A

A

A

Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн

263 угаар тушаалын 2 дугаар хавсралт

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ, АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуурын усанд усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа, тээш тээвэрлэх болон тээвэрлэлтийн харилцаанд оролцогч тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигч, ачаа хүлээн авагч, түүний төлөөлөл нарын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.

1.2. Энэхүү дүрэмд хэрэглэсэн нэр томъёог Усан замын тээврийн тухай хуульд[1] заасан утгаар ойлгоно.

1.3. Усан замын тээвэрлэлтийн нийт үргэлжлэх хугацаа жил бүрийн 06 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байна. Энэ хугацааны хязгаарт нийцүүлэн Талууд усан замын тээвэрлэлтийн үргэлжлэх хугацааг гэрээгээр тохиролцоно. 

1.4. Усан орчинд зорчигч, ачаа тээвэрлэлт эрхлэх тээвэрлэгч нь усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байх ба аюулгүй байдлаа хангах үүднээс усан замын тээврийн хэрэгслээ луужин, байршил тодорхойлогч GPS зэрэг тоног төхөөрөмжөөр тоноглосон байна. 

 

Хоёр. Зорчигч тээвэрлэлт

2.1. Тээвэрлэгч нь усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлыг хангаж, зорчигчдыг хүрэх ёстой зогсоолд нь ая тухтай, найдвартай хүргэнэ.

2.2. Тээвэрлэгч нь зорчигчдын тоо, тээш ачих, буулгах ажлын хэмжээнээс нь хамааруулан усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн хуваарь, зогсоолд тээш ачих, буулгах ажиллагаа явуулах журам, цагийн хуваарь гаргаж мөрдөнө.

2.3. Тээвэрлэгч усан замын тээврийн хэрэгслийнхээ хөвөлтийн хуваарь, зорчигч ба тээш тээвэрлэх үнэ өртгийн жагсаалт, тасалбар түгээх, тээш хүлээн авах, олгох цагийн хуваарь болон усан замын тээврийн хэрэгсэлд сул суудал байгаа эсэх тухай болон бусад холбогдох мэдээллээр зорчигчдыг хангана.

2.4. Зорчигчдод тасалбар худалдаалах цагийг усан замын тээврийн хэрэгслийн аялалын хуваарьт нийцүүлэн тогтоож, тэдний овог нэр, холбоо барих утас зэргийг бүртгэж, завсрын болон эцсийн зогсоол хүрэх тасалбарыг худалдаална. Тасалбарын ар талд зорчигчид зориулсан санамж байна.

2.5. Зорчигч нь зорчих тасалбар худалдан авснаар тээвэрлэгчтэй тээвэрлэлтийн гэрээг байгуулсанд тооцно. Тасалбарын загвар, хүчинтэй байх хугацаа, худалдах ба ашиглах заавар болон усан замаар зорчих үед зорчигчдын биеэ авч явах аюулгүйн заавар, журмыг тээвэрлэгч тогтооно.

2.6. Усан замын тээврийн хэрэгслийн зорчигчийн суудлын тооноос илүү тасалбар худалдахыг хориглоно.

2.7. Тасалбар худалдагч нь дараах тохиолдолд зорчих тасалбар худалдаалахгүй. 

Үүнд:

                 2.7.1. усан замын тээврийн хэрэгсэлд сул суудал байхгүй;

                 2.7.2. асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй насанд хүрээгүй иргэн, мансууруулах болон согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд;

                 2.7.3. иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх зэрэг албан ёсны аль нэг бичиг баримтгүй бол.

2.8. Зорчих тасалбарын хүчинтэй хугацааг дараах тохиолдолд сунгана.

          2.8.1. тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас аялал хойшилсон;

          2.8.2. аялалын эцсийн зогсоол болон завсрын зогсоолд усан замын тээврийн хэрэгсэл цагтаа хүрэлцэн ирээгүй буюу цагтаа хөдлөөгүй бол саатсан хугацаагаар.

2.9. Зорчигч нь усан замын тээврийн хэрэгсэлд суухдаа зорчих тасалбар, биеийн байцаалтыг хамт шалгуулна.

2.10. Зорчигчийн тээшийг тээвэрлэлтэд хүлээн авсныг баталгаажуулж зорчигчид тээшийн тасалбар олгоно.

2.11. Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн хэрэгсэл, түүний дээр байгаа эд хөрөнгө, зорчигчдод хор хохирол учруулж болзошгүй тэсрэх дэлбэрэх ба бусад аюултай бодис, эд зүйлс, бүтээгдэхүүн агуулсан тээшийг энэхүү дүрмийн 2.19-т заасан журмаар тээвэрлэнэ.  

2.12. Зорчигч нь 10 кг хүртэл жинтэй гар тээшийг үнэгүй тээвэрлүүлнэ. Зорчигч тогтоосон хэмжээнээс илүү жин, овор хэмжээтэй гар тээш тээвэрлэвэл тээвэрлэгчийн тогтоосон тарифын дагуу нэмэлт төлбөрийг төлнө. Аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн тээшинд хязгаарлалт хийж болно.

2.13. Тусгай суудал эзлэхгүй бол асран хамгаалагч нь 5 хүртэл насны нэг хүүхдийг тасалбаргүйгээр хамт авч явж болно. 5-12 насны зорчигчид хөнгөлөлттэй зорчих тасалбар олгоно.

2.14. Зорчигч нь усан замын тээврийн хэрэгсэл, түүний эд хөрөнгөд ариг гамтай хандаж, олон нийтийн хэв журмыг чанд сахиж, бүх нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журмыг биелүүлэх үүрэгтэй. 

2.15. Зорчигч олон нийтийн хэв журам болон усан замын тээврийн хэрэгсэл дээр мөрдөж буй дотоод журмыг зөрчсөн, бусад зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, тээврийн хөлс төлөхөөс татгалзсан бол тээвэрлэгч уг зорчигчийг дараагийн зогсоол дээр усан замын тээврийн хэрэгслээс албадан буулгана.

2.16. Зорчигч аялалаас хоцорсон бол тээвэрлэгчээс тогтоосон үйлчилгээний хөлсийг суутгуулж тасалбарын үнийн үлдэх хэсгийг буцаан авна. 

2.17. Зорчигч зорчих тасалбараа аялал эхлэхээс 2-оос доошгүй цагийн өмнө буцаавал тасалбарын үнийг эргүүлэн авах, энэ хугацаанаас хожуу боловч усан замын тээврийн хэрэгслийг хөдлөхөөс өмнө тасалбараа буцаавал тээвэрлэгчээс тогтоосон үйлчилгээний хөлсийг суутгуулж, зорчих тасалбарын үнийн үлдсэн хэсгийг буцаан авч болно.

2.18. Усан замын тээврийн хэрэгсэл цагийн хуваариа баримтлахгүй 3 цагаас дээш хугацаагаар хүлээлгэвэл зорчих тасалбарыг буцааж, зорчих тасалбарын үнийг буцааж авна.

2.19. Тээвэрлэгч үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор санал, гомдлын дэвтэр гаргаж, түүний мөрөөр арга хэмжээ авч ажиллана.

2.20. Тээвэрлэгч байгалийн гэнэтийн аюултай үзэгдлийн үед аялалыг цуцлах, хойшлуулах, аялалын эхлэх цаг, очих боомт, зогсоолыг өөрчилж болно.

2.21. Зорчигчоос үл хамаарах шалтгааны улмаас зорчигч аяллын хугацаанд аяллаа зогсоовол зорчоогүй зайн үйлчилгээний хөлсийг тарифын дагуу буцааж олгоно.

Гурав. Ачаа тээвэрлэлт

3.1. Усан замын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хууль[2] -ийн 380-398 дугаар зүйлд заасныг үндэслэн зохицуулна.

3.2. Ачааг зориулалтын усан замын тээврийн хэрэгслээр тогтоосон хугацаанд нь тоо чанарыг нь алдагдуулахгүй, хүрэх зогсоолд нь бүрэн бүтэн хүргэж тээвэрлүүлэгч, ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгнө.

3.3. Ачааг тээвэрлэлтэд хүлээн авахдаа түүний жинг тодорхойлж тээврийн дагалдах бичигт заана.

3.4. Ачааг бүх төрлийн жин /автомашин, бараа, элеватор, автомат жин/-гээр жинлэнэ. Жин хэмжүүрийн хэрэгсэл нь зохих журмын дагуу баталгаажсан байна.

3.5. Сав, баглаа, боодол дээрээ жинг нь тодорхойлсон ачаа, сав баглаа, боодолгүй ширхэгийн ачаа, түүнчлэн стандарт хэмжээ, жинтэй ачааг тээвэрлэлтэд жинлэхгүйгээр хүлээн авна. Ийм ачааны нийт жинг тээвэрлүүлэгч тодорхойлж тээврийн дагалдах бичигт заана.

3.6. Чингэлэгтэй ачаа болон овор их, хүнд жинтэй ачааг тээвэрлүүлэгчийн тодорхойлсон жин, лацтай тээвэрлэлтэд хүлээн авна.

3.7. Тээвэрлэх явцад эвдэрч гэмтэхээс хамгаалсан зориулалтын сав баглаа боодол шаардагдах ачааг бүрэн бүтэн сав баглаа боодолтой хүлээн авна.

3.8. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, эрүүл ахуй, хорио цээрийн дүрэм, журмын шаардлагад нийцүүлэн, бүрэн бүтэн байдлыг нь хадгалах зориулалтын сав баглаа боодолтой тээвэрлэлтэд хүлээн авна.

3.9. Ачаа ачих эсвэл буулгах зогсоолд усан замын тээврийн хэрэгсэл хүрэлцэн очих цаг хугацааг, хүрэлцэн ирэхээс 2 цагийн өмнө, ачааг ачих буюу буулгахаар усан замын тээврийн хэрэгслийг зогсоолд зогсоох цагийг, түүнийг зогсоолд зогсоохоос 1 цагийн өмнө тээвэрлүүлэгч, ачаа хүлээн авагчид тус тус мэдэгдэнэ.

3.10. Усан замын тээврийн хэрэгсэл хүрэлцэн ирсэн зогсоолд ачааны хэмжээ, жинг тээвэрлүүлэгч, ачаа хүлээн авагч шалгахдаа анх ачсан зогсоолд ачааны жин, хэмжээ тодорхойлсон аргыг хэрэглэнэ.

3.11. Ачааг усан замын тээврийн хэрэгсэлд бэхлэх бэхэлгээ, тусгаарлагч, жийргэвч ба бусад шаардлагатай материалыг болон тоноглол хэрэгслийг тээврийн дагалдах бичигт заана.

3.12. Тээврийн дагалдах бичигт заасан тээвэрлүүлэгчийн бэхэлгээний материал, тоноглол хэрэгслийг ачаатай хамт хүлээлгэн өгнө.

3.13. Ачаа ачих, буулгах ажлыг усан замын тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учруулахгүй, ачааны бүрэн бүтэн байдалд нөлөөлөхгүйгээр, хөдөлгөөний болон хөвөлтийн аюулгүй байдлыг хангаж гүйцэтгэнэ.

3.14. Тээврийн дагалдах бичигт ачаа ачсан, буулгасан тухай тэмдэглэл хийж баталгаажуулна.       

3.15. Ачаа ачсан усан замын тээврийн хэрэгслүүд, түүний дотор хөргүүртэй болон шингэн тээгч усан замын тээврийн хэрэгслийн агуулах савыг сайтар битүүмжилж, лацдана.

3.16. Тээвэрлэх явцад лац нь хөдөлсөн ачааны болон усан замын тээврийн хэрэгслийн тавцан дээр, эсвэл тавцангүй усан замын тээврийн хэрэгслээр тээвэрлэх үед гэмтэж муудсан шинжтэй ирсэн ачааны жинг тээвэрлэгч болон тээвэрлүүлэгч, ачаа хүлээн авагч хамтран шалгаж хүлээлцэнэ.

3.17. Ачаа хүлээн авагч ачааны тоо ширхэг, жин дутсан, эсвэл сав, баглаа, боодол нь гэмтэж эвдэрсэн байхад өөрөө хүлээн авахыг зөвшөөрвөл ачааг олгож, тээврийн дагалдах бичигт “өөрөө авахыг хүсэв” гэж тэмдэглэл хийж ачаа хүлээн авагчаар гарын үсэг зуруулна.

3.18. Ачааг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 393.1-д заасны дагуу хариуцлага хүлээнэ.

3.19. Усан замын тээврийн хэрэгслээр газрын тос, шатахуун, байлдааны сум хэрэгсэл, тэсрэх дэлбэрэх, хорт бодис болон бусад аюултай ачааг Усан замын тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмын дагуу тээвэрлэнэ.

3.20. Нунтаг, нурмаг, түргэн муудах зэрэг тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардах ачаанд тавигддаг шаардлагыг тээвэрлүүлэгч хангасан байна.

3.21. Усан замын тээврийн хэрэгслийг тухайн төрлийн ачааг тээвэрлэхэд тохиромжтой, цэвэрхэн байлгах бөгөөд ачааг буулгасны дараа цэвэрлэж, шаардлагатай тохиолдолд угааж, хийгүйжүүлж, ариутган халдваргүйжүүлнэ.

Дөрөв. Бусад

4.1. Усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанарт Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, холбогдох бусад хууль, дүрэм, журмын дагуу Тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харъяа байгууллага болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын төв орон нутгийн хяналтын улсын байцаагч хяналт тавина.

4.2. Ачаа болон тээш нь гаднаа эвдрэл, гэмтэлгүй бол доторх эд зүйлсийн талаар тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй. Тээвэрлүүлэгч нь тээврийн дагалдах бичгээ, зорчигч тээшийн тасалбараа үрэгдүүлсэн тохиолдолд түүний бичгээр гаргасан мэдүүлэг болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн уг ачаа, тээш нь тухайн тээвэрлүүлэгч, зорчигчийнх мөн болохыг нотлох баталгааг гаргуулж ачаа болон тээшийг олгож болно. Тээвэрлэгч нь энэ тухай тээврийн дагалдах бичигт тэмдэглэл хийж баримтжуулна.

4.3. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, ачаа хүлээн авагч болон зорчигч энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд Усан замын тээврийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

4.4. Усан замын тээврийн хэрэгслийн суудлын тооноос илүү тасалбар худалдаалсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу тээвэрлэгчид хариуцлага хүлээлгэнэ.

4.5. Тээвэрлэгчид нь усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн үед гарч болзошгүй техникийн тусламж, туслалцааг харилцан бие биедээ үзүүлнэ.

4.6. Усан замын тээвэрлэлттэй холбоотой өргөдөл, гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

 

---- о0о ----

 

 

 

 

 

 

 

 



[1] Усан замын тээврийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 22 дугаарт нийтлэгдсэн

 

[2] Иргэний хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн