A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын 2017 оны 12 дугаар сарын

03 дугаар тогтоолын хавсралт

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа

худалдах,  түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох,

хяналт тавих, хариуцлага тооцох журам

 

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Монгол улсын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль", "Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль", “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн дагуу согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд хяналт тавихад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол аймгийн нутаг дэвсгэр дээр үйл  ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, олон улсын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад нэгэн адил хамаарна.

 

Хоёр. Ерөнхий шаардлага

2.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хууль, "Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль", “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль” болон Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, бусад эрх бүхий байгууллагуудаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэр болон журмын дагуу зохицуулагдана.

2.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж нь Архидан согтуурахтай тэмцэх тухайн хуулийн 6.5-д заасны дагуу аймгийн Засаг даргын баталсан цагийн хуваарийн дагуу ажиллана.

2.3. Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг хангасан бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах.

2.4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүд нь орон нутгийн үйлдвэрийг дэмжих зорилгоор тэдний бүтээгдэхүүнийг борлуулахад түлхүү анхаарна.

2.5. Согтууруулах ундаа  худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь нягтлан бодох бүртгэлийн ажлыг мэргэжлийн эсвэл мэргэшсэн нягтлан бодогчоор гүйцэтгүүлж, санхүүгийн тайланг улирал бүр үнэн зөв гаргаж хэвшсэн, татвар, шимтгэл, хураамжийн өргүй ажилласан байна.

2.6. Үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн болон согтууруулах ундаа худалдаалах стандарт нөхцөлийг хангасан газарт согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгоно.

 

Гурав  Согтууруулах ундаа худалдах, түүгээр

үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага

3.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газрууд нь худалдаа, үйлчилгээний газрын барилгын норм, дүрэм, үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн дагуу оновчтой төлөвлөгдсөн зохион байгуулалт бүхий ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдлын хууль, дүрэм норм, стандартын шаардлага хангасан байх, шаардлагад нийцсэн гэрэлтүүлэг, агааржуулалтын системтэй, худалдан авагч, үйлчлүүлэгчдийн ая тухыг хангахуйц тохижилттой байх

3.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газрууд нь хүнсний бараа бүтээгдэхүүн хадгалах, хөргөх төхөөрөмж ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан төрөлжсөн агуулахтай байх.

3.3 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газрууд нь стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал машин хэрэглэдэг байх, иргэд худалдан авагчдад НӨАТ-ын хуулийн дагуу Е баримтыг тогтмол олгодог байх.

3.4. Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөл авсан газарт ажиллагсад нь мэргэжлийн, 18 нас хүрсэн, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, хуулийн хариуцлага хүлээх чадвартайбайх.

3.5. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж нь байр, орчны тохижилт, хаяг реклам чимэглэл, гэрэлтүүлгийг орон нутгаас тавьж буй шаардлага, өнгө үзэмжид нийцүүлэн хийхээс гадна орчны, зам, талбайн цэвэрлэгээг 50 метрийн тойрогт хариуцаж ажиллах.

3.6. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж нь согтууруулах ундаа худалдан авах гэрээ байгуулж, гэрээт байгууллагаасаа падантай, улсын байцаагчийн эх тэмдэгтэй шинжилгээний дүгнэлттэй, онцгой албан татварын тэмдгийн зөрчилгүйсогтууруулах ундаагаар үйлчлэх.

3.7. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь обьектын дотор, гадна орчныг бүрэн хянах боломжтой, чанарын шаардлага хангасан дүрс таних чадвар өндөртэй, бичлэгээ 14-өөс доошгүй хоногоор хадгалах камер байршуулж, хуулийн булан ажиллуулах.

3.8. Аймаг, сумын хэмжээнд согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон өдрүүд, цагуудад согтууруулах ундааны хэсгийг бүрэн хаах хэвлэмэл хөшигтэй, хөшгөн дээр Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, аймаг, сумын Засаг даргын захирамжийн холбогдох заалт, зөвлөмж, сэрэмжлүүлгийг үйлчлүүлэгчийн нүдэнд тод харагдахаар бичсэн байх.

3.9. Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх газрууд нь үйлчилгээний онцлогийг тусгасан дараах нөхцөл, шаадлагыг хангасан байна. Үүнд:

а) Согтууруулах ундаа худалдах газар

1. Согтууруулах ундаа худалдах газрууд нь худалдааны газар, түүний үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5021:2007, худалдааны газрын ангилал нэр томьёо MNS 6506:2015 стандартын шаардлагыг хангасан байх.

2. Согтууруулах ундаа худалдах газрын үйлчилгээний заалны талбайн хэмжээ 40м.кв-аас дээш байх бөгөөд зориулалтын агуулах, ажиллагсдын амрах өрөөтэйбайна

3. Согтууруулах ундааны төрлийг бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ундаанаас тусад нь байрлуулсан байх.

b) Согтууруулах ундаагаар үйлчлэх “Зоогийн газар”

1. Зоогийн газар нь ариун цэврийн дүрмийн шаардлага хангахуйц хоол зөөх болон хэрэглэсэн аяга таваг зөөх урсгалтай, үйлдвэрлэлийн байр нь технологийн шаардлагад нийцсэн бэлтгэлийн өрөө, халуун болон хүйтэн боловсруулах цехтэй эсвэл зориулалтаар зохион байгуулагдсан ажлын байртай байна.

2. Зоогийн газар нь хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ хоолны газрын ангилал, зэрэглэл, ерөнхий шаардлага  MNS 4946:2005 стандартыгчанд баримтлана

3. Согтууруулах ундаагаар үйлчлэхгазрын үйлчилгээний заал нь 50 м.кв-с дээш талбайтай үйлчилгээний газарт агаар оруулах, гаргах төхөөрөмжтэй, 28 хүн тутамд гарын угаагуур 1, эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 суултуур ногдохоор байна.

c) Согтууруулах ундаагаар үйлчлэх “Кафе”

1. Кафе нь энгийн байхаас гадна төрөлжсөн байж болно. Төрөлжсөн кафе нь нэрэндээ тохирсон дотоод, гадаад тохижилттой, өөрийн онцлог агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулах үйлчилгээтэй байна.

2. Хүүхдэд зориулсанаас бусад төрөлжсөн кафед 18-аас дээшгүй градустай дарс, шар айргаар үйлчилнэ.

3. Кафе зөвхөн стандартын шинжилгээ, чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүн татан авч, горимын дагуу хадгалан, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулна.

4. Кафе "Хоолны газрын ариун цэврийн дүрэм"-ийг баримтлан ажиллаж, цэвэрлэгээ, ариутгал устгалыг тогтмол хийж ажиллана.

d) Согтууруулах ундаагаар үйлчлэх “Баар”

1. Баар зөвхөн согтууруулах ундаагаар үйлчлэх, хэт чанга хөгжим тавих, нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, хэрүүл зодоон гаргах зэрэг үйлчилгээний дэг журам зөрчсөн зохисгүй байдал гаргахгүй байх зарчмыг хатуу баримтлах.

2. Баар нь хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ хоолны газрын ангилал, зэрэглэл, ерөнхий шаардлага  MNS 4946:2005 стандартыг чанд баримтлах.

3. Бармены ажлын байр, угаалгын тосгуур, ус буцалгагч, хөргөгч, мөс бэлтгэгч, коктейль найруулагч, шилэн сав хэрэглэлийн тавиур зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх.

4. Хувь хүн, аж ахуйн нэгжээс стандартын бус, шинжилгээгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг хүлээн авч худалдаалахгүй байх.

5. Баар нь согтууруулах ундаа болон халуун хоол, зуушаар үйлчлэхээс гадна хүмүүсийн ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор караоке, шоу тоглолт, биеийн тамир, соёл урлагийн чиглэлийг сурталчлах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ажиллах.

 

Дөрөв. Согтууруулах ундаа худалдах түүгээр

үйлчилгээ эрхлэхэд хяналт тавих аймгийн комиссын ажиллах зарчим

          4.1 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, сунгуулахаар материал бүрдүүлж ирүүлсэн аж ахуйн нэгж болон тусгай зөвшөөрөл шинээр авахаар хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн нэрсийг комиссын ээлжит хурал болохоос ажлын 5 хоногийн өмнө холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлж саналыг 1 хоногийн өмнө авах.

          4.2 Согтууруулах ундаахудалдах түүгээр үйлчилгээ эрхлэхэд хяналт тавих аймгийн комиссын хуралд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон албан тушаалтан өөрийн биеэр оролцох.

Тав. Согтууруулах ундаа худалдах, түүгээр

үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох

5.1. Аймгийн нутаг дэвсгэр дээр согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхэд зөвшөөрөл олгох асуудлыг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон комисс гүйцэтгэнэ.

5.2. Аймгийн нутаг дэвсгэр дээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж нь энэхүү журмаар баталсан шаардлагыг хангаж,аймгийн комисст Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1-д заасан баримт бичгийг бүрдүүлэн ирүүлнэ.

5.3. Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж өргөдлөө тухайн сумын 3acaг даргад гаргана. Өргөдөлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нөхцөлийг хангасан тухай баримт бичгүүдийг хавсаргасан байх.

5.4. Өргөдөл материалыг сумын Засаг дарга энэхүү журмын дагуу хянаж, өөрийн саналын хамт аймгийн комисст ирүүлэх.

5.5. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хүнс, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын  бодлого хариуцсан мэргэжилтэн сум болон байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн материал, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа эрхлэхэд хяналт тавих аймгийн комисст оруулж хэлэлцүүлнэ.

5.6. Аймгийн комиссын хуралдаанаар тухайн аж ахуйн нэгжид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох эсэх тухай хэлэлцэж саналаа аймгийн Засаг даргад өргөн барьж захирамжаар батлуулна.

5.7. Комиссын хурлын шийдвэргүйгээр хэн ч согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгохгүйгээс гадна аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлөө гардан авсны дараа согтууруулах ундаагаар үйлчилнэ.

5.8. Мэргэжлийн холбогдох байгууллага, албан тушаалтны санал зэргийг үндэслэн энэхүү журамд заасан шаардлагыг биелүүлээгүй цэгт согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг комиссын хурлаар хэлэлцэж хүчингүй болгох ба ахин зөвшөөрөл олгох асуудлыг 2 жилээс доошгүй хугацаанд эргэн авч хэлэлцэхгүй.

 

Зургаа. Согтууруулах ундааны  худалдаа,

 үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн эрх

6.1.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргаанийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 17.1-д заасныг мөрдлөг болгоно шийдвэрлэнэ.

6.2. Өөрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргаан бүхий асуудалд тайлбар хийж, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.

6.3. Холбогдох байгууллага эрх бүхий албан тушаалтнаас тусгай зөвшөөрлийн тухай  мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах эрхтэй.

6.4 Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж нь 3 сараас дээш хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрлөө түр хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлт тавьж, үйл ажиллагаагаа явуулах үед зөвшөөрлөө сэргээлгэх эрхтэй.

 

Долоо. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх

тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

7.1. Тусгай зөвшөөрлийг сунгахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтлана.

7.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 21 хоногийн өмнөшаардлагатай материалыг бүрдүүлж холбогдох байгууллагад ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл сунгах асуудлыг 3 сарын хугацаанд хэлэлцэхгүй.

Найм. Согтууруулах ундаа худалдах, түүгээр

үйлчлэх зөвшөөрөл олгохыг хориглох байршил

8.1. Архидансогтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэхь хэсэгт заагдсан байршил,

8.2  Гэр хорооллын айлын хашаан дахь амбаар, мухлаг болон шатахуун түгээх станцын байр

 

Ес. Согтууруулах ундаа худалдах, түүгээр

үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

9.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлагыг зөрчсөн бол илрүүлсэн байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 capын хугацаагаар түдгэлзүүлнэ.

9.2. Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харъяалах татварын албанд ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

9.3. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд зөвшөөрлийг сэргээнэ.

9.4 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж 3 сараас дээш хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бол тус аж ахуйн нэгжийн өөрийн хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлнэ.

Арав. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх

тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

10.1. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

10.1.1. аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрийн тухай хуулийн 14 дэх хэсгийг зөрчсөн

10.2. Tycгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарсанаас хойш ажлын 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч  болон харъяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

Арван нэг. Согтууруулах ундаа худалдах, түүгээр

үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хүлээх хариуцлага

11.1. Архидан согтуурахтай тэмцэх талаар гарсан Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж, бусад эрх бүхий байгууллагуудаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрүүд, хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн актыг зөрчвөл хууль тогтоомжинд заасны дагуу хариуцлага хүлээх.

11.2. Үйлчилгээний газрын дотоод дэг журам, орчны ариун цэвэр, хэв журмыг сахиулахад зөрчил rapгасан тохиолдолд аймаг, сумын хууль хяналтын байгууллага хариуцлага хүлээлгэнэ.

11.3. Энэ журмын хэрэгжилтэд аймгийн Засаг даргын тамгын газар, сум, багийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Онцгой байдлын газар, аймгийн комисс хяналт тавьж ажиллах.

 

 

                                                         ∞∞∞