгдсэн болон тухайн ангиллаас хасагдсан дүн;
- Хөрөнгийг данснаас хасах хүртэл өмнөх ба тайлант жилд ангиллыг өөрчилсөн бүх санхүүгийн хөрөнгийн бодит үнэ цэн ба дансны дүнг тайлант жил бүрээр;
- Санхүүгийн хөрөнгийг хугацааны эцэс хүртэл эзэмших ангиллаас борлуулахад бэлэн эсвэл ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр хэмжих ангилалд шилжүүлж өөрчлөх нь ховор бөгөөд ийм явдал тохиолдсон бол ховор тохиолддог болохыг нь нотлох баримт мэдээ, нөхцөл байдал;
- Санхүүгийн хөрөнгийн ангиллыг өөрчлөх үед ашиг, алдагдал эсвэл бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн санхүүгийн хөрөнгийн тайлант болон өмнөх үеийн бодит үнэ цэнийн орлого, зардал;
- Санхүүгийн хөрөнгийн ангиллыг өөрчлөх, данснаас хасах хүртэлх тайлант хугацаа бүрт тухайн санхүүгийн хөрөнгийн ангиллыг өөрчлөөгүй байсан бол орлого, зардал, эсвэл бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрөх байсан бодит үнэ цэнийн орлого, зардал болон ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн орлого, зардал, олз, гарз.
Зээл
7.16.Зээлийн өрийн үлдэгдлийг хугацаа, чанар, бүтээгдэхүүний төрлөөр харуулахын зэрэгцээ дараах зүйлсийг нэмж тодруулна:
- Зээлийн барьцаа, батлан даалт;
- Зээлийн эрсдэлийн сангийн тайлант хугацааны өөрчлөлт, үлдэгдэл;
- Тайлант хугацаанд сан байгуулсан эрсдэлийн зардлын дүн;
- Эрсдэлийн сангаас хаасан зээлийн дүн;
- Өмнөх тайлант хугацаанд сангаар хаасан зээлээс тайлант хугацаанд барагдуулсан дүн;
- Зээлийн хүү, түүний эргэн төлөгдөх дүнгийн үнэлгээ;
- Санхүүгийн түрээсийн авлагын хувьд дараах мэдээллийг нэмж тодруулна: санхүүгийн түрээсийн авлага, хэрэгжээгүй санхүүгийн орлого, холбогдох эрсдэлийн сан, түрээсийн авлагын өнөөгийн үнэ цэн зэргийг зохицуулсан тохируулга; мөн эдгээр зүйлсийг дуусгавар хугацаагаар дараах байдлаар ангилж, харуулна: 1 жил дотор төлөгдөх, 1-5 жилийн хооронд төлөгдөх, 5 дээш жилд төлөгдөх.
Дериватив санхүүгийн хэрэгсэл
7.17.Дериватив санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийг адил төстэй шинж чанар, төрлөөр нь ангилж харуулахын зэрэгцээ дараах зүйлсийг нэмж тодруулна:
- Форвард, своп, фьючерс, опшин хэлцэлтэй холбоотойгоор хүлээн зөвшөөрч бүртгэсэн деривативын бодит үнэ цэнийн тооцоолол, түүнд ашигласан үнэлгээний арга;
- Тайлант хугацаанд нэмэгдсэн ба данснаас хассан деривативын дүн;
- Тайлант хугацаанд хэрэгжсэн форвард, своп, фьючерс, опшин хэлцэл, үүнтэй холбогдуулан үүссэн арилжааны олз ба гарз (деривативын бодит үнэ цэнийн өөрчлөлт);
- Форвард, своп, фьючерс, опшин арилжааны авлага, өглөгийн тэнцлийн гадуур бүртгэсэн нэрлэсэн дүн, холбогдох нэмэлт тайлбар;
- Гадаад валют, үнэт металлыг худалдах эсвэл худалдан авахаар байгуулсан форвард, своп, фьючерс, опшин хэлцэлтэй холбоотой хүлээж болзошгүй эрсдэл, түүнд хийсэн үнэлгээ, шинжилгээ;
- Хейджийн хэрэгсэл, хейджийн хэрэглүүрийн төрөл тус бүртэй холбоотой эрсдэл болон хейджээр хамгаалагдсан эрсдэлийн талаар тодруулна. Мөнгөн гүйлгээний эсвэл бодит үнэ цэнийн хейджийн хувьд НББОУС 39-д шаардсан бусад тодруулгыг нэмж тодруулна.
Бусад санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
7.18.Бусад авлага, урьдчилгаа тооцоотой холбогдуулан дараах тодруулгыг нэмж бэлтгэнэ:
- Бусад авлагыг барагдуулах хугацаагаар ангилан харуулах;
- Бусад авлагын эрсдэлийн сангийн тайлант хугацааны өөрчлөлт, эрсдэлийн сангаас хаасан авлагын дүн;
- Бусад авлага, урьдчилгааг данснаас хасахад үүссэн олз, гарз.
7.19.Бараа материал, үнэ бүхий зүйлстэй холбогдуулан хөрөнгийн үнэ цэнийн бууралт, бараа, материал, үнэ бүхий зүйлсийг данснаас хасахад үүссэн олз, гарзыг нэмж тодруулж болно.
Өмчлөх бусад хөрөнгө
7.20.Өмчлөх бусад хөрөнгийг чанар, нэр төрлөөр нь ангилж харуулах ба дараах зүйлсийг тодруулна:
- Тайлант хугацаанд зээлийн өрөнд авсан санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийн дүн, холбогдох мэдээлэл;
- Данснаас хассан өмчлөх бусад хөрөнгийн дүн;
- Тайлант хугацаанд худалдан борлуулсан хөрөнгийн дүн, үүссэн олз ба гарз;
- Өмчлөх бусад хөрөнгийн эрсдэлийн сангийн өөрчлөлт, үлдэгдэл;
- Тайлант хугацааны эрсдэлийн сангийн зардлын дүн.
Үндсэн хөрөнгө
7.21.Үндсэн хөрөнгийн ангилал тус бүрээр дансны үлдэгдэл, хуримтлагдсан элэгдэл, элэгдлийн зардал, тэдгээрийн тайлант хугацаанд гарсан өөрчлөлтийг хүснэгтийн дагуу харуулах ба дараах мэдээллийг нэмж тодруулна:
- Ашигласан элэгдлийн арга, элэгдүүлэх хувь хэмжээ;
- Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралттай холбоотой хөдөлгөөн гарсан бол хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын зардал эсвэл буцаалт, холбогдох тооцоолол, үнэлгээ;
- Үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн бол үнэлгээ хийгдсэн өдөр, дахин үнэлгээний нэмэгдэл дансанд гарсан өсөлт, бууралт, ашигласан үнэлгээний аргачлал, эсвэл хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлсэн үнэлгээ;
- Санхүүгийн түрээсээр авсан хөрөнгө, холбогдох санхүүгийн түрээсийн өглөг;
- Барьцаанд байгаа үндсэн хөрөнгө;
- Бүтээн босгох ажлын үе шатанд байгаа үндсэн хөрөнгийн өртөгт хүлээн зөвшөөрсөн зардлын дүн, бүтэц;
- Үндсэн хөрөнгийн санхүүжилтэнд бүртгэсэн, хараахан хүлээн аваагүй үндсэн хөрөнгийн худалдан авалтын урьдчилгаа;
- Үндсэн хөрөнгийг данснаас хасахад үүссэн олз ба гарз.
Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө
7.22.НББОУС 40-д заасны дагуу хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд ашигласан хэмжилтийн суурь, бодит үнэ цэнийн загвар ашигладаг бол бодит үнэ цэнийг тодорхойлоход ашигласан арга, бодит үнэ цэнийн тохируулгаас үүссэн олз, гарз, хэрэв түрээсэлдэг бол түрээсийн орлого, түрээсэлсэн хөрөнгөтэй холбоотой гарсан зардал, хэрэв өртгийн загвар ашигладаг бол хөрөнгийн ашиглалтын хугацаа, элэгдэл тооцох арга болон бусад тодруулгыг хийнэ
Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (эсвэл бүлэг хөрөнгө) болон өр төлбөр
7.23.СТОУС 5-д заасны дагуу тодруулна. Борлуулах зориулалттай хөрөнгөөр ангилсан эргэлтийн бус хөрөнгө, өр төлбөрийн тодруулгад тайлант хугацаанд хамааралтай дараах мэдээлэл багтана:
- Тухайн эргэлтийн бус хөрөнгийн тайлбар;
- Хөрөнгийг худалдах эсвэл данснаас хасахтай холбоотой нөхцөл байдал, баримт мэдээ болон холбогдох арга зам, цаг хугацаа;
- Хөрөнгийн өртгийг бодит үнэ цэнээс борлуулах зардлыг хассан дүн болтол бууруулахад бүртгэсэн зардал эсвэл хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулах зардлыг хассан дүн өсөхөд хүлээн зөвшөөрч, бүртгэсэн орлого, болон бусад дэлгэрэнгүй орлогын тайланд тусад нь харуулаагүй орлого, зардлын дүн;
- Эргэлтийн бус хөрөнгийг СТОУС 8 “Үйл ажиллагааны сегмент”-ийн дагуу толилуулсан тохиолдолд тайлагнасан сегментийн талаар тодруулна.
- Эргэлтийн бус хөрөнгийг худалдах төлөвлөгөөг өөрчилсөн бол холбогдох тайлант хугацаанд багтаан уг шийдвэрийг гаргах болсон учир шалтгаан, нөхцөл байдал, энэ шийдвэрийн тайлант хугацааны болон өмнөх хугацаанд толилуулсан үйл ажиллагаанд үзүүлэх үр нөлөө.
Биет бус хөрөнгө
7.24.Биет бус хөрөнгийн ангилал тус бүрээр дансны үлдэгдэл, хуримтлагдсан хорогдол, хорогдлын зардал, тэдгээрийн тайлант хугацаанд гарсан өөрчлөлтийг хүснэгтийн дагуу харуулахын зэрэгцээ дараах мэдээллийг нэмж тодруулна:
- Ашиглалтын хугацаа нь тодорхой биет бус хөрөнгийн хувьд хорогдол тооцоход ашигласан арга, хорогдуулах хугацаа, норм, тайлант жилийн хорогдлын зардлын дүн;
- Дахин үнэлгээний өөрчлөлтөөс гарсан өртгийн өсөлт, бууралт ба өмч, орлогын тайланд хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн өсөлт, бууралт;
- Биет бус хөрөнгийн үнэ цэнийг бууруулахтай холбоотойгоор хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын зардал эсвэл буцаалт, холбогдох тооцоолол, үнэлгээ;
- Бүтээн босгох ажлын үе шатанд байгаа биет бус хөрөнгийн өртөгт хүлээн зөвшөөрсөн зардлын дүн, бүтэц;
- Биет бус хөрөнгийн санхүүжилтэнд бүртгэсэн, хараахан хүлээн аваагүй биет бус хөрөнгийн худалдан авалт;
- Биет бус хөрөнгийг данснаас хасахад үүссэн олз ба гарз.
Харилцагчдын харилцах, хадгаламж
7.25.Харилцах, хадгаламжийн үлдэгдэл, тайлант хугацаанд гарсан өөрчлөлтийг хүснэгтийн дагуу харуулах ба бусад нэмэлт тайлбар, тэмдэглэлийг тодруулна. Тухайлбал, харилцах, хадгаламжийн үлдэгдлийг валютаар болон хугацаагаар ангилан тодруулж болно.
Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр
7.26.Бусад банк, санхүүгийн байгууллагаас татсан бусад эх үүсвэрийг нэр төрлөөр дараах байдлаар ангилж тайлант үеийн эхний ба эцсийн үлдэгдлийг харуулах ба бусад нэмэлт тайлбар, тэмдэглэлийг тодруулна. Үүнээс гадна банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэрийг валютын төрөл, зээлдүүлэгч банк, дотоодын ба гадаадын банк, санхүүгийн байгууллага гэж ангилах буюу материаллаг дүн бүхий эх үүсвэр, санхүүжилтийн талаар тусад нь тайлбарлаж тодруулж болно.
Бусад эх үүсвэр
7.27.Бусад эх үүсвэрийн ангилал бүрээр тайлант үеийн эхний ба эцсийн үлдэгдэл, өөрчлөлтийг тодруулна. Шаардлагатай тохиолдолд материаллаг дүнтэй бусад эх үүсвэрийг тусад нь тодруулж болно. Мөн бусад эх үүсвэрийн төрлүүдийг валютын төрөл, зээлдүүлэгч банкаар тодруулж, санхүүгийн түрээстэй холбогдуулан гэрээний ерөнхий мэдээлэл, хугацаа, түрээсийн төлбөр, болзошгүй өр төлбөр, буцаан түрээсэлсэн эсэхийг тодруулна. Репо хэлцлээр худалдсан үнэт цаасны төрөл, мөнгөн дүн, холбогдох мэдээллийг тодруулна. Аливаа эх үүсвэрийн хэлцэлийн нөхцлийг хязгаарласан тохиолдолд түүнийг тодруулах, үүнийг зөрчсөн эсэх талаар тодруулна.
Бусад санхүүгийн ба санхүүгийн бус өр төлбөр
7.28.Банк өнгөрсөн үйл явдлын үр дүнд бусад этгээдэд мөнгө төлөх магадлалтай бөгөөд төлөх дүнг найдвартай хэмжих боломжтой тохиолдолд НББОУС 37-ийн дагуу удирдлагын хамгийн сайн үнэлгээний дүнгээр нөөц байгуулна. Хэрэв мөнгөн дүнг найдвартай хэмжих боломжгүй тохиолдолд хамгийн өндөр позицийг оруулсан гарч болзошгүй дүнгүүдийн интервалыг болзошгүй өр төлбөрийн хамт тодруулна.
7.29.Бусад өр төлбөрт багтсан бусдад өгөх өглөг, салбар хоорондын өглөг, клирингийн тооцооны өглөг, клирингийн саатал, тооцооны бусад өглөг, тухайлбал: татвар, НДШ-ийн өглөг (дутуу төлөлт), ажилтан албан хаагчидтай үүссэн тооцоо гэх мэт өр төлбөрийг өмнөх тайлант үеийн үлдэгдэлтэй харьцуулан тодруулна.
7.30.Санхүүгийн түрээсийн өглөгтэй холбогдуулан дараах зүйлсийг тодруулна:
- Түрээсийн гэрээний ерөнхий мэдээлэл, онцлог заалтууд, хугацаа, түрээсийн төлбөр
- Түрээстэй холбоотой хөрөнгө, өр төлбөр, орлого, зардлын тооцоолол
- Түрээстэй холбоотой болзошгүй өр төлбөр
- Борлуулаад буцаан түрээсэлсэн хөрөнгө байгаа эсэх
- Санхүүгийн түрээсийн өглөг, хэрэгжээгүй санхүүгийн зардал, түрээсийн авлагын өнөөгийн үнэ цэн зэргийг хооронд нь зохицуулсан тохируулга болон эдгээр зүйлсийг дуусгавар хугацаагаар дараах байдалтай ангилж, харуулна. Үүнд: 1 жил дотор төлөгдөх, 1-5 жилийн хооронд төлөгдөх, 5 дээш жилд төлөгдөх.
7.31.Ажилтнуудад олгох нөхөн олговор, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хөгжлийн сантай холбоотойгоор дараах зүйлсийг тодруулна:
- Нөхөн олговор, тэтгэвэр, тэтгэмжийн төрлүүд, тэдгээртэй холбогдон гарсан зардал
- Урт хугацаат тэтгэвэр, тэтгэмжийн актуар тооцоолол, холбогдох орлого, зардал
- Удирдах албан тушаалтнуудад олгохоор тооцоолсон нийт тэтгэвэр, тэтгэмжийн дүн
- Ажилтнуудад хувьцаагаар олгосон шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж ба хувьцаанд суурилсан төлбөрийн нөхцөл
Хоёрдогч өглөг
7.32.Хоёрдогч өглөгийг бүрдүүлж буй хэрэгслүүдийг дурдаж, тэдгээрийн үлдэгдэлд гарсан өөрчлөлтийг тайлбарлан тодруулна.
Өөрийн хөрөнгө, түүний удирдлага
7.33.Хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлж буй хувьцааны тоо ширхэг, нэрлэсэн үнэ, хувьцаанд хамааралтай эрх, давуу эрх, эрхийн хязгаарлалт болон тайлант хугацаанд нэмж гаргасан хувьцааны тоо, үүссэн нэмж төлөгдсөн капитал, нэмж төлөгдсөн капиталд гарсан бусад өөрчлөлт, халаасны хувьцаанд гарсан өөрчлөлт, гаргасан хувьцааны опцион зэргийг тодруулна. Өөрийн хөрөнгөнд багтсан сангууд, тэдгээрийн зориулалтыг тодруулна.
7.34Хувьцаа эзэмшигчидтэй хийсэн өмчийн ажил гүйлгээ. Тухайлбал, нэмж гаргасан хувьцаа, хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан ногдол ашиг гэх мэт.
7.35.Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт, алдааны залруулгын улмаас хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдэлд гарсан залруулгын дүнг тодруулж, дэлгэрэнгүй тайлбар хийнэ. Мөн холбогдох стандартанд шаардсаны дагуу өөрийн хөрөнгөөр шууд хүлээн зөвшөөрсөн орлого, зардал, олз, гарзын дүнг зүйл тус бүрийн болон нийт дүнгийн хувьд тодруулна.
7.36.Банк өөрийн хөрөнгийнг удирдахад баримтлах зорилгоо тусгайлан тодруулна. Уг зорилго нь дараах байдалтай байж болно (I) Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн шалгуур үзүүлэлтийг хангах, (II) банкны тасралтгүй үйл ажиллагааг хангах, (III) бусад зорилго. Мөн банк Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжийн тодорхой заалтын талаар тодруулж (тухайлбал, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт), энэ шаардлагыг хэрхэн биелүүлж байгаагаа холбогдох тоо мэдээгээр харуулна.
Хүүгийн орлого ба зардал
7.37.Тайлант хугацааны хүүгийн орлого ба зардалтай холбогдуулан хүүгийн орлого, зардлын ангилал бүрээр дараах мэдээллийг нэмж тодруулна:
- Тайлант үеийн хүүгийн орлого ба зардлын дүнг ангилал бүрээр;
- Эрсдэлийн сан байгуулсан зээлд хамаарах хүүгийн орлогын дүн;
- Цэвэр хүүгийн орлогын дүн;
- Монголбанкны журмын дагуу тэнцлийн гадуурх дансанд бүртгэсэн хүүгийн дүнг ангилал бүрээр.
Эрсдэлийн сангийн зардал
7.38.Банкны санхүүгийн тайланг хэрэглэгчид тухайн банкны санхүүгийн байдал ба үйл ажиллагаанд зээл, авлагаас үүсэх зардал хэрхэн нөлөөлж байгааг судлах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь тэдэнд тухайн банк татан төвлөрүүлсэн эх үүсвэрээ хэрхэн үр ашигтай байршуулж байгаа талаар мэдээллийг өгнө.
7.39.Зээл ба авлага нь буцаан төлөгдөх боломжгүй бол холбогдох журмын дагуу эрсдэлийн сангаар хаана. Зарим тохиолдолд хуулийн дагуу бүх асуудлууд шийдэгдэн, зардлын дүн тодорхой болсны дараа л банк зээл ба авлагыг данснаас хасдаг.Энэ тохиолдолд эрсдэлийн сангаас хаах зээл, авлагын талаар баримтлах бодлогоо банк тодруулна.
Арилжааны орлого, зардал
7.40.Валют, үнэт цаас, үнэт металлын арилжааны орлого, зардлын дүнг өмнөх оны дүнтэй зэрэгцүүлэн харуулах ба томоохон ажил, гүйлгээ, арилжааны хэлцлийн тухай нэмэлт тайлбарыг тодруулж болно.
Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого, зардал
7.41.Валют, үнэт цаас, үнэт металлын ханшийн тэгшитгэлийн орлого, зардлын дүнг өмнөх оны дүнтэй зэрэгцүүлэн харуулах ба үнэ, ханшийн томоохон хэлбэлзэл, түүний үр дагаварын тухай тайлбарыг нэмж тодруулж болно.
Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого, зардал
7.42.Үйлчилгээний шимтгэл, хураамжийн орлоготой холбогдуулан орлогын төрөл тус бүрийн дүнг харуулж, холбогдох нэмэлт тодруулгыг бэлтгэнэ.
Бусад орлого, олз
7.43.Бусад орлого, олзын төрлүүдээр тайлант ба өмнөх оны дүнг зэрэгцүүлэн харуулж, шаардлага нэмэлт тайлбар, тэмдэглэлийг тодруулна.
Удирдлага ба үйл ажиллагааны бусад зардал
7.44.Тайлант хугацааны удирдлага ба үйл ажиллагааны бусад зардалтай холбогдуулан дараах нэмэлт тодруулгыг бэлтгэнэ:
- Үндсэн үйл ажиллагаа, удирдлагын зардлын дүн ангилал бүрээр;
- Ажилтнуудтай холбоотой зардлын хувьд нийгмийн ба тэтгэвэрийн шимтгэлийн дүн;
- Хувьцаанд суурилсан төлбөртэй холбогдох зардлын дүн болон СТОУС-д заасан шаардлагатай бусад мэдээлэл;
- Томоохон ажил, гүйлгээ ба хэлцлийн тухай тайлбар.
Орлогын татварын зардал
7.45.Тайлант орлогын татварын зардалтай холбогдуулан дараах нэмэлт тодруулгыг бэлтгэнэ:
- Татвар ноогдох орлогын дүн, тооцоолсон ба бодит татварын зардлын хооронд хийгдэх тохируулга;
- Ногдуулсан татварын зардлын дүн;
- Татварын тооцоогоорх авлага, өглөгийн тайлант үеийн өөрчлөлт, үлдэгдэл;
- Хойшлогдсон татварын хөрөнгө, хойшлогдсон татварын өглөгийн дүн, эдгээрт тайлант үед гарсан өөрчлөлт, түр зөрүүг үүсгэсэн тэнцлийн дансдын үлдэгдэл.
Холбоотой талуудтай хийсэн ажил гүйлгээ
7.46.Холбоотой талууд хоорондын ажил гүйлгээ нь холбоогүй талуудын ажил гүйлгээний нөхцлөөс ялгаатай байдаг. Тухайлбал банк нь холбоотой талдаа тухайн нөхцөл байдалд олгодгоосоо илүү их хэмжээгээр эсвэл хэт доогуур хүүгийн түвшингээр зээл олгох, тэрчлэн холбоотой талуудын хоорондох зээл ба хадгаламжийн шилжүүлэг нь холбоогүй талтай хийгдэхээс илүү түргэн явагддаг.
7.47.Холбоотой талуудын ажил гүйлгээ нь банкны бизнесийн ердийн үйл ажиллагааны хүрээнд явагдсан ч гэсэн эдгээр нь ихээхэн анхаарал татдаг асуудал тул ийм ажил гүйлгээг ердийн нөхцлөөр хийсэн эсэх талаарх мэдээллийг тодруулна. Банкуудын холбоотой талуудтайгаа хийх арилжаанд Монголбанкнаас хязгаарлалт тавина. Банк холбоотой талуудтай арилжаа хийсэн бол энэхүү ажил гүйлгээний агуулга, төрөл, элемент бүрийг санхүүгийн тайландаа ойлгомжтой тусгаж тодруулна.
7.48.НББОУС 24-д заасны дагуу толгой компанийн нэр, хэрэв хамгийн дээд хяналт тавигч тал нь ялгаатай бол тэрхүү хяналт тавигчийн нэр, удирдах албан тушаалтанд олгосон цалин, урт ба богино хугацаат тэтгэмж, ажил эрхлэлтийн дараах болон ажлаас халагдсаны тэтгэмж, хувьцаанд суурилсан төлбөр, холбоотой талтай хийсэн ажил гүйлгээний талаар тодруулах ба ингэхдээ дараах зүйлсийг харгалзана:
- Холбоотой талуудтай хийсэн ажил гүйлгээний үр дүнд бүртгэсэн дансдын санхүүгийн байдлын тайланд тусгагдсан үлдэгдлийг тавигдсан нөхцлийн (тухайлбал, хүүгийн түвшин) хамт тодруулна;
- Зээл, урьдчилгаа, харилцах, хадгаламж, хүлээн авсан зүйлс, өрийн вексел тус бүрээр (уг тодруулгад эдгээр зүйлсийн эхний ба эцсийн үлдэгдлийн нийт дүн болон тайлант үед урьдчилгаа, хадгаламж, төлөлт гэх мэт бусад өөрчлөлтийг тусгана);
- Тайлант хугацааны орлогын дэлгэрэнгүй тайланд багтсан холбоотой талын бүх ажил гүйлгээг тодруулна; орлого, хүүгийн зардал, төлсөн үйлчилгээний шимтгэл, үйл ажиллагааны бусад зардал, гадаад валютын ханшийн тэгшитгэлийн ба арилжааны орлого, зардал, үнэт цаас, деривативын арилжааны ба үнэлгээний орлого, зардал гэх мэт тус бүрийн төрөлд хамаарна;
- Зээлийн болон урьдчилгааны эрсдэлийн зардлын дүн ба уг зардлыг нөхөх зориулалттай тайлангийн өдрөөрх нөөц;
- Болзошгүй үүргээс үүссэн үл цуцлагдах зардал ба гарз; мөн тодруулга хийх шаардлагатай холбоотой талуудын ажил гүйлгээнээс үүссэн нөөц ба болзошгүй өр төлбөр (баталгаа, зээлийн шугам гэх мэт).
Болзошгүй хөрөнгө ба өр төлбөр
7.49.Банк НББОУС 37-ын дагуу тайлагналын өдрийн байдлаар хэрэгжих магадлалтай болзошгүй хөрөнгө ба болзошгүй өр төлбөрийн шинж чанар, боломжтой бол тэдгээрийн үр нөлөөллийг харуулсан тооцооллыг тодруулна.
Тайлагналын үеийн дараах үйл явдал
7.50.НББОУС 10-ын дагуу тайлагналын өдрийн дараах үл залруулагдах үйл явдлын материаллаг ангилал бүрээр эдгээрийн онцлог шинж, санхүүгийн үр нөлөөг тодруулна. Тухайлбал, санхүүгийн тайлагналын өдөр, санхүүгийн тайланг хэвлэн нийтлэх хугацааны хооронд гарсан дараах зүйлсийг тодруулна:
- Банкны үйл ажиллагаа, зохион байгуулалтанд гарсан томоохон өөрчлөлт;
- Нөлөө бүхий үйл явдал (НББОУС 10-д заасан залруулах ба үл залруулах үйл явдал) болон нягтлан бодох бүртгэлийн зааварт багтсан дараа үеийн үйл явдлаас үүссэн олз ба гарз;
Хөрөнгө оруулалтын мэдээ
7.51.Банк тайлант хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт буюу өөрийн хөрөнгийн зарцуулалтыг хүснэгтийн дагуу тодруулна.
7.52.Хөрөнгө оруулалт гэж банкны хуримтлалыг шинээр бий болгох, техник технологийг өргөтгөх, сайжруулахад зориулж, тайлант хугацаанд зарцуулсан хөрөнгө, хайгуул, зураг төсвийн ажлыг ойлгоно.
7.53.Банк тайлант хугацаанд бий болсон, худалдан авсан биет болон биет бус хөрөнгө, хайгуул, үнэлгээний хөрөнгийг эх үүсвэр бүрээр тодруулна.
7.54.Биет хөрөнгө гэдэгт банкны санхүүгийн байдлын тайланд тусгагдсан үндсэн хөрөнгөнд хамаарах хөрөнгө, эргэлтийн бус биологийн хөрөнгө, бусад биет хөрөнгийг хамруулна. Барилга, байгууламжийн дүнд багтсан орон сууцны барилга, авто замын дүнг тусад нь тодруулна.
7.55.Биет бус хөрөнгөнд санхүүгийн байдлын тайланд тусгасан биет бус хөрөнгийг хамруулна. Компьютерийн програм хангамжийг дотор нь програм хангамж, мэдээллийн сан гэж ангилна. Бусад биет бус хөрөнгөнд хамаарах барилгын зураг, төсвийн ажил, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын зардлыг тусад нь тодруулна.
7.56.Нийт дүнд биет хөрөнгө биет бус хөрөнгө, хайгуул үнэлгээний хөрөнгийн нийлбэрийг дүгнэнэ.
Эрсдэлийн удирдлага
7.57.Банкны санхүүгийн хэрэгслийн санхүүгийн байдал ба үр дүнд үзүүлсэн үр нөлөөг СТОУС 7-д заасны дагуу тодруулна. Үүнд зээлийн эрсдэл, төлбөрийн чадварын эрсдэл, зах зээлийн эрсдэл гэх зэрэг санхүүгийн хэрэгсэлд хамаарах эрсдэлд өртсөн хөрөнгийн талаарх тоон болон чанарын мэдээлэл багтана.
- Эдгээр эрсдэлийг удирдахтай холбогдуулан банкны удирдлагын баримталж буй зорилго, бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тайлбарлана.
- Банкны эрх бүхий албан тушаалтанд зориулан гаргадаг дотоод мэдээлэлд үндэслэн банкинд нүүрлэж буй эрсдэлийн талаар мэдээллийг гаргана.
7.58. Зээлийн эрсдэлтэй холбоотойгоор санхүүгийн хэрэгслийн төрөл тус бүрээр дараах зүйлсийг тодруулна:
- Үнэт цаас хэлбэрээр эзэмшиж буй барьцааг харгалзан тооцсон, эрсдэлд хамгийн их өртөх хөрөнгийн дүн ба барьцааны талаарх зохих тайлбар
- Хугацаа хэтрээгүй бөгөөд үнэ цэн буураагүй санхүүгийн хөрөнгийн зээлийн шинж чанарын талаарх мэдээлэл. Энэ мэдээллийг банкны гадаад ба дотоод зэрэглэлийг ашиглах замаар олж авна. Хэрэв зэрэглэл тогтоогоогүй бол банк зээлийн эрсдэлийг харгалзах дансдын үлдэгдлийг тодорхой бүлгүүдэд хувааж, үнэлгээг гүйцэтгэнэ.
- Хугацаа хэтэрсэн боловч үнэ цэн буураагүй санхүүгийн хөрөнгийн хувьд банк хугацаа хэтэрсэн боловч үнэ цэн буурсан санхүүгийн хөрөнгийн насжилтын шинжилгээг тодруулгад тусгана.
- Үнэ цэн буурсан санхүүгийн хөрөнгийн хувьд банкны зүгээс үнэ цэнийн бууралтыг тогтоохдоо ашигласан хүчин зүйлс, холбогдох шинжилгээг тодруулгад тусгана.
7.59.Төлбөрийн чадварын эрсдэлтэй холбоотойгоор дараах зүйлсийг тодруулна:
Банк нь дериватив бус санхүүгийн өр төлбөр болон дериватив санхүүгийн өр төлбөрийн хувьд дуусгавар хугацааны шинжилгээг заавал гүйцэтгэсэн байна. Мөн банк төлбөрийн чадварын эрсдэлийг хэрхэн удирдаж байгаа талаарх тайлбарыг дурдана. Дэлгэрэнгүй тодруулгыг бэлтгэхдээ нягтлан бодох бүртгэлийн зааврыг мөрдөнө.
7.60.Зах зээлийн эрсдэлтэй холбоотойгоор дараах зүйлсийг тодруулна:
Банк нь зах зээлийн эрсдэлийн төрөл тус бүрээр (хүүгийн эрсдэл, гадаад валютын ханшийн эрсдэл гэх мэт) хийсэн мэдрэмтгий байдлын шинжилгээг тодруулгад дурдана. Банк эрсдэлийн төрөл тус бүрээр тухайн эрсдэлд өртсөн хөрөнгийн дүнг жилийн эцсийн байдлаар, ашиг, алдагдал, өөрийн хөрөнгөнд эдгээр эрсдэл хэрхэн нөлөөлөх талаар тодруулна. Дээрх шинжилгээг хийхдээ хувьсагчийг 10%-иар өөрчлөх буюу бодитой өөрчлөлт гэж үзэж болох өөр хувь хэмжээгээр өөрчлөх замаар гүйцэтгэнэ. Ашигласан арга, төсөөлөл болон энэ нь өмнөх жилийнхээс ялгаатай бол шалтгааныг тайлбарлана.
Бодит үнэ цэнийн тодруулга
7.61.Бодит үнэ цэнийн тодруулга ба шатлал: Банк бүх төрлийн санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийн бодит үнэ цэнийг тодруулна. Үүнд санхүүгийн тайланд өртгөөр буюу хорогдуулсан өртгөөр илэрхийлсэн дансд ч багтана. Санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийг ижил төстэй ангид хувааж, бодит үнэ цэнийн шатлалаар нь тодруулгад тусгана. Бодит үнэ цэнийн дараах шатлал байдаг:
- Нэгдүгээр түвшин: Ижил төстэй хөрөнгийн идэвхитэй зах зээлийн залруулаагүй жишиг үнэ
- Хоёрдугаар түвшин: хөрөнгө, өр төлбөртэй холбоотойгоор шууд болон шууд бусаар олж авах боломжтой бөгөөд нэгдүгээр түвшинд багтсан жишиг үнээс бусад орц мэдээлэл
- Гуравдугаар түвшин: зах зээлээс бэлэн олдохгүй мэдээлэлд суурилаагүй орц мэдээлэл
- Нэгдүгээр түвшнээс хоёрдугаар түвшинд шилжүүлсэн мэдээлэл, үүний шалтгааныг тодруулна
- Гуравдугаар түвшний мэдээллийн хувьд тайлант жилийн эхэн ба эцсийн дүнгүүдийн хооронд тохируулга бэлтгэж, өөрчлөлт бүрийг тайлбарлана (хүлээн зөвшөөрсөн орлого/зардал, түвшин хооронд мэдээллийг шилжүүлсэн байдал, худалдан авалт, борлуулалт, төлөлт)
Тэнцлийн гадуурх дансд
7.62.Тайлант хугацаанд тэнцлийн гадуурх дансанд бүртгэсэн зүйлсийн үлдэгдэл, түүнд гарсан өөрчлөлтийг тодруулна. Зэрэгцүүлэх зорилгоор өмнөх хугацааны дүнг тайлант хугацааныхтай яг ижил хугацаагаар тасалбар болгон харуулна.
Монголбанк
Текст томруулах
A
A
A